Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/693

 

 

 

 

 

 

 

   2022         06        30                                    2022/ШЦТ/693      

 

                            

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 Шүүгдэгч Я.П, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Г.Б нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй гэх,

Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Я.П

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Я.П нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны орчим иргэн.Ны эзэмшлийн ай фоне-12 /iphone-12/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.675.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209005370788 дугаартай хэргээс:

Хохирогч О.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-42-р хуудас/

2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-48-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ний тайлан /хх-ийн 29-30-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Я.П нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны орчим иргэн.Ны эзэмшлийн ай фоне-12 /iphone-12/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.675.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч О.Н-ы “...Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг 40 минутын орчим нөхөр Батхишигийн хамт “Авто плаза” төвийн уулзвар дээр өөрийн аав Мөнхбатын машинаас буугаад зам хөндлөн гараад чигээрээ “Хангай” хотхон руу 511 дүгээр байр луу явж байхад миний халаасанд байсан Ай фоне 12 маркийн гар утас алга болсон байсан юм. Тэгээд би өөрийн гар утас руу нөхрийн гар утаснаас залгахад холбогдох боломжгүй болсон байсан юм... Тэгээд нөхрийн хамт “Хангай” хотхонд байх гэр лүүгээ алхаж ороод утсаа байхгүй байгааг мэдсэн юм. Би аавынхаа машинаас буугаад гэр хүртлээ өөрийн гар утсаа огт ашиглаагүй, байгаа эсэхийг нь шалгаагүй. Би гар утсаа гадуур хүрмийнхээ зүүн талын халаасанд хийсэн байсан юм...Бид хоёртой зөндөө олон хүн л зөрж байсан...Миний алдсан гар утас камерын ойролцоо шигтгээтэй наалттай, дэлгэц нь бүрсгэр наалттай, цайвар ногоон өнгөтэй, өнгөгүй, шигтгээтэй гэртэй, гар утас байсан. Миний гар утас 359676576352029, и сим нь 359676576432516 гэсэн Имей кодуудтай байсан...Би гар утсаа 2021 оны 06 дугаар сард 3.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Одоо гар утсаа зах зээлийн ханшаар үнэлнэ...Би аавынхаа машинаас буугаад нөхөртэйгөө уулзахдаа өөрийн гар утсаа халаасандаа бөгөөд өөрийн гар утсаа гээсэн гэж бодохгүй байна. Хулгайд алдсан гэж бодож байна..." гэх мэдүүлэг,

Гэрч М.Б-н “...Би 2022 оны 02 дугаар сарын эхээр цагаан сарын үеэр /яг өдрийг нь сайн санахгүй байна/ ажлаа тараад үд өнгөрөөд оройн 16:30 цаг өнгөрч байх үед манай эхнэр Н-ыг хадам аав гэрээсээ дөхүүлж өгч байна “Авто плаза" дээр бууна тосоод авчих гэхээр нь би эхнэрийг тосож авах гээд “Авто плаза”- ийн орчим очоод эхнэрийг тосож авчхаад, эхнэр бид хоёр “Хангай” хотхон руу алхаж явсан. Бид хоёр алхаад “Хангай” хотхоны орчим 510 дугаар байрны орчим яваад, зам гарах гээд гарцаар алхаад явж байх үед ардаас хүн гүйж ирэх чимээ сонсогдохоор нь /манай эхнэр жирэмсэн байсан болохоор, янз бүрийн согтуу хүн ирээд мөргөчих вий гэж бодоод/ арагшаа эргэж харахад 30-35 орчим насны хар хувцастай, эрүүл бололтой хүн ирж байсан, гарцаар гарч байсан болохоор нөгөө хүнийг харахгүй чигээрээ явж байгаад 510 дугаар байр луу дээшээ алхдаг шатан дээр эхнэр жирэмсэн учраас хөл нь гэдсэнд нь тулаад байсан болохоор би гараас нь бариад өргөх гэхэд бид хоёрын ардаас гүйж ирээд зам гарч байсан хар хувцастай эрэгтэй хүн ард ирээд тулахаар нь би эхнэрээ гялс өргөөд шатаар гарах гээд нөгөө хүнийг сэжиглэлгүй эхнэрээ өргөж шатаар гараад гэр лүүгээ ороход манай эхнэрийн гар утас хүрмийнх нь халааснаас хулгайд алдагдчихсан байсан. Би тухайн үедээ яг ард дагаад явсан, шатан дээр ард биед тулсан эрэгтэйг халааснаас авчихлаа гэж бодоод гарахад тэр хүн байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...Тэр хүнийг би дахиж харвал таних байх, тухайн үед нэлэнхийдээ хар хувцастай, өндөр намаараа 1.70см-1.75см орчим өндөртэй хар куртикнийхээ малгайг өмсчихсөн 30- 35 орчим насны хүн байсан...Манай эхнэр солгой болохоор, ерөнхийдөө гар утсаа зүүн талын халаасандаа хийдэг, тэр өвлийн гадуур хувцасны халаас нь жижигхэн болохоор утасных нь тал нь ил гарч яваад байдаг...” гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн № СБ22251 дугаартай “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1.675.000 /нэг сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч Я.П-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, хохирогч О.Н-ы өмчлөлийн эд хөрөнгө болох эд зүйлсийг нууцаар авч бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Иймд шүүгдэгч Я.П-д Сүхбаатар дүүргийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Я.П-г гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: шүүгдэгч Я.П-г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргажээ.

Шүүх Я.П нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Хохирогч О.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Я.П-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Б овогт Я.П-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Я.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй

5. Шүүгдэгч Я.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН