Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 01222

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2018/01222

Х аймаг

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн “Г” хүүхдийн цэцэрлэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х А Ж” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,

Гэм хорын хохирол 3.801.650 /гурван сая найман зуун нэг мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2018/00098/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, иргэдийн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч М.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн “Г” хүүхдийн цэцэрлэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай цэцэрлэгийн бохирын шугам 2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 19 цагийн орчимд хальж, подвалоор урсаж хүүхдийн цэцэрлэгийн эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын дүрмийг ноцтой зөрчин улмаар халдварт өвчин гарах нөхцөл байдал үүссэн ба зарим цахилгаан тоног төхөөрөмжүүд норсны улмаас шатаж ажиллагаагүй болсон юм. 2017 оны 10-р сарын 16-ны өдөр мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар ирж агаарын бохирдол, арчдасын шинжилгээнүүд авч хариу гартал үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан билээ.

Энэ зөрчлөөс болж манай цэцэрлэгийн үйл ажиллагаа ажлын 17 өдөр зогссон бөгөөд манайх хувийн цэцэрлэг учраас энэ хугацаанд хүүхдийн төлбөр 2.091.000 төгрөгөөр тасалдаж ариутгал шинжилгээнд 820.200 төгрөг, гурил 31.250 төгрөг, будаа /бохирдсон/ 25.000 төгрөг, том хөлдөөгч 465.600 төгрөг, жижиг хөлдөөгч 368.600 төгрөг, бүгд 3.801.650 төгрөгийн хохирол учраад байна. Мэргэжлийн байгууллага /У-ийн инженер, гүйцэтгэх захирал/ дүгнэхдээ цооногт их хэмжээний гурил бөөгнөрөн бөглөрөл үүсгэсэн байдлыг бидэнд үзүүлж зургийг авч баталгаажуулсан юм.

Иймд энэ үеэр гарсан хохирлыг /3.801.650 төгрөгийг/ барагдуулж өгөхийг хүсч тооцоог хүргүүлсэн боловч хохирлыг “А ж” ХХК  хүлээхгүй гэсэн хариуг өгсөн байна. Бохир алдсанаас үүссэн 3.801.650 төгрөгийн хохирлыг “А ж” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х аймгийн “Г” хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч М.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой 19 цагийн орчим манай цэцэрлэгт бохир халилаа гэсэн дуудлага манай жижүүр надад  өгсөн. Намайг иртэл бохир халин 1 давхрын шат руу өгсөж байсан. Тэгээд  хүмүүсээ дуудуулаад “ХУС” хязгаарлагдмал хариуцлагатай компанид мэдэгдэж дуудлагаар 3 хүн ирж бүгд шөнөжингөө хальсан бохир усыг зөөсөн ба тэр шөнөдөө зайлуулж бараагүй, маргааш өдөр нь арай гэж дууссан. Ингээд өглөө нь цэцэрлэгт ирсэн хүүхдүүдээ буцааж манайх хэд хоногтоо хүүхдүүд хүлээж авах боломжгүй боллоо гэсэн мэдээлэл өгч хүүхдүүдээ аваагүй. Тэгээд Мэргэжлийн хяналтын газар, У, А ж компанид албан бичгүүдээ өгч ийм нөхцөл байдал үүслээ, дүгнэлт гаргаж өгөөч гэдэг байдлаар холбогдох байгууллагуудад нь хандсан. Ингээд цэвэрлэгээ хийж шинжилгээ өгдөг, хариу нь хэд хэдэн удаа муу гарсны үндсэн дээр 4 дэх удаагаа хандаж байж арай нэг нааштай хариу сонссон. Бохир зөвхөн падволд ч биш бүх л  хэсгээс бохир үнэртээд маш хэцүү нөхцөл  байдал үүссэн. Бүх л цонх хаалгаа онгойлгоод ариутгалын бүх л бодис ашиглаж цэвэрлэгээ хийсэн ч агаарын бохирдлын шинжилгээ муу л гараад байсан хариу нь ч их удаж гардаг юм билээ. Энэ хугацаанд ажлын 17 хоног цэцэрлэгийн үйл ажиллагаа тасалдсан. Бохир халихын өмнөх өдөр манай цэцэрлэг 69-70 гаруй хүүхэд байнга ирж байсан. Манайх 2017 оны 09 дүгээр сард улсын хэмжээгээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдсан хүүхдийн мэдээ гэж гардаг. Бүх хүүхдүүдийнхээ мэдээллийг боловсролын газарт өгдөг. Манайх бүртгэлээрээ 111 хүүхдийн мэдээлэл гаргаж өгсөн байгаа. Тэгээд анх бүртгэлд 111 гэж гарсан байдаг ч явцын дунд хүүхэд шилжих, гарах  нөхцөл байдал үүсдэг үүний үндсэн дээр тухайн үед 69 хүүхэд хүмүүжиж байсан. Гэвч бохир халин тасалдсан үеэс хойш манайх 3 анги үйл ажиллагаа явуулдаг байсан бол эцэг, эхчүүд  мэдээлэл авсны үндсэн дээрээс хүүхдүүдээ өгөхөө больж дөнгөж хоёр анги л дүүрэх үгүйтэй хүүхэд нэг хэсэг цэцэрлэгт явсан. Энэ ус алдсанаас болж байгууллагын дотоод үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэн олон хүн ажиллуулах боломжгүй, цалин хөлсний асуудал яригдах болсон. Гэвч бид цэвэрлэгээ ариутгалыг сайн хийж эрүүл ахуйчийн зөвлөмж зааврын дагуу ажилласны үндсэн дээр цэцэрлэгээ хэвийн үйл ажиллагаанд нь оруулсан. Одоо энэ зөрчлөөс болж цэцэрлэгийн үйл ажиллагаа ажлын 17 өдөр зогссон, нэг хүүхдээс өдрийн 4.100 төгрөгөөр бодон төлбөрийг авдаг гээд тооцохоор хүүхдийн төлбөр 2.091.000 төгрөгөөр тасалдаж төлөгдөөгүй, ариутгал шинжилгээнд 820.200 төгрөг, бохирдсон гурил 31.250 төгрөг, будаа  25.000 төгрөг, эвдрээд дахин ажиллах боломжгүй болсон том хөлдөөгч 465.600 төгрөг, жижиг хөлдөөгч 368.600 төгрөг, бүгд нийлээд 3.801.650 төгрөгийн хохирол учраад байна. Бид зэргэлдээ хөрш байгууллагад 30 орчим хүүхдийн тоогоор хохирлоо бууруулан хөнгөлөлт үзүүлж байгаа байдлаар нь тооцож тооцоог хүргүүлсэн боловч А ж компани нь зөндөө олон байгууллагуудын шугам хоолой давхар холбогддог гээд хүлээж аваагүй тул бид хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан. ХУС компаниас ирүүлсэн албан бичигт тодорхой дурдсан байсан, уг бичгийг үндэслэн нэхэмжлэл гаргасан ба манай учирсан хохирол болох 3.801.650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Х А Ж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Г.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г” хүүхдийн цэцэрлэгийн бохирын шугам 2017 оны 11 сарын 15-нд хальж подволд бохир орсноос үүссэн хохирлыг манай байгууллагаар төлүүлэх нэхэмжлэл танай шүүхэд гаргасан байна. Энэ талаар өмнө нь “Г” цэцэрлэг манайд хандаж, бөглөрөл нь төвийн шугамд үүсэж, үүнээс болж манай бохир хальж подволд нь орж хохирол үүссэн талаар албан бичиг өгсөн байсан. Үүнд бид төвийн энэ шугаманд манайхтай адил үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн 1,2-р үйлдвэр, цэцэрлэгүүд, бусад байгууллагууд холбогддог учир аль байгууллагаас болсныг нь ямар үндэслэлээр тогтоогоод байгаа төвийн шугамын бөглөрлийг бид хариуцдаггүй, У хариуцдаг учир манайх хариуцахгүй гэсэн хариу өгсөн. Манай байгууллагын бохирын инженерийн шугам сүлжээг 2010 онд У-ийн тухайн үеийн ахлах инженерээр ахлуулсан мэргэжлийн баг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. У-ийн мэргэжлийн инженерүүдийн зөвлөгөөний дагуу манай байгууллагын эзэмшлийн 2 худгийн үйлдвэрийн эхний худагт том нүхтэй шүүлтүүр, төвийн шугаманд нийлдэг сүүлчийн худагт жижиг нүхтэй шүүлтүүрийг 2011 онд тавьсан байдаг. Төвийн энэ шугаманд манайхтай адил үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн 1,2-р үйлдвэрүүд мөн бөглөрөл үүсгэх магадлалтай цэцэрлэгүүд холбогддог болно. Манай байгууллага нь худагт үүссэн лав, шугам сүлжээг тогтмол цэвэрлэдэг мэргэжлийн сантехникчтэй учир манай талаас бөглөрөл үүсэх нөхцөлгүй бөгөөд бөглөрүүлсэн гэсэн зураг дээр байгаа бохир манай шүүлтүүрүүдээр дамжин гарах ямар ч боломжгүй болно. Мөн энэ бөглөрүүлсэн гэх бохирын зургийг хэзээ авсан, худгийн гадна орчны зургийг хэзээ авсан, худгийн гадна орчны зураг нь фото зурагт баталгаажиж ороогүй, бөглөрөл үүссэн тухайн мөчид манай байгууллагын мэргэжлийн сантехникчийг дуудаж, үзүүлж баталгаажуулах бүрэн боломж байхад дуудаж баталгаажуулаагүй зэрэг үндэслэлээр энэхүү хохирол төлүүлэх нэхэмжлэлийг бид хариуцахгүй гэсэн албан ёсны тайлбарыг гаргаж байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” хүүхдийн цэцэрлэг нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой падволоос бохир ус хальсан тухайд манай байгууллагыг холбогдуулан нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Зөвхөн манайд хандаж нэхэмжлэл гаргаж үнийн дүнг явуулсан байсан. Манайхаас нэхэмжлэлд дурдсан үнийн дүнг төлөхгүй байхаар шийдэн хариу тайлбар явуулсан. Мөн энэ бохирын шугаманд зөвхөн манай 2 байгууллагын бохирын шугам холбогддоггүй, дөрвөн байгууллагын бохирын шугам холбогддог юм. Энэ цооног нь М хотын төвд байрлалтай, эдгээр 4 байгууллагын хэн алиныг тогтоогоогүй, шүүх  шийдвэр гаргаагүй байхад нэхэмжлэл явуулсныг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн. 2010 онд “ХУС” компани, “Х А Ж”компанитай гэрээ байгуулан ажиллаж байсан юм билээ. Үүнээс хойш 2011 онд  танай байгууллагад шаардлагатай бүх шүүлтүүрүүдийг тавьсан гэх албан бичиг хүргүүлсэн. Мөн манай байгууллага өөрийн гэсэн сантехникчтэй, бөглөрөл, сантай холбогдон үүсэх асуудлыг байнга хариуцаж ажилладаг ажилтантай. “Г” хүүхдийн цэцэрлэг, “Х А Ж”компани, Титаник компанийн 1, 2 дугаар үйлдвэрүүд бүгд нэг бохирын шугамтай. Бусад холбоотой байгууллагуудыг нэмж оролцуулах боломжтой байхад ганц манай байгууллагыг буруутай гэж үзэн хохирол төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Тухайлбал: Титаник үйлдвэр нь А жтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг ялгаагүй гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Цэцэрлэг, зочид буудал, караоке зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ч хоол гурилан бүтээгдэхүүний үлдэгдлээ цооногт хийх магадлалтай цооног ашиглаж байгаа учир. Иймд эдгээр байгууллагууд бохирын худагт бөөгнөрөл үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. Мөн хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тухайн үеийн “ХУС” ХХК-ийн гаргаж баримтжуулж өгсөн цооногийн зураг гээд хэргийн материалд авагдсан байсан тэр зургийг нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл гадна орчны харьцуулалт огт хийгдээгүй, хэний худаг хаана ямар шугам яаж бөглөрсөн талаар баримтжуулсан зүйл огт байхгүй, хөндлөнгийн гэрч болон тухайн байгууллагуудын инженерүүдийг байлцуулаагүй, баримтжуулаагүй,  зөвхөн худаг руу өнгийгөөд 2 турбаны л зураг аваад ирсэн, үүнийгээ давхар нотлох ямар ч баримт бичиг хавсаргаагүй, зөвхөн манай байгууллагаас гурил, будаа өөх тос хийж цооног бөглөрүүлсэн гэж үзэх нотлох баримт байхгүй байна. Дээр нь нэхэмжлэлд гаргаж өгсөн төлбөрийн баримтууд байсан. 3.801.650 төгрөгийг нэхэж байгаа нэхэмжлэлийн үнийн дүнг миний зүгээс нотолж чадаагүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан үнийн дүнгүүдийг бичсэн зөвхөн нэхэмжлэх л байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан нэхэмжлэхээр гарахгүй байх. Мөн хоёр хөлдөөгчийн үнэ нэхэмжилсэн байсан. Эдгээр гурил будаа болоод хөлдөөгч нь бохир халих үед тус байгууллагын аль үе давхарт хаана яаж байсан талаар огт нотлох баримт байхгүй, баримтжуулсан гэрэл зураг байхгүй, энэ нь ажиллагаатай байсан эсэх талаар мөн элэгдэл хорогдлыг тооцсон талаар, үнийн талаар ямар ч нотлох баримт байхгүй. Зүгээр л 2 хөлдөөгч байсан, шатсан л гэж хэлж байгаа. Хөлдөөгч тухайн байгууллагад нь бүртгэлтэй эсэх талаар ч баримтжуулаагүй байсан. Гэм хор яаж учирсан, хохирлыг яаж барагдуулсан талаар бас баримт байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас танайхаас арчдас авлаа тэдэн төгрөг  төл гэх баримт байх боловч “Г” хүүхдийн цэцэрлэгээс тушаасан гэх баримт байхгүй байна. Ийм мөнгөн дүн мэргэжлийн хяналтын байгууллагын тэр дансанд, тийм давтамжтайгаар тэдэн сарын тэдний өдөр төлсөн гэх баримт, мөнгөн дүн огт байхгүй. Тийм учир энэ байгууллгаас ийм мөнгө гарсан гэдгийг  нотолж чадахгүй байна. Хүүхдийн асуудал мөн ялгаагүй 2017 оны 10 дугаар сарын хүүхдийн ирцийн бүртгэл байсан, энд  22 хүүхэд л байгаа, заримдаа 17-18 хүүхэд явдаг гэх мэдээлэл байсан. Боловсрол соёлын газраас 111 хүүхэд явдаг гэх мэдээ гаргаж болно гэхдээ яг  цэцэрлэгт мөнгө тушаагаад явж байгаа хүүхэд нь хэд байна гэх талаар нэг мөр нотолж чадахгүй байна. Яаж хүүхдийн тоог гаргаж ирээд нэг бүрийг нь төчнөөн нэгжээр бодож ажлын 17 хоногоор үржүүлээд хүүхдийн төлбөр гэж 2.091.000 төгрөг манай байгууллагаас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрөө нотлох үүрэгтэй гэтэл нэхэмжлэгч талаас нотлох бусад баримтыг гаргаж өгөөгүй байгаа тул нэхэмжлэлийг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ бохир хальсан гэдэгт маргаагүй, манай байгууллагаас гадна ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байгаа тул нийт нэхэмжилсэн үнийн дүнгийн дөрөвний нэг буюу 950.412 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.    

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн “Г” хүүхдийн цэцэрлэг нь хариуцагч “Х А Ж” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан хохирол 3.801.650 /гурван сая найман зуун нэг мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Х аймгийн М сумын 8 дугаар багт байрлах “Г” хүүхдийн цэцэрлэгийн зоорийн давхарт бохир ус хальсан гэх үйл баримтанд зохигч маргаагүй ба харин хариуцагч нь төвийн бохирын энэ шугаманд манайхтай адил үйл ажиллагаа явуулдаг “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 1, 2 дугаар үйлдвэр, “Г” хүүхдийн цэцэрлэг, манай компани гээд 4 байгууллагын бохир нэг шугамаар явдаг байхад зөвхөн манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бохирын шугаманд бөглөрөл үүсгэж хохирол учруулсан гэдгийг зөвшөөрөхгүй. ...Хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтуудаар хохирол нь нотлогдохгүй байгаа хэдий ч бохир хальсан гэдэг үйл баримтанд маргахгүй байгаа тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 3.801.650 төгрөг гаргуулах тухай шаардлагаас дөрөв хуваасны нэг буюу 950.412 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Х аймгийн М сумын 8 дугаар багт байрлах “Г” хүүхдийн цэцэрлэгийн зоорийн давхарт 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бохир ус хальсан болох нь Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 23-03-015/411 дугаартай “Эрүүл зүйн бичил амь судлал, агаарын шинжилгээний тухай, 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 23-03-016/433 дугаартай “Шинжилгээний тухай”, 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 23-03-015/158 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” актууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллага нь бохир ус хальсны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу шаардах эрхтэй юм.

Х аймгийн “Г” хүүхдийн цэцэрлэг нь өөрт учирсан хохирлоо цэцэрлэгийн үйл ажиллагаа ажлын 17 өдөр зогссонтой холбоотойгоор хүүхдийн төлбөр тасалдсан 2.091.000 төгрөг, ариутгал шинжилгээнд төлсөн төлбөр 820.200 төгрөг, бохирдсон гурил 31.250 төгрөг, будаа 25.000 төгрөг, том хөлдөөгч 465.600 төгрөг, жижиг хөлдөөгч 368.600 төгрөг, нийт 3.801.650 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ.

Үүнд: Нэхэмжлэгч Х аймгийн “Г” хүүхдийн цэцэрлэг нь ариутгал шинжилгээнд 820.200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Х аймгийн Мэргэжлийн хяналтын газар гэх тэмдэг бүхий 91.500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх, /хх-ийн 5-р тал/, 32.500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх /хх-ийн 8-р тал/ -үүд нь ямар нэртэй байгууллагаас төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нь тодорхойгүй буюу төлбөр төлөгч байгууллагын нэр бичигдээгүй, “Ган Өрлөг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “Г” хүүхдийн цэцэрлэгээс 462.400 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 29-р тал/ Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын “Г” хүүхдийн цэцэрлэгээс 18.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэх /хх-ийн 6-р тал/, 215.800 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 30-р тал/ зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийг дээрх ариутгал шинжилгээний төлбөрийг нэхэмжлэгч байгууллагуудад нь төлсөн байна гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээрх төлбөрүүдийг төлсөн байдлаа нотолж чадаагүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Цэцэрлэгийн үйл ажиллагаа ажлын 17 хоног зогссоноос үүдэн хүүхдийн төлбөр 2.091.000 төгрөгөөр тасалдсан, цэцэрлэгийн зоорийн давхарт байсан том хөлдөөгч 456.600 төгрөг, жижиг хөлдөөгч 368.600 төгрөг, бохирдсон гурилны үнэ 31.250 төгрөг, будааны үнэ 25.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг шаардлагатай холбогдох нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,  түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх талаар нэхэмжлэгчийн эрх, үүргийг тодорхойлсны дагуу нэхэмжлэгч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 950.412 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх тул түүний зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч байгууллагын хүсэлтээр 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52-р тал/ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул шүүх үнэлээгүй болохыг дурдлаа. 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.776 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 950.412 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 27.360 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Х А Ж” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 950.412 /есөн зуун тавин мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х аймгийн “Г” хүүхдийн цэцэрлэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.851.238 /хоёр сая найман зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.776 /далан таван мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х А Ж”хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 27.360 /хорин долоон мянга гурван зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х аймгийн “Г”хүүхдийн цэцэрлэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.БЯМБАСҮРЭН

           

             ШҮҮГЧИД                     Г.ДАВААХҮҮ

                                                                                  

                                                      Б.МӨНХТУЯА