Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 159/ШШ2021/0001

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сонгуулийн хороо

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Төлөөлөгчөөс түдгэлзүүлэх тухай 11 дугаар тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******

Хариуцагч: *******

Хариуцагчийн өмгөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн ******* миний бие Мандал сумын орон нутгийн сонгуульд 6 дугаар тойрогт нэр дэвшихээр санал өгч улмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Нэр дэвшихээр бүртгэх тухай 05 дугаар тогтоолоор миний бичиг баримтыг нягтлан шалгасны үндсэн дээр нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн юм. Үүний дараагаар Сонгуулийн хорооноос 47 тоот нэр дэвшигчийг бүртгэсэн тухай үнэмлэх олгосон. Орон нутгийн сонгуулийн санал хураалт дуусаж дүнг гаргах үед миний бие 700 хүний саналаар Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон. Сонгуулийн хороо төлөөлөгчөөр сонгогдсоныг баталгаажуулан улмаар анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болох тул хуралдаанд хүрэлцэн ирэхийг урьсан урилга надад гардуулан өгсөн.

Анхдугаар хуралдаан дээр Иргэдийн төлөөлөгчийн үнэмлэх, тэмдгийг гардуулж өгөх үед надад 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сонгуулийн хорооны тогтоолыг танилцуулан төлөөлөгчөөс түдгэлзүүлсэн гэж хэлсэн. Энэ үеэс уг тогтоолыг мэдэж эс зөвшөөрч шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 160 дугаартай шүүгчийн захирамжаар гомдлоо дээд шатны сонгуулийн хороонд урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байна гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэгчид буцаасан юм. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргасан бөгөөд захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн болно. Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны 11 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлгүй төлөөлөгч миний нэр төр, алдар хүндэд халдсан асуудал төдийгүй Сонгуулийн тухай хуульд байхгүй нэршлээр төлөөлөгчөөс түдгэлзүүлсэн нь хууль бус болсон гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хууль зүйн үндэслэлгүй тогтоол болох нь:

1.Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжид төлөөлөгчөөс түдгэлзүүлэх тухай ямар нэгэн хуульчилсан заалт нэр томьёо байхгүй

2.Тогтоолд баримталсан Сонгуулийн тухай хуулийн зүйл заалт нь нэр дэвшигч, төлөөлөгч надад хамааралтай заалт байна

3.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай хуульчилсан заалт байдаг бөгөөд санал хураалт явагдаж дууссаны дараа төлөөлөгчөөр баталгаажуулж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн үед төлөөлөгчийг түдгэлзүүлэх асуудал огтоос яригдахгүй болно. Иймд хууль бус тогтоол гаргасан тул 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны Төлөөлөгчөөс түдгэлзүүлэх тухай 11 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ялалт байгуулж сонгогдсон 31 нэр дэвшигчийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож баталгаажуулсан билээ. Энэ тогтоолын 1 дэх заалтаар тойрог тус бүрийн санал хураалтыг хүчинтэйд тооцсон. 2 дахь заалтаар Баянхангайн 6 дугаар тойрогт 4 төлөөлөгч сонгогдсоны 3 дугаарт миний нэр бичигдсэнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч болсоныг нийтэд мэдээлэх, хуралд өргөн барихыг сонгуулийн хорооны нарийн бичиг Ш.Сувд-Эрдэнэд даалгасан тогтоол гаргасан байна. Гэтэл сонгуулийн хороо хуулинд байхгүй эрхийг эдэлж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргаж Баянханга 6 дугаар тойрогт төлөөлөгчөөр сонгогдсоныг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн жагсаалтаас миний нэрийг дур мэдэн хасаж бичсэн хууль бус үйлдэл гаргасан байгаа нь хэргийн материалтай танилцах үед мэдлээ. Энэ тогтоолын 4 дэх заалтаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай гэсэн байна. Иймд хууль бус тогтоол гаргасан тул 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сонгуулийн хорооны дарга ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар Нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоол гарч тус тогтоолын хавсралтад заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар тойрогт Ардчилсан намаас Баярын Ганжигүүрийг нэр дэвшигчээр бүртгэсэн. Улмаар Аймг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар тойрогт нэр дэвшсэн ******* нь 56.45 хувийн санал авч Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаар Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно. Гэвч нэр дэвшигч ******* нь Сэлэнгэ аймаг, Мандал суман дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 196 тоот Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн дагуу нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад 21.671.281 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу 21.671.281 төгрөгийн өр төлбөрөө төлөөгүй тул Сэлэнгэ, аймаг Мандал сум дах сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1462 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 362 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар Нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоол гарснаас хойш нэр дэвшигч *******т шүүхээс тогтоосон төлбөл зохих өр төлбөртэй болох талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж гарсан болох нь тогтоогдсон.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд сонгуульд нэр дэвшүүлэх нийтлэг журмыг хуульчлан зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 28.3-т Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна, 28.1.3-т банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх, гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч нь шүүхээр тогтоогдсон өр төлбөргүй байх тусгай шаардлагыг тавьсан байдаг. Хэрэв нэр дэвшигч нь шүүхээр тогтоогдсон өр төлбөртэй байгаа тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана, 32.1.2-т энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй гэж заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах ёстой.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд *******ийг нэр дэвшигчээр бүртгэснээс хойш дээрх зөрчил илэрсэн бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1-т заасан шаардлагыг зөрчиж нэр дэвшсэн, түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нь хууль зөрчсөн үйлдэл байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Сонгуулийн хороонд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана гэж заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаар Төлөөлөгчөөс түдгэлзүүлэх тухай тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг зөрчиж нэр дэвшиж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон *******ийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцохоос түдгэлзүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сонгуулийн хорооны дарга ******* нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байна. Гэвч нэмэгдүүлсэн шаардлага нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, хуульд заасны дагуу гарсан сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгох агуулгатай байх тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоол нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ., мөн зүйлийн 73.4-т Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ. хэмээн хууль тогтоомжид маш тодорхой заасны дагуу сонгуулийн хороонд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдох тогтоолыг гаргасан.

Мөн тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ. хэмээн заасанчлан хариуцагч нь хуульд заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолын 4 дүгээр хэсгээр тус сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаар Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгосон болно.

Иймд хууль тогтоомжид заасны дагуу сумын сонгуулийн хороо өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан тогтоолуудыг хүчингүй болгох нь Монгол Улсын Үндсэн хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон үндсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсон тооцох тухай тогтоол нь нэхэмжлэгчээс бусад 30 нэр дэвшигчийг сонгуулийн үр дүнд үндэслэн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол бөгөөд хэрэв 10 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрх зөрчигдөх. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж, хуулийн дагуу сонгогдсон бусад 30 төлөөлөгчийн эрхийг зөрчих ноцтой эрх зүйн дагавартайг нэхэмжлэгч анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан нь үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна, мөн зүйлийн 52.5.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн тухай зайлшгүй дурдах ёстой хэдий ч нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн 2 удаагийн нэхэмжлэлдээ түүний ямар, эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилснээр түүний ямар эрх сэргэх нь тодорхойгүй буюу энэ тухай огт дурдаагүй байгааг анхаарах нь зүйтэй. гэжээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагчийн хариу тайлбарт гаргасан тайлбартаа: ... ******* нь 56.45 хувийн санал авч Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон гэж бичсэн нь намайг хууль тогтоомж зөрчөөгүй гэдгийг нотолж байна. Хариуцагч тал Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйл 28.3.1, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтыг баримталсан энэ заалтуудаар төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсоныг түдгэлзүүлсэн гэсэн утгатай тайлбар гаргасан байна. Энэхүү заалтууд нь зөвхөн нэр дэвшигчээр бүртгэж, сонгуульд оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэх зохих заалтууд тэрнээс биш санал хураалтын дүн гарч төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэр гарах асуудалд хамааралгүй зохицуулал гэж үзэж байна. Дээрх заалтуудыг нэг бүрчлэн авч үзвэл 28 дугаар зүйл нэр дэвшүүлэх нийтлэг журам 28.3.1-д банк бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх хэрэв өр төлбөртэй байвал нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана. 32.1.2-т нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй гэж заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах ёстой гэж тайлбар бичсэн нь миний тус шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн агуулга, шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

Би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах хуулийн зохицуулалт байхаас төлөөлөгчөөр сонгогдсон санал хүчинтэй байгаа төлөөлөгчийг татгалзах эрх сонгуулийн хороонд байхгүй тул хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж төлөөлөгч миний халдашгүй эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 6 дугаар бүлэг нь Төлөөлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх журмыг зохицуулсан заалт билээ. Тийм ч учраас хариуцагч тал мөн хуулийн 32.1.2-т заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй гэж заасны дагуу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах ёстой гэжээ. Миний хувьд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны 05 дугаартай Нэр дэвшигчээр бүртгэх тухай тогтоол болон түүний хавсралтын дагуу 47 дэс дугаарт 6 дугаар тойрогт нэр дэвшигчээр баталгаажиж, үнэмлэх олгогдсон тогтоол хүчин төгөлдөр байгаа. Мөн хуулийн 3.1.2 дахь заалтаар нэр дэвшигч гэж 18 нас хүрсэн, энэ хуульд заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг ойлгоно гэж томьёолсон байдаг. Иймээс сонгууль явагдаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон санал хүчин төгөлдөрт тооцогдсон үед хэрэглэгдэх нэршил нэр томьёо биш гэдэг нь үүгээр тодорхойлогдоно.

Мөн тайлбартаа сонгуулийн хуулийн 19.1 заасан эрхийн дагуу олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргасан гэсний дагуу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг гаргаж төлөөлөгчөөр сонгогдсон *******ийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцохоос түдгэлзүүлсэн гэжээ. Энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана гэсэн заалт байна. Хуулийн 16 дугаар зүйл нь аймаг нийслэлийн сонгуулийн хорооны бүрэн эрхийг хуульчилсан. Харин хуулийн 17 дугаар зүйлээр Сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэн эрхийг зохицуулсан байдаг боловч 17.1-17.3.16 хүртэлх заалтаар нэр дэвшигчийг бүртгэх, хуваарилсан төсвийн мөнгийг зөв зохистой зарцуулах сонгуулийн нэгдсэн дүнг гаргах, нийтэд мэдээлэх, хэсгийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг эрхийг хуульчилсан. Энэ заалтаар сонгуулийн дүн гарч иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчийн эрхийг түдгэлзүүлэх эрх сумын сонгуулийн хороонд олгогдоогүй нь үүгээр нотлогдоно. Сонгуулийн тухай хуулийн 19.1 дэх заалтаар зөвхөн 17 дугаар зүйлд заасан эрхэд хамаарах асуудлаар тогтоол гаргахаас төлөөлөгчийн эрхийг түдгэлзүүлэх эрх олгогдоогүй байгаа тул хууль бус үндэслэлгүй тогтоол гаргаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч миний эрхэд халдсан үйлдэл гаргасан гэж үзнэ. Сонгуулийн хороонд олгогдоогүй эрхийг эдэлж төлөөлөгчөөр сонгогдон баталгаажуулсан ******* миний нэрийг дур мэдэн хассан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн төлөөлөгчийг түдгэлзүүлэх тухай 11 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь хууль зүйд нийцсэн гэж үзнэ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай Нэр дэвшигчийг бүртгэх тухай тогтоолын 1 дэх заалтаар 67 нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгасны үндсэн дээр гэж тодорхойлоод нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгосугай гэсэн байдаг. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас олгосон 23135 тоот тодорхойлолтоор Боржигон овогтой Баярын Ганжигүүр нь шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болохыг тодорхойлсон байна. Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр Төлөөлөгчөөс түдгэлзүүлэх тухай тогтоолын үндэслэх хэсэгт бичигдсэн хуулийн бүхий л заалт төлөөлөгчөөр сонгогдсон миний эрхэнд халдаж, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцохоос түдгэлзүүлэх үндэслэл болж чадахгүй нь тогтоогдож байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг хуулийн 10 дугаар бүлгийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь заалтаар энэ хуулийн 74.3-т заасны дагуу төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүй болох үндэслэлийг хуульчилсан. Энэ зохицуулалт нь энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т 34.3, 37, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2 заалтуудыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол хүчингүй болгохоор хуульчилсан байдаг. Миний зүгээс энэ хуулийн заалтуудыг зөрчсөн нэг ч үйлдэл гаргаагүй тул энэ заалтыг баримталж тогтоол гаргасан нь хууль бус болсон гэдгийг нотлон харуулж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Төлөөлөгчийг түдгэлзүүлэх тухай 11 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаа дэмжиж тайлбар бичлээ.

Нэхэмжлэгч ******* нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагчийн гаргасан тайлбарт тайлбар гаргахдаа: ... Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолыг гаргахдаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.4 дэх заалтуудыг баримтлан гаргасан тогтоол гэж бичжээ. Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 09 дугаар тогтоолыг мөн дээрх хуулийн заалтыг баримтлан гаргасан байдаг. Тэгвэл ямар үндэслэлээр, ямар заалтаар 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон нь тодорхойгүй хууль бус ******* миний Үндсэн хуульд заасан эрхийг хязгаарлаж, төлөөлөгчөөр сонгогдсон тогтоолоос нэрийг минь дур мэдэн хасаж, цаашилбал 11 хоногийн дараа 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор Төлөөлөгчөөс түдгэлзүүлсэн тухай тогтоол гаргасан гэж хэлж төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулж өгөөгүй юм. Хуульд төлөөлөгчөөс түдгэлзүүлэх тухай нэршил, нэр томьёо байхгүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлд сум, дүүргийн хорооны бүрэн эрхийг хуульчилсан. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалтаар сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох 17.3.3 дахь заалтаар мэдээллийг тулган нягталж, баталгаажуулан үнэн зөвийг хариуцна гэжээ.

Ингээд Мандал сумын сонгуулийн хорооноос 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Нэр дэвшигчийг бүртгэх тухай 05 дугаар тогтоолоор бичиг баримтыг нягтлан нэр дэвшигчээр намайг бүртгэж, надад нэр дэвшигчийн 47 тоот үнэмлэх олгосон юм. Гэтэл сонгуулийн хороо мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг дурдаж энэ заалтаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосон гэж тайлбарласан нь хуульд нийцсэнгүй тайлбар болжээ. Энэхүү заалт нь нэр дэвшигчийг бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож нийтэд мэдээллэхээр хуульчилсан байна. Энэ нэр томьёо нь сонгууль болох өдрөөс өмнө буюу санал хураалт явагдахаас өмнө зөвхөн нэр дэвшигчид хэрэглэгдэх хуулийн зохицуулалт юм. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заалтаар түүний нэрийг саналын хуудаст бичихгүй гэснээр тайлбарлагдана.

Гэтэл ******* миний хувьд сонгууль явагдаж, саналын хуудас тоологдож, орон нутгийн сонгуулийн санал хураалт дуусаж, дүн гарч Баянхангай 6 дугаар тойрогт 700 хүний санал буюу 56.45 хувиар сонгуульд ялалт байгуулж, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон. Тиймээс сонгуулийн хороо сонгуулийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4 дэх заалтаар ******* намайг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүнг гаргаж, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, нийтэд мэдээллэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоны дараа хуульд заасан буюу 74 дүгээр зүйлийн 74.3-т заасан 6 үйлдлийг гаргасан тохиолдолд Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг хүчингүй болгож, нийтэд мэдээллэх эрх нь сонгуулийн хороонд байгаа боловч төлөөлөгчөөр сонгогдсон миний бие дээрх хуульд заасан зөрчлийг огтоос гаргаагүй байхад нэрийг минь дур мэдэн хассан шийдвэр гаргасан нь туйлаас буруу үйлдэл юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-т шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох үндсэн эрх зөрчигдсөн. Цаашилбал миний сонгох, сонгогдох үндсэн эрхийг сонгуулийн хороо маш бүдүүлгээр зөрчсөн гэдэг нь хэнд ч ойлгогдоно. Мөн Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг хохироож болохгүй гэж хуульчилсан байхад миний төлөөлөгчөөр сонгогдсон эрхийг хязгаарлаж, түдгэлзүүлж байгаа нь хуульд заасан эрхийг хохироож, намайг төлөөлөгчөөр сонгосон иргэдийн сонголтыг үйл ойшоосон, үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан нь баталгаатай, нотолгоотой хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдагдсан сонгуулийн хорооны 2 тогтоол хууль бус хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан тогтоолууд тул хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйд нийцнэ. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай Төлөөлөгчөөс түдгэлзүүлэх тухай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1462 дугаар захирамжаар хугацаа хэтэрсэн өр төлбөртэй болох нь тогтоогдсон тул 6 дугаар тойрогт нэр дэвшиж сонгогдсон Баярын Ганжигүүрийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцохоос түдгэлзүүлжээ.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Сэлэнгэ аймгийн 1 дүгээр баг Ноёдын 138 тоотод оршин суух ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай Төлөөлөгчөөс түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа мөн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай /цаашид сонгуулийн тухай хууль гэх/ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т заасны дагуу аймаг болон сумын сонгуулийн хороонд Мандал сумын сонгуулийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах зүйлүүд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлж, сонгуульд өрсөлдөн төлөөлөгчөөр тооцогдох хүртэлх хугацаанд Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1-т заасан бусдад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй болох нь нотлогдохгүй байна.

Учир нь нэр дэвшигч нь сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.4-т ... хуулийн 28.3.1-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа-г баримт болгон бүрдүүлж өгөх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч ******* нь нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23135 дугаартай ******* нь шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болохыг тодорхойлсон тодорхойлолтыг[1] баримт болгон Мандал сумын Сонгуулийн хороонд гаргаж өгсөн болох нь тогтоогдож байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нотлох баримт цуглуулах чиг үүргийн дагуу нотлох баримт цуглуулах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн баримтаар тус албаны цахим санд 2020 оны 9 дүгээр сарын 15-наас өмнө *******т холбогдох гүйцэтгэх баримт бичиг бүртгэгдээгүй талаар болон Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн өдрийн 196 дугаар захирамжаар *******ээс 21.671.281 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн 20340416 дугаар олгож цахим санд бүртгэж, мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаарх албан бичгийг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлжээ.

Үүнээс үзэхэд нэр дэвшигчийг бүртгэж дуусах хугацаа буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ******* нь бусдад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй болох нь тогтоогдохгүй байна.

Мөн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 196 дугаартай захирамжаар нэхэмжлэгч ******* хариуцагч Мандал сумын Засаг даргын 21.671.281 төгрөг нэхэмжилснийг тухайн үед хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд уг өр төлбөрийг барагдуулаагүйн улмаас шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1462 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гаргасан нь цаг хугацааны хувьд нэр дэвшигчээр бүртгэх хугацаа буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаагаар нэр дэвшигч ******* нь бусдад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй талаар лавлагаа гарах боломжгүй юм.

Нөгөө талаар нэхэмжлэгч ******* нь хуульд заасан шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн нэр дэвшигчээр бүртгүүлсэн байх бөгөөд түүнийг сумын Сонгуулийн хорооноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаагүй бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сонгуульд өрсөлдөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсоны дараа 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлөөлөгчөөс түдгэлзүүлэх тухай тогтоол гаргасан үйл баримт нь Сонгуулийн хороо хуулиар зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэж эрх мэдлээ хэтрүүлсэн байх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл нэр дэвшигч бусдад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй тохиолдолд түүнийг нэр дэвшигчээр бүртгэх хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө нэр дэвшигчээр бүртгэх эсхүл нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эсэхээ шийдвэрлэх хуулийн зохицуулалтай байх бөгөөд бусдад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй эсэх талаар эргэлзээ төрсөн тохиолдолд шалгаж тогтоох бүрэн эрх нь сонгуулийн хороонд олгогдсон байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулиар өрсөлдөж сонгогдсон төлөөлөгчийг түдгэлзүүлэх гэсэн ойлголт, зүйл заалт байхгүй бөгөөд нэр дэвшигч сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ гэж заасныг нэр дэвшигч ******* нь зөрчөөгүй байна. Мөн дээрх заалтууд нь нэр дэвшигчид хориглох заалтууд бөгөөд нэр дэвшигчийг бүртгэхэд тавигдах шаардлагатай холбоотой зохицуулалт биш юм.

Эдгээрээс дүгнэж үзэхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай тогтоол илт хууль бус захиргааны акт байх бөгөөд уг актыг үндэслэн гарсан сумын Сонгуулийн хороо 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 10 дугаартай тогтоолыг гаргахдаа нэхэмжлэгч *******ийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцолгүй нэрийг нь хассан тогтоол гаргаж, 4 дэх заалтаараа 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон нь мөн хууль бус байх тул дээрх тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мандал сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгосноор тус сумын иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай Төлөөлөгчөөс түдгэлзүүлэх тухай тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолуудыг хүчингүй болгосугай

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Мандал сумын Сонгуулийн хорооноос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР