| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/01013/И |
| Дугаар | 01188 |
| Огноо | 2018-06-26 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 01188
| 2018 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2018/01188 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Д-д холбогдох
Х аймгийн М сумын 00 дугаар багийн 00 гудамжны 00 тоотод баригдсан өвлийн сууцанд оруулсан 6.594.800 /зургаан сая таван зуун ерэн дөрвөн мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч С.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.А нь хариуцагч С.Дтай 2008 онд танилцан түүнээс хойш бид хоёр хүүхдүүд болох С.Д, А.Ц нарын хамт амьдарч байгаад 2016 онд намайг БНСУ-руу яваад 2018 оны 02 сард эргэж ирэхэд өөр хүнтэй хамтын амьдралтай болсон байсны улмаас бид хамтдаа амьдрахаа больсон бөгөөд Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Дгаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 687 дугаартай шийдвэрээр хүүхдийн тэтгэлгийн асуудлаа шийдвэрлүүлсэн юм. Тухайн үед би С.Дг намайг болон хүүхдүүдээ орох оронгүй үлдээхгүй байх гэж найдан түүний ажил хэргийн нэр хүндийг бодон хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй юм. Уг хашаа байшинг 2011 онд С.Дгийн ээж зуны амбаартай хашаа байхад нь бидэнд худалдан авч өгсөн боловч худалдсан хүмүүс нь өгөхгүй байсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар албадан чөлөөлүүлж бид 2014 оны 06 сард нүүн очиж 8х8 харьцаатай өвлийн сууц өөрсдийн хөрөнгөөрөө барьж байсан юм. Тэр үед бид хоёр хоёулаа ажилтай орлоготой байсан учир хамтдаа хөрөнгө мөнгө гаргаж байшин барьж байсан. Гэвч С.Д нь бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон эд хөрөнгө болох М сумын 0 дугаар багийн 00-00 тоот хаягт орших хашаа байшинг одоогоор ганцаараа эзэмшин амьдарч байгаа ба харин би хоёр хүүхдийн хамт орох орон гэргүй өөрийн төрсөн аавындаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хэдийгээр бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч бидний дундаас хүүхэд төрж хамтдаа 10 жил ажиллаж хөдөлмөрлөж, хөдөлмөрийнхөө үр шимээр бий болгосон эд хөрөнгөөс ногдох хувийг би болон миний хүүхдүүд өмчлөн авах, захиран зарцуулах эрхтэй гэж би бодож байна. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна. 126.2.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх эд хөрөнгө хамаарна гэж заасныг үндэслэн хариуцагч С.Дгаас Х аймгийн М сумын 0 дугаар багийн 00-00 тоот хаягт байрлах 8х8 хэмжээтэй өвлийн сууц хашааны хамт нийт 20.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөс өөрт болон миний том хүү А.С, А.Ц нарт ногдох хувийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Х аймгийн М сумын 00 дугаар багийн 0000 тоотод байрлах 8х8 хэмжээтэй өвлийн сууцыг 20.000.000 төгрөгөөр үнэлж өөрт болон хүү А.С, А.Ц нарт ногдох хэсэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч С.Дгийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт болоод тайлбарыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. М сумын 0 дугаар багийн 00-00 тоотод байрлах 8х8 хэмжээтэй өвлийн сууцыг барихад өөрийн оруулсан хөрөнгө болох 6.594.800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ өөрчилж байна. С.Д нь М сумын 3 дугаар багийн 21 дүгээр гудамжны 18 тоотод хашаа худалдаж аваад 2014 оны 06 дугаар сард нүүж очсон. Тэгээд 2015 оны 8 дугаар сард С.Д цалингийн зээл авч бид 2 байшин барихаар болсон. 2015 оны 04 дүгээр сард өөрийн өмчийн М сумын 1 дүгээр багийн 22 дугаар гудамжны 7 тоотод байрлах 8х8 хэмжээтэй мансардтай дүнзэн торхыг Нармандах гэдэг хүнд 3.500.000 төгрөгөөр зарж, 3.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 500.000 төгрөгийг өвлийн идэш болгож байсан. Энэ мөнгөө би байшингийн засвар үйлчилгээ болон ажилчдын хоолонд зарцуулсан. Би тухайн үед хувийн хоолны газартай, ажилтай орлоготой байсан. Энэ байшинг барихад миний 3.000.000 төгрөгөөс гадна ч өөр мөнгө орсон. 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай садангийн хүмүүс байшингийн суурийг тавьж, байшинг барихаас өмнө би барилгын материалын тооцоог хийлгэж байсан. 2.200.000 төгрөгөөр Эрээн хотоос барилгын материал хамаатныхаа залууд захиж авчруулж, тээврийн зардал нь 500.000 төгрөг болоход С.Д төлсөн ба 2015 оны 10 дугаар сард 15 хоногийн дотор байшинг барьсан. Г, Г гэх хүмүүс байшингийн ажил хийж өгсөн. Дээр нь С.Дгийн ах нь хөдөөнөөс орж ирж мөн тусалж байсан. С.Д нь Улаанбаатар хот руу 10 хоногийн сурГанд явахаар болж ээжийгээ эмчлүүлэх гээд хамт явцгаасан. Тэр хооронд барилгын материал дутах, дээр нь Улаанбаатар хотоос цахилгааны монтаж, хөшиг, хулдаас зэргийг захиж авчруулж байсан. Мөн эндээс Центр барилгын материалын дэлгүүрээс ч очиж материал авч байсан. Мөн ажилчдын хоолыг 18 хоног бэлдэж, зардлыг өөрөөсөө гаргаж байсан. С.Д нь 8.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан боловч бүх мөнгөө байшинд зарцуулсан гэж бодохгүй байна. Иймд миний уг байшинд оруулсан хөрөнгө болох “Стэнд стандарт” барилгын материалын дэлгүүрээс цахилгааны хэрэгсэл худалдаж авсан үнэ болох 295.000 төгрөг, “Эрч Центр” барилгын материалын дэлгүүрээс ёорж 100х350=35.000 төгрөг, шилэн хөвөн 1х22.000=22.000 төгрөг, цемент 7х12.500=87.500 төгрөг, 4 төрлийн хадаасны үнэ болох 98.000 төгрөг, лампирын залгаа 3х2500=7500 төгрөг, цагаан таазны дулаалга 64х3500=224.800 төгрөг, хадаас 30х3500=105.000 төгрөг, ёорж 500х3500=175.000 төгрөг, шингэлэгч 2х5000=10.000 төгрөг, цемент 10х12.000=120.000 төгрөг, шилэн хөвөн 3х22.000=66.000 төгрөг нийт 953.800 төгрөг, “Их-Уул” барилгын материалын дэлгүүрээс хөшиг болон туслах материал худалдан авсан үнэ болох 465.000 төгрөг, барилгын ажлын тооцоо гаргасан ажлын хөлс 20.000 төгрөг, элс хайрга ачуулахад гарсан зардал 70.000 төгрөг, барилгын ажлын хөлс 1.500.000 төгрөг, гэрлийн монтаж хийлгэсэн ажлын хөлс 200.000 төгрөг, банз ачуулсны хөлс 12.000 төгрөг, “Отгонтэнгэр” барилгын материалын дэлгүүрээс хөөс 10х7000=70.000 төгрөг, хадаас 2х3500=7000 төгрөг, лампирын шруп 1х3500=3500 төгрөг, хадаас 3х3500=10.500 төгрөг нийт 94.500 төгрөг, Улаанбаатар хотоос хулдаас худалдан авсан үнэ болох 100.000 төгрөг, хоолны материал худалдаж авсан үнэ болох 360.000 төгрөг, нийт 4.094.800 төгрөг, дээр нь миний бие Солонгос улсад ажил хийж олсон мөнгөнөөсөө С.Дгийн авсан цалингийн зээлийг төлөхөд зориулж шилжүүлж өгсөн 2.500.000 төгрөг нийт 6.594.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох Х аймгийн М сумын 0 дугаар багийн 00-00 тоот хашааг миний ээж Н.Г нас өндөр болсон тул М суманд төвхнөж өөрийн гэсэн хашаа байшинтай болох үүднээс гэр бүлийн амьжиргааны эх үүсвэр болох малын ашиг шим, мах, ноолуураас олсон орлого болон төрсөн ах С.Б автомашины үнийг оролцуулан нийт 10.000.000 төгрөгөөр уг хашааг зуны сууцны хамт худалдан авч байсан. Уг газарт баригдсан байшингийн хувьд миний төрсөн эх Н.Г өөрийн нэрээр Х аймгийн Г сумаас ойгоос хэрэглээний мод бэлтгэх гоожин авч би төрсөн ах С.Бгийн хамт уг байшингийн модыг бэлтгэж банз, палк болгон зүсүүлж, гарал үүслийн гэрчилгээтэйгээр М сум руу ачуулж ирсэн. Мод бэлтгэх, тээвэрлэх бүх зардлыг миний ээж хариуцаж байсан. 8х8 харьцаатай байшинг би 8.000.000 төгрөгийн цалингийн зээл барьцаат зээлийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр авч барьж дуусгасан бөгөөд уг хашаа байшинг миний төрсөн эх хууль ёсоор эзэмшиж байгаад 2016 онд нас барсан. Би төрсөн хүүхдийн хувьд өв залгамжлалын журмаар дээрх хашаа байшинг өөрийн нэрээр шилжүүлэн авч эзэмшиж байна. Цалингийн барьцаат зээлийн эргэн төлөлтийг сар бүр би өөрөө хийж дуусгасан бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгө нь хуулийн дагуу миний хуваарьт эд хөрөнгөд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оноос 2011 оны хооронд П.Атай ирэн очин уулздаг байсан ба 2010 онд хүү А.Ц бидний дундаас төрсөн нь үнэн. Энэ хавар П.А нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, би тэтгэлэг төлж эхэлсэн байгаа. Нэхэмжлэлд тухайн үед С.Д намайг болон хүүхдүүдээ гэр оронгүй үлдээхгүй гэж найдан түүний ажил хэргийн нэр хүндийг бодоод эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй гэсэн байна. Энэ хүн миний ажлын нэр хүндийг бодсон бол миний гэр оронд ээж дүү нарынхаа хамт орж ирэн танхайрсан үйлдэл гаргахгүй байсан. Мөн цагдаагийн газрын үүдэнд байхад хувцас урж тасдан, үснээс зулгаасан. Ийм үйлдэл гаргаж хүн миний нэрийг бодсон гэдэг нь худлаа юм. Нэхэмжлэлийн гол шаардлага болох энэ хашаа байшин нь миний ээжийн өмч юм. Миний ээж хөдөө байдаг байсан ба биеэ эмчлүүлэх, эмнэлэгт ойртох зорилгоор М суманд энэ хашааг зуны байшингийнх нь хамт худалдаж авч байсан. Бид нар бүх материалаа бэлдээд хашааг 10.000.000 төгрөгөөр худалдаж авч байснаас биш П.А бид хоёрт зориулаад хашаа худалдаж авсан гэж ярьж байгаа нь худлаа юм. Мөн хашаа нь бид хоёрын дундын өмч биш. Хашаа нь Г, С нар нь гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгө бөгөөд Г гэдэг хүн хашааг өөрийн нэр дээр олж авсан боловч С, Г гэх хүмүүсийн гэр бүлийн дундын өмч хэвээр байсан. Байшинг барихын тулд манай гэр бүл болоод хамаатнуудын оролцоотойгоор мод нь Г сумаас орж ирсэн. Харин байшинг барих зардлыг нь би 8.000.000 төгрөгийн цалингийн зээл авч бариулсан. Энэ мөнгөө би барилгын ажилд бүгдийг зарцуулсан. П.Ад би энэ мөнгөнөөс өгөөгүй, бүгдийг нь барилгын ажилд зарцуулсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан үндэслэлээр хашаа байшинг авч байсан. Би байшингаа зээлж авсан 8.000.000 төгрөгөөрөө барьсан. Барилгын ажил хийхэд 8.000.000 төгрөгөөс илүү мөнгө ороогүй. П.А нь мөнгө оруулаагүй. Энэ хашааны эзэмшигч нь Г гэж хүн байсан гэж дахин хэлмээр байна. Мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар тухайн үед би болон П.А нь хашаа, байшингийн эзэмшигч нь биш байсан. Өв нээгдэх журмаар энэ үл хөдлөх эд хөрөнгө надад өвлөгдөж ирсэн. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийнийн 515.1, 515.3, 520-д заасны дагуу манай гэр бүлийн гишүүд өвөөс татгалзаж би өмчлөгч болсон. П.Аын яриад байгаа торхны тухайд хэн гэдэг хүнд өгснийг нь би сайн мэдэхгүй байна. Торхыг бариад 3 жил болоод 3.000.000 төгрөгөөр зарсан. П.А нь энэ мөнгийг хашаа байшинд зарцуулсан гэж ярьж байгаа боловч үгүй юм. Оруулсан гэх баримтууд нь ч байхгүй байна. П.А нь хашаа байшинд мөнгө зарцуулаагүй, харин би зээлсэн бүх мөнгөөрөө байшинг барьж ашиглалтанд оруулж байсан. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар Эрээнээс материал авч тээврийн хөлсийг би төлсөн нь үнэн. Мөн цахилгааны монтажны утсыг хотоос захиагүй, би Баянцагаан дэлгүүрээс авч байсан. Барилгын материалыг би өөрөө авдаг байсан. Харин ажилчдын хоолыг П.Ааас авч байсан нь үнэн. Гэхдээ надаас хоолны хөлс өг гээд байшин барьсны дараа 100.000 төгрөгийг авсан. Байшин барих ажлын хөлс 1.400.000 төгрөг, Бадамсамбуу ахад 100.000 төгрөг гээд нийт 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд 2.200.000 төгрөгөөр барилгын материал авсан. Ямар баримтыг хаанаас авчирсан гэдгийг нь мэдэхгүй, тухайн үед ийм баримтууд байхгүй байсан. Энэ баримтуудад эргэлзэж байна. Би тэр үед сурГанд Улаанбаатар хот руу явсан нь үнэн, гэхдээ барилгын материалуудыг өөрөө л мөнгөө гаргаж авч байсан. Цахилгааны асуудал яригдаж ирэхэд би 40.000 төгрөгөөр хийлгэсэн. Намайг явсан байхад доторлогоо бараг дууссан байсан. Хотод байхад П.А яриад хүмүүсээр ажил хийлгэсэн юм бол хөлсөө өгөөч гээд байхаар нь Гансүх гэдэг хүний данс руу 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Шалны хувьд бол шалыг цутгаагүй зөвхөн хундаам цутгаж банзалсан. Намайг сургаас ирэхэд байшин ашиглалтад орсон байсан. Тэгээд ирснийхээ дараа цахилгааны материалуудыг Баянцагаан дэлгүүрээс П.Атай хамт явж өөрөө мөнгөөрөө худалдаж авч байсан. Цахилгааны ажлыг нэгдсэн эмнэлгийн цахилгаанчин залуу ирж хийж өгч байсан. Тухайн үед би 80.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж өгч байсан. П.А нь Солонгос улсаас 2.500.000 төгрөгийг явуулсан түүнийгээ авна гэж ярьж байна. Миний гаргаж өгсөн баримтуудад Баяртөгс гэх хүний данс руу 1 сая төгрөгийг шилжүүлсэн баримт байгаа. Тэр баримт ямар учиртай юм бэ гэхээр П.А нь миний ээжийг 10 сард нас бараад удаагүй дөрөв тав хонож байхад хот руу явсан. Энд байхдаа миний эгчид ариун цэврийн хэрэгсэл захиж авахуулж байсан хүн, түүнээс хойш 2017 оны 01 дүгээр сард би 3 сартай жирэмсэн чиний хүүхэд, би Солонгост авахуулах гэж байна, мөнгө явуул гэхээр нь би 1.000.000 төгрөгийг шилжүүлж өгч байсан. Тэгээд би 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2.080.000 төгрөгийг дансаар шилжүүлж авч байсан нь үнэн. Гэхдээ П.А руу хүнээс зээлж явуулсан 1.000.000 төгрөгөө төлсөн. Энэ 2.080.000 төгрөгөө шилжүүлэхдээ их маргаантай, ээж болон Хонгороод мөнгө өгөөрэй гэж хэлэхээр нь би 400.000 төгрөгийг нь ээжид нь бэлнээр аваачиж өгсөн. Үлдсэн 400.000 төгрөгийг нь хүүхэд гэр бүлдээ зарцуулсан. Энэ хүн яагаад дундын өмч гээд байгааг ойлгохгүй байна. Би өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй байгаа. Байшин барихад нийт гарсан зардал 8.000.000 төгрөг болж байсан. ...Би нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөнөөс хоолны материал худалдаж авахад зарцуулсан гэх 360.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг нь өгөхийг зөвшөөрнө. Нэхэмжлэлийн үлдэх хэсгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.А нь хариуцагч С.Дд холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Х аймгийн М сумын 00 дугаар багийн 00 дүгээр гудамжны 00 тоотод байрлах 8х8 хэмжээтэй өвлийн сууц, хашаанаас өөрт болон хүү С.Д, А.Ц нарт ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дээрх үл хөдлөх эд хөрөнгө буюу 8х8 хэмжээтэй өвлийн сууцыг барихад өөрийн оруулсан хөрөнгө болох 6.594.800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч П.А нь С.Д бид хоёр 2008 оноос 2014 оны 06 сарыг хүртэл М сумын 1 дүгээр багт манай өвөөгийн хашаанд гэр барьж амьдарч байгаад 2015 оны 10 сард М сумын 00 дугаар багийн 00 дүгээр гудамжны 00 тоотод 8х8 хэмжээтэй өвлийн байшин барьсан. Уг байшинг барихад миний зүгээс дараах эд зүйлийг авч өгсөн. Үүнд: “Стэнд стандарт” барилгын материалын дэлгүүрээс цахилгааны утас 60х1000=60.000 төгрөг, кабель утас 50х2500=125.000 төгрөг, гэрэл 3х15.000=45.000 төгрөг, унтраалга 3х2.500=7.500 төгрөг, разетка 3х5000=15.000 төгрөг, утас тогтоогч 24х1800=45.000 төгрөг, нийт 297.500 төгрөг,
“Эрч Центр” барилгын материалын дэлгүүрээс 2015 оны 08 сарын 19-ний өдөр 100х350=35.000 төгрөг, шилэн хөвөн 1х22.000=22.000 төгрөг, цемент 7х12.500=87.500 нийт 144.500 төгрөгийг,
2015 оны 08 сарын 20-ны өдөр 2 шуудай цемент худалдаж авсны үнэ 25.000 төгрөг,
2015 оны 09 сарын 20-ны өдөр лампирын залгаа 3х2500=7500 төгрөг, цагаан таазны дулаалга 64х3500=224.800 төгрөг, хадаас 30х3500=105.000 төгрөг, ёорж 500х3500=175.000 төгрөг, шингэлэгч 2х5000=10.000 төгрөг, цемент 10х12.000=120.000 төгрөг, шилэн хөвөн 3х22.000=66.000 төгрөг нийт 708.300 төгрөг,
2015 оны 09 сарын 28-ны өдөр ёорж 100х350=35.000 төгрөг, 4 төрлийн хадаасны үнэ болох 63.000 төгрөг, нийт 98.000 төгрөг,
“Их-Уул” барилгын материалын дэлгүүрээс хөшиг тогтоогч 100.000 төгрөг, хөшигний материал 200.000 төгрөг, хөшигний дэгээ 50х300=15.000 төгрөг, тьюль 150.000 төгрөг, нийт 465.000 төгрөг,
“Ганган” барилгын материалын дэлгүүрээс хулдаас худалдан авсан үнэ 20х5000=100.000 төгрөг,
“Отгонтэнгэр” барилгын материалын дэлгүүрээс хөөс 10х7000=70.000 төгрөг, хадаас 2х3500=7000 төгрөг, лампирын шруп 2х3500=7000 төгрөг, хадаас 3х3500=10.500 төгрөг нийт 94.500 төгрөг,
Барилгын ажлын тооцоо гаргасан ажлын хөлс 20.000 төгрөг,
Элс хайрга ачуулахад гарсан зардал 70.000 төгрөг,
Барилга барьсан ажилчдын ажлын хөлс 1.500.000 төгрөг,
Гэрлийн монтаж хийлгэсэн ажлын хөлс 200.000 төгрөг,
Банз ачуулсны хөлс 12.000 төгрөг,
Хоолны материал худалдаж авсан үнэ болох 360.000 төгрөг, нийт 4.094.800 төгрөг,
Мөн миний бие Солонгос улсад ажил хийж олсон мөнгөнөөсөө С.Дгийн авсан цалингийн зээлийг төлөхөд өгсөн 2.500.000 төгрөг, нийт 6.594.800 төгрөгийг хариуцагч С.Дгаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан “Эрч Центр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зарлагын баримтууд /хх-ийн 82-85-р тал/, “Стэнд стандарт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зарлагын баримт, /хх-ийн 86-р тал/, “Отгонтэнгэр”, “Их-Уул”, “Ганган” барилгын материалын дэлгүүрүүдийн зарлагын баримтууд /хх-ийн 87-89-р тал/, П.А, С.Д нарын дээрх өвлийн сууцыг баригдах үед хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтэр зэргийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба нэхэмжлэгч П.Аын ...байшин баригдаж байх үед С.Д бид хоёрын хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтрээс өөрийнхөө худалдаж авсан барилгын материалуудыг түүж нөхөж бичүүлж авсан. ... гэх тайлбараар нийт 1.932.800 төгрөгийн барилгын материал худалдан авсан гэх зарлагын баримтууд болон тэмдэглэлийн дэвтрийг шүүх үнэлэхэд эргэлзээтэй, мөн нэхэмжлэгчийн барилгын ажлын тооцоо гаргахад өгсөн ажлын хөлс гэх 20.000 төгрөг, элс хайрга ачуулахад гарсан зардал 70.000 төгрөг, барилга барьсан ажилчдын ажлын хөлс 1.500.000 төгрөг, гэрлийн монтаж хийлгэсэн ажлын хөлс 200.000 төгрөг, банз ачуулсны хөлс 12.000 төгрөг, барилга дээр ажилласан хүмүүст хийсэн хоолны материал худалдаж авахад зарцуулсан гэх 360.000 төгрөг, нийт 2.162.000 төгрөгийг П.Ааас гарсан зардал гэдгийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй,
Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан Солонгос улсад ажиллаж байхдаа хариуцагч С.Дд цалингийн зээлийг нь төлүүлэх зорилгоор 2.500.000 төгрөг шилжүүлж өгснийгөө буцаан гаргуулахаар нэхэмжилж нотлох баримтаар хариуцагчийн ХААН банкинд эзэмшдэг гэх 5019082568 дугаартай дансны 2017 оны 03 сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулсан боловч уг баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч С.Дд 2.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн болох нь мөн нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч П.А нь Х аймгийн М сумын 00 дугаар багийн 00 дүгээр гудамжны 00 тоотод байрлах 8х8 хэмжээтэй өвлийн сууц шинээр бий болоход нийт 6.594.800 төгрөгийн хөрөнгө оруулсан гэдгээ нотолж чадахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй боловч хариуцагч С.Дгийн шүүх хуралдаанд гаргасан М сумын 00 дугаар багийн 00 дүгээр гудамжны 00 тоотод баригдсан 8х8 хэмжээтэй өвлийн сууцыг барихад П.Ааас мөнгө гараагүй, харин байшин барихад ажилласан хүмүүст хийсэн хоолны материалыг худалдаж авахад зарцуулсан гэх 360.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг өгч болох юм гэх тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6.594.800 төгрөгөөс 300.000 төгрөгийг хариуцагч С.Дгаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 6.294.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дгаас 300.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 9.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар хариуцагч С.Дгаас 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.294.800 /зургаан сая хоёр зуун ерэн дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дгаас 9.650 /есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН