Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/591

 

 

 

 

 

 

 

    2022       06          03                                   2022/ШЦТ/591

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

улсын яллагч С.Эрдэнэтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н,

шүүгдэгч М.Х-, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нарыг оролцуулан эрүүгийн 1909008990366 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ... тоотод бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, ял шйтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / М.Х- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны  03 дугаар сарын 05, 16-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “...” / ... / нэртэй ББСБ-д Тоёота Харриер, Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслүүд барьцаалж буй мэтээр хуурамч баримт бичиг буюу гаалийн хилээр нэвтрүүлэх барааны маягтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ч.Д-г төөрөгдөлд оруулж нийт 65.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х- мэдүүлэхдээ: ... 2018 онд Фрэйндс Файнэнс банк бус санхүүгийн байгууллагаас машин барьцаалж зээл авсан нь үнэн. Барьцаанд нь 3 өрөө байраа тавьсан тул өр дууссан гэж бодож байсан. Гэвч уг байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр үнэлж зарсан байсан. Хохирогч талаас зээлийн хүүтэй нийт 100 гаруй сая төгрөг нэхсэн бөгөөд би 65.000.000 төгрөгт нь бодож, машин өгье гэж хэлсэн боловч хүү алданги авна гээд бид тохиролцож чадаагүй учир хохирлоо төлөөгүй байсан. Миний хувьд хүү төлөх ёсгүй гэж бодож байна. Би өрөө дарахын тулд Япон улс руу явсан байсан. Би хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нямхүү мэдүүлэхдээ: ... Манай “...” ББСБ-с М.Х- нь хуурамч гаалийн бичиг баримт барьцаалж, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 30.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 35.000.00 төгрөг тус тус зээлж авсан. Хуурамч бичиг баримт барьцаалсан гэдгийг нь мэдсэн даруйд манайх эрсдэлийн сангаас  зээлийг хааж хүү, алданги зогссон. Тухайн үед М.Х-тай хамтран амьдрагч Г нь түүнийг Япон явчихсан гэж хэлж байсан. Автомашины зээл, байрны зээл нь хоорондоо ямар ч хамааралгүй. Одоо үндсэн зээлд 64.913.749.63 төгрөг, хүүгийн төлбөрт 29.504.633.05 төгрөг буюу нийт 94.418.382.68 төгрөгийг манайх эрсдэлийн сангаасаа төлж хаасан тул нэхэмжилсэн бөгөөд үүнээс 57.787.050 төгрөгийг М.Х- төлж барагдуулсан гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 18 /, “.." ББСБ ХХК-иас гаргасан өргөдөл / хх 19 / , 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ001803057 дугаартай, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ001803064 дугаартай Зээлийн гэрээ / хх 25-28 /, “...” ББСБ-ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт / хх 124-127 /, хохирогч Ч.Д-гийн мэдүүлэг / хх 74-75 /, хохирогч Ч.Д-ийн дахин өгсөн мэдүүлэг / хх 77-78 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 235 дугаартай дүгнэлт / хх 196-197 /, яллагдагч М.Х-ын мэдүүлэг / хх 93-94 /, хорооны тодорхойлолт / хх 107 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 100 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 232 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Х- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны  03 дугаар сарын 05, 16-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” / ... / нэртэй ББСБ-д Тоёота Харриер, Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслүүд барьцаалж буй мэтээр хуурамч баримт бичиг буюу гаалийн хилээр нэвтрүүлэх барааны маягтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ч.Д-г төөрөгдөлд оруулж, нийт 65.000.000 төгрөгний буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 18 /

 

“...” ХХК-иас гаргасан өргөдөл / хх 19 /

 

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ001803057 дугаартай, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ001803064 дугаартай Зээлийн гэрээ / хх 25-28 /

 

“...” ББСБ-ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт / хх 124-127 /

 

Хохирогч Ч.Д-гийн / хх 74-75 / “..М.Х- нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Тоёота кроун маркийн ... аралын дугаартай, сувдан цагаан өнгийн автомашины гаалийн эх бичгийг барьцаалж 30.000.000 төгрөгний зээл авсан. Мөн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллагад Тоёота харриер маркийн аралын ... дугаартай хар өнгийн суудлын авто машины гаалийн эх бичгийг барьцаалж, 35.000.000 төгрөгний зээл авсан. Тэгээд тухайн зээлээ төлөхгүй байж байгаад 2018 оны 09 дүгээр сард М.Х-ын гэрт очоод эхнэрээс нь асуухад Япон улс руу явсан удахгүй сарын дараа ирнэ гэж хэлсэн бөгөөд одоог хүртэл М.Х- нь ирээгүй байгаа. 2015 оны 09 дүгээр сард Тэрх авто ломбардаас залгаад М овогтой М.Х-ын нэр дээр гаалийн эх бичгээр зээл авсан байгаа төлөгдөхгүй болохоор АТҮТ-с шалгуулахад М.Х-ын автомашин танай нэр дээр улсын дугаар авагдаад гэрчилгээ нь гарчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь манай байгууллага зээлийн материалаа үзэхэд манай байгууллага дээр гаалийн бичиг авчраад АТҮТ-с улсын дугаар аваад зараад манай байгууллагаас зээл болж гараад өөр хүнд зарагдсан байсан. Тэгээд манай байгууллага М.Х-ын нэр дээр байгаа 2 гаалийн бичгийг шалгуулахад автомашин нь зарагдсан манай байгууллагад өгсөн гаалийн бичгийг АТҮТ-д шалгуулахад хуурамч байх боломжтой эсвэл засвартай байх боломжтой, манайх эх бичгээр нь улсын дугаар олгосон гэж хэлсэн. Нарийн зүйлийг нь хэлээгүй, цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсний дагуу цагдаагийн байгууллагад хандаж байна. Иргэний үнэмлэх, гаалийн эх бичигтэй үйлчилсэн. АТҮТ-с шалгуулахад хоёулаа хуурамч засвартай байна. Ориг баримтаар улсын дугаар авсан байна гэж хэлсэн. Хуурамч гэх эх хувь нь манай байгууллагад байгаа. Дээрх 2 автомашиныг барьцаанд тавиад нийт 65.000.000 төгрөг авсан бөгөөд зээлийн гэрээ хийсэн зүйлүүд нь байгаа. Жич: Манай байгууллага нь өмнө нь “...” гэсэн оноосон нэртэй байсан 2019 оны 01 дүгээр сард оноосон нэр солигдож “...” ХХК болгон өөрчилсөн энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын лавлагаа зүйлүүд байгаа” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч Ч.Д-ийн дахин өгсөн / хх 77-78 / “...М.Х- нийт 3 удаагийн зээлийн гэрээг “...” банк бус санхүүгийн байгууллагатай хийж, нийт 123.000.000 төгрөгийн зээл хийсэн. М.Х-ын авсан эхний зээл нь 2018 оны 02 дугаар сарын 06-нд байр барьцаалсан зээлийг эхнэр Б.М нь үндсэн зээлдэгчээр харин нөхөр М.Х- нь хамтран зээлдэгчээр байр барьцаалж, 58.000.000 төгрөгийн зээл авсан. Барьцаанд тавьсан гэх байр нь ... тоотод байрлах 43.19 мкв талбайтай 3 өрөө бүхий орон сууцыг барьцаалсан. Зээлийн эргэн төлөлтийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны хооронд хүү, үндсэн мөнгийг төлсөн. Удалгүй М.Х- нь Япон улс руу явж сураггүй болж, түүний эхнэр М 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн П.Ө-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийж, барьцаанд байсан 3 өрөө байраа 65.000.000 төгрөгт зарж борлуулж зээлээ хаасан. Тухайн үед М нь 3 өрөө байрыг П.Ө-ай ярьж тохиролцож, 65.000.000 төгрөгт борлуулсан ба М нь татвар бага төлөхийн тулд байраа худалдах, худалдан авах гэрээн дээрээ 31.000.000 төгрөгөөр байраа зарсан гэсэн утгатай гэрээг байгуулсан. Яг үнэндээ 65.000.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “...” банк бус санхүүгийн байгууллагийн Хас банкны ... дугаартай дансанд П.Ө-ын нөхөр Б гэх хүнээс 65.000.000 төгрөг шилжин орж ирсэн. М-ын зээлийн гэрээнээс 8.847.602 төгрөг хүүнд дутуу төлөгдөж, дээрх хүүг манай байгууллага нь эрсдэлийн сангаасаа гарган төлж зээлийг хааж дуусгасан. Би үүнтэй холбоотой гэрээ, бичиг баримтыг хавтаст хэрэгт хавсаргах болно. Тухайн үед 3 өрөө байрны зах зээлийн үнэлгээ нь 70.000.000 төгрөг байсныг М-тай хийсэн зээлийн гэрээн дээр тусгасан. М.Х-ын 2 дах зээл нь 2018 оны 03 дугаар сарын 5-нд Тоёота маркийн Кроун хабрид загварын 2011 онд үйлдвэрлэгдсэн, арлын дугаар нь ... дугаартай М.Х-ын нэр дээрх гаалийн бичигтэй тээврийн  хэрэгслийн гаалийн бичгийг барьцаанд тавьж 30.000.000 төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай буцааж төлөхөөр зээлийн  гэрээ байгуулж авсан. Буцаан төлөлтийн хувьд үндсэн мөнгө нь 42.851 төгрөг хүүнд 3.717.534 төгрөг, Алдангинд 4093 төгрөг, нийт 3.464.479 төгрөгийг төлсөн. “...” банк бус санхүүгийн байгууллагад М.Х- нь 2019 оны 10 сарын 30-ны өдрөөр хүү, алдангийн зогсоогоод түүнээс нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь 49.882.567.52 төгрөгийг төлөх үлдсэн. М.Х-ын 3 дахь зээл нь 2018 оны 03 дугаар сарын 16-нд Тоёота маркийн Харьер загварын 2016 онд үйлдвэрлэгдсэн, арлын дугаар нь ... дугаартай М.Х-ын нэр дээрх гаалийн бичигтэй тээврийн хэрэгслийн гаалийн бичгийг барьцаанд тавьж 35.000.000 төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай төлөхөөр зээлийн гэрээ байгуулж авсан. Буцаан төлөлтийн хувьд үндсэн мөнгө 43.398 төгрөг, хүүнд 3.705.101 төгрөг, нийт 3.748.500 төгрөгийг төлсөн. “...” банк бус санхүүгийн байгууллагад М.Х- нь 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөр хүү алдангийн  зогсоогоод түүнээс нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь 56.943.058.72 төгрөгийг төлөх үлдсэн. Дээрх 2 зээлийн нийт төлөх ёстой дүн нь 106.825.626.24 төгрөг болж байна. Тус дүн нь манай компанийн 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөр  хүү, алданги зогсоож гаргасан дүн юм. Тухайн үед 2 тээврийн хэрэгслийг бодитоор байгаа эсэхийг шалгаж үзээгүй. М.Х- нь хэлэхдээ гааль дээр буухаар нь шууд зарна гэж хэлж байсан. Тэгээд манай байгууллагын зүгээс шалгаж үзээгүй” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 235 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн “1802670” дугаартай, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Үндсэн маягт, Export Certificate, GWS 204-0021547”, “1609796 дугаартай, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Үндсэн маягт, Export Certificate, ZSU 60-0090408” гэсэн баримтуудын нөхөх хэсэг дэх бүртгэлийн он, хүлээн авагч, барааны нэр, төрөл, чингэлэг, код ханш, жин, нийт төлөх дүн, битүүмжилсэн, тэмдэглэгээний огноо зэрэг мэдээллийн хэсэгт мөн “Монгол Улсын гааль зөвшөөрөв” гэсэн бичиглэлтэй тэмдгийн дардас гэх зүйлүүдийн огнооны хэсэгт засвар орсон, “1802670 дугаартай, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Үндсэн маягт”, “Export Certificate, GWS 204-0021547” гэсэн баримтын тэмдгийн дардас гэх зүйлүүдийн огнооны хэсгийн “02” гэсэн тоо нь “1”-ийн тоог “2” болгон засварласан шинж тэмдэгтэй хуурамч баримтууд байна гэжээ. / хх 196-197 /

 

Яллагдагч М.Х-ын / хх 93-94 / “...Би “...” ББСБ-с 2018 онд хэд хэдэн удаа зээл авч эргэн төлж хамтарч ажиллаж байсан. Тухайн үед би Япон улсаас машин оруулж ирж зардаг байсан бөгөөд уг байгууллагаар дамжуулж худалдан борлуулдаг байсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сард зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн. Тэгээд би 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Япон руу явсан бөгөөд зээлийн төлөлтөө хийж байсан. Ингээд миний авсан зээл болон өрүүд их байсан тул төлөх боломжгүй болж байгаагаа мэдсэн. Ингээд ажиллахаар явсан” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Х-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.Х-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “...Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч М.Х-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Х- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өөрт байхгүй зүйлийг өөрийн мэтээр хуурамч баримт бүрдүүлж, шунахай зорилгоор санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан, шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 15.000 / арван таван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд үндсэн зээлд 64.913.749.63 төгрөг, хүүгийн төлбөрт 29.504.633.05 төгрөг буюу нийт 94.418.382.68 төгрөг нэхэмжилсэн болно.

Мөрдөн шалгалтын явцад хохирогч Ч.Д мэдүүлэхдээ: Дээрх зээлээс  М.Х- нь буцаан төлөлтийн хувьд үндсэн мөнгөнд 43.398 төгрөг, хүүнд 3.705.101 төгрөг, нийт 3.748.500 төгрөгийг төлсөн. “...” банк бус санхүүгийн байгууллагад М.Х- нь 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөр хүү алдангийг зогсоогоод түүнээс нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь 56.943.058.72 төгрөгийг төлөх үлдсэн / хх  77-78 / талаар мэдүүлсэн. Мөн “...” ББСБ-ын зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээр / 1хх 124-127 / нийт 7.212.979 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байх тул түүний ББСБ-ыг залилан мэхэлж авсан 65.000.000 төгрөгийг эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэж, түүний төлсөн 7.212.979 төгрөгийг хасаж, үлдэх 57.787.021 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсний дагуу шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөөр завсарлага авч, 57.787.050 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан тул түүнийг хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хүүгийн төлбөр нь бодит хохирол биш тул 29.504.633.05 төгрөгний нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Х- нь бусдад төлөх төлбөргүй, түүний сэжигтнээр саатуулагдсан 2 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 30.000 төгрөгийг хасаж тооцов.  

 

Хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч М.Х-т тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦХШЗ/99 дугаартай захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Х-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 15.000 / арван таван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510-1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Х- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар М.Х-ын сэжигтнээр саатуулагдсан 2 хоногийн нэг хоногийг торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 30.000 төгрөгийг хасаж тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Х- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. М.Х-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Х-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ