Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00495

 

 

2021           05            20                                          001/ХТ2021/00495

 

...................... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02718 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2059 дүгээр магадлалтай,

...................... ХХК-ийн нэхэмжлэлтэй

...................... ХХК, ......................нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 479,101,633 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., хариуцагч ........... итгэмжлэгдсэн төлөөлөгч .........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ............. нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...................... ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Золзаяа нар нь 2018.06.04-ний өдөр ......................наас 454,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэйгээр авсан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар 5 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Энэ хугацаанд 75,000,000 төгрөгийг төлснийг зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу төлбөрт суутгасан. Иймд зээлийн гэрээг цуцалж, хүү болон нэмэгдүүлсэн хүүний 479,190,633 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Үүргийн гүйцэтгэлийг мөн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.06.04-ний өдөр ......................тай ЗГ1060044321 дугаартай, Зээлийн гэрээ байгуулан 454,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, 365 хоногийн буюу жилийн 18 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн төлөлтийг 2018.10.02-ээс эхлэн төлөхөөр, зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2023 оны 06 сарын 02-ны өдөр дуусахаар тохирсон. ...................... ХХК-ийн зүгээс зээлийн төлбөрт нийт 75,210,000 төгрөгийг төлсөн. ...................... ХХК-аас 2018.10.30-ны өдрөөс хойш 2019.08.21-ний өдөр хүртэл төлбөр төлөхийг мэдэгдэж байсан. Хариуцагч хуваарийн дагуу төлж чадах боломжгүй болсон, 2018.10.02-аас хойш 2019.12.27-ны өдрийг хүртэл 3 удаа, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нөхцөл байдал үүссэн байхад ...................... ХХК нь зээлийн гэрээний 5.1.1-д заасан шаардах эрхээ тухай бүр нь хэрэгжүүлээгүй. Улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдүүлэн тооцсон. Зээл 419,000,000 төгрөг, 2018.12.27-ны өдөр хүртэлх хугацааны хүү 5,096,246.57 төгрөг төлөхийг зөвшөөрнө. 2018.12.27-ны өдөр хүртэлх хугацааны хүү 44,629,366 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,369.87 төгрөг бодогдсон. Үүнээс зээлийн хүүд 39,319,630 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 81,369.87 төлсөн. 2018.12.27-ны өдөр зээлд 11,000,000 төгрөг төлсөн. Мөн 2018.12.31-ний өдөр 709,410.96, 2019.01.02-ны өдөр 99,589 төгрөг зээлийн хүүд төлсөн. 2019.07.04-ний өдөр 20,000,000 төгрөгийг төлснийг зээлд суутгах ёстой. Хариуцагч зээлийн төлбөрөө төлж чадахгүй болсон нөхцөл байдал үүссэн гэдгийг ...................... мэдсэн даруйдаа гэрээгээ цуцлах боломжтой байсан. Нэхэмжлэлээс 55,538,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. .............-ийн хувьд ...................... ХХК-аас 2019.08.21-ний өдөр ирүүлсэн мэдэгдэлдээ 2019.08.30-ны 15 цагаас өмнө 84,164,373.00 төгрөгийг төлөхийг шаардсан байдаг ба уг шаардлагад төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд гэрээнд заасан эрхийнхээ дагуу гэрээг цуцалж. зээлийн төлбөрийг барьцааны хөрөнгөөр барагдуулна гэж дурдсан байна. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа эсэх нь тодорхой бус.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа тохиолдолд ...................... ХХК-нь 2019.08.21-ний өдөр ирүүлсэн мэдэгдэлд дурдагдсан 84,164,373.00 төгрөгийг л нэхэмжлэх эрхтэй. Зээлийн төлбөрийг 2018.10.02-ны өдрөөс эхлэн хэсэгчилсэн төлж, 2023.06.02-ны өдөр төлж дуусгахаар гэрээний хавсралтад тусгасан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02718 дугаар шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ...................... ХХК, ......................нараас зээлийн гэрээний үүрэг нийт 479 101 633 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...................... ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ..........., хариуцагч ...................... ХХК-ний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-........ дугаартай, Баянгол дүүргийн 19 хороо, Чингүнжавын гудамж 62/1 байрны 1 давхарт байрлалтай 180 мкв талбайтай үйлчилгээний талбай, улсын бүртгэлийн Ү-........... дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг, Уурхайчин 17 байрны 41 тоот хаягт байрлалтай 38 мкв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2003004430 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 баг, 6 хороолол,15 байрны 50 тоот хаягт байрлалтай 39 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-.......... дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 баг, 6 хороолол, 15 байрны 50 тоотын өргөтгөл хаягт байрлалтай 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-............ дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 баг, 6 хороолол, 15 байрны 00 тоот хаягт байрлалтай 12 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 1 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2623 658 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 623 658 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2059 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 977 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... хяналтын гомдолдоо: Магадлалтай танилцаад хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт: “...Хэдийгээр 2023.06.02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахаар байгаа боловч, зээлийн эргэн төлөлтийн хуваарь удаа дараа зөрчигдсөн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм. Удаа дараагийн гэрээний үүргийн зөрчил, зөрчлийн хэмжээ зэргийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж дүгнэх боломжгүй, ...Энэ хэсэгчлэн төлөх, гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчих нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн зөрчил болох юм. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрх эдлэх бөгөөд гэрээгээр тохиролцсон графикт хугацааг удаа дараа зөрчсөн үүрэг гүйцэтгэгчид сануулж, улмаар нэг талын санаачлагаар гэрээг цуцалсан нэхэмжлэгчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбараар гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар цуцалсан гэх бөгөөд энэ хугацаанаас өмнө цуцлах ёстой байсан гэж эрхийг үүрэгжүүлэн буруутгах боломжгүй юм” гэжээ. Зээлийн гэрээний 1.11-д “...хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь Гэрээний үүргийн зөрчил гэж тооцогдоно”, Зээлийн гэрээний 3.2.10-т “...Зээлийн хэсэгчилсэн хугацааг удаа дараа /3 буюу түүнээс дээш удаа/ зөрчсөн... тохиолдолд банк зээлийн төлбөрийг төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй”, Зээлийн гэрээний 5.1.1-т “Зээлдэгч нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” нөхцөлд Банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг төлөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардана” гэж заасан байна. ...................... ХХК-ийн зүгээс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж чадахгүйд хүрч, эргэн төлөлтийн хуваарьт буюу зээлийн үндсэн төлөлт удаа дараа зөрчигдсөн байдаг ба ...................... ХХК нь зээлийн гэрээний 5.1.1-д заасан шаардах эрхээ тухай бүр нь хэрэгжүүлээгүйн улмаас 2018.12.27-ны өдрөөс хойш зээлийн хүү 45,515,835.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нэмэгдүүлсэн хүү - 489,551 төгрөг, нийт нэмэгдэн 46,005,386.4 төгрөгөөр нэмэгдэхэд хүрсэн гэж хариуцагч талаас үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ бүх талаас нь бүрэн бодитой хянаагүй давж заалдах гомдлын үндэслэл болсон зээлийн гэрээний 3.2.10, 5.1.1 дэх заалтын талаар дүгнэлт хийгээгүй байна. Банк бол зээл олгох эрх бүхий этгээд болохынхоо хувьд зээл төлүүлэх шаардах эрхээ нэн даруй хэрэгжүүлэх үүрэгтэй, шаардах эрхээ нэн даруй хэрэгжүүлээгүйн улмаас банк нь зээлдэгчийг өрийн дарамтад орох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шаардлага болох 479,101,633 төгрөгөөс 46,005,386.4 төгрөгийг хасч тооцож өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч ...................... ХХК, ......................нараас үндсэн зээл 428,000,000 төгрөг, хүү 50,612,082 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 489,551 төгрөг нийт 479,101,633 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулахыг хүссэн ...................... ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлд хамаараагүй байх тул гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон талуудын байгуулсан 2018.06.04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, зээлдүүлэгч 454,000,000 төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн бол хариуцагч нар 75,000,000 төгрөгийг буцааж төлсөн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, талаарх хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Гэрээний хугацаа 2023.06.02-ны өдөр дуусах боловч хариуцагч нар 2018.10.02-ны  өдрөөс эхлэн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардан мэдэгдэл хүргүүлсэн /хх-1-3, 53-55/ байхад биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2019.09.07-ны өдрийн байдлаар үүргийг шаардсан байна. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол  нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй, шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа “үүрэг зөрчигдсөн байхад зээлдүүлэгч гэрээг цуцлаагүй, үүргийг нэмэгдүүлсэн...” гэж, 2018.12.27-ноос хойш нэмэгдсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 46,005,386 төгрөгийг төлөхгүй гэж татгалзсан, энэ талаар хяналтын журмаар гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх гэрээг цуцалсанд зээлдүүлэгч бус үүргээ зөрчсөн зээлдэгч буюу хариуцагч өөрөө буруутай үйл баримтын талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болохыг магадлалд тусгасан, уг дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй, гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийг хангуулахыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан байна. Шүүх барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн энэ зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хэргийг үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02718 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2059 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй  орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 392,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАХ

 

                      ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

 

                                                                                         П.ЗОЛЗАЯА

 

                                                                                         Б.МӨНХТУЯА

 

                                                                                         Х.СОНИНБАЯР