| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0535/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/571 |
| Огноо | 2022-05-30 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/571
2022 05 30 2022/ШЦТ/571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,
Улсын яллагч: Б.А
Шүүгдэгч: Т.Н нар оролцсон эрүүгийн 2109018410657 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 47 настай, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 нөхөр, охины хамт амьдардаг, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж овгийн Т.Н
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв зам дээр тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа Ч.А, Б.Х нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар биед халдаж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж “дүрэмт хувцсыг урж” эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2109018410657 дугаартай хэргээс:
Хохирогч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Хохирогч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Гэрч С.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 72-73 дугаар хуудас/,
Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 84 дүгээр хуудас/,
Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 86 дугаар хуудас/,
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 154-155 дугаар хуудас/,
2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20-р хуудас/
2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-27-р хуудас/
Дамно ХХК-ийн СБ2-21-1105 дугаартай үнэлгээгээр “...Цагдаагийн албан хаагчийн өвлийн ногоон өнгийн хантааз 21.000 төгрөг, ароd2 bluetooth чихэвч 2 ширхэг 270.000 төгрөг нийт 291.000 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт /хх-ийн 115-116-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларч, үйл баримт тогтоогдсон байна.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 200 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв зам дээр тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа Ч.А, Б.Х нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар биед халдаж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж “дүрэмт хувцсыг урж” эсэргүүцсэн үйл баримт нь хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ч.А-ын “...би машины араар тойроод жолоочийн эсрэг талын арын хаалга дээр очиход цонх нь онгорхой байсан. Ард сууж байсан эрэгтэйд хандаж та буугаад ирээ яагаад ажлаа хийж байгаа хүн хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлэхэд арын суудалд сууж байсан эрэгтэй бууж ирээд “пизда минь гичий минь ална шүү” би зүгээр хажууд нь сууж яваа зорчигч байна гэхээр нь хариуд нь хэрвээ тийм юм бол яах гэж хүн хэл амаар доромжлоод байгаа юм гэхэд тэр жолоочийн арын суудалд сууж байсан эмэгтэй бууж ирээд шууд намайг түлхээд яах гээд байгаа юм гээд намайг баруун хөлөөрөө миний баруун хөлний гуя болон өвдөг хэсэгт хоёр удаа өшиглөсөн...эхлээд бууж ирсэн эмэгтэй шууд над руу дайрч зүүн мөрөн дээрээс мөрдөстэй цуг татаж урахад нөгөө эмэгтэй нь голоор орж ирэхээр нь би та цаашаа бай гэж түлхэхэд цагдаа намайг зодлоо гээд цээжинд толгойгоороо мөргөөд газарт өөрөө унаад цагдаа намайг зодлоо хүмүүсээ туслаарай гээд орилж эхэлсэн. Машинаасаа эхлээд бууж ирсэн залуу дахин гарч ирээд шууд намайг зүүн шанаа тус газарт баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд би тэр залууг энгэрээс нь атгаж байгаад газарт унагааж нуруунд нь гарыг нь гаргаж гавлах үйлдэл хийж өчиг мэх ашиглаж байхад надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Х хүрч ирээд бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Х-гийн “...Цагдаагийн ахлагч Ч.А луу 2 эмэгтэй хүн дайраад байсан. Жолоочийн хажуу талд сууж байгаа эрэгтэйг машинаас буухыг хүсэхэд та нар пизданууд яахын гэхээр нь нэг махлаг эмэгтэй салгах гэж орж ирээд намайг түлхээд байхаар нь би холдохоор шийдэж ухартал нөгөө махлаг эмэгтэй хантаазнаас зуураад салахгүй байхаар нь гарыг нь тавиулаад холдож арын суудалд сууж байсан эрэгтэйг гаргаж хэв журмын цагдаа дуудаж өгөх санаатай очиход нөгөө махлаг эмэгтэй хүрч ирээд миний зүүн мөрдөс дээрээс атгаж байгаад татаж энгэрийн камер газарт унагаасан. Энгэрийн камераа аваад Ч.А луу харахад А-тай маргалдсан эмэгтэй цээж рүү нь үсрээд мөргөж байснаа халтирч унаад намайг цохиод унагаалаа гэхээр нь машины арын суудалд сууж байсан залуу манай эхнэрийг та нар зодоод унагаачихлаа гээд машинаас бууж Ч.А-ын зүүн шанаанд баруун гараараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд Ч.А-ын хажууд очоод нөгөө цохисон залууг газарт хэвтүүлж гар нь биеийн хүч мэх ашиглаж гавлах гэтэл эхнэр нь хүрч ирээд миний толгойн ар хэсэг рүү гараараа цохиод байсан” гэх мэдүүлэг,
Гэрч С.Ш-ын “...миний авч явж байсан 4 хүн хоорондоо машинд суухдаа анх маргалдаж байсан. Тэгээд тэр хүмүүсийн нэг нь замын цагдаатай маргалдаад байсан болохоор нь замын цагдаа 2 эрэгтэйг буугаад ир гэсэн. Тэгээд тэд нар бууна, буухгүй гээд хэрэлдээд байсан. Тэр үед би бие засчхаад эргээд ирэхэд нөгөө 2 эмэгтэй нь цагдаатай хэрэлдэж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Т.О-н “...Би бууж очоод А гэж цагдаад “чи ч хүн би ч хүн чи цагдаа гэхээрээ ингэж түрэмгийлж болохгүй” гэсэн чинь “дуугүй бай” гээд байсан. Тэгээд намайг удаад байхаар нь эгч бууж ирээд чи цагдаа гэхээрээ иргэдийг ингэдэг юм уу, май шүү, хөдөлгөөнд оролцоогүй байна” гэсэн тэгэхээр нь би эгчийг машинд суулгасан. Тэгээд А нь намайг гараараа ч түлхээд цээжээрээ ч түлхээд байхаар нь “би бие муутай хүн битгий намайг түлхээд бай” гэхэд чи өөрөө над руу дайраад байна гээд байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Н-н “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд Бэлх-10 буюу жижүүрээс Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөрчлийн тухай дуудлага гарсан талаар мэдэгдсэн. Бэлх-10-аас ирүүлсэн дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-ын буудлын ойролцоо засмал зам дээр очиход Замын цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч "зам дээр үүрэг гүйцэтгэж байгаад тэр машиныг зогсоож шалгасан чинь зорчиж явсан хүмүүс нь шаардлага эсэргүүцээд, биед халдаж хувцас урсан” гэсэн утгатай мэдээлэл өгсөн. Мөн нөгөө саарал өнгийн приус маркийн машинд сууж явсан гэх эмэгтэй цагдаа нар зодсон гэсэн утгатай юм ярьж байсан. Мөн цагдаа нар утас авсан гэж ярьж байсан. Манай офицер тэр хүмүүстэй харьцаж байсан би бол харьцаагүй сонссон зүйлийнхээ талаар мэдүүлж байна” гэх мэдүүлэг,
Гэрч Н.А-н “...юу болсон талаар Х-гээс асуухад А-ын шалгаж байсан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүс хэл амаар доромжлоод, шаардлага биелүүлэхгүй биед халдаж, зууралдаад хантааз урсан гэж хэлсэн. Мөн хөлөөрөө өшиглөсөн тухай ярьж байсан. А-ын хантааз урагдсан байсан. Х-гийн хантаазыг сайн анзаарч хараагүй. Нэгнийх нь энгэрийн камерыг авч шидсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн баримт болох сиди бичлэг зэрэг нотлох баримтууд болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн үндсэн шинж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхитэй үйлдэл байх ба энэ гэмт хэрэг нь хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй юм.
Хууль сахиулагч гэх ойлголтонд хуулиар тусгайлан эрх олгосон цагдаагийн албан хаагч хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд хохирогч Ч.А, Б.Х нар нь Сүхбаатар дүүрэг дахь Замын Цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагаар ажиллаж гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах зэрэг хуулиар олгосон үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Н-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Т.Н-ийн нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж “дүрэмт хувцсыг урж” эсэргүүцсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.Н нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж “дүрэмт хувцсыг урж” эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч нар нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан, гомдолгүй гэх хүсэлтийг гаргасан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Т.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Т.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн Т.Н-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Н-ийг шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэж ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Т.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН