Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар    2022/ШЦТ/215

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: Б.А, Ц.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Х овогт Бын А /РД:О0000000/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  Б овогт Цгийн О /РД:О00000/ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 22100000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр У аймгийн Нсуманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт У хот С дүүрэг .. дугаар хороо, Х хорооллын .. тоотод оршин суух, урьд нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Бгын А /РД: ../


Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр У аймгийн Н суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, одоогийн байдлаар А аймгийн төвд барилга дээр мужааны ажил хийж байгаа, ам бүл 2, ээжийн хамт У аймгийн Нсумын ..-р багийн ..-р хорооллын .. тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Цгийн О /РД: ../,
 
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.А, Ц.О нар нь бүлэглэн А аймгийн Э сумын 3 дугаар баг Нгийн урд хэсэгт 2022 оны 06 дугаар сарын 05- 06-нд шилжих шөнийн 01 цагийн үед иргэн Б.Оыг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь цохих болон хавсарч унагасны улмаас тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, завжны дотор салстад язарсан шарх, зүүн чихэнд зулгаралт, ядам хуруунд зулгаралт, баруун, зүүн хөхний доод хэсэг, зүүн шуу, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн энэ үедээ Б.А нь иргэн Б.Оын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000000000 дугаартай эрүүгийн хэргээс:  

       
    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оын мэдүүлсэн:... Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны орой Архангай аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” бааранд үйлчлүүлж байгаад шөнийн 01 цагийн үед С гэдэг дүүгийнхээ хамт аймгийн Төв Нгийн ойролцоо байж байтал манай дүү Стай танихгүй хэдэн залуучууд муудалцаад байсан. Тэгэхээр нь би салгах гээд яваад очтол жижигхэн биетэй, аялагатай яриатай залуу нь над руу дайраад намайг газар унагаасан. Тухайн үед намайг газар унахад миний өмдний халаасанд байсан гар утас унахаар нь манай дүү С газраас авсан чинь дээгүүрээ шалдан, зүүн мөрөн дээрээ шивээстэй залуу нь булаагаад авчихсан. Тэгээд би газраас босоод ирсэн чинь намайг газар унагаасан нөгөө жижигхэн биетэй залуу нь миний толгой руу чулуугаар цохисон. Тэгэхээр нь С бид хоёр зугтаагаад Арвис баар луу орсон. Тэгээд Арвис бааранд байж байтал нөгөө залуучууд удалгүй араас арав гаран залуучууд болоод нэмэгдээд гаднаас орж ирээд бид нартай хэсэг муудалцаж, хэрүүл хийж байгааад гараад явцгаасан. Намайг газар унагааж чулуугаар миний толгой руу цохисон залуу нь жижгэвтэр биетэй, бүлтгэр нүдтэй, бор залуу байсан. Миний гар утсыг булааж авсан залуу нь зүүн мөрөн дээрээ шивээстэй, махлаг бор залуу байсан. Мөн тэд нар бүгд хазгай буюу аялагатай ярьдаг хүмүүс байсан. Миний бодлоор Увс аймгийн гаралтай хүмүүс байж магадгүй. Миний толгой дагз хэсэгт хавдсан. Мөн толгой байнга өвдөөд, зүүн талын нүд бүрэлзээд байгаа. Миний гар утсыг газар унахаар нь булааж авсан. Гадуураа гэргүй, хар, цагаан алагласан өнгөтэй, самсунг А8 маркийн гар утас байсан. Толгойдоо чулуугаар цохиулж гар утсаа алдсан болохоор гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/


Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оын дахин мэдүүлсэн:...Гар утсаа хэрхэн яаж алдсанаа мэдэхгүй байна. Зодоон хийх явцад унасан байх. Сайн санахгүй байна. А, Отгобаатар нар надаас уучлалт гуйсан. Бид нар учир зүйгээ ололцсон. Миний хохиролд 550000000 гэсэн данс руу 500.000 төгрөг шилжүүлж намайг хохиролгүй болгосон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/,


Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Сийн  мэдүүлсэн:... Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны орой Архангай аймгийн Э суманд байрлах “Арвис” нэртэй бааранд шөнийн 00 цагийн үед ганцаараа орсон юм. Тэгээд тэнд пиво уугаад DJ-гийнх нь хажууд юм яриад зогсож байсан чинь зүүн хүзүүн дээрээ шивээстэй, танихгүй залуу ирээд намайг өдөөд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө залуу ирсэнээ намайг цохиод авсан. Тэгээд би тэр залуутай муудалцаад баарнаас гарсан. Баарнаас гарахад тэр залуу гурвуулаа гарч ирээд бид дөрөв Төв Нгийн хажуу талын засмал зам руу гарсан. Тэнд очоод би нөгөө хүзүүндээ шивээстэй залуутай муудалцаад барилцаад авсан чинь тэр залуу намайг ахиад цохиод авсан. Тэгээд муудалцаад байж байтал араас манай хуурай ах Б.О гарч ирээд бид нарыг салгасан чинь нөгөө хүзүүндээ шивээстэй залуу О ахыг цохиод, давхар хамаад газар унагаасан. Тэр үед нь О ахын халааснаас нь өөрийн нь цагаан тагтай гар утас нь газар унахаар нь би очоод гар утсыг нь авсан чинь нөгөө хүзүүндээ шивээстэй залуу нь чи миний утсыг авсан байна гээд булаагаад авчихсан. Тэгээд бид хоёрыг тэд нартай муудалцаад байж байсан чинь нэг бүлтгэр нүдтэй, жижиг бор залуу нь О ахын толгой руу том чулуугаар хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёр зугтаасан чинь араас чулуу шидээд хөөгөөд байсан. Бид хоёр зугтаж ирээд Арвис баар луу орсон. Тэгээд бааранд хэсэг байж байтал бид хоёртой муудалцсан залуучууд бүр олуулаа болоод гаднаас ороод ирсэн. Тэгээд бааранд О ахтай баахан заамдалцаж, муудалцаж байгаад гараад явцгаасан.  Чулуугаар О ахын толгой руу цохисон залуу нь бүлтгэр нүдтэй, жижигхэн, бор залуу байсан. Надаас О ахын гар утсыг булааж авсан залуу нь зүүн хүзүү болон зүүн мөрөндөө шивээстэй, бүлтгэр нүдтэй, махлагдуу, намхан, бор залуу байсан. Тэд нар бүгд аялагатай ярьж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Цагаан өнгийн тагтай, самсунгийн гар утас байсан. Миний утас гээд надаас булаагаад авсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,


Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Шын мэдүүлсэн:... Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны шөнө Архангай аймгийн Э сум 3 дугаар баг Төв Нгийн уулзварын хажууд таксины жолооч хийгээд явж байхад таньдагаас Б.О, С гэх залуус танихгүй хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэчихсэн чанга яриад л байсан. Юу болсон юм бол гээд зогсож байтал шардуу намхан залуу Б.О ахыг 2 хөлнөөс нь зуураад газарт унагаад, хажуу талаас нь нэг залуу толгой хэсэг рүү нь чулуугаар цохисон. Б.О, С 2 зугатаасан. Би машинаас буугаад юу болсон талаар асуухад намайг зодох гээд нөгөө залуус над руу хүрээд ирсэн. Тэгэхээр би ямар ч хамааралгүй хүн байна гэж хэлээд буцаад машиндаа суусан. О, С гэх залуус Нгаас хойшоогоо яваад, зодсон залуус нь доошоогоо явчихсан....гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 хуу/, 


    Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Аын мэдүүлсэн... Би тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Надад ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Би хуульд заасан өөр, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би хохирлыг нь барагдуулна гэж хэлсэн. Одоогоор барагдуулаагүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй, надад хөнгөн хариуцлага оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Оын мэдүүлсэн... Би тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Надад ямар нэг тайлбар байхгүй. Би үйлдлээ хүлээн хүлээн зөвшөөрч байна. Би хуульд заасан өөр, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би хохирлоо барагдуулаагүй. Цалин буухаар барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 228 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Б.Оын биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, завжны дотор салстад язарсан шарх, зүүн чихэнд зулгаралт, ядам хуруунд зулгаралт, баруун, зүүн хөхний доод хэсэг, зүүн шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 24-25 хуу/  


    Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 785 дугаартай гар утасны үнэлгээ /хх-ийн 34 хуу/,
    Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-42 хуу/
    Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77-78 хуу/
    Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 101-102 хуу/ зэрэг нотлох баримтууд болно. 


Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2022 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнийн 01 цагийн үед иргэн Б.О бусдад зодуулсаны улмаас түүний биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, завжны дотор салстад язарсан шарх, зүүн чихэнд зулгаралт, ядам хуруунд зулгаралт, баруун, зүүн хөхний доод хэсэг, зүүн шуу, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, мөн энэ үед Б.А нь иргэн Б.Оын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдсэн гэх гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.А, Ц.О нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Б.А, Ц.О нар нь бүлэглэж 2022 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнийн 01 цагийн үед иргэн Б.Оыг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь цохих болон хавсарч унагасны улмаас тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, завжны дотор салстад язарсан шарх, зүүн чихэнд зулгаралт, ядам хуруунд зулгаралт, баруун, зүүн хөхний доод хэсэг, зүүн шуу, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн энэ үед Б.А нь иргэн Б.Оын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
                                
    мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оын мэдүүлсэн “...би салгах гээд яваад очтол жижигхэн биетэй, аялагатай яриатай залуу нь над руу дайраад намайг газар унагаасан. Тухайн үед намайг газар унахад миний өмдний халаасанд байсан гар утас унахаар нь манай дүү С газраас авсан чинь дээгүүрээ шалдан, зүүн мөрөн дээрээ шивээстэй залуу нь булаагаад авчихсан. Тэгээд би газраас босоод ирсэн чинь намайг газар унагаасан нөгөө жижигхэн биетэй залуу нь миний толгой руу чулуугаар цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,

    мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Сийн  мэдүүлсэн “...хүзүүндээ шивээстэй залуу О ахыг цохиод, давхар хамаад газар унагаасан. Тэр үед нь О ахын халааснаас нь өөрийн нь цагаан тагтай гар утас нь газар унахаар нь би очоод гар утсыг нь авсан чинь нөгөө хүзүүндээ шивээстэй залуу нь чи миний утсыг авсан байна гээд булаагаад авчихсан. Тэгээд бид хоёрыг тэд нартай муудалцаад байж байсан чинь нэг бүлтгэр нүдтэй, жижиг бор залуу нь О ахын толгой руу том чулуугаар хоёр удаа цохисон...”гэх мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Шын мэдүүлсэн:.. Б.О, С гэх залуус танихгүй хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэчихсэн чанга яриад л байсан. Юу болсон юм бол гээд зогсож байтал шардуу намхан залуу Б.О ахыг 2 хөлнөөс нь зуураад газарт унагаад, хажуу талаас нь нэг залуу толгой хэсэг рүү нь чулуугаар цохьсон...гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 хуу/


Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Аын мэдүүлсэн: “... Миний үйлдэл тохирч байна. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Оын мэдүүлсэн: “... Миний үйлдэл тохирч байна. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/
    хохирогч Б.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 228 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.


Иймд шүүгдэгч Б.А, Ц.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
           Шүүгдэгч Б.А, Ц.О нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

            Шүүгдэгч Б.А, Ц.О нарт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 97 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Б.А, Ц.О нар нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгч Ц.Оыг торгох ял, шүүгдэгч Б.Аод торгох ял болон, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар тус тус шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Ц.О нар нь торгох ялыг биелүүлээгүй бол ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, мөн шүүгдэгч Б.А нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг тус тус мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

       Шүүгдэгч Б.А, Ц.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 
   
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 


                                                                  ТОГТООХ нь:


1.    Шүүгдэгч Х овогт Бын А, Б овогт Цгийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Б.Аыг 450 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ц.Оыг 450 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Б.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар  зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Аод оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.От оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Б.А, Ц.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Б.Аыг 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаагаар зөвшөөрөлгүйгээр явахыг хориглосугай.

7.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч Б.А оногдуулсан 6 /зургаа/ сар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
 
8.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

9.    Шүүгдэгч Б.А, Ц.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.А, Ц.О нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч гардан авсан хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Ц.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНЦЭЦЭГ