| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0587/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/624 |
| Огноо | 2022-06-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/624
2022 06 09 2022/ШЦТ/624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүгдэгч: Ч.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,
Улсын яллагч: Г.Ц нар оролцсон эрүүгийн 2209000001003 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, сүмд манаач ажилтай, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Ч.Т
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүрд худалдааны төвийн Х банкны АТМ-д иргэн А.Г нь гүйлгээ хийх гээд мартаж гарсан 1.750.000 төгрөгийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2209000001003 дугаартай хэргээс:
Хохирогч А.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл / хх-ийн 19 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-30 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүрд худалдааны төвийн Х банкны АТМ-д иргэн А.Г нь гүйлгээ хийх гээд мартаж гарсан 1.750.000 төгрөгийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж завшсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч А.Г-гийн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Бүрд худалдааны төв дотор байрлах Хаан банкны АТМ-д 1,775,000 төгрөг өөрийн Х банкны дансанд хийхээр орсон юм. Тэгээд АТМ-д мөнгөө хийж байх үед 25,000 төгрөг АТМ-ээс гүйлгээ хийх боломжгүй гээд гарч ирсэн юм яг тэр үед миний утас дугараад машин гарах гэсэн машинаа холдуулаад өгөөч гэхээр нь доголдол гэж гарч ирсэн 25,000 төгрөгөө аваад бусад мөнгөө өөрийнхөө данс руу хийхээ мартаад гарчихсан байсан тэгээд 15 цагийн Х банкны картаараа гүйлгээ хийх гэтэл миний карт байхгүй байсан тэгээд гар утсаараа дансаа шалгатал миний дансанд өглөө хийсэн орлого болох 1,750,000 төгрөг дансанд орж ирээгүй байсан тэгэхээр нь Х банк руу утсаар холбогдсон чинь таны гомдлыг хүлээн авлаа эргээд холбогдоно гэж хэлсэн тэгээд 16 цагийн үед Х банкнаас холбогдоод та АТМ-д хийсэн үйлдлээ гүйцээгээгүй байна тэгээд таны араас 30 секундийн дараа орж ирсэн 40 орчим насны хүн таны мөнгийг аваад явсан байна гэж хэлсэн. Х банкнаас холбогдсон хүн надад хэлэхдээ тухайн 40 орчим насны хүн гүйлгээ хийгээгүй таны мөнгө болон виза картыг аваад гарсан байна та яаралтай цагдаад ханд гэсэн...” гэх мэдүүлэг
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүрд худалдааны төвийн Х банкны АТМ-д иргэн А.Г нь гүйлгээ хийх гээд мартаж гарсан 1.750.000 төгрөгийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Т-гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Ч.Т нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас А.Г-д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүх шүүгдэгч Ч.Т нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ч.Т нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирогч А.Г нь “хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй” /хх-ийн 44/ хэрэгт авагдсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ч.Т нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаад прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Ч.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаварыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Ч.Т-г бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-г 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ч.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ч.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН