Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/674

 

 

 

 

 

 

  2022          06          23                                  2022/ШЦТ/674

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: Г.Баярмаа

Шүүгдэгч: А.О нар оролцсон эрүүгийн 2209002920839 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг гэх хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61.1, 61.4-д зааснаар тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт А.О

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Яллагдагч А.О нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зуун айлын барилгын материалын дэлгүүрийн гадна хохирогч Ч.Г-тай “машин ачлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн  2209002920839 дугаартай хэргээс:

Хохирогч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,

Гэрч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1762 дугаартай дүгнэлт,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.О нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зуун айлын барилгын материалын дэлгүүрийн гадна хохирогч Ч.Г-тай “машин ачлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч Ч.Г-ийн “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр жолооч Д-ын хамт зуун айлд нэгдүгээр эгнээнд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тавьсан бор өнгөтэй Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ачих гээд бичлэг хийгээд байж байхад Төмөр замын ажлын хувцастай, надаас намхан залуу хүрч ирээд шууд баруун талын шанаанд цохичихсон. УНӨ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч надад эдгээр гэмтлийг учруулсан. Төв зам дээр араас намайг татаж унагаагаад нүүрэнд нэг удаа цохиод дүгээр гэмтлийг учруулсан гэж үзэж байна...“ гэх мэдүүлэг,

 Гэрч Э.Д-ын “...2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр туслах ажилтан Гийн хамт 100 айлд зам замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тавьсан автомашинуудыг ачиж байхад зуун айл барилгын материалын үүдэнд зогсож  байсан бор өнгөтэй Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ачих гээд би толиндоо хараад ухарч байтал шууд нэг залуу ирээд манай туслах ажилтныг цохиод эвдсэн...машины жолооч намайг татаж явж байгаад шууд нүүр лүү цохиод гэмтэл учруулсан. Маш олон хүн тойрчихсон зогсож байсан болохоор би арай гэж салаад машиндаа суух гээд эргээд хартал нөгөө залуу Гийг газар унагаачихсан дээрээс нь цохиж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1762 дугаартай “...1.Ч.-н биед зүүн нүдний дээд, доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.О нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зуун айлын барилгын материалын дэлгүүрийн гадна хохирогч Ч.Г-тай “машин ачлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь”... зүүн нүдний дээд, доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал...”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч А.О гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал А.О нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас Ч.Г-ийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч А.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.О-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирогч Ч.Г баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул яллагдагч А.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хувийн байдал, түүний орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт А.О Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч А.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, баримтаар нэхэмжилсэн  төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Г нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээтэй  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН