Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/648

 

 

 

 

 

 

  2022         06         17                                 2022/ШЦТ/648

 

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Т.Э, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан,

Хохирогч: Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: П.Б нар оролцсон эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үсчин ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамтаар оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн П.Э

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, хангай хотхоны 502 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Э” нэртэй үсчин, гоо сайханы газарт хэрүүл маргаан гаргах явцдаа хохирогч Н.М-г “тус газраас хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар эрүүл мэндэд нь халдаж зодож зүүн доод зовхи, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Шүүгдэгчээс ажиллаагүй хугацааны цалин хөлс буюу орлого болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэв.

Эрүүгийн 2209007740732 дугаартай хэргээс:

Хохирогч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч З.А-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/ гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Э нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, хангай хотхоны 502 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “ЭМА” нэртэй үсчин, гоо сайханы газарт хэрүүл маргаан гаргах явцдаа хохирогч Н.Мг “тус газраас хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар эрүүл мэндэд нь халдаж зодож зүүн доод зовхи, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Н.М-гийн “... 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангайн хотхон 502 дугаар байр, “ЭМА” салонд ажиллаж байхад хамт ажилладаг Н.Э гэх үсчин эгч Н.Х маргалдаад байсан, би Н.Э эгчийг маргалдахаа боль гэж хэлэхэд за гэж хэлээд хэдэн минут чимээгүй байснаа Н.Х эгчтэй ахиад хэрэлдээд эхэлсэн, маргалдаж байгаад Н.Э эгч гараад явсан, тэгснээ буцаж орж ирээд дахиад Н.Х эгчтэй маргалдсан, Н.Э эгчийг би та гараачээ гэхэд Н.Э эгч “чи пизда минь намайг хөөдөг хэн юм бэ” гээд намайг алгадаад үснээс зулгаасан, би Н.Э эгчийн хувцаснаас нь зулгаасан, би тавиулах гэхэд дийлэхгүй байсан. Тэгээд хамт ажилладаг Н.Х Н.А хоёр салгаад байж байхад Н.Э эгч миний араас салтаа руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, би хөдөлж чадахгүй байж байхад Н.Э эгч гараад яваад өгсөн, биед учирсан зүүн доод зовхи, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл, баруун шуунд зулгаралт гэмтлийг Н.Э учруулсан, ажлын байран дээр байхдаа үйлчлүүлэгчийн дэргэд хэл амаар доромжлуулж гар хүрсэнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Гэрч З.А “... би Эма салонд ажилладаг, тухайн өдөр П.Э, Н.Х эгч хоёр кофеноос болж хоорондоо маргалдсан. П.Э эгч үйлчлүүлэгч байхад орилж хашгираад байсан, тэгтэл Н.М эгч П.Э-д хандан үйлчлүүлэгч нар хүртэл уурлаад байна та одоо боль гэхэд П.Э эгч Н.М эгчийг чи яахаараа дундуур орж байдаг юм гээд зүүн талын хацар руу алгадаад үснээс нь доошоо дарсан. Тэгэхээр нь би П.Э эгчийг болиулахад эргэж хараад салтай руу нь өшиглөсөн, тэрнээс болоод алхаж чадахгүй түргэн дуудсан. П.Э нь Н.М-гээс өөр хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. П.Э эгч Н.М-гийн үснээс нь зулгаасан. Тэгэхэд зөрүүлж Н.М эгч П.Э-ын үснээс зулгаасан” гэх мэдүүлэг,

Эд зүйлд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн “... бичлэг 5 минутын хугацаатай, дээд талд 2022-03-27 гэсэн тоо байх ба бичлэгт хар өнгийн хувцастай эмэгтэй, цагаан өнгийн фодволкатай эмэгтэй, цагаан өнгийн зүйл нөмөрсөн эмэгтэй байна, хар өнгийн хувцастай эмэгтэй саарал өнгийн куоткан өмссөн байгааг харуулав, саарал өнгийн курткатай эмэгтэй цонхны хажуунаас цайвар өнгийн хувцастай эмэгтэй босож ирээд зууралдаж байгааг харуулав...” гэх тэмдэглэл,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4459 дугаартай:

1. Н.М-гийн зүүн доод зовхи, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...”  гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Э нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, хангай хотхоны 502 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “ЭМА” нэртэй үсчин, гоо сайханы газарт хэрүүл маргаан гаргах явцдаа хохирогч Н.М-г “тус газраас хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар эрүүл мэндэд нь халдаж зодож зүүн доод зовхи, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч П.Э-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал П.Э нь хохирогчийн нүүрэн тус хэсэгт нь алгадаж цохисон үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас Н.М-гийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч П.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч П.Э нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Н.М нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинд 1000.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба энэ талаар холбогдох баримтыг ирүүлээгүй байна. 

Шүүгдэгч П.Э-аас хохирогч Н.М-д 120.000 төгрөг төлсөн талаар шүүгдэгч болон хохирогч нар мэдүүлж байх тул хохирогчийн нэхэмжлэлээс 880.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой  эмчилгээний зардлаа цаашид  нотлох баримтаа цуглуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон  хувийн байдал, орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д овгийн П.Э-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь хохирогч Н.М-д 120.000 / нэг зуун хорин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 880.000 / найман зуун наян мянга/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээтэй  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч П.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН