Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар   2022/ШЦТ/604

 

 

 

 

 

 

 

    2022       06          07                                     2022/ШЦТ/604

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нарыг оролцуулан эрүүгийн 2102004880018 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ...” гэх нэртэй кофе шоп ажиллуулдаг, ам бүл 3, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / С.М-, 

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ... тоотод бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / А.М- нар нь:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

С.М- нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Нэгдсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, “Пэн” гэх нэршилтэй, цахилгаан тамхи бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдаас 1.500.000 төгрөгөөр худалдан авсан буюу хууль бусаар олж авсан, уг сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “...” байрны 24 жи тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

А.М- нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” цогцолборын 3 давхарт үйл ажиллагаа явуулах “...” бааранд өөрийн биедээ Нэгдсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, “Пэн” гэх нэршилтэй, цахилгаан тамхи бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М-, А.М- нарт холбогдуулан зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М- мэдүүлэхдээ: ... Хийсэн хэргээ хүлээгээд маш их гэмшиж байна. Би 12 дугаар сарын 23-ны өдөр кофе шопдоо кофены хэрэгсэл авах гэж бэлэн мөнгөтэй явж байсан. Тухайн өдөр маш хүнд өдөр байсан ба ээжийн машиныг хүлээгээд ресторанд орж сууж байсан. Ресторанд ороод сууж байхад пиво уусан. Танихгүй дугаараас дуудлага орж ирээд тайвшруулах зүйл байна гэсэн. Гэхдээ тэр яг юу гэдгийг нь мэдэхгүй аваад ийм юм болсон. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Ойрд нойроо ч сайн авч чадахгүй байна. Хамгийн бага ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М- мэдүүлэхдээ: ... Миний бие хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Ийм хэргийг хэзээ ч хийхгүй гэдгийг амлая. Энэ зүйл нийгэмд хичнээн хор уршигтай, муу зүйл болохыг би нэлээд судалж ойлгосон. Оногдуулах ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ... байрны 24 давхарт жи тоот С.М-гийн оршин суух гэрт 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл / 1хх 10-17 /, С.М-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 106-113 /, А.М-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 43-46 /, А.М-, С.М- нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 47-48, 57-58 /, гэрч О.Э-гийн мэдүүлэг / 1хх 121 /, гэрч А.Б-ын мэдүүлэг / 1хх 123-124 /, гэрч Б.Э-ны мэдүүлэг / 1хх 129 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 391 дугаартай дүгнэлт / 1хх 156-157 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаартай дүгнэлт / 1хх 179-180 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 387 дугаартай дүгнэлт / 1хх 162-163 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 390 дугаартай дүгнэлт / 1хх 184-185 /, Шүүх сэтгэц эмгэг судлалын 20, 22 дугаартай дүгнэлт / 2хх 39-40, 43-44 /, С.М-гийн ... дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга / 3хх 73 /, шүүгдэгч С.М-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг / 1хх 131-132 /, шүүгдэгч А.М-ын гэрчээр өгсөн мэдүүлэг / 1хх 149-150 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / 2хх 49, 75/, ... төв ТББ-ний сургалтын батламж, хавсралт / 3хх 127-142 /, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт / 3хх 126 /, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2хх 90, 97 / зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.М- нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Нэгдсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, “Пэн” гэх нэршилтэй, цахилгаан тамхи бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдаас 1.500.000 төгрөгөөр худалдан авсан буюу хууль бусаар олж авсан, уг сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн түрээслэн амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “...” байрны 24 жи тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

А.М- нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” цогцолборын 3 давхарт үйл ажиллагаа явуулах “...” бааранд өөрийн биедээ Нэгдсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, “Пэн” гэх нэршилтэй, цахилгаан тамхи бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ... байрны 24 давхарт жи тоот С.М-гийн оршин суух гэрт 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэлд: “...Таны оршин сууж буй газарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль бус эд зүйл байгаа юу. Хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгөх эрхтэй” гэхэд “Тиймээ байгаа би зааж өгье” гэж хэлээд гал тогооны өрөөнд байх ширээн дээрээ 7 см урттай, дотроо шингэн зүйлгүй 3 ширхэг шилэн нарийн урт сав байсныг “1” дугаар тавьж, 8.5 см урттай цэнхэр өнгийн төмөр гадаргуутай нарийн зүйл, 7 см урттай дотроо шингэн зүйлгүй, нарийн шингэн сав байсныг “2” дугаар тавьж 7 см урттай дотроо шаргал өнгийн шингэнтэй нарийн шилэн сав байсныг “3” дугаар тавьж, 8.5 см урттай цагаан өнгийн төмөр гадаргуутай зүйл, 8.5 см урттай хар өнгийн төмөр гадаргуутай зүйл, 7 см урттай дотроо шингэн зүйлгүй нарийн шилэн сав байсныг “4” гэ дугаарлан эд мөрийн баримтаар хураан авав” гэжээ. / 1хх 10-17 /

 

С.М-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 106-113 /

 

А.М-ын биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...А.М-ын өмссөн хар өнгийн жинсэн өмдний баруун урд талын халаасанд байсан 5.5х1 см болон 6.5х1 см хэмжээтэй, дотроо ногоон өнгийн шингэн мэт зүйлтэй, тунгалаг болон мөнгөлөг өнгийн хуванцар гадаргуутай үл мэдэгдэх 2 ширхэг зүйлийг гэрэл зургаар бэхжүүлэн шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав” гэжээ. / 1хх 43-46 /

 

А.М-, С.М- нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 47-48, 57-58 /

 

Гэрч О.Э-гийн / 1хх 121 / “...Би Б гэх залуутай 4 хоногийн өмнө инстаграмаар найз болсон бөгөөд намайг уулзъя гээд гуйхаар нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны орой уулзъя гэж яриад 21 цагийн үед Дүнжингаравын урд байрлах Sunrise town дээр уулзахаар болж Б нь хоёр найзынхаа хамт ирж авсан. Нэг найзыгаа ...-д буулгасан. Явах замд найз нь би хэнтэй яваа билээ, би хаашаа яваад байна гэж байсан. Гар утсаа гартаа барьчихаад миний утас хаана байна гээд чанга чанга орилоод байхаар нь би согтуу юм болов уу гэж бодсон. Шангри Ла руу гэр рүүгээ орж унтлаа гэж хэлээд буусан ба жижгэвтэр биетэй нүдний шилтэй хөх өнгийн куртик өмссөн залуу байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч А.Б-ын / 1хх 123-124 / “...Би таньдаг эмэгтэй Э дуудаад гэрт нь очиж авах гээд явж байгаад Э-ы үеэл С.М- гэх залуутай таараад бид гурав хамт Э-г очиж авах гээд явж байтал С.М- Э бид хоёрт электрон тамхи шиг дотроо шингэн зүйлтэй шаргал өнгийн юм үзүүлээд “Энэнээс сорж үзэх үү” гэж асуухаар нь Э ид хоёр тэрнээс нь сорж үзсэн. Тэгтэл электрон тамхи биш ба бид гурав Э-г аваад С.М-г гэрийнх нь гадаа аваачиж буулгасан. Буулгах үедээ би С.М-д хандаж наадах чинь мансууруулах бодис байна шүү дээ. Яагаад надад өгч байгаа юм бэ. Би ийм зүйл хэрэглэхгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл С.М- над руу инээгээд гэр рүүгээ орсон. ...С.М- өөрийнхөө энгэрийн халаасанд хийсэн нөгөө электрон тамхи шиг зүйлээ өөрөө мартчихсан хайж байгаад за за олохгүй юм байна. Дахиад авчихъя гэж хэлээд гар утсаа гаргаад утасныхаа телеграм руу ороод бүгд чимээгүй байгаарай гээд Jhon гэх нэртэй хаяг руу орох шиг болоод нөгөөдөхөөс чинь авъя болох уу гэж асуухад тэр хүн нь өнөөдөр оройтчихлоо маргааш ав гэж хэлсэн. Тэгээд С.М- гэрийнхээ гадаа машинаас буухдаа Э-тай хамт буугаад нөгөө тамхи шиг зүйлээ хайгаад олсон. С.М- бол мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэдэг...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.Э-ны / 1хх 129 / “...Найз А.М-ын биеэс даб пен гэх нэртэй 2 ширхэг бодис гарч ирсэн. Бусад хүмүүсээс гараагүй. Миний биологийн дээснээс THC илэрсэн. Тухайн бодисыг бааранд байх үед А.М-тай салхивчинд гарч тухайн пенийг татсан учир тестээр гарсан гэж бодож байна. А.М- мансууруулах бодисын хэрэгт холбогдож байсныг би мэднэ. Ер нь бол хэрэглээд хэрэгт холбогдсон...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 391 дугаартай дүгнэлтэд:

Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан 7.5 см урттай, дотроо шингэн зүйлгүй 2 ширхэг өнгөгүй хуванцар сав, 6 см урттай, дотроо бор өнгийн зүйлээр бохирлогдсон өнгөгүй хуванцар сав, 2 гэж дугаарласан 8.5 см урттай цэнхэр өнгийн төмөр гадаргуутай зүйл, 7.5 см урттай дотроо шингэн зүйлгүй төмөр сав, 3 гэж дугаарласан дотроо шаргал өнгийн гадаргуутай зүйл, 8.5 см хуванцар сав, 4 гэж дугаарласан 14.5 см урттай цагаан өнгийн гадаргуутай зүйл, 8.5 см урттай хар өнгийн төмөр гадаргуутай зүйл, 5 гэж дугаарласан 10 см урттай хар өнгийн төмөр гадаргуутай зүйл, хар өнгийн залгуур зэрэг зүйл тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно гэжээ. / 1хх 156-157 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаартай дүгнэлтэд:

Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 6.7х1 см хэмжээтэй, болор болон мөнгөлөг өнгийн хуванцар гадаргуутай, бор өнгийн зууралдсан дээж, 5.8х1 см хэмжээтэй, болор болон мөнгөлөг өнгийн хуванцар гадаргуутай, ногоон өнгийн зууралдсан дээж тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно гэжээ. / 1хх 179-180 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 387 дугаартай дүгнэлтэд:

Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. С.М- гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно гэжээ. / 1хх 162-163 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 390 дугаартай дүгнэлтэд:

Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. А.М- гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно гэжээ. / 1хх 184-185 /

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 20, 22 дугаартай дүгнэлт / 2хх 39-40, 43-44 /

 

С.М-гийн ... дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга / 3хх 73 /

 

Шүүгдэгч С.М-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг / 1хх 131-132 /,

 

Шүүгдэгч А.М-ын гэрчээр өгсөн мэдүүлэг / 1хх 149-150 /зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.М-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

А.М-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч С.М-д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, А.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан ял хөнгөрүүлэх, тэдгээрийн үйлдэлд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.М-, А.М- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, А.М- нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч өөртөө дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь санаатай хүсэж, гэмт хэрэг үйлдсэн, тэдгээр нь хүн амын эрүүл мэндийг өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний сэтгэхүйн хэвийн үйл ажиллагаа, удмын санд нөхөгдөшгүй хор хохирол учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэргийг үйлдсэн, С.М- нь урьд ял шийтгүүлж байгаагүй, нөхөн төлөх төлбөргүй, сургалтанд хамрагдаж, өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 -д заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, хуульд заасан тодорхой хязгаарлалт тогтоох боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч А.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ... байрны 24 давхарт Жи тоотоос хураан авсан “1” гэж дугаарласан 7.5 см урттай, дотроо шингэн зүйлгүй 2 ширхэг өнгөгүй хуванцар сав, 6 см урттай дотроо бор өнгийн зүйлээр бохирлогдсон өнгөгүй хуванцар сав, “2” гэж дугаарласан 8.5 см урттай цэнхэр өнгийн төмөр гадаргуутай зүйл, 7.5 см урттай дотроо шингэн зүйлгүй төмөр сав, “3” гэж дугаарласан дотроо шаргал өнгийн шингэнтэй өнгөгүй хуванцар сав, “4” гэж дугаарласан 14.5 см урттай цагаан өнгийн гадаргуутай зүйл, 8.5 см урттай хар өнгийн төмөр гадаргуутай зүйл, “5” гэж дугаарласан 10 см урттай хар өнгийн төмөр гадаргуутай зүйл, хар өнгийн залгуур болон А.М-ын биед үзлэг хийж, хураан авсан 6.7х1 см хэмжээтэй, болор болон мөнгөлөг өнгийн хуванцар гадаргуутай, бор өнгийн зууралдсан дээж, 5.8х1 см хэмжээтэй, бол болон мөнгөлөг өнгийн хуванцар гадаргуутай зүйлс / Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа /-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, С.М-, А.М- нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотой тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ЦХШЗ/44 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч С.М-д авсан Улаанбаатар хотоос гарч явах, Монгол Улсын хилээр гарах хязгаарлах, хэргийн оролцогч Б.Б, А.М- нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг,

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ЦХШЗ/44 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч А.М-т авсан Улаанбаатар хотоос гарч явах, Монгол Улсын хилээр гарах хязгаарлах, хэргийн оролцогч Б.Б, С.М- нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.М-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А.М-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, дээрх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар А.М-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар С.М- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангри-Ла Резиденс байрны 24 давхарт Жи тоотоос хураан авсан “1” гэж дугаарласан 7.5 см урттай, дотроо шингэн зүйлгүй 2 ширхэг өнгөгүй хуванцар сав, 6 см урттай дотроо бор өнгийн зүйлээр бохирлогдсон өнгөгүй хуванцар сав, “2” гэж дугаарласан 8.5 см урттай цэнхэр өнгийн төмөр гадаргуутай зүйл, 7.5 см урттай дотроо шингэн зүйлгүй төмөр сав, “3” гэж дугаарласан дотроо шаргал өнгийн шингэнтэй өнгөгүй хуванцар сав, “4” гэж дугаарласан 14.5 см урттай цагаан өнгийн гадаргуутай зүйл, 8.5 см урттай хар өнгийн төмөр гадаргуутай зүйл, “5” гэж дугаарласан 10 см урттай хар өнгийн төмөр гадаргуутай зүйл, хар өнгийн залгуур болон А.М-ын биед үзлэг хийж, хураан авсан 6.7х1 см хэмжээтэй, болор болон мөнгөлөг өнгийн хуванцар гадаргуутай, бор өнгийн зууралдсан дээж, 5.8х1 см хэмжээтэй, бол болон мөнгөлөг өнгийн хуванцар гадаргуутай зүйлс / Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа /-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, С.М-, А.М- нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.  

 

6. С.М-, А.М- нарт авсан Улаанбаатар хотоос гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн бусад шүүгдэгч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгож, А.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа, А.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ