Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 411

 

 

 

 

 

 

                                                                                               

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

О.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч М.Батмөнх,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Оын гаргасан давж заалдах гомдлоор О.От холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ү овогт Оын О, 1979 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: РЛ.../;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 533 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 1, 112 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 6 жил хорих ял шийтгүүлж 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дэх хэсгүүдэд зааснаар нийт 18 жил хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 9 сар 24 хоногийн хорих ялаас чөлөөлсөн;

 О.О нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ... эцсийн буудлын “...” нэртэй төрөлжсөн барааны дэлгүүрт олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг устгаж, 23.198.480 төгрөгийн бараа материал, дэлгүүрийн барилгад 4.446.900 төгрөгийн хохирол нийт 27.645.380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: О.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ү овогт Оын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар О.Оыг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.От оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Оын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс цагдан хоригдсон 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Оаас 37.829.590 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ЦА 2 дугаар 48 айлын 3-35 тоотод оршин суух /РД:.../ Д.Дэлгэрэхэд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг. Үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Маш их гэмшиж байна. Хохирлоо заавал барагдуулах болно. Би барилга засал, чимэглэл, мужаан, торхны мэргэжилтэй. Өөрийн сайн хийж чадах ажлаар хохирлоо барагдуулах боломж олгож “нээлттэй хорих ангид ял эдлэх” хүсэлтийг минь бодолцож үзнэ үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч өөрийн хийсэн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшиж байгаа. Мөн өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг. Өөрийн чаддаг мэргэжлээрээ ажил хийж хохирлоо төлж барагдуулах, өөрийн хүч хөдөлмөрөөрөө ял эдлэх боломж олгож “нээлттэй дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлж өгнө” үү гэсэн тус гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.

 Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....О нь хохирол төлбөр төлөөгүй байгаа. Анхан шатны шүүхээс О.От 5 жилийн хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хэдийгээр О.О нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан. Энэ нь хүндрүүлэх нөхцөл байдал биш ч гэсэн өөрийн хийж байгаа үйлдэлдээ дүгнэлт өгдөггүй хүн юм. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд “чамтай эргэж уулзана аа” гэсэн байдлаар заналхийлсэн нөхцөл байдал тогтоогддог. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй ба хорих ангийн дэглэмийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Шүүгдэгч О.О нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ... эцсийн буудлын орчим үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй төрөлжсөн барааны дэлгүүрт тодорхой шалтгаангүйгээр орж, улмаар дэлгүүрт худалдаа эрхэлж байсан хохирогч Д.Дэлгэрэхтэй үл ялих зүйлээр шалтаглан “Чамтай олон учирна” гэх зэргээр маргалдаж, улмаар тухайн шөнө 24.00 цагийн үед уг дэлгүүрийн цонхыг хагалан галдан шатааж, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох буюу галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг устгаж нийт 27.645.380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний дургүй хүрээд хохирогчийн дэлгүүр дээр очтол дэлгүүрт хүнгүй байхаар нь би цонхыг нь хагалсан ба явах гэтэл ойрхон хувцаснууд харагдсан. Тэгээд би халаасанд байсан асаагуураа гаргаж ирээд цонхонд ойрхон байсан хувцаснаас татаж ирээд шатаагаад шидсэн. Тэгээд би шууд гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх 63/,

хохирогч Д.Дэлгэрэхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хяналтын камераа шүүж үзэхэд тухайн өдрийн орой манай дэлгүүрт орж ирсэн 40 гаран насны шивээ сахалтай, саравчтай малгайтай, хар бараан өнгийн хувцастай залуу манай дэлгүүрийн цонхны хаалтыг татаад уг чулуугаар цонхыг хагалж байгаа мөн гал тавьж байгаа бичлэг байсан юм...” гэх мэдүүлэг /хх 16-18/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-14/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх 24/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 25-29/, “Тод үнэлгээ” ХХК-ны үнэлгээ: нийт 23.198.480 төгрөгийн бараа шатсан, 4.446.900 төгрөгөөр барилгад учирсан хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээ /хх 32-45/, дэлгүүрийн камерийн бичлэгийг хуулбарласан 3 ширхэг CD /хавтас хэрэгт/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.О нь олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 293 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч О.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй, тухайн үедээ өөрийн хийж байсан үйлдлийн учир холбогдлыг ойлгон, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан төдийгүй одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй /хх 139-140/ болох нь нотлогджээ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “Ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өгөх” талаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийг зөв тайлбарлан хэрэглэж гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг 37.829.590 төгрөгөөр тогтоож гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Оын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ