Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 493

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******, хариуцагч Д.Р-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******ийг Улаанбаатар хот Шүүхийн ерөнхий зөвлөлөөс онлайнаар оролцуулан Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, М.Б-ийн нэхэмжлэлтэй Д.Р-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, **-р хороолол ҮЭ гудамж ** байрны ** тоотод оршин суух иргэн Сартуул овогт М-ын Б- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.Б- миний бие нь 2015 онд Д.Р-той танилцаж, хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2016 оны 01 сарын 01-ний өдөр хүү Ч- төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 04 сараас тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдран, өсч торниж байна. Цашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Р.Ч- төрсөн эцэг Д.Р- мөн болохыг тогтоолгож, өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт Д-ийн Р- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Р- миний бие 2017 оны 03 сар хүртэл хүү Р.Ч- болон М.Б-ийн хамт Баянхонгор аймагт амьдарч байсан ба тус хугацаанд ажил эрхэлдэггүй байсан. Гэр бүл хүүхдээ авч явахын тулд ажил хийх шаардлагатай тул өөрийн төрсөн нутаг Завхан аймгийн Яруу суманд жилийн өмнө ирж ХААН банкинд ажилд орж өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд М.Б- нь надтай хамт байхыг хүсээгүй ба миний бие эвлэрэх гэж хичээж хүлээж байсан боловч бүтээгүй. Иймд хүү Ч-ийн ирээдүй болон зөв хүн болон төлөвшиж эх орондоо хэрэгтэй, ухаалаг хүн болон өсч хүмүүжихэд нь бага ч атугай тус дэм болох үүднээс тэтгэмж өгөх хүсэлтэй байна.

1.    Тэтгэмжийн 50%-г ирээдүйд зориулж Голомт банкны хадгаламжинд хийх

2.    50%-г хүүгийнхээ хэрэгцээнд зориулах

Тэтгэмжийн зарцуулалтыг зориулалтын дагуу ашиглаж буйд хуулийн дагуу хяналт тавихыг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч М.Б- нь 2015 онд анх Р-ой танилцаж хамтран амьдарсан. Хамтран амьдарч байх хугацаанд буюу 2016 оны 01-р сарын 04-ний өдөр хүү Ч- нь төрсөн байна. Б- нь Р-той зан харьцааны тааламжгүй байдлын улмаас 2016 оны 04-р сараас тусдаа амьдрах болсон. Ийм учраас Б-ийн хүү Ч-эд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, мөн Ч-ийг Р-ийн хүү болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Хариуцагч нь Р- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул холбогдох журмын дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү өөр хүсэх зүйл байхгүй гэв.

Хариуцагч Д.Р- шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлд 2016 оны 3 сард бидийг тусдаа амьдарсан гэдэг нь ташаа мэдээлэл юм. Б- бид хоёр 2017 оны 03 сар хүртэл хамтран амьдарч байсан. Тэгээд би 2017 оны 03 сард *******д ирээд 2017 оны 05 сард ХААН банкинд ажилд орсон. Б- энэ хугацаанд өөр гэр бүлтэй болоод явсан. Өөр гэр бүлтэй болоод явсан зураг нь надад байна. Б- 2017 оны намар хүртэл өөр хүнтэй хамтран амьдарч байгаад намар салаад ирсэн. Миний зүгээс 2017 оны 12 сар хүртэл Б-тэй эвлэрэх гэж хичээсэн боловч болоогүй. Одоо нэхэмжлэлийг байж болох хамгийн зөв шийдвэр гэж үзэж байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ тэтгэмжийн мөнгөний 50 хувийг Голомт банкны хадгаламжийн дансанд хүүхдийн хадгаламж нээлгэж хийгээд 50 хувийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулах саналтай байна. Мөн Ч-ийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн тухайд эхийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Гэхдээ Ч- насанд хүрээд өөрөө шийдвэр гаргах үед хүүхдийн өөрийнх нь шийдвэрийг харгалзаж үзэхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Д.Р-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Мөн нэхэмжлэгч М.Б- нь 2016 оны 01-р сарын 04-ний өдөр хүү Р.Ч-ийг төрүүлсэн ба хүү эсэн мэнд бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ болон Нийслэлийн ******* дүүргийн ******* хорооны өрхийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд хариуцагч Д.Р-оос тэтгэлэг гаргуулж 2016 оны 01-р сарын 04-ний өдөр төрсөн хүү Р.Ч-ийгтэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 01-р сарын 04-ний өдөр төрсөн хүү Р.Ч-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Р-оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Р-оос 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

4. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ