Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/623

 

 

 

 

 

 

  2022          06          09                                  2022/ШЦТ/623

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: С.Э

Шүүгдэгч: М.Г, түүний өмгөөлөгч Б.Б  нар оролцсон эрүүгийн дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1981 оны 10 сарын 21 -ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг , урьд өмнө ял шийтгэлгүй, Б овогтой М.Г

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын дэргэдэх нүүрс, түлээ борлуулах цэгийн орчим иргэн О.Ц-тай үл ойлголцол үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь цохонд шарх, хамрын зүүн нурууны шарх, зүүн хацар, баруун чихний дэлбэн, зүүн гарын долоовор, дунд хуруу, баруун бугуйн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хохирогчийн ээж нь мод худалдаж авья, тооцоогоо картаар хийе гэж надад хэлсэн. Би түүнд “манайх карт уншдаггүй тул өөр газраас мод авчих” гэж  хэлсэн. Үүний хариуд хохирогчийн ээж нь намайг хэл амаар доромжилсон. Карт уншдаггүй талаар хэлэхэд данс руу тань шилжүүлье гэж хэлсэн бөгөөд намайг данс хэлж байх хооронд хүү нь мод авч машиныхаа арын хаалгыг онгойлгож модыг хийсэн. Мөнгөө өгөөгүй хэрнээ мод авсан тул би буцаж очиж модыг буцаан авсан, харин хохирогч уурлаж намайг багалзуурдаж, модыг авч зугтсан. Би уурлаж очиж модыг булаацалдах хооронд хохирогчийн ээж нь машинаас бууж ирсэн. Би хохирогчийг цохиж, эрүүл мэндэд нь халдаагүй... гэв.

Эрүүгийн 2209000000660 дугаартай хэргээс:

Хохирогч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Б.З-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Хохирогч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугээр хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.А№4461 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг болно

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Г нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудпын дэргэдэх Нүүрс, түпээ борпүүлах цэгийн орчим иргэн О.Ц-тай үл ойлголцол үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь цохонд шарх, хамрын зүүн нурууны шарх, зүүн хацар, баруун чихний дэлбэн, зүүн гарын долоовор, дунд хуруу, баруун бугуйн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч О.Ц-ын гэрч, хохирогчоор өгсөн “..Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 19:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт цагаан байрны эсрэг талд байрлах буудлын хажууд байдаг мод, нүүрс борлуулдаг цэг дээр очоод 1 ширхэг жижиг шуудай мод авсан тэгээд мөнгийг нь тухайн мод зарж байсан хүний хэлсэн данс руу 7000 төгрөг шилжүүлсэн тэгэхээр би шуудай модыг аваад унаж явсан машины арын тээшний хэсэгт хийсэн тэгтэл нөгөө хүн гэнэт уурлаад намайг хэл амаар доромжлоод машины араас модоо буцааж авсан тэгэхээр нь ахаа модоо авъя гэсэн чинь ямар нэг юм хэлээгүй тэр шуудай модноос нэг мод аваад миний толгой нүүрний хэсэг рүү хэдэн удаа цохисон. би болиулж тэр хүнийг барьж авсан. Тэгээд манай ээж цагдаад дуудлага өгсөн.. гэх мэдүүлэг,

Гэрч Б.З-н “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан байрны автобусны буудлын хажууд мод зардаг цэгээс оройн 19 цагийн орчим шуудайтай мод авахаар хүү Ц-ын хамт явсан. Намайг мөнгө шилжүүлж байх үед хүү Ц өрөөтэй модноос нэгийг аваад машины багаж руу модоо хийх үед Г /мод зардаг эрэгтэй/ мөнгө хийгээгүй байхад мод авлаа гэж хэлээд буцаагаад аваад явсан. Тэгээд хүү Ц, Г-т хандаж "ахаа модны мөнгө орсон байна модоо авъя” гэж хэлэхэд Г өрөөтэй модноос 1 ширхгийг авч Ц-ын нүүр, чих рүү, гараараа 4 удаа цохисон. Хүү Ц баруун гартаа шуудайтай мод барьж, зүүн гараараа Г-ын цамцнаас нь зуурсан байдалтай байсан. Г өөр рүүгээ Ц-ыг татаад зодоод байсан. Би тухайн үед машиндаа сууж байсан. Хүү Ц-т шуудайтай модоо хая гэж орилж байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.А №4461 дугаартай “О.Ц-ын биед цохонд шарх, хамрын зүүн нурууны шарх, зүүн хацар, баруун чихний дэлбэн, зүүн гарын долоовор, дунд хуруу, баруун бугуйн зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна...”гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудпын дэргэдэх Нүүрс, түлээ борлуулах цэгийн орчим иргэн О.Ц-тай үл ойлголцол үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “...цохонд шарх, хамрын зүүн нурууны шарх, зүүн хацар, баруун чихний дэлбэн, зүүн гарын долоовор, дунд хуруу, баруун бугуйн зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал М.Г нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас О.Ц-ын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Б.Б: Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй байна. Тодруулбал хэрэг учрал болох үед хэргийг газар хамт байсан гэрч нараас мэдүүлэг аваагүй. Энэхүү хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн этгээд нь хохирогчийн ээж байгаа бөгөөд, хохирогчийн ээж учир хууль сануулан мэдүүлэг авсан хэдий ч ашиг сонирхлын зөрчил гарсан байх магадлалтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь дүрс бичлэгээр няцаагдаж байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохын тулд ямар нэгэн эргэлзээ байх ёсгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн дүүрэн хийгдсэн байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж  заасан байдаг бөгөөд миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлсдэн гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт цуглараагүй байгаа учир гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... гэв.

     Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Г-аас гаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байна. Эд мөрийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад бараан болон цайвар өнгийн хувцастай 2 хүн замын хажууд байх хураалттай зүйлийн цаанаас хоорондоо зууралдсан байдалтай гарч ирэн хойд талын байшингийн урд бие биенээ шахах, дугтарч татах зэргээр барилцаж байгаад цайвар өнгийн хувцастай хүн ууттай зүйл газраас авч машин руу алхахад араас нь бараан хувцастай нь газраас юм шүүрч аван араас нь очиж байгаа бичлэг авагдсан байна.

   Дээрх бичлэгт авагдсан цайвар хувцастай нь хохирогч О.Ц, бараан хувцастай нь шүүгдэгч М.Г болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогч О.Ц-ын биед учирсан цохонд шарх, хамрын зүүн нурууны шарх, зүүн хацар, баруун чихний дэлбэн, зүүн гарын долоовор, дунд хуруу, баруун бугуйн зулгаралт гэмтлийг шүүгдэгч М.Г учруулсан болох нь хохирогч О.Ц, гэрч Б.З мэдүүлэг болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

        Шүүгдэгч М.Г-ын биед учирсан зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ч тухайн цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл болох нь тогтоогдсон тул хохирогч О.Ц-ын зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

Иймд шүүх шүүгдэгч М.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас: шүүгдэгч М.Г-т 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлах ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгч М.Г-т 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах ялын саналыг тус тус шүүхэд гаргасан байна. 

Шүүхээс шүүгдэгч М.Г-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан  1 /нэг/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт М.Г-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч М.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Ц нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээтэй  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН