Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/643

 

 

 

 

 

 

 

    2022       06          16                                        2022/ШЦТ/643

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Н.Г-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг нарыг оролцуулан эрүүгийн 2209000000338 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / Н.Г- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө  Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод Ч.Б-ий Эхлэл загварын гар утас, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 12.259.714 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эд зүйлүүдийг нь буцаан өгч, машиныг засварлаж өгсөн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Б-ийн мэдүүлэг / хх 29-30 /, гэрч Ж.Б-ын мэдүүлэг / хх 10 /, гэрч З.М-ын мэдүүлэг / хх 12-13 /, гэрч Л.Б-ийн мэдүүлэг / хх 15-16 /, гэрч Н.Г-ын мэдүүлэг / хх 20 /, гэрч Д.Ө-ийн мэдүүлэг / хх 24, 46-47 /, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 46-47 /,  “Дамно” ХХК-ний СБ1-22-396 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 55-57 /, “Дамно” ХХК-ний СБ1-22-395 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 58-59 /, яллагдагч Н.Г-ын мэдүүлэг / хх 35-36 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 53 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 54 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г- нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө  Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ...тоотод Ч.Б-тэй хамт архи уугаад түүний “ Эхлэл” загварын гар утас, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 12.259.714 төгрөгний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч Ч.Б-ийн / хх 29-30 / “...2022 оны 01 дүгээр сарын 27-ний орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн “Тоёота раум” маркийн тээврийн хэрэгслээ авто угаалгад угаалгачхаад Боогий Бороо гэх хочтой Б гэдэг 2 эрэгтэй хүнтэй нэг шил архи хувааж уусан. Тэгээд би Б / Бороо / хоёрыг дагуулан .. байх хүүгийнхээ гэрч ирсэн. Уг байранд хүн байдаггүй юм. Бид 3 уг байранд очоод дахин нэмж 0.75л саьлагаатай 1 шил архи хувжж уусан Тэгээд би тасраад унтсан байсан. Шөнө 04 цагт сэрээд харахад Б хамт байж байсан. Намайг сэрэхэд Боогий байхгүй байсан. Тэгээд би эргээд ирэх байх гээд унтаад өгсөн. Өглөө 11 цагийн орчим сэрэхэд Боогий ирээгүй байсан ба Б унтаж байсан.  ...Миний машин болон гар утас зэргийг аваад явсан байна. Мөн ард тээшинд басан машины хучлага , дугуй хийлэг, хүүхдийн суудал зэрэг зүйлс байхгүй байна” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Ж.Б-ын / хх 10 / “...Н.Г- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагт манай гэрт ирээд 15 цагт явсан. Манай гэрт ирэхдээ ... дугаартай саарал өнгийн машинтай ганцаараа архи уугаагүй, эрүүл ирээд явсан. Н.Г- ирэхдээ уг тээврийн хэрэгслийг миний машин би ийм машин авсан гэж ярьж байсан” гэх мэдүүлгээр,

 

Гэрч З.М-ын / хх 12-13 / “ ...Өчигдөр орой 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Н.Г- манай гэрт ирсэн. Ирэхдээ согтуу ирсэн ба саарал өнгийн 32-62 / гэсэн байхаа сайн санахгүй байна / дугаартай  Раум маркийн машинтай ирээд манай хашаанд тавиад гэрт орж унтсан. Тэгээд  өглөө би 10 цагийн орчим гэрээс гарахад гэрт байж байсан” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Л.Б-ийн / хх 15-16 / “ ...Б ах манай гэрт ирж усанд орохгүй юу гэсэн. Тэгэхээр нь би Боогийг хамт явж усанд орох уу гээд бид 3 хамт явсан. Очоод гэрт нь бид 3 хамтдаа архи уугаад би согтоод унтсан байсан. Тэгээд шөнө сэрэхэд Боогий байхгүй байсан.  ...Өглөө Б ах бид 2 сэрээд Б ах машиныхаа түлхүүрийг хайхад байхгүй байсан. Уг байранд бид гурваас өөр хүн байгаагүй. Мөн Б ахын гар утас, машины түлхүүр байгаагүй. Бид 2 цонхоор нь харахад машин байгаагүй. Тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Н.Г-ын / хх 20 / “ ...Би уг цүнхийг одоогоос 10 гаруй хоногийн өмнө цагаан сарын баяраас хэд хоногийн өмнө орой 19 цагийн орчим Тахилтаас такси бариад 5 шард буух гэснээ цаашаа дахиад такси барих юм чинь гээд 3-4 дүгээр хороолол хүртэл яваад буусан. Би буухдаа тооцоогоо хийгээд буусан. Өндөр нь 160-170 см орчим, өмссөн хувцас нь ажлын  бололтой бага зэргийн бохир саарал өнгийн хувцастай хүн байсан. Мөн юм шиг байна” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Д.Ө-гийн / хх 24, 46-47 / “... 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 017 цаг 50 минутад манай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарт хорооллын ... тоот гэрт Н.Г- үл таних нэг залуутай ирсэн. Тэгээд надад Хулан-21 загварын гар утас 100.000 төгрөгөөр авчхаач гэж хэлсэн. Ингээд би үзэж хараад тухайн үед надад байгаа мөнгө нь 65.000 төгрөг байсан болохоор 65.000 төгрөгөөр худалдаж авсан. Авах үедээ уг гар утсыг тухайн үед хамт явж байсан хүнийх гэж бодсон. Хулгайн гар утас гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлгээр,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 46-47 /,

 

 “Дамно” ХХК-ний СБ1-22-396 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 55-57 /, 

 

“Дамно” ХХК-ний СБ1-22-395 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 58-59 /, 

 

Яллагдагч Н.Г-ын / хх 35-36 / “...Би нилээн согтоод байх шиг байсан. Тэгээд нэг мэдэхэд Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороололд хүргэн ах М-нд очсон байсан. Машины акумляторыг хүргэн ах М-ын машинд тавьж өгөөд машинд байсан хучлага, дугуй хийлэгч зэргийг Тахилтын тэр хавьд хүнд зарсан юм шиг байна. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан учраас сайн санахгүй байна. Эдгээрээс бусдыг нь буцааж өгсөн. Урд куперийг зурсан, 20 см орчим хагарсан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Г-т холбогдох хэргийг шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Г-ын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Г-т ял шийтгэл оногдуулахад учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Г- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдын согтуурсан байдлыг далимтуулан эд хөрөнгийг нь  хулгайлж, түүний гэм буруут үйлдлийн улмаас 12.259.714 төгрөгний хохирол учирсан, урьд ял шийтгүүлж байсан боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн,тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ч.Бат-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 62 /  гэсэн тул Н.Г- нь төлөх төлбөргүйг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Г-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Г- нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г-ын цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Н.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Н.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ