Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2485

 

МАГАДЛАЛ

 

2017.12.06                                                     Дугаар 2485                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ж.Ө ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Ө ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 12 814 024 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: УБТЗ-ын даргын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б1.168 тоот дугаартай тушаалаар барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон. 2015 оны 8 дугаар сарын 11-нээс хойш Ж.Ө  нь барилга угсралтын ажлын хэсгийн албан тушаалд ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргасан зүйл байхгүй. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б1.156 тоот тушаалаар Ж.Ө тай хийсэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Гэрээг цуцалсан тухай үндэслэлээ бол хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэл болгосон байна. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Барилга угсралтын хэлтэс нь ажлын хэлтэс болон өөрчлөгдсөн, татан буугдсан орон тоо хасагдсан, ажилчдын тоо цөөрсөн зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал дурдсан байх шаардлагатай бөгөөд, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон хуулийн зохицуулалт нь ажилтанг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсоноор хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл болно. Ажлаас халагдсан тушаал бол нэхэмжлэгчийг хэрхэн яаж халуулсан тухай огт дурьдалгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, УБТЗ-ын даргын А71 тоот албан тушаалыг үндэслэн цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ийм учраас ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоох ёстой. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох ёстой. Нийгмийн даатгалд 2015 оны 2,3,4 сарын цалингын дунджаар тооцоолоод нэг өдрийн цалинг 129 115 төгрөг, 2 дугаар сарын цалин 3 240 190 төгрөг, 3 дугаар сарын цалин 1 915 900 төгрөг 4 дүгээр сарын цалин 1 977 905 төгрөг гэж тооцоолоод ажлын өдрүүд нэг сард 18 хоног, 20 хоног, 21 хоног гэхээр, дунджаар тооцоолоод нэг өдрийн цалин 129 915 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс өнөөдрийг хүртэл 106 хоног болж байгаа нийтдээ 12 817 024 төгрөг болж байгаа. Хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: УБТЗ ХНН-ийн дарга нь 2017 оны 2 дугаар сарын 11-ны өдөр А71 тоот тушаал гаргасан. Энэ нь зохион байгуулалтын хэсгийг өөрчлөн байгуулах тушаал байсан. Барилга угсралтын ажлын хэлтэсийг Барилгын хэлтэс болгосон УБТЗ ХНН–ийн ерөнхий хорооны баталсан бүтцийн дагуу алба хэлтсийн бүдүүвчийг гаргасан байна. Уг бүдүүвчид Барилга угсралтын ажлын хэсэг гэж байхгүй зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулаад шинээр зохион байгуулагдах алба хэлтсийн дүрэм журмыг шинэчлэн боловсруулж батлуулахыг алба хэлтсийн дарга нарт үүрэг өгөгдсөн. Ажлын байр тодорхойлоход, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Барилга угсралтын албан тушаал өөрчлөгдсөн. Тушаалын үндэслэл нь А71 тоот тушаал юм. Тушаал дээр зохион байгуулалтын хэсгийг өөрчлөх тухай тушаалыг үндэслэсэн байгаа. Зохион байгуулалтын бүтцээр барилга угсралтын ажлын хэлтэс гэсэн албан тушаал байхгүй болсон. А71 тоот тушаал 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гарсан. Үүнээс хойш 2 сарын дараа 4 дүгээр сарын 26-ны өдөр Б1.156 тоот тушаал гарж Ж.Ө ыг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Нэхэмжлэгч А71 тоот тушаалд гомдол санал гаргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж ажлаас үндэслэлгүй халсан гэсэн байна. Б1.156 тоот тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалт нь нэхэмжлэгчийг салбар нэгж татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлаад ажлаас халагдсан 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 4 014 692 төгрөгийг гардаж авсан байгаа. Ямар нэгэн гомдол санал гаргаагүй хөдөлмөрийн гэрээг цуцалсанг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин нэг өдрийн цалингийн дундажыг 88 276 төгрөгөөр бодож гаргасан байгаа. Шүүхэд нотлох баримтын хамт өгчихсөн байна. 106 өдрөөр бодохоор 9 357 256 төгрөг болж байна. Үүнээс 2 сарын тэтгэмж 4 014 692 төгрөг хасаад 5 342 564 төгрөг болж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ө ыг урьд эрхэлж байсан Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ын Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга буюу одоогийн Барилгын хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоож, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 588 814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ө д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх    4 228 210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 245 007 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ  нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот тушаалаар зохион байгуулалт бүтцийн өөрчлөлт хийх тушаалын дагуу нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил албан тушаалын хамаарах ажлын байр болох Барилга угсралт ашиглалтын хэлтэс нь Барилгын хэлтэс болж нэрээ өөрчилсөн бөгөөд салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн ямар нэг шийдвэр гараагүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж байгууллага түүний салбар нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэсэн хуулийн зохицуулалтын дагуу хийгдсэн ямар нэг ажиллагаа, баримт хэрэгт авагдаагүй болно хэмээн дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Шийдвэрийн 3 дугаар талд хөдөлмөрийн гэрээ цуцалж байгааг ажилтанд мэдэгдэх хуудас хавтаст хэргийн 20 дугаар талд байгаа тухай бичсэн мөртлөө баримт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Барилга угсралт ашиглалтын хэлтэс буугдсан талаар А-71 тоот тушаалаар шийдвэрлэсэн ба хэдийгээр салбар нэгж татан буугдсан боловч ажилтнуудыг бөөнөөр халаагүй тул ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх зохицуулалт энд үйлчлэхгүй ба харин хэлтэс татан буугдсаны улмаас хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ө тай хөдөлмөрийн гэрээг 40 дүгээр зүйлийн 40.1.2-т цуцлах нь үндэслэлтэй ба зөвхөн түүнтэй хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул мэдэгдэх хуудсыг 30 хоногийн өмнө гардуулсан нь мөн хууль зөрчөөгүй байхад шүүх хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан байна. Шүүх, хариуцагчаас гаргасан цалингийн талаарх нотлох баримтуудыг мөн буруу үнэлж нэхэмжлэлийн үнийн дүнг буруу тооцоолсон байна. Нэхэмжлэгч Ж.Ө ын цалингийн дундажийг НХХ сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалинг тодорхойлох журамын дагуу тодорхойлж бодож гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолт болон задаргаа хийгдсэн цалингийн картыг зөв үнэлээгүй, мөн ажилгүй 106 хоног байсныг 160 хоног хэмээн буруу тооцоолсон байна. Эдгээр баримтууд хэрэгт авагдсах байхад шүүх, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин нь нийт цалин хөлс бохир дүнгээр байх ба энэ дүнд бүх төрлийн хөнгөлөлт /унаа, хоол, гэрийн болон албаны утас гэх мэт/ орсон ба жилийн үр дүнгийн шагналыг 2 дугаар сард авсаныг 12 сард хуваалгүй 1 сарын болон 1 өдрийн дундаж цалинг буруу тооцоолж гаргасан байна.

Цалингийн картаас харахад, 2-р сард жилийн үр дүнгийн шагнал 1203849 төгрөгийг 12 сард хуваан 1 сард ноогдох нь 100 320,75 төгрөг болох ба, хоол унааны хөнгөлөлт нийт 73 000 төгрөгийг тооцон үзэхэд 2-р сарын цалин хөлс 1 336 220,75 төгрөг 3-р сарын хоол, унааны хөнгөлөлтийг тооцсоноор 1 832 460 төгрөг, 4-р сарын хоол, унааны хөнгөлөлтийг тооцсоноор 1 897 905 төгрөг болно. 1 336 220,75+1 832 460+1 897 905=5 066 585,75 төгрөг, 5 066 585,75 : 3 сар=1 688 861,92 төгрөг нэг сарын дундаж,

1 688 861,92 : 20 хоног=84 443,09 төгрөг нэг өдрийн дундаж,

Ажилгүй байсан 106 хоног * 84 443,09 төгрөг = 8 950 967,54 төгрөг,

Үүнээс 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 4 014 692 төгрөгийг хасч тооцоход

4 936 275,54 төгрөг гарахаар байна. Гэтэл шүүх, 8 588 514 төгрөг гэж       тооцоолсон нь буруу байна. Ийнхүү нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Ө  нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 12 814 024 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Ө  нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн УБТЗ ын Барилга угсралт ашиглалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан ба ажил олгогч 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А71 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхдээ Барилга угсралт ашиглалтын хэлтсийг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Барилгын хэлтэс болгон нэрийг өөрчилсөн тухай үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

Үүний дараа хариуцагч байгууллага нэхэмжлэгч Ж.Ө ыг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б1.156 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд уг тушаалдаа ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримталжээ.

Ажил олгогчийн дээрх тушаалаас үзвэл ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эхсүл ажилтны тоог цөөрүүлсэн аль нэг үндэслэлийг заагаагүйгээс ажлаас чөлөөлсөн үндэслэл нь тодорхой бус болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч байгууллагын салбар нэгж болох Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн нэр Барилгын хэлтэс болон өөрчилснөөр ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа зогсогдох үндэслэл бий болоогүй байна. Нөгөө талаар салбар нэгжийн нэр өөрчлөгдсөнөөр тухайн салбар нэгж татан буугдсан, зарим ажлын байр хасагдсан, эсхүл орон тоог цөөрүүлэх зэрэг зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу хийгдээгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв байна.

Шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаас 1 сарын цалинг тооцож, түүнээс 1 өдрийн цалинг тодорхойлон тогтоосон нь зөв болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 160 хоног гэж буруу бичсэн боловч хариуцагчаас гаргуулбал зохих олговрыг 106 хоногоор тооцсон байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 152 371 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ