Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/649

 

 

 

 

 

 

   2022         06        17                                    2022/ШЦТ/649        

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Г.Т нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, Улаанбаатар хотод: төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овгийн Д.Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Писи Молл” дэлгүүрийн лизингийн төвийн гар утасны үзүүлэнгийн лангуун дээрээс “Х” ХХК-ийн өмчлөлийн “айфоне-12 про макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 2.250.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209006131015 дугаартай хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 9-13 дугаар хуудас/

Хохирогч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дугаар хуудас/

Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Гэрч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар хуудас/

"Д" ХХК-ийн СБ1-22-503 дугаартай үнэлгээгээр “...Айфоне-12 про макс загварын гар утас 2.250.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-ийн 43-44 дугаар хуудас/

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/3428 дугаартай Мобиком ХХК-ийн “...350742139748944 имей дугаартай гар утсанд 94800310 дугаарын эзэмшигч ашигласан” талаарх албан тоот /хх-ийн 34 дүгээр хуудас/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Писи Молл” дэлгүүрийн лизингийн төвийн гар утасны үзүүлэнгийн лангуун дээрээс “Хэрэглээгийн лизинг” ХХК-ийн өмчлөлийн “айфоне-12 про макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 2.250.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Т-гийн “...Манай Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Пи-Си молл хэрэглээний лизингийн төвөөс үл таних эрэгтэй хүн орж ирээд 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр лангуун дээр байсан гар утсыг суурь цэнэглэгчээс тастаад аваад явсан байсан тэгээд тэр талаар манайх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд би итгэмжлэл хийлгээд тухайн хэрэгт оролцохоор ирсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Г.О-ийн “...Би өөрийн ажилладаг ажлын газар болох Хэрэглээний лизинг ХХК-даа ажил дээрээ 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12:30 цагийн орчим манай ажилтан Уранзаяа намайг чи түр зуур миний оронд сууж байгаач би цайндаа орчхоод ирье гэсэн. Тэгээд явсных нь дараа би өрөөнд нь сууж байхад гаднаас 30 орчим минутын дараа 2 эрэгтэй хун орж ирээд Макбүүк. Айфоне 13 гар утас зэргийг сонирхож байна. Лизингээр авмаар байна гээд зээлийн нөхцөл шалгуурын талаар мэдээлэл авч байсан. Тэр хоёр ах хувиараа бизнес эрхэлдэг. ямар нэгэн зүйл зардаг л гэж хэлсэн. Тэр хоёрын дансны хуулгаас харахад ямар нэгэн бизнес эрхэлдэг мэт гүйлгээ дансны хуулганд нь байхгүй байсан. Тэгэхээр нь би таны зээл боломжгүй юм байна шүү гэж хэлээд байж байхад гэнэт дохиолол дуугарсан. Тэгэхээр нь би гайхаад байж байхад шар куртиктэй ах нь энэ дохиолол чинь дуугараад байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгээд би шалгахад дуугарч байсан ба би сайн ойлгоогүй байсан. Тэгэхэд гаднаас Сумъяа ахлах ажйлтан орж ирээд унтраасан. Тэгээд надад хандаж энд утас байсан юм уу? гэж асуусан. Тэгэхэд би мэдэхгүй байсан. Тэгэхэд тэр шар куртиктэй ах нь тиймээ энд гар утас байсан гэж хэлсэн. Тэгээд камер шүүж үзэхэд ногоон өнгийн малгайтай эрэгтэй хүн орж ирээд тавиур дээр байсан гар утсыг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.М-ийн “...350742139429743 имей дугаартай айфоне 12 про маркийн гар утсыг манай хүргэн ах Б ашиглаж байхаар нь би сонирхоод үзсэн чинь намайг авах уу гэсэн тэгээд би авъя гэтэл 2.500.000 мянган төгрөгөөр ав гэсэн тэгээд би ашиглаж байгаад мөнгийг нь цуглуулж байгаад 2022 оны 05 сар гараад эгч Уянгын данс руу 2.500.000 мянган төгрөгийг шилжүүлсэн тухайн гар утсыг одоо би өөрөө ашиглаад байж байгаа...” гэх мэдүүлэг,

"Д" ХХК-ийн СБ1-22-503 дугаартай үнэлгээгээр “...Айфоне-12 про макс загварын гар утас 2.250.000 төгрөг” гэх үнэлгээ,

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/3428 дугаартай "М" ХХК-ийн “...350742139748944 имей дугаартай гар утсанд 94800310 дугаарын эзэмшигч ашигласан” талаарх албан тоот,

Хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Писи Молл” дэлгүүрийн лизингийн төвийн гар утасны үзүүлэнгийн лангуун дээрээс “Хэрэглээгийн лизинг” ХХК-ийн өмчлөлийн “айфоне-12 про макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 2.250.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, хохирогч Б.Т-гийн өмчлөлийн эд хөрөнгө болох эд зүйлсийг нууцаар авч бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

 Иймд шүүгдэгч Д.Б-т Сүхбаатар дүүргийн Прокуророос  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Д.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-71/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.     

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А овгийн Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН