Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/569

 

 

 

 

 

 

  2022          05          31                                  2022/ШЦТ/569

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: Ц.Б,

Хохирогч С.М,

Шүүгдэгч: Д.О, түүний өмгөөлөгч Ц.Д нар оролцсон эрүүгийн 2209006750737 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, “Ван Хүү” ХХК-д барилгын даамал ажил эрхэлдэг, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй Б-н овогт Д.О

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шинэ замын Сод Монголын баруун талд баригдаж буй барилгын гадна хохирогч С.М-тай “ажил шуурхай хийж гүйцэтгэсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний зүүн гар, толгойн тус газарт нь цохиж биед нь тархи доргилт, зүүн бугалгад цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О-нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ажлыг 6 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэ гэсэн бөгөөд дээрх заасан хугацаанд би ажлаа гүйцэтгэж чадаагүй. Үүнээс болж бид маргасан бөгөөд тэрээр намайг хэл амаар доромжилж, харуулын байшинд намайг цохисон. Би түүнийг эхэлж цохисон зүйл байхгүй. Энэ нь камерын бичлэгт бичигдээгүй. Томограф, гарны сойлтын мөнгө хэмээн 145.000 төгрөгийн хохирол гарсан. Шүүгдэгчээс 3  сая төгрөг нэхэмжилсэн. Мөн би энэ хүний буруутай үйлдлээс болж ажлаараа хохирсон. Толгойн тус газраа цохиулсны улмаас миний толгой 7-8 хоногийн хугацаанд эргэсэн...” гэв.

Эрүүгийн 2209006750737 дугаартай хэргээс:

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4300 дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О-нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шинэ замын Сод Монголын баруун талд баригдаж буй барилгын гадна хохирогч С.М-тай “ажил шуурхай хийж гүйцэтгэсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний зүүн гар, толгойн тус газарт нь цохиж биед нь тархи доргилт, зүүн бугалгад цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...уг харуулын байрны гадна цэнхэр өнгийн куртик өмссөн эмэгтэй хүн байх бөгөөд уг эмэгтэй хүн уг бичлэгийн 00 минут 30 секундэд харуулын байрны үүд хэсэг рүү орж байх бөгөөд уг шаргал өнгийн куртиктэй эмэгтэй хүний араас саарал өнгийн цамц өмссөн эрэгтэй хүн гарч ирээд шаргал өнгийн куртик өмссөн эмэгтэй дайрахад шаргал өнгийн хувцас өмссөн эмэгтэй тухайн хүний нүүр хэсэгт гараараа цохиж байгаа бичлэг байх бөгөөд уг эмэгтэй хүнийг цохисны дараагаад тухайн эрэгтэй хүн шаргал өнгийн хувцас өмссөн эмэгтэй хүний толгой хэсэгт гараараа цохиж байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл,

Хохирогч С.М-ын “Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ замын “Сод Монгол” шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр ард талд “Далай Хүү” худалдааны төвийн бариулж байгаа 16 давхар орон сууцны барилга дээр би 16 давхрын шатны хонгил заслын ажил хийж байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 09 цагийн орчим ажил дээрээ ирээд харуулын байранд ХАБ-ын дэвтэр дээр гарын үсгээ зурах гээд ах Баттөр, эгч Содномбат нарын хамтаар байсан байсан. Мөн тэнд барилгын ХАБ-ын инженер Соёлжав, барилгын даамал О нар байсан. Тэгээд гарын үсэг зурчхаад гарах гэж байтал даамал О надад хандаж 6 хоногийн дотор шатны хонгилын зүлгүүрийг, эмульстэй нь 16 давхрын эмульс, зүлгүүртэй нь дуусгаарай дуусгахгүй бол зайл надад хийх хүн байгаа гэж хэлсэн. ...Тэгээд харуулын байрнаас гарах гэхэд зүүн талын гараас татаж зулгаагаад байсан. Тэгэх явцдаа 2-3 удаа гар луу цохисон. Тэгээд намайг гадаа гараад бараг унагаах шахсан, миний толгой хэсэгт нэг удаа цохисон..,” гэх мэдүүлэг,

Гэрч Г.С-н “...Тэгээд шууд манай дүүг барьж аваад зүүн талын булчин хэсгээс нь цамцнаас нь зуураад нудраад гар зайл гээд байсан. Тэгээд шууд манай дүүг тухайн харуулын байрнаас шууд чирээд гаргасан. Гарсны дараа цамцнаас нь зулгаасан хэвээрээ нөгөө гараараа толгой хэсэгт нь цохисон..,” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4300 дугаартай “...С.М-ын биед тархи доргилт, зүүн бугалгад цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хэн. өн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2022 оны 03 дугаар сарын 14-нд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шинэ замын Сод Монголын баруун талд баригдаж буй барилгын гадна хохирогч С.М-тай “ажил шуурхай хийж гүйцэтгэсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний зүүн гар, толгойн тус газарт нь цохиж биед нь тархи доргилт, зүүн бугалгад цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О-н гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Д.О нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас С.М-ын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Д.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Хохирогч С.М нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинд нийт 3000.000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримттай 145.000 төгрөгийг шүүгдэгч Д.О нь 2022.05.27-ны өдөр “Хаан банк”-ны 5016547744 тоот дансанд шилжүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогчоос ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн 2.855.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхин, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Д.О-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй

7. Шүүгдэгч Д.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч С.М нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээтэй  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН