Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 440

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж нарийн бичгийн дарга Ч.А-, нэхэмжлэгч  Н.С-, хариуцагч Д.А-, гэрч П.Н- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийж  Н.С-ын нэхэмжлэлтэй Д.А-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон 12.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овгийн Н-ийн С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь А-тай 2012 онд гэр бүл болж 2015 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Ингээд 2012 онд охин А.А-г төрүүлсэн. Хамт амьдрах хугацаандаа Д.А- нь 2015 оноос хойш гадуур хонож гэртээ ирэх нь цөөрсөөр 2017 оны 04 сарсаас хойш гэртээ огт ирээгүй, өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд би охиноо бодоод олон удаа уучилж буцаад ирэх байх гэж их хүлээсэн. Гэвч өнөөдрийг хүртэл гэртээ ирэхгүй, өөр эмэгтэй гэр бүл болж хамт амьдарч байгаа учир бид хоёр цаашид нийлж хамт амьдрах боломжгүй юм. Иймд гэрлэлтээ цуцлуулж охиноо өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Би А-д нийт 3 удаа цалингийн зээл авч машин авч өгч байсан бөгөөд одоо 12.000.000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Уг зээлийг би өөрийн цалингаас төлөөд явж байгаа учир Д.А-аас 12.000.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн Д-ын А- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.А- надад холбогдуулж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 12 сая төгрөг нэхсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчээс яагаад ийм нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч  Н.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн ер нь 2 жилийн хугацаанд гэртээ хааяа нэг орж ирдэг байсан. Аавынх нь ойрхон байдаг болохоор шөнө ч байсан өдөр ч байсан ихэнхдээ ээж аав дээрээ аавынхаа гэрт байдаг байсан. Сүүлдээ гэртээ ирж хонохоо байсан тэр үедээ өөр эхнэртэй болсон юм шиг байна лээ. Би өөрөө нүдээрээ хараагүй ч хүмүүсийн ярьж байгаа өөрийнх нь хүнтэй ярьж байгаа зэргээс харахад өөр хүнтэй болсон гэж бодож байна. Тэр үедээ хот хооронд явдаг байсан. Тээвэрт явдаг хүн хэцүү л дээ. Би тээвэрт яваад ирлээ гэхэд нь гэртээ хоолоо хийгээд хүлээдэг байсан. Ирэхгүй болохоор нь гэртээ ирээч гэж гуйж гувшиж байж л шөнийн 1, 2 цагт ирдэг байсан. Заримдаа замдаа ядраад аавынд унтчихлаа гэдэг байсан. Гэр орны асуудал гардаг тэгэхэд энэ хүн танайхан тэглээ манайхан ийм гэдэг. Сүүлдээ энэ хүн өөр гэр бүлтэй болоод явсан юм шиг байна лээ. Өнгөрсөн намраас хойш бид тусдаа амьдрах болсон. Энэ хүн охин бид 2-той утсаар огт ярьдаггүй. Хааяа нэг ярихаар их уцаартай, ууртай хүн байдаг. Таарамжийн хувьд тийм сайн байгаагүй. Эхлээд найзалж үерхдэг байхдаа гайгүй л байсан. Яг өрх тусгаарлаад хамтдаа амьдраад ирэхэд уурлаад зан ааш нь хувирч өөр болсон. А-д нэг удаа зодуулж байсан. Хууль хяналтын байгууллагад хандаж байгаагүй. Эмэгтэй хүн болсон хойно эр хүнд ийм юм байлгүй л яахав гээд ойлгоод тэвчээд амьдардаг байсан. Одоо гэрлэлтээ цуцлуулах, охиноо өөрийнхөө асрамжинд байлгах, 5.0 сая төгрөг А-аас гаргуулахыг хүсч байна гэв.

Хариуцагч Д.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байнга архи ууж зоддог байсан мэтээр олон тоонд дээр яриад байна. Би байнга тэгж архи уугаад агсан согтуу тавиад, үсдэж зодоод байсан зүйл байхгүй. Баазад нэг хашаанд байхдаа нэг удаа тийм зүйл болсон. Гэхдээ ганц надаас ч болсон юм биш өөрөөс нь ч болсон зүйл байгаа. Тэгж гэр орон буулгасан юм байхгүй тогооны саваа татаж унагаж, аяга шаазан хагалснаас С-ыг үсдэж чирээд хашааны үүд хүртэл чирсэн зүйл байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн талаар бид ярилцаад хоорондоо тохирсон. Би өөр гэр бүлтэй болсон юм байхгүй. Тэр тусдаа амьдраад 2 жил болж байна гэж ярьж байна. Манай аав ноднин бурхан болсон. Цагаан сараар өөрөө л элдвийн юм яриад би хот хооронд явах гэж байсан хувиараа ч больсон. Тэгээд ноднингийн цагаан сараас хойш л тусдаа амьдарч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Н.С- нь хариуцагч Д.А-аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон 12.000.000 төгрөггаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А-, нэхэмжлэгч  Н.С- нар нь 5.000.000 төгрөг өгч авалцахаар харилцан тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд гэрлэгсдийг 12 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд эвлэрсэн гэж үзэх үндэстэй байна.

Хариуцагч Д.А- нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.

 Н.С-ын нэхэмжлэлтэй Д.А-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шүүхээс гэрлэгсдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахуулахаар хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч гэрлэгсэд идэвхи санаачлагагүй хандсанаас уг ажиллагаа амжилтгүй болжээ.

Гэрлэгсдийн таарамжгүй, эвлэрэх боломжгүй байдал нь гэрлэлтийг цуцлах шалтгаан болсон төдийгүй, тэдний дээрх таарамжгүй байдал нь хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд муугаар нөлөөлөхөөр байгааг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Мөн гэрлэгсэд хамтран амьдрах хугацаандаа хоорондоо таарамжгүй байсан нь тэдний тайлбараар тогтоогдож байгаа төдийгүй тэдний хамтын амьдралын талаар мэдүүлсэн гэрч *******гийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэрлэгсэд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч  Н.С- хүүхдээ өөрийнхөө асрамжинд авч эцэг Д.А-аар тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байгааг хариуцагч Д.А- хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж үүрэг хүлээхээр, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5-р зүйлийн 3-т эцэг эхээсээ тусдаа амьдрах үед тэдэнтэйгээ байнгын харилцаатай байх талаар тус тус хуульчилж өгсөн тул эцэг М.*******ийн дээрхи хуулиудад заасан эрхийг эдлүүлж түүний хүссэн үед хүүхдүүдтэй нь уулзуулж, байнгын харилцаатай байх боломжоор хангахыг нэхэмжлэгч  Н.С-д даалгах нь зүйтэй.

Иймд хариуцагч Д.А-аас тэтгэлэг гаргуулж 2012 оны 12-р сарын 06-ны өдөр төрсөн охин А.Амин-Эрдэнийг тэжээн тэтгүүлэхнь зүйтэй гэж үзээд

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1дэхь хэсэгт зааснаар Гэгээнтэн овгийн Д-ын А-, ******* овгийн Н-ийн С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 12-р сарын 06-ны өдөр төрсөн охин А.А-ийг түүний эх  Н.С-ын асрамжид үлдээсүгэй.

3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 12-р сарын 06-ны өдөр төрсөн охин А.А-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Д.А-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Монгол улсын Иргэний хуулийн 129-р зүйлийн 129.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.А-аас 5.000.000 төгрөггаргуулж нэхэмжлэгч  Н.С-д олгосугай.

5. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

6. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-аас 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

9. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

11. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

12. Нэхэмжлэгч хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ