| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2018/00301/И |
| Дугаар | 470 |
| Огноо | 2018-06-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 470
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж,нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч Б.О-, хариуцагч Ч.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаанытанхимд хаалттай хийж Б.О-ы нэхэмжлэлтэй Ч.Э-ад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* ******* овгийн Б-ийн О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би нөхөр болох Э-тай 2006 онд албан ёсоор гэр бүл болж 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том охин Э.А 2007 онд төрсөн, бага охин Д 2009 онд төрсөн. Би нөхөртэйгээ суухдаа дагавар охин Н-тайгаа хамт энэ айлд очиж байсан юм. Нөхөр маань миний дагавар охиныг үзэж чадахгүй байнга хэл амаар доромжилж, зоддог болсон. Энэ байдлаас болж бид 2-ын харилцаа таарамжгүй болж эхэлсэн. Нөхөр болох Э- 2009 оны намар малаа туугаад Эрдэнэт рүү надаас сална гээд явсан. Би тэгэхэд хадам аавындаа 2 хүүхэдтэйгээ үлдсэн. Хамт байхад хадам ээжтэйгээ таарч тохирохгүй намайг байнга хөөж туугаад байхаар нь би том охиноо үлдээгээд бага охинтойгоо аймгийн төвд ах дүү нар дээрээ ирсэн. Тэрнээс хойш нэг ч удаа ирээгүй, утсаар огт ярьдаггүй юм. Том охин Э.А нь аавтайгаа эмээ өвөө дээрээ байгаа намайг авах гэхээр ирэхгүй гээд байгаа юм. Энэ хүнтэй цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, бага охин Д-д хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн охин А-ыг сайн хүн болгож хүмүүжүүлээрэй гэж захих байна. Би эднийд очихдоо бас цөөн тооны бог бодтой очиж байсан тийм учир Э-аас охин бид хоёрт боломжоороо хэдэн хонь хурга өгөөч тэгвэл би үхэр мал нэхээ больё гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овгийн Ч-ын Э- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э- О-тай 2006 онд гэр бүл болж эхнэр О- нь уурлаад хүүхдүүдээ аваад явчихдаг. Миний хувьд дагавар охиноо өөрийн хүүхэд шигээ хайрлаж байсан. Би нэг ч удаа зодож байгаагүй болно. Өвлийн хүйтэнд хүүхдийнхээ гарыг хөлдөөгөөд ч хамаагүй тэврээд явчихдаг. Тухайн үедээ хэцүү байсан. Том охиноо үлдээгээд бага охиноо туувар туусан хойгуур аваад явсан байсан. Нэгэнт таарахгүй болсон тул том охин А-гаа өөр дээрээ авсан. Том охин А ээжтэйгээ уулзалгүй олон жил болсон. Иймд би том охин А-гаа өөр дээрээ авч сайн хүн болгож хүмүүжүүлж, ээж О- нь хүүхдэдээ анхаарал халамж тавих нь муу. Иймд гэрлэлт цуцлах санал О-тай санал нэг байна. Миний нэр дээр 10 хургатай хонь байдаг юм. Тэрнийгээ хуваагаад 5 хургатай хонь охин Д, эхнэр О- хоёрт өгмөөр байна. Намраас өгчихье гэжээ.
Нэхэмжлэгч Б.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 оноос хойш тусдаа амьдраад 10 жил болж байна. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Э- мал туугаад Дархан аймаг руу тууварт явсан. Тууварт явсан үед нь би Э-ын аав ээжтэй нь хамт амьдарч байсан юм. Э-ын аав ээж нь их хатуу зантай хүмүүс байсан болохоор би дундах хүүхдээ ээж аав дээр нь үлдээгээд буцаад нутагтаа ирсэн. Тэр жил их хатуу зудны жил байсан. Тухайн үед өөрийн гэсэн гэр оронгүй, ээж аав нас барсан байсан болохоор айл айл дамжиж их хэцүү байдаг байсан. Одоо бид манай ахын барьж өгсөн жижиг гэрт 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байна. Би дагавар хүүхэдтэй тэр хүүхэд маань одоо 3-лаа л амьдаръя ааваар яах юм бэ? гэж хэлдэг. Тэгээд ч Э- тэр хүүхдийг багад нь нэг удаа зодож байсан болохоор дагавар хүүхэд маань Э-тай хамт амьдрахгүй гэдэг юм гэв.
Хариуцагч Ч.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. О- гэрлэлтээ цуцлуулая гэж байна. Би ч бас гэрлэлтээ цуцлуулах саналтай байна. О- намайг тууварт явсан хойгуур аав ээжтэй цуг дунд охиноо үлдээгээд яваад өгсөн байсан. Салах гээд л явсан биз. Одоо охин маань ээжтэйгээ ярья гэхээр уйлаад уурлаад ярьдаггүй хэцүү байдаг. Эвлэрэх боломж байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Ч.Э-аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.О- нь охин А-ыг асрамжиндаа авч хариуцагч Ч.Э-аас тэтгэлэг гаргуулах гэсэн шаардлагаасаа татгалзсан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлснийг хоорондоо харилцан тохиролцож хариуцагч Ч.Э- нэхэмжлэгчид 5 хургатай хонь өгөхөөр тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд гэрлэгсдийг эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд эвлэрсэн гэж үзэх үндэстэй байна.
Хариуцагч Ч.Э- нь гэрлэлтээ цуцлуулж нэг охиноо өөрийнхөө асрамжид авахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа нэгэнт таарахгүй болсон тул том охин болох *******аа өөр дээрээ авна гэжээ.
Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч тэднийг удаа дараа уулзуулж байсан боловч талууд идэвхи санаачлагагүй хандсанаас эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болжээ.
Ч.Э-, Б.О- нар 2006 оны 09-р сарын 25-нд гэр бүл болж гэрлэлтээ 2006 оны 10-р сарын 30-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн болох нь 0073183 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.
Гэрлэгсэд удаан хугацаагаар буюу 9 жил тусдаа амьдарсан, тэдний таарамжгүй, эвлэрэх боломжгүй байдал, эвлэрүүлэхажиллагаанд идэвх санаачлагатай оролцоогүйгээс эвлэрэл амжилтгүй болсон зэргийг үндэслэн гэрлэгсдэд дахин эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгсэд дээрх байдлаар эвлэрэх боломжгүй, удаан хугацаагаар тус тусдаа амьдарч байгаа болох нь гэрч Ж.Н, В.Т нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж үзэв.
Ч.Э-, Б.О- нар нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эх Б.О- охин Э.Дэмбэрэлийг, эцэг Ч.Э- нь охин Э.А-ыг өөрсдийнхөө асрамжинд авахыг харилцан зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Иймд гэрлэлтийг цуцлаж, 2007 онд төрсөн охин Э.А-ыг түүний эцэг Ч.Э-ын асрамжид, 2009 оны 02-р сарын 19-ний өдөр төрсөн охин Э.Д-ийг түүний эх Б.О-ы асрамжинд үлдээж шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэхь хэсэгт зааснаар ******* овгийн Ч-ын Э-, ******* ******* овгийн Б-ийн О- нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 онд төрсөн охин Э.*******ыг түүний эцэг Ч.Э-ын асрамжид, 2009 оны 02-р сарын 19-ний өдөр төрсөн охин Э.Д-ийг түүний эх Б.О-ы асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Монгол улсын Иргэний хуулийн 129-р зүйлийн 129.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Э-аас 5 хургатай хоньгаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.
5. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.
6. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.
7. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
9. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
10. Нэхэмжлэгч хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ