Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/615

 

2022           06          08                                 2022/ШЦТ/615

 

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч Ц.Шагдар,

Шүүгдэгч Н.Б нар оролцсон эрүүгийн 2209000000532 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................... гудамж, 19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар,    

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 633 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар нийт 5 жил 6 сарын хорих ялаар,

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 422 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 16 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 184 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 11 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, хэрэг хариуцах чадвартай, Н.Б /РД:/.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан анги танхим болох 302 тоот өрөөг онгорхой байхад нь сэм орж Ч.Мын өмчлөлийн Делл брэндийн Ай5 11 дүгээр үеийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч хохирогч Ч.Мад 2,519,910 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордоны гимнастикийн заалнаас Б.Агийн өмчлөлийн “Ред ми нөте-9” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 335,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдараас 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 435 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209000000532 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

            -Хохирогч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 10, 27 дугаар тал),

            -“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 14-15, 60-61 дүгээр тал),

            -2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 125 дугаар тал),

            -Сиди бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

            -2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

            -2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 41 дүгээр тал),

            -2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 56 дугаар тал),

            -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 33 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Н.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан анги танхим болох 302 тоот өрөөг онгорхой байхад нь сэм орж Ч.Мын өмчлөлийн Делл брэндийн Ай5 11 дүгээр үеийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч хохирогч Ч.Мад 2,519,910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Ч.Мын “2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 14 цаг 25 минутын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн 3 давхар, 302 тоотод өөрийн зөөврийн компьютероо цэнэглэж байсан ба найз Алтан-Оч, Хүрэлбаатар нарын хамт ангид байж байгаад ус уугаад гадагш тамхилах гээд гарчихаад буцаад ангидаа орж ирэхэд цэнэглэж үлдээсэн байсан зөөврийн компьютер байхгүй болсон байсан. ...Маск зүүсэн, үүргэвч үүрсэн, хар өнгийн малгайтай, 35 орчим насны бараан царайтай эрэгтэй хүн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 27 дугаар тал),

-Сиди бичлэгт дахин үзлэг хийсэн “Бичлэгийн 31 секунтэд хөх өнгийн куртик, цагаан ултай саарал өнгийн пүүз, хар өнгийн өмд, саарал өнгийн 2 үүргэвчтэй цүнх, хар өнгийн малгайтай эрэгтэй нь сургуулийн 302 тоот анги руу орж цүнхтэй гарч яваа нь бичигдсэн байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

-Гэрч Д.Бын “2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хавьцаа энэ зураг дээрх /Н.Б/ хүн манай Компьютер молл засварын төвийн Б1 давхарт засварчингуудад Ай-5 11 дүгээр үеийн нөүтбүүк зарах гэж асуусан юм шиг байсан. Тэгээд компьютер засуулж байсан үл таних хүмүүс худалдаж авах гээд байхаар нь би дүү Учрахжаргалыг явуулаад “хулгайн нөүтбүүк байна” гэж хэлэхэд компьютер ландын хажуу талд хаяад зугатаачихсан юм. Тэгэхэд манай дүү нөүтбүүкийг нь аваад ороод ирсэн бөгөөд нээгээд үзэхэд дэлгэц нь хагарчихсан байсан бөгөөд би дэлгэцийг нь авч тавиад өөр дэлгэц тавьж байгаад асаахад ...мэйл хаяг харагдаж байхаар нь уг хаяг руу мэйл бичиж ...чат бичсэн. Тэгээд би уг нөүтбүүкийг өөртөө байлгаж байсан бөгөөд эзэнтэй нь холбогдох гэж оролдсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

-Гэрч Д.Гийн “...Сургууль руу орж буй гаднаас ирсэн хүмүүсийг бүртгэж, хэнтэй уулзах талаар тодруулж оруулдаг юм. Тухайн өдөр хүмүүсийг бүртгэлийн дэвтэр дээр бүртгэж оруулсан. Тухайн хүнийг орохыг харсан бөгөөд оюутан гэж бодсон. Манай сургууль олон оюутантай бөгөөд бүгдийг нь цайны цагийн үеэр бүртгэх боломжгүй байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр тал) зэрэг баримтууд болно.

Мөн 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордоны гимнастикийн заалнаас Б.Агийн өмчлөлийн “Ред ми нөте-9” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 335,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Б.Агийн “2022 оны 3 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны гимнастикийн зааланд өөрийн хүүхдийн тэмцээнийг үзэж байхдаа Редми-9 загварын гар утсаа хулгайд алдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125 дугаар тал),

-Хяналтын камерт үзлэг хийсэн “Спортын ордоны гимнастикийн заалны хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд нэг үл таних 35-37 орчин настай, хар өнгийн саравчтай малгайтай, малгайн дээр цагаанаар 03 адидасын логотой, цэнхэр өнгийн богино юүдэнтэй куртиктэй, юүдэн доторх нь улаан өнгөтэй, алаг цэргийн эрээн өнгийн өмдтэй, гутлын ул нь цагаан, үдээстэй пүүзтэй эрэгтэй хүн Б.Агийн гар утсыг аваад гарч байгаа нь бичигдсэн байв” гэх мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 56 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Н.Б дээрх 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн сургуулийн орчин нь өөрийн гэсэн харуул, хамгаалалттай, сургуулийн байранд нэвтрэхийн тулд харуул, эсхүл жижүүрт тодорхой бүртгэл хийлгэж, зөвшөөрөл авч нэвтрэх ёстой, тус сургуулийн анги танхимд нэвтэрч орох эрх бүхий этгээд биш гэдгээ мэдсээр байж зөрчиж тусгайлан хамгаалсан обьект болох анги танхим руу хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдснийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна гэж үзэх боломжтой.

Прокуророос хэргийг зүйлчлэхдээ 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэл гэж тус зүйл, хэсгийг журамлаж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Тиймээс шүүгдэгч Н.Б “Тусгайлан хамгаалсан үйл ажиллагаа явуулах зориулалттай сургуулийн анги танхимд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан” буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээгээр хохирогч Ч.Мын хулгайд алдсан нөүтбүүкийн хохирлыг 2,519,910 төгрөгөөр, хохирогч Б.Агийн хулгайд алдсан гар утасны хохирлыг 335,000 төгрөггөр тус тус (хавтаст хэргийн 14-15, 60-61 дүгээр тал) үнэлснийг оролцогчдод танилцуулжээ.

 

Харин шүүгдэгч Н.Б хохирогч Б.Агийн хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй, харин хохирогч Ч.М өөрийн нөүтбүүкийг биет байдлаар буцаан авсан болох нь “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” (хавтаст хэргийн 33 дугаар тал)-ээр нотлогдож байна. Мөн хохирогч Ч.М нь “нөүтбүүкээ олж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх утга агуулга бүхий хүсэлт (хавтаст хэргийн 139 дүгээр тал)-ийг гаргасан байх тул хохирогч Ч.Мад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дугаар тал), Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 91-92 дугаар тал), Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 89-90 дүгээр тал), Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 87-88 дугаар тал), Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 633 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 75-78 дугаар тал), Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 422 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 83-86 дугаар тал), Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 79-82 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 9 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 25 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 25 хоногоор тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг гаргасан бол шүүгдэгч “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, гэм буруугийн талаар маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх саналыг гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, бусад нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 184 дугаартай захирамжаар 9 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 25 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Бд 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 76 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Агийн Редми-9 загварын гар утсыг хулгайлан авч Монтел худалдааны төвд танихгүй хүнд 150,000 төгрөгөөр худалдаж өөртөө мөнгийг нь хэрэглээд дуусгасан талаар мэдүүлж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ашиг, орлого олсон гэж үзэх үндэстэй тул уг орлогыг түүнээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 184 дугаартай захирамжаар 9 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 25 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 25 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Бас 335,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ад олгосугай.

 

8. Шүүгдэгч Н.Бас хохирогч Ч.Мад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Н.Бас гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого болох 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН