Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/563

 

 

 

 

 

 

 

 2022          05          27                                    2022/ШЦТ/563       

 

                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч: Ч.Т

Хохирогч: Г.М,

Шүүгдэгч: Ц.У, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нар оролцсон эрүүгийн 2110017490273 дугаартай хэргийг энэ өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймаг Хишин-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,

Урьд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шатны шүүхийн 1208 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жил тэнссэн,

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял,

2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийнанхан шатны шүүхийн 534 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан Зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн, Е овогт У 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.У нь 2021 оны 09 дүгээр сарын 0З-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баирлах Шувуун фабрикад байхдаа иргэн Г.М-д хандан гар утсаараа нэг яриулаач гэж хэлэн Самсунг А12 загварын гар утас, мөн Даюун загварын мотоциклийг нь захирал унаж яваад гүүрнээс юм тосоод аваад ир гэж хэлж байна гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон шилжүүлэн авч залилан 890.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шувуун фабрикад байхдаа иргэн Ч.Ө-т хандан гар утсаараа нэг яриулаач гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Самсунг Эс9 загварын гар утсыг шилжүүлэн авч залилан 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” нэртэй авто угаалгын газарт хохирогч О.М-ийн Самсунг А12 загварын гар утсыг, хохирогч Б.Н-ий Рэдми Нөүт 8 загварын гар утсыг түр хэрэглээд өгье хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч, хохирогч О.М-т 415.200 төгрөгийн, хохирогч Б.Нд 360.000 төгрөгийн хохирол тус тус учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг гарахын өмнөх өдөр хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд хохирогчийн мотоциклтой дэлгүүр явсан. Дэлгүүр орж ус ундаа, гоймон зэрэг ойр зуурын юм авах гээд явсан бөгөөд дэлгүүр явах үедээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн машинтай мөргөлдсөн. Осол гарсан газар хохирогчийн мотоциклийг орхиж явсан. Хохирогч Ч.Ө-ын гар утсаар би хүнтэй ярьж байсан бөгөөд буцааж өгөхөө мартаад халаасандаа хийн авч явсан байсан. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчээс 890.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирол төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд ямар нэгэн гомдол саналгүй...” гэв.

Эрүүгийн 2110017490273 дугаартай хэргээс:

Хохирогч Г.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

"Д" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №ХУ2-21-483 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,

Хохирогч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 135 дугаар хуудас/,

 Хохирогч Б.Н-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 142-143 дугаар хуудас/,

"Д" ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №СБ2-22-34 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 151-152 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн  204 дүгээр хуудас/,

"Д" ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №ХУ2-22-172 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 208-209 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 160 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.У нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шувуун фабрикад байхдаа иргэн Г.М-д хандан гар утсаараа нэг яриулаач гэж хэлэн Самсунг А12 загварын гар утас, мөн Даюун загварын мотоциклийг нь захирал унаж яваад гүүрнээс юм тосоод аваад ир гэж хэлж байна гэж  хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон шилжүүлэн авч залилан 890.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Г.М-гийн “...миний бие 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би Баянсүмбэр ХК-д ажиллаж байхдаа манай ажилд 2021 оны 08 дугаар сарын 23-27-ны өдрийн хооронд ажилд орсон нэг залуу байсан. Тэгээд тухайн залуу миний гар утсыг аваад утсаар чинь нэг залгачихая гэж хэлээд миний гар утсыг авсан. Тухайн залууг Ц гэдэг байсан. Миний гар утсыг аваад хүнтэй ярьж байгаад миний Даюун гэх нэртэй мотоциклийг унаад шууд яваад өгсөн байсан. Тэгээд тухайн Ц гэх залуу миний мотоциклийг унахаар нь би тухайн залууд яах гэж байгаа юм гэж хэлтэл тухайн Ц гэгч захирал унаж яваад гүүрнээс юм тосоод аваад ир гэж хэлж байсан. Тэгээд тухайн Ундрах- Өлзий гэдэг залууг яваад ир гэдгийг нь захирлаас ороод асуутал захирал тийм зүйл хэлээгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ын 2021 оны 09 сарын 12-ны өдрийн “Самсунг а12 маркийн гар утас 380.000 төгрөгөөр, Даюун маркийн мотоцикл 510.000 төгрөгөөр тус тус үнэлэгдэв” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шувуун фабрикад байхдаа иргэн Ч.Ө-т хандан гар утсаараа нэг яриулаач гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Самсунг Эс-9 загварын гар утсыг шилжүүлэн авч залилан 280.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Ч.Ө-ын “...Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажпын байран дээрээ ажиллаж байсан. Тэгээд манайд ажилд ороод 7 хоног ажиллаж байсан нэрийг нь мэдэхгүй нүүрэн дээрээ зүүн нүднийхээ хажууд Монгол гээд бичсэн шивээстэй 25-30 насны 165-170 см орчим өндөртэй залуу өрөөнд орж ирээд утсаа өгөөч утсаар ярих гэсэн юм гэхээр нь би өөрийн Самсунг Эс-9 загварын гар утсаа өгсөн. Тэгээд авч ирж өгөхгүй удаад байхаар нь өрөөнөөсөө гараад ажлын газрын хүнээс асуутал мотоцикл унаад дарга юманд явуулсан гээд явсан гэж хэлсэн. Тэгээд тэр залуу ирээгүй...” гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ын 2022 оны 03 сарын 01-ны өдрийн “Самсунг S9 маркийн гар утас 280.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси” нэртэй авто угаалгын газарт хохирогч О.М-ийн Самсунг А12 загварын гар утсыг, хохирогч Б.Н-ий Рэдми Нөүт 8 загварын гар утсыг түр хэрэглээд өгье хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч, хохирогч О.М-т 415.200 төгрөгийн, хохирогч Б.Н-д 360.000 төгрөгийн хохирол тус тус учруулж залилсан гэх хэргийн үйл баримт нь:

Хохирогч Б.Н-ий “...би 2021 оны 12 дугаар сарын 28-ны 12 цагийн үед Галакси гэх авто угаалга дээр ажлаа хийж байтал хамт ажилладаг байсан Өлзий гэх залуу гар утсаа түр өгч байгаач ганц ярьчхаад өгье гээд миний Рэдми нөүт 8 маркийн гар утсыг аваад дээшээ хоёр дугаар давхар руу гараад явсан. Тэгээд би машин угааж байтал хамт ажилладаг бас нэг эгч миний гар утсыг Ө гэх залуу аваад явчихлаа гэж хэлсэн тэгээд миний гар утсыг аваад явчихсан болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.М-ийн “...би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед Галакси гэх авто угаалга дээр ажлаа хийж байтал хамт ажилладаг байсан Ө гэх залуу гар утсаа түр өгч байгаач өөрийнхөө фэйсбүүкээр ороодохъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний дата дуусчихсан гэтэл тэгвэл би 5 000 төгрөгөөр нэгж хийгээд дата аваад орчихъё гэхээр нь би гар утсаа өгсөн юм. Тэгээд тэрнээс хойш би ажлаа хийж байгаад гар утсаа авах гэтэл Өлзий гэх залуу байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ын 2022 оны 01 сарын 04-ны өдрийн “Самсунг А12 маркийн гар утас 415.200 төгрөгөөр, Редми ноте-8 гар утас 360.000 төгрөгөөр тус тус үнэлэгдэв” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Шүүгдэгч Ц.У нэр бүхий дээрх хохирогч нарын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хууль бусаар эд хөрөнгийг нь шилжүүлэн авч буй идэвхитэй үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул нотлох баримтыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж өөрийн албан тушаалын байдлаа буруугаар ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Ц.У-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй хандлага, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт  “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ. 

Шүүгдэгч Ц.У нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 534 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас урьдчилан цагдан хоригдсон 113 хоногийг хасч 1 жил 252 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 252 хоногийн зорчих эрх хязгаарлах  ялаар дүйцүүлэн сольсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1  дахь хэсэгт  зааснаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 534 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 252 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 2 жил 252 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-н энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-гөөс 1.945.200 / нэг сая есөн зуун дөчин таван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-д 890.000 /найман зуун ерэн мянга/ төгрөгийг, хохирогч Ч.Ө-т 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, хохирогч О.М-т 415.200 /дөрвөн зуун арван таван мянга хоёр зуу/ хохирогч Б.Н-д 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Е овогт Ц-ийн Ц-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 534 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 252 /хоёр зуун тавин хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 252 /хоёр зуун тавин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-н энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-гөөс 1.945.200 / нэг сая есөн зуун дөчин таван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-д 890.000 /найман зуун ерэн мянга/ төгрөгийг, хохирогч Ч.Өт 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, хохирогч О.М-т 415.200 /дөрвөн зуун арван таван мянга хоёр зуу/ хохирогч Б.Н-д 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН