Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 443

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч Ч.П-, хариуцагч Б.Ч- нарыг оролцуулан хийж Ч.П-гийн нэхэмжлэлтэй Б.Ч-ид холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Б.Ч-ийн сөрөг нэхэмжлэлтэй Ч.П-д холбогдох хөлдөөгч 1 ширхэг, 3х4 харьцаатай хивс 1 ширхэг, амбаар зэрэг эд зүйлс гаргуулахыг хүссэн тухайиргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын иргэн ******* ******* овгийн Ч-ын П- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ч- бид хоёр 2008 онд танилцаж 2009 онд гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авсан. Улмаар 2009.09.21-нд охин Х- төрсөн. Бид хамт байх хугацаандаа амьдрах нөхцөл бололцоо, зан харилцаа, үзэл бодол, таарч тохирохгүйн улмаас байнгын хэрүүл маргаантай байдаг байсан ба нөхөр Б.Ч- нь Ч.П- намайг ямар ч үндэслэлгүйгээр удаа дараа зодож миний биед хүнд, хөнгөн төрлийн гэмтлийг олон удаа учруулж байсан. Ч.П- би Б.Ч-ид зодуулсан үедээ холбогдох цагдаагийн байгууллагад хандаж гэмтлийн зэргээ тогтоолгодог байсан боловч үр хүүхдээ өнчирүүлэхгүй, элэг бүтэн, аз жаргалтай амьдрахын тулд цагдаад гаргасан өргөдөлөөсөө татгалзаж, олон хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан. 2011 онд Б.Ч- нь Ч.П- намайг зодсон тул цагдаагийн байгууллагад хандаж улмаар тус аймгийн анхан шатны шүүхээс Б.Ч-ид 1 жил 6 сарын хорих ял өгч байсан. Бид 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба Б.Ч- нь өөр хүнтэй гэр бүл болж үр хүүхэдтэй болсон тул цаашид амьдрах боломжгүй болсон. Охин Х- төрсөн цагаасаа өнөөдрийг хүртэл эх Ч.П- миний байнгын асрамжид байгаа болно. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14.4-д зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж, охин Ч.Х-ийг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* ******* багийн иргэн ******* овгийн Б-ын Ч- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өөрийнхөө хүүхэд мөн эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ч- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Ч- миний бие нь Ч.П-гийн хамт амьдарч байхад эдэлж хэрэглэж байсан зарим зүйлийг нэхэмжилж байна.

1.Морины мурийнд ирсэн хөлдөөгч, тухайн үед манай хүргэн ахын 3*4 харьцаатай хивс манай байшинд байсан байгаа. Мөн хашаанд байгаа амбаар бас бус жижиг зүйлсээ авмаар байна гэжээ.

Нэхэмжлэгч Ч.П- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Ч-той танилцаад 2009 онд гэр бүл болоод 1 охинтой болсон. Ч-той амьдарч байх хугацаанд намайг хэл амаар доромжилж зоддог байсан. 2011 онд шүүхээс 1 жил 6 сарын ял авсан. Тэгээд гарч ирээд бид 2-той цуг амьдарч байгаад 2014 оноос Ч- өөр эхнэртэй болсон. Одоо 2 дахь хүүхдээ гаргах гэж байгаа тийм учраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтооолгох хүсэлт гаргасан. Хөлдөөгч, хивс 2 нь надад байгаа гаргаж өгч болно гэв.

Хариуцагч Б.Ч- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэр бүлтэй болсон. Одоо 2 дахь хүүхэд гарах гэж байна.Нэхэмжлэгч өөрөө бас гэр бүлтэй болж байгаа юм шиг байна лээ. Бид эвлэрч хамт амьдрах боломжгүй. Зохих хэмжээний юм өгнө. Тэтгэлэг төлнө. Би 2017 оноос багийн даргын ажилд сонгогдсон 2021 он хүртэл багийн даргын ажлаа хийнэ. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.П- нь иргэн Б.Ч-ид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилсэн ба Б.Ч- нь сөрөг нэхэмжлэл гаргаж Ч.П-гээс хөлдөөгч 1 ширхэг, 3х4 харьцаатай хивс 1 ширхэг, амбаар зэрэг эд зүйлс гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Ч- нь амбаар нэхэмжлэхээсээ татгалзаж Ч.П- нь Б.Ч-ид хөлдөөгч 1 ширхэг, 3х4 харьцаатай хивс 1 ширхэгийг өгч авалцахаар харилцан тохиролцсон болох нь тэдгээрийнтайлбараар тогтоогдож байна.

Иймд гэрлэгсдийг эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд эвлэрсэн гэж үзэх үндэстэй байна.

Хариуцагч Б.Ч- нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа Бид эвлэрч хамт амьдрах боломжгүй. Зохих хэмжээний юм өгнө. Тэтгэлэг төлнө гэжээ.

Гэрлэгсэд удаан хугацаагаар буюу 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба тусдаа амьдрах хугацаанд хэн хэнээс нь эвлэрэх санаачлага гаргаагүй, энэ хугацаанд хариуцагч Б.Ч- нь өөр эмэгтэйтэй амьдарч хүүхэдтэй болсон болох нь 2017 оны 03-р сарын 27-ны өдөр төрсөн хүү Ч.*******ын төрсний гэрчилгээ, гэрч О.*******ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Гэрлэгсэд хамтран амьдрах хугацаандаа хоорондоо таарамжгүй байсан нь тэдний өөрсдийнх нь тайлбараар тогтоогдож байна.

Мөн хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Ч.П- охиноо өөрийнхөө асрамжинд авч эцэг Б.Ч-оор тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байгааг хариуцагч Б.Ч- хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Иймд гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлаж, 2009 оны 09-р сарын 21-ний өдөр төрсөн охинЧ.Х-ийг түүний эх Ч.П-гийн асрамжид үлдээж, эцэг Б.Ч-оос тэтгэлэг гаргуулж охин Ч.Х-ийгтэжээн тэтгүүлэх үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1дэхь хэсэгт зааснаар ******* овгийн Балжиннямын Ч-, ******* ******* овгийн ын П- нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 09-р сарын 21-ний өдөртөрсөн охин Ч.Х-ийг түүний эх Ч.П-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 09-р сарын 21-ний өдөр төрсөн охин Ч.Х-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Ч-оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Монгол улсын Иргэний хуулийн 129-р зүйлийн 129.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.П-гээс хөлдөөгч 1 ширхэг, 3х4 харьцаатай хивс 1 ширхэгийг гаргуулж хариуцагч Б.Ч-ид олгосугай.

5. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

6. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ч-оос 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

9. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

11. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

12. Нэхэмжлэгч хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ