| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 159/2020/0026/З |
| Дугаар | 159/ШШ2021/0002 |
| Огноо | 2021-01-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 159/ШШ2021/0002
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх захирамж хүчингүй болгох тухай А/131 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани Орхонтуул сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/51 дугаар захирамжаар иргэн ******* үр тарианы зориулалттай 200 га газар эзэмших эрхийг шилжүүлэн авч 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 000316057 дугаар эрхийн гэрчилгээний дагуу тус сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/51 дүгээр захирамжийн дагуу ******* БГБХН-өөс мөн үр тарианы зориулалттай 200 га газар эзэмших эрхийг шилжүүлэн авч 000316055 дугаар эрхийн гэрчилгээний дагуу тус тус эзэмшиж байна. Манай компани Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан холбогдох материалыг бүрдүүлэн газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан. А/131 дугаар захирамжаар А/50, А/51 дугаартай эрх шилжүүлэх захирамж гаргахдаа холбогдох албан тоот гэрчилгээний дугаар буруу тавьж газар өмчлөлийн захирамжийн албан тоотыг тусгасан гэсэн заалтуудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр А/50, А/51 дугаар захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус захирамжийг манай компанид 2020 оны 2 дугаар сард цахим хаягаар явуулж мэдэгдсэн. Тухайн захирамжийг бид аваад ямар учраас захирамжийг хүчингүй болгож байгааг ойлгоогүй, техникийн алдаа гарч гэрчилгээний дугаар буруу тавьсан учраас хүчингүй болгож байна гэж ойлгосон ба захирамжийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.Тус захирамжаар газар эзэмших эрх шилжүүлсэн А/50, А/51 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй тул манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй гэж үзэж байна. Харин техникийн алдаанаас болж газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгожээ. Манай компани нь тус газар ашиглах хугацаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болгох зөрчил гаргаагүй, дээрх үндэслэлүүд бий болоогүй болно.
2.Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байна гэж заасан ба захирамжид А/50, А/51 дугаартай эрх шилжүүлэх захирамж гаргахдаа холбогдох албан тоот гэрчилгээний дугаар буруу тавьж, газар өмчлөлийн захирамжийн албан тоотыг тусгасан гэсэн заалтуудыг зөрчсөн гэж заасан нь ямар учраас захирамжийг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Манай компанийн зүгээс захирамж гаргахдаа гэрчилгээний дугаар буруу тавигдсан учраас хүчингүй болгож байна гэж ойлгож байна. Гэрчилгээний дугаар буруу тавигдсан техникийн алдаанаас болж газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгож, манай компанийн эрхэд халдаж байгаа нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу захирамждаа засвар оруулах боломжтой гэж үзэж байна.
3.Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна. 40.2.3 Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; 40.2.5 Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах; 40.4 Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж тус тус заасныг Орхонтуул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/131 дугаар захирамж хангахгүй байна.
4.Орхонтуул сумын Засаг дарга захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж акт гаргахаас өмнө манай компанид ямар учраас захирамжийг хүчингүй болгох гэж байгаа талаар хэлж санал аваагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр Орхонтуул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/131 дугаар захирамж нь хууль бус байна.
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй гэж 94 дүгээр зүйлийн 94.1 Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж тус тус заасны дагуу хуульд заасан хугацаанд Орхонтуул сумын Засаг даргын дээд шатны байгууллага болох Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20/12 тоот албан бичгээр гомдол гаргасан.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.2.7-д газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргад Орхонтуул сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Тус гомдлын хариу болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/316 дугаар албан бичигт А/131 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэсэн ба 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар илгээж 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус хариуг хүлээн авсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана, 14.1.1 дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж заасны дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.
Орхонтуул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/131 дугаар захирамжийг бид 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* гэсэн цахим хаягаас [email protected] гэсэн хаягт ирсэн цахим шуудангаар мэдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс захирамжийг анх мэдэгдсэн гэх нотлох баримтыг [email protected] цахим шуудангаар нэвтрэн ирүүлсэн огноо, харилцсан и-мэйл ирсэн албан бичиг зэргийн мэдээллийг хэвлэн шүүхэд хүргүүлж байна. Мөн дээд шатны захиргааны байгууллага болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/316 тоот албан бичгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар илгээсэн бөгөөд үүнийг нотлох баримтаар хавсаргасан дугтуйны баруун доод буланд дарагдсан Монгол шуудан СЭ02 2020.08.17 гэсэн тэмдэг бүхий дардсаас харж болно. Бид тус албан бичиг бүхий шууданг 2 хоногийн дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаа нотлохоор Монгол шуудан ХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 05/797 тоот тодорхойлолт, түүний хавсралт болох хүргэлтийн дэвтрийн хуулбарыг байгууллагын хуулбар үнэн тэмдэг даруулан шүүгчийн заасан хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан хүргүүлж байна. Орхонтуул сумын Засаг даргын 2017 оны А/50, А/51 дугаар захирамжийг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн.
Иймд үндэслэлгүйгээр манай компанийн газар эзэмших эрх шилжүүлэн авсан захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхэд халдаж байгаа тул Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/131 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ... Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх захирамж хүчингүй болгох тухай А/131 дүгээр захирамжаар ******* ХХК-нд газар эзэмших эрх олгосон А/50, А/51 дүгээр захирамжуудыг хүчингүй болгосон. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/131 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан илт хууль бус болох тухайд:
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нь 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр А/50, А/51 дүгээр захирамжаар ******* ХХК-нд газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа техникийн алдаа гарган тус захирамжуудын 2 дахь хэсгүүдийг алдаатай бичсэн. А/131 дүгээр захирамжид А/50, А/51 дугаартай эрх шилжүүлэх захирамж гаргахдаа холбогдох албан тоот, гэрчилгээний дугаар буруу тавьж газар өмчлөлийн захирамжийн албан тоотыг тусгасан гэсэн заалтуудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр А/50, А/51 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож, ******* ХХК-ийн 400 га газар эзэмших эрхийг цуцалсан. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан 7 үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан. Иймээс техникийн алдаа гарч гэрчилгээний дугаар буруу тавьсан гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах, А/131 дүгээр захирамж гарган ******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Манай компанийн зүгээс Орхонтуул сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/50, А/51 дүгээр захирамжийн алдааг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараагаар шийдвэрлүүлнэ. Мөн А/50, А/51 дүгээр захирамжийн алдааг засаж, зохих өөрчлөлтийг оруулах асуудал нь хуульд заасан газар эзэмших эрхийг цуцлах, газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгох үндэслэл биш учир шүүхээр шийдвэрлүүлэх асуудал болохгүй. Мөн захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Орхонтуул сумын Засаг дарга нь тус захирамжуудын алдааг засах захирамжуудыг алдаатай гаргасан өөрийн буруутай ажиллагааг залруулна гэдэг итгэлтэй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/131 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга хариу тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/50, А/51 дүгээр захирамжаар ******* ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/384 тоот албан бичигт ...А/50, А/51 дүгээр захирамжийг хүчингүй болго гэж заасан мөн сумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх захирамжийг 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/36 дугаар захирамж гэж буруу заалт оруулсан гэж үндэслэн хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэл гаргасан ******* ХХК-ийн эзэмшиж байгаа газар багтаж байгаа юм. Тухайн захирамж нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/131 дүгээр захирамжийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/384 тоот албан бичигт заасан сумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх захирамжийг 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/36 тоот гэж буруу заасныг үндэслэн хүчингүй болгосон. Сумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх захирамж 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/36 тоот гэж буруу гэж нотолж байгаа юм. Иймд ******* ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А/50, А/51 дүгээр захирамжаар ******* ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/384 дугаартай албан бичигт А/50, А/51 дүгээр захирамжууд нь Монгол Улсын Газрын тухай хууль журмыг зөрчиж олгосон нь шалгалтаар тогтоогдож хууль бус захирамжийг хүчингүй болгохыг мэдэгдсэний дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 01/384 тоот албан бичиг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн сумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/131 дүгээр захирамж гарган хүчингүй болгосон байна. Сумын Засаг даргын А/131 дүгээр захирамж гарсантай холбоотой уг газрыг эзэмшиж буй ******* ХХК-нд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр цахим шуудангаар мэдэгдлийг хүргүүлэн ажилласан байна. Сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх захирамж гаргахдаа холбогдох захирамжийн огноо, дугаарыг буруу тавьж шийдвэрлэсэн байна. Үүнд:
Сумын Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн хавсралтад заагдсан 6,7 дугаар хэсгийг хүчингүй болгох байсныг сумын Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/36 дугаар захирамжийг зааж хүчингүй болгосон алдаа гарсан байна. Сумын Засаг даргын гаргасан 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/41, А/36 тоот захирамжийг хавсаргав.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтад Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасны дагуу дээрх газруудыг хүчингүй болгосон. Сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/131 дүгээр захирамж, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/384 тоот албан бичгийг хавсаргав. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай А/50 дугаар захирамжаар нэгж талбарын 170901365/1/ дугаар бүхий 200 га газрыг 15 жилийн хугацаатай, үр тарианы доорх зориулалтаар, мөн өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай А/51 дугаар захирамжаар нэгж талбарын 170901365/2/ дугаар бүхий 200 га газрыг 15 жилийн хугацаатай, үр тарианы доорх зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.
Гэтэл Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх захирамж хүчингүй болгох тухай А/131 дүгээр захирамжаар ******* ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлсэн А/50, А/51 дугаар захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг үндэслэн ******* ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлэх захирамж гаргахдаа холбогдох албан тоот, гэрчилгээний дугаар буруу тавьж, газар өмчлөлийн захирамжийн албан тоотыг тусгасан гэж үзэн хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч ******* ХХК анх шүүхэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх захирамж хүчингүй болгох тухай А/131 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх захирамж хүчингүй болгох тухай А/131 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсны дагуу шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ******* ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжуудыг хүчингүй болгосон үндэслэлээ Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/384 тоот албан бичигт ...А/50, А/51 дүгээр захирамжийг хүчингүй болго... гэж дурьдсан, мөн газар эзэмших эрх шилжүүлэх захирамж гаргахдаа холбогдох албан тоот, гэрчилгээний дугаар буруу тавьж, газар өмчлөлийн захирамжийн албан тоотыг тусгасан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг тус тус үндэслэн ******* ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжуудыг хүчингүй болгосон гэж тайлбарладаг.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ******* ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлсэн А/50, А/51 дүгээр захирамжийг алдаатай гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар маргадаггүй.
Гэвч тухайн алдааг засахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно. гэж зааснаар захирамжид өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй байхад шууд хүчингүй болгож шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх захирамж хүчингүй болгох тухай А/131 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасантай нийцэж байх тул маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга ******* ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлэх А/50, А/51 дүгээр захирамжийг гаргахдаа тус захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад ******* ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлсэн С.Содномпил, ******* БГБХН нарт газар эзэмших эрх олгосон шийдвэр болох Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай А/41 дүгээр захирамжийн хавсралтад заагдсан 6,7 дугаар хэсэг[1]-ийг хүчингүй болгох атал тухайн газартаа хамааралгүй, гэр бүлийн зориулалтаар дундаа хамтран өмчилсөн газрыг иргэн Х.Гантөмөр, Ш.Цоож, Б.Мягмардорж нарт шилжүүлсэн сумын Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/36 дугаар захирамж[2]-ийг хүчингүй болгожээ.
Гэтэл Сумын Засаг дарга иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д дурьдсан үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж, түүнд үндэслэн захирамж гаргах атал Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт цугларсан баримт, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн хариуцагч маргаан бүхий актын захирамжлах хэсгийн 1-д тус эрх шилжүүлэх захирамж гаргахдаа холбогдох албан тоот, гэрчилгээний дугаар буруу тавьж ...зөрчсөн тул тус газруудын эзэмших эрх шилжүүлсэн захирамжийг цуцалсугай[3] гэжээ. ******* ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлсэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/50, А/51 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь хэсэгт дурьдсан захирамжийн дугаар буруу боловч газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар болох 000302733[4] нь ******* БГБХН, 000461173[5] нь С.Содномпилийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар байх тул маргаан бүхий актад дурьдсан гэрчилгээний дугаар буруу бичигдсэн зүйл байхгүй юм.
Харин хариуцагчаас Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/384 тоот албан бичигт ...А/50, А/51 дүгээр захирамжийг хүчингүй болго... гэж дурьдсан учраас ******* ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжуудыг хүчингүй болгосон гэж тайлбарладаг.
Гэтэл Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд мөн зүйлийн 20.2.7-д газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах;, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно. гэж тус тус зааснаас үзвэл сумын Засаг даргын захирамжийг өөрөө эсхүл аймгийн Засаг дарга өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээтэй атал Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/50, А/51 дугаар захирамжийг хүчингүй болгосон шалтгааныг аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамаатуулан тайлбарласан нь үндэслэлгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсох ажиллагаа хийж, маргаан бүхий актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд болох ******* ХХК-нд тайлбар, санал гаргах боломж олгоогүй захирагааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчжээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаас ******* ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлэх захирамж гаргахдаа бичилтийн илэрхий алдаа гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д тус тус зааснаар захиргааны актын буюу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/50, А/51 дугаар захирамжийн үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр засах, өөрчлөх атал хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх захирамж хүчингүй болгох тухай А/131 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 40 дүгээр зүйлийн 40.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх захирамж хүчингүй болгох тухай А/131 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА