Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 385

 

Өвөрхагай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч:Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Боржигон овгийн Д.Ө-нд холбогдох

“5600000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, хариуцагч Д.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Алдар, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Булган аймгийн Рашаант суманд байрлах Д.Ө хувийн дэлгүүрт 2011 оноос 2013 онуудад ажилласан. Ингэж ажиллаж байх хугацаандаа Д.Ө-с цалин хөлс огт авч байгаагүй. Гэтэл Д.Ө нь надаас дэлгүүрт ажиллаж байхдаа бараа дутагдуулсны төлбөр гэж 3863000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсаныг шүүх хүлээн авч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Миний хувьд Д.Ө надад цалин хөлс огт өгч байгаагүй учраас төлбөр төлөхгүй гэж ойлгож байсан. Шүүх шийдвэртээ Д.Өн бидний хооронд хөлсөөр ажиллах гэрээ хийгдсэн ингэхдээ 2011 оны 08 дугаар сараас 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласнаар тогтоосон. Би Д.Өлзийсайханы дэлгүүрт 1 жил 1 сарын хугацаатай ажилласан. Сарын 300000 төгрөгөөр цалинжаж ажиллаж байсан тул Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Д.Өлзийсайханаас ажилласан хугацааны хөлс 5600000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа багасгаж 3900000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Өлзийсайхан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Д.Баярмаа нь манай “Бөх Аз” дэлгүүрт хөлсөөр ажиллах хэлцлийн үндсэн дээр 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 1 жил 10 сар ажилласан. Ажиллаж байсан хугацаанд нь ажлын хөлсийг тухай бүрт нь олгож байсан. тухайн ажлын хөлсийг би өөрөө болон надтай хамтран амьдарч байсан П.Отгонбаяр болон уг дэлгүүрийг ерөнхийд нь хянаж ажиллаж байсан О.Батцэцэг нараар дамжуулан өгч байсан нь үнэн. Энэ хүнийг орох оронгүй гудамжинд явахад нь суух орон сууц болон түлэх түлээ нүүрс, тогны мөнгө, идэж уух мах шөлийг нь хүртэл бид бэлдэж өгч байсан. Мөн өөрийн шинэ хуучин хувцсаа хүртэл өгч байсныг өөрөө мэдэж байгаа. Гэхдээ би бүх зардлыг тооцож байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баярмаа нь хариуцагч Д.Өлзийсайханд холбогдуулан “5600000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч Д.Баярмаа шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 3900000 төгрөг болгон багасгажээ. 

Хариуцагч Д.Баярмаа нь “Д.Өлзийсайханыг дэлгүүртээ 1 жил 10 сар хөлсөөр ажиллуулахдаа тухай бүр цалин хөлсийг нь өгч байсан” гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Д.Баярмаа өдрүүдэд тус тус хариуцагч Д.Өлзийсайханы дэлгүүрт төгрөгөөр цалинжиж ажилладаг байсан талаархи баримтаа гаргаж өгөөгүй, шүүхэд энэ талаар нотлож чадаагүй байна.

            Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 онд дууссан байна.

Иймд Д.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Д.Өлзийсайханд холбогдох “5600000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Д.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Д.Өлзийсайханд холбогдох “3900000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 104550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА