Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/622

 

 

 

 

 

  2022          06          09                                  2022/ШЦТ/622

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Д.М нар оролцсон эрүүгийн 2109016670688 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Хаан булаг” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг, урьд нь Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 125 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Ц овогт Б.Б  

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” баарны гадна А.А-ын эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2109016670688 дугаартай хэргээс:

Хохирогч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Гэрч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11574 дугаартай :

1. А.А-ын биед дух ясны урд хэсгээс зүүн талын духны хөндийн гадна дотор ялтас дайрч зүүн нүдний ухархайн дээд хана, этмойд хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх ялтаслаг цусан хураа, дух хамрын нуруунд зулгаралт, дух зүүн нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүрийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  /хх-ийн 51-53 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б-гийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” баарны гадна А.А-ын эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч А.А-ын “...2021 оны 11 сарын 05-наас 06-нд шилжих шөнө найз Х, Э, Т, Ж, Т, С нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Митинг бааранд орсон. ... Тэгээд 3 цаг өнгөрөөгөөд би найз болох Жавхлантай хамт гараад Түшигийн машинд суусан. Би гарахдаа нилээн согтолттой байсан. Намайг машинд сууж байхад гадаа маргаан гараад орилолдоод байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад тэд нар руу дөхөж очиход тэнд байсан приус 30 машины урд надаас жоохон өндөр нилээн зузаан бүдүүн залуу өөрийгөө Мазаалай гэж таних уу гэж орилж байсан. Зүүн нүд рүү баруун гараараа нэг цохисон. Тэр бүдүүн залуу гараараа нүүр хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.С-ын “... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 01 цагийн үед найзуудынхаа хамт Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах Митинг бааранд ороод архи пиво ууцгаагаад сууж байсан. Тэгээд 04 цагийн үед бид нар гадаа гарсан. Тэгээд намайг гадаа гарахад манай найз Т, Х нар маргалдаж байсан. Тэгээд би Тэмүүжин гэх найзынхаа хамт очоод болиулсан. Тэгээд би Х-г Т-н Акуа машинд суулгасан. Дараа нь би, Түшиг, Тэмүүжин бид гурав зогсож байхад Лакс баарны үүдэнд байсан цагаан өнгийн Приус 30 маркийн машиныг манай найз хамгаалагч нар гарч ирээд машин цохичихлоо гээд хэрүүл өдөөд ирсэн Тэгээд бид гурав руу дайрахаар нь төлбөрийг чинь барагдуулж өгнө гэж бид нар хэлсэн. Тэгээд байж байтал машинд сууж байсан Х, Ж, А, Э нар гарч ирээд баарны хамгаалагч нартай маргалдаж эхлээд, баарны нэг том биетэй бүдүүн хамгаалагч А-ыг цохиж унагаасан. Аль гараараа хаана нь цохисныг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан А газаар унаад өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Э-ын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Митинг бааранд би найз болох А, Х, Т, С Т, Ж нарын хамт төрсөн өдөр тэмдэглэж байгаад гарч ирсэн. Тэгээд гарч ирээд хамгаалагч нартай маргаан үүсээд тэгээд зодоон болсон. Тэнд 5,6 хамгаалагч байсан. Хамгийн эхлээд миний найз А нэг хамгаалагчийг толгой хэсэг рүү нь эхлээд цохисон. Тэгээд дараа нь тэнд байсан бүдүүндүү намхан биетэй хамгаалагч найз А-ыг цохиж унагаасан. ...Тэгээд манай найз босохгүй хэвтэж байсан. ... Уг хамгаалагч нарыг харвал танина...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11574 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” баарны гадна А.А-ын эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь гэрч, хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Б.Б нь хохирогчийг нүүр хэсэгт удаа дараа цохиж, газар унагааж өшиглөсөн үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас А.А-ын биед хүнд гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 10.100.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч А.А нь гомдол саналгүй, өөрийн эмчилгээний  зардалд 6000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

     ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц овогт Б.Б-г Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.100.000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН