| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2021/0722/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/593 |
| Огноо | 2022-06-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/593
2022 06 06 2022/ШЦТ/593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ,
шинжээч Ж.Ганбат / онлайнаар /,
хохирогч С.Б-ийн өмгөөлөгч С.Ариунцацрал,
хохирогч Б.Г-ийн өмгөөлөгч О.Аззаяа,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, М.Хандармаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү нарыг оролцуулан эрүүгийн 2109000000557 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежмент мэргэжилтэй, “...” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт ... тоот хаягт бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / Б.Б- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Б-д “...” групптэй эмнэлгийн тоног төхөөрөмж хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх гэрээтэй ажиллаж байгаа гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд, оруулан Planmeca ProMax 3D mid /CT/ гэх 1 ширхэг шүдний рентген аппарат захиалан нийлүүлнэ гэж хуурч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 26.051.250 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 34.735.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 26.051.250 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 86.837.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр “...” ХХК нь Бүгд найрамдах Хятад ард улсын ... компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар мөн гэж “...” ХХК-ийн захирал Б.Г-г хуурч, Холбооны бүгд найрамдах Герман улсаас эмнэлгийн тоног төхөөрөмж импортоор оруулж ирэх боломжгүй атлаа боломжтой мэтээр төөрөгдөлд оруулан 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 6200 ам.доллар, мөн оны 08 дугаар сарын 22-ны өдөр 6200 ам.долларыг тус тус Хас банк дахь “...” ХХК-ийн ... дугаар дансаар шилжүүлэн авч 33.057.718 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 119.895.218 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: ... Анх Г захиралтай барилгын ажлын талаар уулзаж байсан. Тэгээд явц дунд Г захирал өөрсдөө эмнэлгээ ажиллуулах болсон. Хэд хэдэн тоног төхөөрөмжөө өөр газраас авсан бөгөөд бусад төхөөрөмж авах шаардлагатай гэж хэлж байсан. Манайд бэлэн байсан тоног төхөөрөмжийг санал болгосон. Ингээд тухайн үед тоног төхөөрөмж нь Хонконгийн Шин жин боомтоор дамжин газрын тээврээр ирэх ёстой байсан бөгөөд Хонконгод дотоодын бослого өрнөснөөр тээвэрлэлт зогсож төлөвлөсөн хугацаа 2-3 сараар хойшилж ачаа ирсэн. Ачааг задалж үзэхэд шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, унтуулгын 2 ширхэг аппарат ирсэн боловч солигдож ирсэн. Би өөрөө хайрцаглаж авч ирээгүй учир энэ асуудлыг шийдэж өгөөч гэж нийлүүлэгч талдаа хэлэхэд солих боломжтой, гэхдээ үйлдвэрээс инженерүүд очиж үзэж байж шийднэ гэх хариу өгсөн. Тэгээд инженерүүд ирж үзэх байсан боловч хөл хорио тогтоож боломжгүй болсон. Надад залилах санаа бодол байгаагүй. Би Г захиралтай хамтран ажиллах санаатай байсан. Б-гийн тухайд цаад тоног төхөөрөмж авах компанитай хилийн хорионы улмаас холбогдож чадахгүй байгаа учир хохирлыг төлж барагдуулна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ж.Г мэдүүлэхдээ: ... Миний бие нь Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбар зөвлөлийн дарга бөгөөд Монгол улсын зөвлөх инженер юм. Мөн би нэгдүгээр эмнэлэгт насаараа ажиллаж байна. Дээрх дүгнэлтийг салбар зөвлөлөөс томилсны дагуу шинжээчийнхээ хамт гаргасан ба бид шинжээчийн эрх үүрэгтэй танилцаж, үнэн зөв дүгнэлт гаргасан. Унтуулгын аппарат нь хүнтэй шууд харьцдаг бөгөөд хүний амьсгал орж гарахыг шууд зохицуулдаг тул заалт буруу байвал хүнд хэрэглэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл хүний амь насанд эрсдэлтэй, аюултай гэж үздэг. Манайд ашиглагдаж байгаа амьсгалын аппаратнууд нь үзүүлэлтийн хувьд 5-6 горимоор ажилладаг бөгөөд дээрх аппарат нь 2-хон горимоор гар ажиллагаагаар ажилладаг хоцрогдсон, Хятад улсад үйлдвэрлэсэн аппарат байсан. Өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй аппарат юм. Би “... “эмнэлэгт гэрээт инженерээр ажилладаг бөгөөд өмнө нь захирал Б.Г-ийн хүсэлтээр тухайн аппаратыг очиж үзээд янзлах гэсэн боловч болоогүй. Дахин дүгнэлт гаргах үед очиж үзэхэд мөн л ажиллагаа нь болохгүй байсан гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Б-гийн мэдүүлэг / 1хх 10-11 /, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар / 1хх 21-25 /, дансны хуулгууд / 1хх 26-28 /, Б.Б-, С.Б нарын хооронд харилцсан мессеж зурвасуудын баримт / 1хх 31-57 /, Монгол Үндэсний их сургуулийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02/62 тоот албан бичиг / 1хх 60 /, ... ХХК-ний ... тоот дансны хуулга / 1хх 62-64 /, ... ББСБ 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21/02 дугаартай албан бичиг / 1хх 66 /, хохирогч Б.Г-гийн мэдүүлэг / 1хх 112-115, 116-117 /, мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримтууд / 1хх 108-109 /, Б.Б-, Б.Г нарын хооронд харилцсан мессеж зурвасуудын баримт / 1хх 103-107 /, ... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / 1хх 210 /, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1193 албан тоот / 2хх 131 /, Гаалийн Ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01-2/138 албан тоот / 2хх 223 /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 2хх 224-228 /, “Дамно” ХХК-ний СБ1-22-314 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 2хх 230-235 /, Техникийн шинжээчийн дүгнэлт / 3хх 8 /, яллагдагч Б.Б-ийн мэдүүлэг / 1хх 79-81, 2хх 3 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2хх 6 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / 1хх 139 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Б-д “...” групптэй эмнэлгийн тоног төхөөрөмж хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх гэрээтэй ажиллаж байгаа гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд, оруулан Planmeca ProMax 3D mid /CT/ гэх 1 ширхэг шүдний рентген аппарат захиалан нийлүүлнэ гэж хуурч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 26.051.250 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 34.735.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 26.051.250 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 86.837.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр “...” ХХК нь Бүгд найрамдах Хятад ард улсын ... компаний Монгол дахь төлөөлөгчийн газар мөн гэж “Асралт мед” ХХК-ний захирал Б.Г-г хуурч, Холбооны бүгд найрамдах Герман улсаас эмнэлгийн тоног төхөөрөмж импортоор оруулж ирэх боломжгүй атлаа боломжтой мэтээр төөрөгдөлд оруулан 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 6200 ам.доллар, мөн оны 08 дугаар сарын 22-ны өдөр 6200 ам.долларыг тус тус “Хас” банк дахь “...” ХХК-ний ... дугаар дансаар шилжүүлэн авч, 33.057.718 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 119.895.218 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч С.Б-ийн / 1хх 10-11 / “...Б.Б- нь манай сургуульд ... группын Монгол дахь албан ёсны төлөөлөгч ... ХХК-ний захирал ажилтай тоног төхөөрөмж нийлүүлнэ гээд явдаг байсан. Манай сургуульд нэг удаа шүдний суудал ариутгалын машин зэргийг нийлүүлж байсан. Өөр тоног төхөөрөмж нийлүүлж байгаагүй. Б.Б- хэлэхдээ ... Групп нь МУ-д хувийн хэвшлийн эмнэлгүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулна гэсэн төсөл хэрэгжиж байгаа. Уг төсөл нь тоног төхөөрөмжийг 50-60 хувийн хөнгөлттэй оруулж ирэх гэрээтэй байгаа гэж хэлж байсан. Тэр тоног төхөөрөмжийг оруулж ирэх зорилгоор захиалга авч байна гэж хэлсэн.
...Б.Б- нь Planmeca ProMax 3D mid CT гэх нэртэй шүдний компьютер томографикийн рентген аппарт захиалах санал тавьсан. Уг төхөөрөмжийг МҮИС-ийн 24 тэрбум төгрөгийн захиалгын квотод хамт оруулаад захиална гэж хэлсэн. Үүний дагуу би ... ХХК-ний захирал Б.Б-той худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр АШУҮИС-ийн төв байранд хийсэн. Уг төхөөрөмжийг нийт 173.675.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийсэн. Ингээд уг мөнгөний 50 хувийг нь өгч тоног төхөөрөмж ирсний дараа үлдэгдэл 50 хувийг өгөхөөр болсон байсан. Ингээд би 86.837.500 төгрөгийг 3 хувааж Хас банкны ... дугаарын данс руу шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б.Б- тоног төхөөрөмж Монгол ирчихсэн байгаа үлдэгдэл 26.051.250 төгрөгийг шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн.
...Тэгээд Б.Б-той холбогдож тоног төхөөрөмж Монголд ирчихсэн бол авъя гэхэд МҮИС-ийн квотод байгаа учраас сургуулийн тоног төхөөрөмжтэй хамт байгаа. Иймээс нэгдсэн журмаар задлана гэж хэлсэн. Үүнээс хойш удаа дараа залгахад МҮИС нь 24 тэрбум төгрөгнөөс 4 тэрбум төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгөө өгөөгүй учраас задлах боломжгүй байгаа. МҮИС-тэй арбитрын шүүхээр орж шүүхдэлцэж байна гэж хэлдэг байсан. Ингээд 2020 оны 07 дугаар сард шүүхийн шийдвэр гараад МҮИС мөнгөө төлөөгүй учраас бүх тоног төхөөрөмжийг буцаахаар болсон тогог төхөөрөмжүүд нь Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр хураагдсан байгаа гэж 2020 оны 09 дүгээр сар хүртэл ингэж хэлдэг байсан. Б.Б- нь тоног төхөөрөмж Хятад улс руу буцаад очсон хүлээж авч байгаа. Мөнгийг нь буцааж өгнө гэсэн. Олон улсын гүйлгээ учраас удна гэж хэлдэг. 2020 оны 11 дүгээр сараас хойш мөнгөө шилжүүлэхийг хүлээж байна. Хятадын дотоод яамнаас зөвшөөрөл хүлээж байна гээд компанийн дансанд 468.000.000 төгрөг орж ирсэн. Одоо ингээд шилжүүлнэ гэсэн. Тэрнээс хойш одоог хүртэл тоног төхөөрөмж мөнгө байхгүй сураггүй болсон” гэх мэдүүлгээр,
2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ... ХХК-ийг төлөөлж Б.Б-, ... ХХК-ийг төлөөлж С.Б нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар / 1хх 21-25 /
С.Б-аас ... ХХК-ний / Б.Б-ийн / ... данс руу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 26.051.250 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 34.735.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 26.051.250 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаарх дансны хуулгууд / 1хх 26-28 /
Б.Б-, С.Б нарын хооронд харилцсан мессеж зурвасуудын баримт / 1хх 31-57 /
Монгол Үндэсний их сургуулийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02/62 тоот албан бичигт “... групп ... ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй болно” гэжээ. / 1хх 60 /
... ХХК-ний ... тоот дансны хуулга / 1хх 62-64 /
... ББСБ 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21/02 дугаартай албан бичиг / 1хх 66 /
Хохирогч Б.Г-гийн / 1хх 112-115, 116-117 / “...2019 оны 04 дүгээр сард Б.Б- над руу хэд хэдэн удаа ярьж эмнэлгийн тоног төхөөрөмж зардаг, уулзах хүсэлттэй байгаагаа хэлээд ... эмнэлэг дээр ирж надтай уулзсан. Б.Б- нь өөрийгөө БНХАУ-ын ... группын албан ёсны Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал гэж танилцуулж, энэ талаарх танилцуулгыг миний ...yahoo.com хаягаар явуулсан. Танилцуулгыг үзэхэд эмнэлгийн тоног төхөөрөмжийг Монголын олон эмнэлгүүдэд нийлүүлсэн. Сүүлд 2 дугаар эмнэлэгт, Анагаахын сургуулийн эмнэлэгт нийлүүлсэн гэж надад итгүүлсэн. Яг тэр үед Гранд мед эмнэлгийн захирал Г-тэй уулзахад Синофарм группын хүмүүс надтай ирээд уулзаад явсан гэж хэлэхээр нь итгэл төрж байтал мөн ... компанийн захирал Б гэх хүн надад ... компанийн хүн гээд энэ залуу явж байсан гэж хэлсэн. Мөн тус компани нь Хятад улсын эмнэлгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг, Монголын эмч нарыг гадаад улс руу сургалтад тогтмол явуулдаг гэх зэргээр ярьсан. Би Б.Б-т итгэж Герман улсын эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компани болох Sternmed компанийн SternM850 маркийн унтуулгын аппарат 2 ширхэг, Италийн Celfa Dental группын шүдний эмнэлгийн суурин эмчилгээний иж бүрдэл / сандал 1ш, 18 литрийн авто клав 1ш, 2.5 литрийн ултра соник ариутгагч 1ш, 2 төхөөрөмжийн гаралттай компрессор 1ш/-ийг худалдан авах боломжтой талаараа хүний үзүүлсэн зүйлүүдийг харж байгаад захиалахаар болсон.
... Б.Б- хэлэхдээ ... ХХК-ний Хас банкны ... тоот харилцах данс руу мөнгөө шилжүүлчих гэхээр нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 6.200 ам доллар, ... тоот данс руу 35.000 юань, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 6.200 ам долларыг тус тус шилжүүлсэн. Б.Б- захиалсан тоног төхөөрөмжийг 1 сарын дараагаар буюу 2019 оны 09 дүгээр сард бэлэн авчирсан байна гэх зүйлийг хэлж байгаад үүнээс хойш утсаа авахгүй, авахаараа янз бүрийн олон шалтгаан тоочиж эхэлсэн” гэх мэдүүлгээр,
... ХХК-с / Б.Г / ... ХХК / Б.Б- /-руу мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримтууд / 1хх 108-109 /
Б.Б-, Б.Г нарын хооронд харилцсан мессеж зурвасуудын баримт / 1хх 103-107 / ... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / 1хх 210 /
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1193 албан тоотод: “...Эмийн бүртгэл, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн Licemed сангийн мэдээллийг шалгахад “...” ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл байхгүй байна” гэжээ. / 2хх 131 /
Гаалийн Ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01-2/138 албан тоотод: “...Б.Б- болон ... ХХК-ийн нэрээр 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна” гэжээ. / 2хх 223 /
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 2хх 224-228 / “Дамно” ХХК-ний СБ1-22-314 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 2хх 230-235 /
Техникийн шинжээчийн дүгнэлтэнд: ... “...” эмнэлэгт хадгалагдаж буй Jinling-850 загварын унтуулгын аппарат дээр хийсэн техникийн үзлэг шалгалтын дүгнэлтэд: “...Эхний SN:851905103 дугаартай аппаратын ажиллагаа хэвийн бус бөгөөд Tidal volume буруу заалттай, хийн алдагдалтай, манометрийн заалт унаж байгаа тул ашиглахад эрсдэлтэй. Хоёр дахь нь SN:851905201 дугаартай аппаратад техникийн үзлэг хийхэд мөн ажиллагаа хэвийн бус бөгөөд эхний аппаратаас муу, график гарахгүй, манометрийн заалт хэт өндөр заадаг, ажиллагаа явагдахгүй Tidal volume заалт буруу байна. Мөн автомат болон гар ажиллагаа аль аль дээр заалтууд буруу зааж байна. Хүнд өвчтөн хянах мониторын ажиллагаа хэвийн байсан. Энэ Jinling-850 загварын аппаратыг урьд нь харж байгаагүй бөгөөд МУ-д анхны удаа ... эмнэлэгт харж байна. Унтуулгын аппарат нь хүний эрүүл мэндтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээний нарийн бүтэц зохион байгуулалттай тоног төхөөрөмж бөгөөд энэхүү техникийн үзлэг шалгалтаар шаардлага хангахгүй байна. Иймд эдгээр хоёр аппаратыг ашиглах боломжгүй” гэжээ. / 3хх 8 /
Яллагдагч Б.Б- / 1хх 79-81, 2хх 3 / “...” ХХК-ний захирлаар ажилладаг. Манай компани нь гадаад, дотоод худалдаа, түр сургалтууд, гадаад дотоодын харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2015 оноос хойш “...” ХХК-тай хамтран ажиллаж, Монгол дахь төлөөлөгчөөр ОУ-ын Эрүүл мэндийн салбарын сургалт, хурал, цуглаан, үзэсгэлэн худалдаа, өвчтөн эмч солилцоо, тоног төхөөрөмж, тусламжууд гэсэн чиглэлээр ажиллаж байна. ... Б нь анх шүдний эмнэлэгтээ тоног төхөөрөмж аваад эхэлсэн. Одоо шүдний СТ багаж авах гэж байгаа, гайгүй СТ багаж байвал мэдэж байгаарай гэж хэлсэн. СТ багаж нь их үнэ өндөртэй төхөөрөмж бөгөөд тухайн үед ... ХХК-с хөнгөлттэй үнээр авах квотын жагсаалтад дээрх багаж багтсан. Энэ талаар Б-д хэлэхэд тэр худалдаж авъя гэж тохирсон. Тэр СТ багаж нь 50 хувийн хөнгөлттэй 173.000.000 төгрөгөөр худалдан авах боломжтой байсан. Тэгээд Б-тай гэрээ хийж төлбөрийг багажийн тээвэрлэлт бэлэн болтол 20 хувийг, төхөөрөмжийг Монголд ирсний дараа 20 хувийг тус тус төлөх талаар гэрээ хийсэн. Түүнээс эхлээд 86.000.000 орчим төгрөгийг өөрийнхөө компанийн Хас банк дахь ... тоот дансаар 3 хувааж төлбөрийг авсан” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрээс хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шинжээч нарт хууль сануулсны дагуу эрх үүрэгтэйгээ танилцаж дүгнэлт гаргасан, дээрх аппарат нь хятдын аппарат болох нь үзлэгээр нотлогдсоноос гадна хэргийн бусад баримтаар Б.Б- нь бусдыг залилан мэхэлсэн үйлдэл нь нотлогдсон. Түүнийг ... компанийн төлөөлөгч мөн эсэх асуудал нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байгаа тул тоотын хариу ирээгүй нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Б-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б-ийн “...” ХХК нь урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, үйлчилгээний соёлын талаар түр сургалт явуулах / 1 дүгээр хавтас 210 / зөвшөөрлийн хүрээнд сургалт зохион байгуулж, өөрийгөө БНХАУ-ын ... группын албан ёсны төлөөлөгч гэж ойлгуулан / 1 дүгээр хавтас 220 /, эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирэх тусгай зөвшөөрөлгүй атлаа “...” ХХК-д хохирогч нараас авсан мөнгийг шилжүүлсэн баримт байхгүй, хохирогч Г-д “Герман улмаас эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирнэ” гэж мөнгийг шилжүүлэн авсан атлаа хятад улсад үйлдвэрлэсэн аппаратыг / 2 дугаар хавтас 224-228 / өгсөний гадна түүний компанийн нэр дээр 2017 оны 01 сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 18-ний хугацаанд бараа материал орж ирээгүй / 2 дугаар хавтас 223 /, хохирогч Б-гаас дээрх байдлаар шүдний компютер томографийн рентгэн аппарат авч өгнө гэж хуурч түүний мөнгийг шилжүүлэн авч, хохирогч Б.Г-д 33.057.718 төгрөгний, Б.Б-д 86.837.500 төгрөгний хохирол тус тус учруулсан, хохирлыг нөхөн төлөөгүй, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулж зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруут үйлдлийн улмаас бусдад нийт 124.895.218 төгрөгний хохирол учирсан бөгөөд хохирогч С.Б-д өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 86.837.500 төгрөг, нийт 91.837.500 төгрөгийг, хохирогч Б.Г-д 33.057.718 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шинжээч Ж.Г-ын гаргасан дүгнэлтээр JINLING-850 Multifunctional Anesthesia Unit загварын SN 85190503, SN 851905201 гэсэн сериал дугаартай аппарат нь ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан тул уг хоёр аппаратыг хохирогч Б.Г-с гаргуулж, шүүгдэгч Б.Б-т буцаан олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс шүүх хурал хүртэл 19 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б-ийн цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-оос нийт 124.498.218 төгрөг гаргуулж, хохирогч С.Б-д 91.837.500 төгрөг, хохирогч Б.Г-д 33.057.718 төгрөг тус тус олгож, хохирогч Б.Г-ээс JINLING-850 Multifunctional Anesthesia Unit загварын SN 85190503, SN 851905201 гэсэн сериал дугаартай унталгын 2 ширхэг аппаратыг гаргуулан шүүгдэгч Б.Б-т буцаан олгосугай.
7. Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ