Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 187

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогч О.Алтаншагай,

шүүгдэгч Ц.Насанбаяр, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Дархан овогт Цэмбэлжавын Насанбаярт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000526 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Дархан овгийн Цэмбэлжавын Насанбаяр, 1973 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг банкны 1-13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ВП 73060139 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Ц.Насанбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 17-18 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрх товчооны зүүн замд 21-16 ДГО улсын дугаартай Ниссан маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7 “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Ц.Батхүүгийн жолоодож явсан 92-86 УНЭ улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч О.Алтаншагайн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Насанбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв,

Хохирогч О.Алтаншагай шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр товчооны уулзвараар том тэрэг гарч ирээд хоёр машин толиороо шүргэлцсэн. Миний талын цонх онгорхой байсан учир шил хагарч нүд гэмтсэн.  Эмчилгээний зардлаа авсан. Одоо гомдол саналгүй. Сүүлд 2 хагалгаанд орсон, зардлаа иргэний журмаар нэхэмжлэнэ” гэв,

                                                                                                         

Хохирогч О.Алтаншагай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 31-ний орой 17 цагийн орчимд 92-86 УНЭ дугаартай Хино маркийн автомашиныг хадам аав Батхүү жолоодон би жолоочийн хажуугийн урд суудалд суугаад бид хоёр налайх дүүргээс Улаанбаатар хот руугаа ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй зорчих хэсгээр ойролцоогоор 30-40 орчим км цагийн хурдтай явж байсан. Тэгтэл Баянзүрх товчооны зүүн талын Сансар худалдааны төвийн зогсоол дээрээс нэг том ачааны автомашин ертөнцийн зүгээр зүүн зүг рүү буюу төв зам руугаа нийлэх гэж байгаа харагдсан. Тэгсэн баруунаас зүүн чиглэлтэй нэг жижиг суудлын автомашин ирж байхад нөгөө ачааны автомашин гэнэт жижиг машины урдуур нь эргэх шиг болсон, тэгсэн түс тас гээд л явчихсан. Нэг мэдсэн нүүр хэсэг маш ихээр өвдөж цус гарсан. Тэгээд би машинаас буугаад нөгөө том ачааны авто машины жолоочид надад түргэн тусламж дуудаад өгөөч гэж гуйхад надад нэгж байхгүй юун сүртэй юм толь толиороо шүргэлцдэг зөндөө л байдаг ш дээ гэж хэлээд миний хажууд зогсоод байсан...” гэсэн мэдүүлэг. /хх41-42/,

 

Гэрч Ц.Батхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 31-ний орой 17 цагийн орчимд 92-86 УНЭ дугаартай Хино маркийн авто машиныг жолоодон жолоочийн хажуугийн урд суудал дээр хүргэн хүү Алтаншагай суугаад бид хоёр Налайх дүүргээс Улаанбаатар хот руу ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй зорчих хэсгээр ойролцоогоор 20-30 орчим км цагийн хурдтай явж байсан. Тэгтэл Баянзүрхийн товчооны зүүн талын Сансар худалдааны төвийн зогсоол дээрээс нэг том ачааны авто машин ертөнцийн зүгээр зүүн зүг рүү буюу төв зам руу нийлэх гэж байгаа харагдсан. Тэгсэн баруунаас зүүн чиглэлтэй нэг жижиг суудлын автомашин ирж байхад нөгөө ачааны автомашин гэнэт жижиг машины урдуур нь эргээд хөдөлгөөн хаагаад гэнэт ороод ирсэн. Тэгээд би хажуугаар нь машинтайгаа зөрөх гэтэл миний машины зүүн талын толь нөгөө том ачааны машины зүүн талын тольтой шүргэлцсэн, тэгсэн тухайн үед машины зүүн талын зорчигчийн хаалганы цонхны шил хагас онгорхой байсан болохоор цонхоор толины хагархай орж ирсэнээс болоод манай хүргэний баруун талын нүд зүсэгдэж нүүр амнаас нь цус гарсан. “...тэгээд удалгүй түргэн тусламж ирээд манай хүргэнийг аваад явсан хойгуур замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн. Тухайн үед хоёр авто машин хаана шүргэлцсэнийг хоёр жолоочоос асуусан, тэгээд би А-цэгийг заасан харин нөгөө машины жолооч энд биш гээд байх шиг байсан. Харин замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн өөрсдөө эргэн тойрон харж ажиглаж байгаад миний заасан А-цэгийг үндэслэлтэй байна гээд А цэгийг байрлуулан хэмжилтүүдийг хийсэн байгаа. Тухайн авто машин нилээн урт ачааны авто машин байсан, тэгээд туслах замаас төв зам руу нийлэхдээ миний зорчих хэсэг рүү буюу эсрэг урсгал руугаа жаахан дарж орж ирээд эргэх гэж байгаад 2 авто машины толь шүргэлцсэн. Тухайн том ачааны автомашин нь төв зам руугаа нийлэхдээ төв замаар яваа машиндаа ч зам тавьж өгөлгүй гэнэт шууд зүүн зүг рүү эргээд ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-100/,

 

Гэрч Д.Өлзийбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би найз Насанбаярын хамтаар Дорноговь аймгийн замын үүд рүү хамт явахаар болж найз Насанбаяр нь 21-16 ДГО улсын дугаартай Ниссан маркийн том оврын ачааны машиныг жолоодож би жолоочийн хажуугийн урд суудал дээр суугаад бид хоёр Баянзүрх дүүргийн нутаг Баянзүрхийн товчооны зүүн талын Сансар үйлчилгээний төв рүү оройн 18 цагийн орчимд орж дэлгүүрээс замынхаа хүнсийг аваад бид хоёр машиндаа суугаад зогсоолоос төв зам руугаа ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж орох гээд би машиныхаа зүүн талыг хараад төв замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй ирж явсан жижиг суудлын авто машин нь манай машинд зам тавьж өгөөд зогссон. Тэгээд хөдлөөд төв зам руугаа манай машин эргээд дөнгөж ороод дуусах гэж байхад зүүнээсээ баруун тийш чиглэлтэй том оврын ачааны машины зүүн талын толийг манай машины зүүн талын тольтой шүргэлцээд өнгөрсөн тэгээд тухайн үед Насанбаяр бид хоёр гайгүй байх гэж бодоод машинаа замаас чөлөөлөөд зүүн зүг рүү хараад зогссон. Тэгээд машинаасаа буугаад яваад очтол машины жолоочийн хажууд сууж явсан зорчигчийн нүүр нүднээс нь цус гарчихсан арчуураар нүдээ дараад буугаад ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-112/,

 

Гэрч В.Намсрай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 31-ний орой 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг Баянзүрх товчооны зүүн замд хоёр автомашин толиороо шүргэлцсэн гэх газарт дуудлагын дагуу ахлах мөрдөн байцаагч, хошууч Цэндсүрэнгийн удирдсан бүрэлдэхүүн дуудлагын дагуу очиход хоёр машин шүргэлцсэн гэх газарт нэлэнхүүдээ толины хагархай бутарсан хэсгүүд зорчих хэсэг дээр тархсан байдалтай байсан. Тэгээд хоёр автомашин толиороо шүргэлцсэн гэх газрыг хоёр жолооч нарыг байлцуулан мөн зорчих хэсэгт тольны үйрмэг нэлэнхүйдээ цацагдсан байсныг үндэслэн А цэгийг байрлуулсан. “...Ниссан маркийн авто машины жолооч хүлээн зөвшөөрөхгүй байсныг хэргийн газарт унасан байсан тольны хагархай хэсгүүд нь зорчих хэсгийн зүүнээсээ баруун тийш явах чиглэлтэй зам дээр нэлэнхүйдээ тархсан байсныг хараад хэмжилт хийх үед хүлээн зөвшөөрч байсан...” гэсэн мэдүүлэг. /хх119-120/,

 

Гэрч Б.Батзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..2016 оны 05 дугаар сарын 31-ний орой 18 цагийн орчим АТ-1-ээс дуудлагыг хүлээн авч ахлах мөрдөн байцаагч, хошууч Д.Цэндсүрэнгийн удирдлаган доор бүрэлдэхүүний хамт осол хэргийн газар дээр явж очсон. Хоёр автомашины толь анх шүргэлцсэн гэх газрыг хоёр авто машины жолооч нараар мөн зорчих хэсэгт зүүнээсээ баруун тийш явах чиглэлд автомашины тольны хагархай үйрмэг зүйлүүд нэлэнхүйдээ цацагдсан байсан тэдгээрийг үндэслэн А цэгийг тодорхойлсон. Тухайн үед Ниссан маркийн авто машины жолооч А цэгийг хүлээн зөвшөөрөөгүй учир нь зорчих хэсгийн голын хонхорхой хэсэгт үлдсэн тольны жижиг хагархайнууд унасан газрыг заасан. “...тухайн замын хөдөлгөөн их ачаалалтай хэргийн газар дээр үлдсэн тольны хагархайнууд бутарч үүрмэг болсон харин зорчих хэсгийн голын хонхорхой хэсэгт унасан тольны хагархай орчимд машинууд явж өнгөрсөн ч замын гол нь хонхорхой хэсэг байсан болохоор бутарч алга болоогүй байсан...” гэсэн мэдүүлэг. /хх122-123/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №7653 дугаартай дүгнэлт:

1. “...Алтайншагайн биед баруун нүдний эвэрлэг ба склерын нэвт шарх, урагдал, солонгон бүрхэвч, шилэнцэрийн хавчуулагдалт, болорын гэмтэл, шилэнцрийн бүдэгшил, хараагүйдэл, /хараа-0/ баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх баруун нүдний эвэрлэг ба склерын нэвт шарх, урагдал, солонгон бүрхэвч, шилэнцрийн хавцуулагдалт, болорын гэмтэл, шилэнцрийн бүдэгшил, хараагүйдэл гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын 35%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах...” гэсэн дүгнэлт.  /хх-126/,

 

Вендо ХХК-ны үнэлгээний “Хино маркийн 92-86 УНЭ дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 60.000 төгрөгийн хохирол /нийт 65.000/ учирсан” гэх тайлан. /хх-141/,

 

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт. “...21-16 ДГО улсын дугаартай ниссан маркийн автомашины жолооч Ц.Насанбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө”, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 92-86 УНЭ улсын дугаартай Хино маркийн автомашины жолооч Ц.Батхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт. /хх147-148/,

 

2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт: “...21-16 ДГО улсын дугаартай ниссан маркийн автомашины жолооч Ц.Насанбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 92-86 УНЭ улсын дугаартай Хино маркийн автомашины жолооч Ц.Батхүү нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт. /хх153-154/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх4-14/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх26-28/, шинжээчийн №7653 дугаартай дүгнэлт /хх-126/, тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-141/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх147-148/, техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх153-154/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ц.Насанбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 17-18 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрх товчооны зүүн замд 21-16 ДГО улсын дугаартай Ниссан маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7 “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Ц.Батхүүгийн жолоодож явсан 92-86 УНЭ улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч О.Алтаншагайн бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэр нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичигийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Насанбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Насанбаярыг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Насанбаяр нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг сиди-г хэрэг хавсаргаж,

Мөн хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ц.Насанбаярын эзэмшлийн 20-01 ДГО улсын дугаартай авто машиныг битүүмжлэлээс чөлөөлж, Ц.Насанбаярын хаан банкны 5374057284 дугаартай данс, Төрийн банкны 280500099454 дугаартай дансыг битүүмжлэлээс тус тус чөлөөлөхөөр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан овогт Цэмбэлжавын Насанбаярыг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Ц.Насанбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Ц.Насанбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Насанбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ц.Насанбаярын эзэмшлийн 20-01 ДГО улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн тогтоол, Ц.Насанбаярын Хаан банкны 5374057284 дугаартай данс, Төрийн банкны 280500099454 дугаартай дансыг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, Ц.Насанбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хэрэгт хураагдан ирсэн Ц.Насанбаярын №107692 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Замын цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

 

7. Хохирогч О.Алтаншагай нь эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Насанбаярт оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Насанбаярт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР