Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0125

 

Ш.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгч: Ш.А

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ш.А-ыг Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас халах тухай” Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож хариуцагчаас гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.А, өмгөөлөгч Г.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 109/2023/0018/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.А-аас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ш.А-ыг Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас халах тухай” Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож хариуцагчаас гаргуулах”-аар маргасан байна.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсгийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.А-аас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Албан тушаалын тодорхойлолтод байхгүй ажлыг хийж гүйцэтгэсэн байхад ажлаас халсан. Дотоод хяналтын албан тушаалын тодорхойлолтод журнал ваучерын бичилт хийх гэж байдаг. Журнал ваучер гэдэг нь программ доторх сонгох хэсгийн нэр юм. Сайдын 90 дүгээр тушаал буюу Засгийн газрын удирдлага мэдээллийн системд мөрдөх журмын 1.2.5-д “журнал ваучер гэж системд хийгдэх бүртгэлийн бичилтийн талбарыг хэлнэ” гэж байдаг. 95 дугаар тушаалын 3.6.13-д “ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарьт журнал ваучерын бичилт хийнэ” гэж байдаг. Журнал ваучераар ерөнхий нягтлан бодогч орлого хаадаг. Сайдын 90 дүгээр тушаал буюу төрийн сангийн тушаал бол төрийн сангийнханд хууль байдаг. 90 дүгээр тушаал нотлох баримтад байдаг. 90 дүгээр тушаалын 1.2.5-д “ерөнхий нягтлан бодогч харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж, орлого хаана”, 1.2.9-д “төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ боловсруулахтай холбоотой залруулгын бичилт хийнэ” гэж байдаг. Эх үүсвэр орлого хаах 2 өөр ажил. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ““төсөв” гэж эх үүсвэрийг олох зорилгыг хэлнэ” гэж байдаг. Дотоод хяналтын албан тушаалын тодорхойлолтын 7-д “орон нутгийн төсөвт байгууллагын нэмэлт дансны зарцуулах эрх болон эх үүсвэрийг олгох” гэж байдаг бөгөөд орлого хаалгасан төсөвт байгууллагуудын хоёроос бусад нь үндсэн данс гэж мэдүүлэг өгсөн, нэмэлт данснаасаа орлого хаалгасан хоёр төсөвт байгууллага улсын төсөвт байгууллага гэж мэдүүлэг өгсөн нь дээрх ажил биш гэдгийг нотолдог.

Орлого хаах ёстой хүн нь ажлаа хийхгүй болохоор нь орлого хаасан. Үүнийг нотлох баримтад орлого хаасан гарын үсэгтэй баримт, төсөвт байгууллагууд орлогоо хаалгасан гэж мэдүүлэг өгсөн нь нотолдог. 2 дахь сонсох ажиллагаанд орлогыг хаасан гэдгээ Тамгын даргад хэлсэн.

3.2. Дотоод хяналтын эрхийг сайдын 95 дугаар тушаалын хавсралт 2 маягтаар шилжүүлж өгөөгүй байж, албан тушаалын тодорхойлолт дахь ажлыг хийхийг үүрэг болгосон. Сумдаар хяналт хийх удирдамжийг нэг хоногийн дотор гаргаж өг гэсэн. Удирдамж бэлтгэхэд дотоод хяналтын эрхээр программаас харж бэлдэх зүйл их байдаг. Тамгын даргад Төрийн албаны зөвлөлөөс бичиг өгч, үүний дагуу 10 дугаар сарын 11-ний өдөр хуульд заасан маягтын дагуу эрх шилжүүлж өгсөн. Төрийн албаны зөвлөлийн бичиг, хуулийн дагуу эрх шилжүүлсэн баримт нотлох баримтад байдаг. Эрх шилжүүлсэн маягтыг холбогдох тушаалтай нь яам руу явуулж эрх олгох үгүйг шийддэг. Яамнаас 10 дугаар сарын 18-ны өдөр эрх олгосон. Удирдамжийг эрх олгосон өдрөөс бэлдэж байсан. Сонсох ажиллагаанд удирдамжийг бэлдэж байгаа гэдгээ хэлсэн. Энэ ажил дээр чадахгүй, хийхгүй гэдэг үгийг огт хэлээгүй. Ажилд томилогдсон өдөр Тамгын дарга, хэлтсийн дарга чинь ээлжийн амралтаа авсан тул өөртөө гүйцэтгэлийн төлөвлөгөө өгч, батлуул гэж бичиг өгсөн.

Төлөвлөгөөг өгөхөд засаж, өг гэхээр нь засаж, өгсөн. Дараа нь хэлтсийн дарга гүйцэтгэлийн төлөвлөгөө бэлтгэж өг гэхээр нь төлөвлөгөөг бэлдэж өгсөн. Өгсөн байхад бичиг хэргээр 2 дахиж гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргаж өгөхийг шаардсан бичиг өгсөн. Бэлтгэж өгсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлтсийн дарга балаар зассан. Энэ гүйцэтгэлийн төлөвлөгөө нотлох баримтад 09 дүгээр сарын 26-ны өдрийн гарын үсэгтэй байдаг. Балаар зассантай ижил болгож, засаж өг гэсэн балаар зассан хэсгийн 1.10 дахь ажлыг сайдын 65 дугаар тушаалын 8.1-д “1 сарын 15-ны дотор яаманд хүргүүлнэ” гэж байдаг. Ийм учир дараа оны төлөвлөгөөнд ордог. 2,3 дахь хэсгийг төлөвлөгөөнд нэмж, засаж өгсөн. Засаж өгсөн гүйцэтгэлийн төлөвлөгөө нотлох баримтад байдаг. 2.5 дахь нэм гэсэн ажлыг 1.2-т бичсэн байсан. 2.7, 2.6, 2.7, 2.8 нэмүүлэх зүйлүүд нь албан тушаалын тодорхойлолт, хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, байгууллагын төлөвлөгөөнд байдаггүй. Эдгээр баримтууд нотлох баримтад байдаг. 2.6-д удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг түргэн шуурхай гүйцэтгэнэ гэж байдаггүй. Удирдлагаас өгсөн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг түргэн шуурхай гүйцэтгэнэ гэж байдаг. 2.6-д удирдлагаас өгсөн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг биелүүлнэ гэж байдаг. Засгийн газрын 301 дүгээр тогтоолын 2.4-д “нэгжийн дарга, албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил, байгууллага болон нэгжийн төлөвлөгөө дэх зорилт, арга хэмжээ тусгагдсан эсэхийг хянаж үзнэ” гэж байдаг. Гэтэл нэм гэсэн зүйлүүд нь энэ хуульд байдаггүй. Хэлтсийн даргын балаар зассанаар болгохоор төлөвлөгөөг засаж байсан. Засаж дуусгах хугацаа олголгүй ажлаас халсан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар буюу гүйцэтгэлийн төлөвлөгөө бэлтгэж өгөх, засаж өгөх үүрэг даалгаврыг биелүүлсэн. Засгийн газрын 301 дүгээр тогтоолын 5.7-д “албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх хугацаа дуусахад 3 сараас бага хугацаа үлдсэн үед тухайн албан хаагч томилогдсон бол түүний тус хугацаанд гүйцэтгэсэн ажлыг дараагийн үнэлгээний хугацаанд нэгтгэн дүгнэнэ” гэж байдаг. Ажилд томилсон тушаал 08 дугаар сарын 07-ны өдрийнх, дотоод хяналтын эрхийг хуульд заасан маягтын дагуу 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлж өгсөн. 08 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл албан тушаалын тодорхойлолт дээрх ажлыг гүйцэтгэж чадаагүй. 10 дугаар сарын 11-ний өдөр 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 сар хүрэхгүй хугацаа байсан. 301 дүгээр тогтоолын 2.2-т “01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргана” гэж байдаг.

3.3. Яамнаас эрх авахад тагнуулын байгууллагаас нууцтай танилцахыг зөвшөөрсөн бичиг, цахим төлбөрийн мэдэгдэл хэрэггүй байдаг. Үүнийг яамнаас шүүхэд өгсөн баримтууд нотолно. Яамнаас нууцын зэрэглэлтэй гурван байгууллагын гүйлгээг гаргахдаа тагнуулын байгууллагаас нууцтай танилцах зөвшөөрлийн бичиг авч байж гаргахыг зөвлөсөн.

Яамнаас эрх ирсний дараа нууцын зэрэглэлтэй гурван байгууллагын 1, 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ гэж байдаг. 2 дугаар гарын үсгийн тухайн байгууллагын нягтлан бодогч зурдаг, 1 дүгээр гарын үсгийг байгууллагын дарга зурж, гүйлгээг цахимаар илгээдэг. Үүнийг төрийн сангийн ажилчид бөглөдөггүй.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/32 дугаар тушаалын 6.1-д “албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж, шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол халах шийтгэл ногдуулна” гэсэн байдаг. Ажлаас халсан нь энэ үндэслэлд нийцэхгүй байна гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлүүдээр хална гэж байдаг. Үүнд заагдсан үндэслэлүүдэд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Ш.А-ын хувьд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд 2023 оны 08 дугаар сарын 07-ний өдрөөс эгүүлэн томилогдсон байх бөгөөд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/144 дүгээр тушаалаар “..өөрийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа биелүүлээгүй, Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсаны улмаас аймгийн Засаг даргын Тамгын газар болон бусад төсөвт байгууллагын үйл ажиллагааг саатуулж, доголдуулсан, байгууллагын удирдлагаас хуульд нийцүүлэн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан зөрчлийг удаа дараа гаргасан” гэсэн үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Ш.А-ыг төрийн албанаас халжээ.

2.2. Нэхэмжлэгчээс “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ш.А-ыг Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас халах тухай” Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... албан тушаалын тодорхойлолтод байдаггүй ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтод байдаг ажлыг тулган ажлаас халсан, ... дотоод хяналтын эрхийг шилжүүлж өгөөгүй байхад албан тушаалын тодорхойлолтод заасан ажлыг хийх ямар ч боломжгүй, ...гүйцэтгэлийн төлөвлөгөөг засаж байхад засах хугацаа олголгүй ажлаас халсан...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

2.3. Анхан шатны шүүх “...Ш.А нь 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилогдсоноос хойш 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/144 дүгээр тушаалаар ажлаас халагдах хүртэл хугацаанд 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, ... өөрийн албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар холбогдох баримтыг бүрдүүлж /маягт 2, цахим хүсэлт, томилогдсон тушаал зэрэг/ эрх бүхий байгууллагад хүргүүлэх, уг ажлыг хэрэгжүүлэх талаар удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалттай биелүүлээгүй, ... төсвийн байгууллагын орлого хаах, зарцуулах эрх нээх, залруулгын гүйлгээ хийх чиг үүрэгтэй болох нь түүний албан тушаалын тодорхойлолт, холбогдох журмын зохицуулалт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.4. Учир нь хэрэгт авагдсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 08/1478 дугаар албан бичгээр “2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний 2023 оны сүүлийн 4 сарын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулах”, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08/1535 дугаар албан бичгээр “...таны эрхийг сэргээлгэхээр Сангийн яаманд явуулах холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа нь аймгийн төрийн сангийн төлбөр тооцооны ажил, үйлчилгээ тасалдах эрсдэл гарч болзошгүй, ... бичиг баримтаа 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрдүүлэн өгч Засгийн газрын санхүүгийн удирдлага, мэдээллийн болон төлбөр тооцооны цахим системүүдэд нэвтрэх болон нууцын байгууллагуудын төлбөр тооцооны гүйлгээ батлах эрхээ нээлгэх арга хэмжээ авахыг мэдэгдье”, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 08/1544 дүгээр албан бичгээр “...албан тушаалдаа эгүүлэн томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчийнхаа ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж ажиллаагүй ба гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслөө Тамгын даргаар 2 удаа, хэлтсийн даргаар 3 удаа тус тус засуулсан ба холбогдох хууль, журамд нийцүүлэн боловсруулж батлуулахаар өгсөн удирдлагын зөвлөмж, чиглэлийг хүлээн авахгүй байгаа нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн ёс зүйг зөрчиж байна” гэх зэргээр нэхэмжлэгч Ш.А-д гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулах, төлбөр тооцооны цахим системийн эрх нээлгэх шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгч, эрхээ нээлгэх, төсөвт байгууллагуудын төлбөр тооцоо тасалдах эрсдэл үүсэж болзошгүй талаар удаа дараа мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “хэлтсийн даргын балаар зассанаар болгохоор төлөвлөгөөг засаж байсан. Засаж дуусгах хугацаа олголгүй ажаас халсан, ... дотоод хяналтын эрхийг 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлж өгсөн. 08 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл албан тушаалтын тодорхойлолт дээрх ажлыг гүйцэтгэж чадаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.5. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс төсөвт байгууллагуудын гүйлгээг хаах нь ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил гэх боловч 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний 342 дугаар ангиас 297, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 310, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 317 дугаар албан бичгээр төрийн сангаар зарцуулах эрх нээлгүүлэн гүйлгээ хийх шаардлагатай байгаа талаар, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 732 дугаар албан бичгээр Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Эрдэнэбулган сумын 3, 10, 14 дүгээр цэцэрлэгийн инженер геологийн ажлын хөлс, барилга захиалагчийн хяналтын инженерүүдийн цалин нийт 24.201.117 төгрөгийн орлогыг хаалгах талаар, Архангай аймгийн Онцгой байдлын газраас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17/293 дугаар албан бичгээр цалингийн гүйлгээ хийх, нэмэлт санхүүжилтийн төсвийг зарцуулах эрх тавиулах шаардлагатай байгаа талаар, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 708 дугаар албан бичгээр орлого хаалгах шаардлагатай байгаа талаар, Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/889 дүгээр албан бичгээр нэр данс зөрүүтэйн улмаас буцсан гүйлгээг хаалгах шаардлагатай байгаа талаар, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр албан бичгээр орлого хаалгах шаардлагатай байгаа талаар, Архангай аймгийн Музейгээс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр албан бичгээр орлогын гүйлгээ хаалгах талаарх гомдлууд нь Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.А-ын албан тушаалтын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 6-д заасан төлбөр тооцоотой холбоотой журнал ваучерын бичилт хийх, 7-д заасан нэмэлт санхүүжилтийн дансны зарцуулалтын эрх болон эх үүсвэрийг хянан олгох, 8-д заасан гүйлгээ залруулахтай холбоотойгоор хийгдэх залруулгын бичилт хийх гэсэн заалтуудад хамаарах ажил болох нь хэрэгт авагдсан албан тушаалтын тодорхойлолт болон Төсвийн ерөнхий нягтлан бодогч Ц.Б-ийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

2.6. Эдгээр үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ш.А нь албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд саад учруулсан, гүйцэтгэлийн төлөвлөгөөг холбогдох журмын дагуу батлуулаагүй болох нь хангалттай тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.1.4-д “төрийн албанаас халах” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.А-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                        Ц.САЙХАНТУЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН