Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар   2022/ШЦТ/217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А 
Шүүгдэгч: Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бн овогт Дийн Од холбогдох 221200000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр баг, .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан Бн овогт Дийн О /РД: ../

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн үед А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т" худалдааны төвийн автомашины зогсоол дээрээс хохирогч Л.Мын ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж Л.Мт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд 221200000 дугаартай эрүүгийн хэргээс

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Мын мэдүүлсэн “…Би 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 09 цаг орчмын үед Архангай аймгийн Э сумын нутаг дэвсгэрт орж ирсэн. Тэгээд Тхудалдааны төвийн хашаанд даюун маркийн мотоциклио зогсоолд нь тавьчихаад Тхудалдааны төвийн АТМ орж хүнрүү мөнгө шилжүүлсэн. Дараа нь зах бүрэн нээгдхийг хүлээж байгаад 10 цаг 30 минутын орчим зах руу орж худалдан авалт хийсэн. Захаас гарч мотоцикль дээрээ иртэл миний мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний мотоциклийн зүүн талын толь хагархай, цэнхэр суудлын бүрээстэй /суудлын бүрээс нь нэлээн сэмэрч муудсан/ байсан. Би уг мотоциклоо 2021 оны 07 дугаар сард Архангай аймгийн Булган сумаас өөрийн танил *******ас 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/,

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Мын дахин мэдүүлсэн “…Архангай аймгийн Э сумаас өөрийнхөө Даюун маркийн мотоциклийг хулгайд алдсан юм. Тэгээд өнөө өглөө буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өглөө би ******* сумын ******* багийн нутаг *******ийн гол руу айлаас сарлагийн үнээ авахаар Булган сумын ******* багийн нутаг Хойд могойн голоос өглөөний 4 цагийн үед Бын хамт морьтой явж байх замд ******* давааны өвөрт мотоцикльтой хүн унтаж байхаар нь очоод үзсэн чинь миний хулгайд алдсан ногоон өнгийн даюун маркийн мотоцикль мөн байсан. Тухайн залуугаас асуусан чинь “…Ахаа би явах унаагүй болохоор нь аймгийн төвөөс хулгайж унаад наашаа гарчихсан юм. Манайх ширдэгийн голд байдаг...” гэж хэлсэн. Тэгээд би аймаг руу Цагдаа руу мэдэгдсэн  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бын мэдүүлсэн “…Манай найз Л.М бид хоёр 2022 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 4 цагийн үед Архангай аймгийн Булган сумын ******* багийн нутаг Хойд могой гэх газраас ******* сумын ******* багийн нутаг Өлт гэх газар луу айлаас үхэр авахаар морьтой явсан юм. Явж байх замд ******* даваа гэх газар мотоцикльтой хүн унтаж байхаар нь очоод үзсэн чинь Л.Мын хулгайд алдсан мотоциклийг нэг танихгүй залуу унаж яваад унтаж байгаатай таарсан. Тэгээд Л.М уг залуугаас яагаад мотоцикль хулгайлсан талаар асуухад “…Ахаа би аймгийн төвөөс унаагүй болохоор нь таны мотоциклийг хулгайлчихсан юм уучлаарай…” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,


Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 14-16 хуу/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 834 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 хуу/

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн үед А аймгийн Э сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т" худалдааны төвийн автомашины зогсоол дээрээс хохирогч Л.Мын ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, хохирогч Л.Мт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн үед Ааймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т" худалдааны төвийн автомашины зогсоол дээрээс хохирогч Л.Мын ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, хохирогч Л.Мт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

хохирогч Л.Мын  мэдүүлсэн “******* давааны өвөрт мотоцикльтой хүн унтаж байхаар нь очоод үзсэн чинь миний хулгайд алдсан ногоон өнгийн даюун маркийн мотоцикль мөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/, 


гэрч Ч.Бын мэдүүлсэн “Явж байх замд ******* даваа гэх газар мотоцикльтой хүн унтаж байхаар нь очоод үзсэн чинь Л.Мын хулгайд алдсан мотоциклийг нэг танихгүй залуу унаж яваад унтаж байгаатай таарсан. Тэгээд Л.М уг залуугаас яагаад мотоцикль хулгайлсан талаар асуухад ахаа би аймгийн төвөөс унаагүй болохоор нь таны мотоциклийг хулгайлчихсан юм уучлаарай…” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/, 


Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 14-16 хуу/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 834 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 хуу/


           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 Д.О нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн үед А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т" худалдааны төвийн автомашины зогсоол дээрээс хохирогч Л.Мын ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Оийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Иймд шүүгдэгч Д.Оийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Л.Мын Даюун маркийн мотоцикль нь хулгайд алдагдаж түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 834 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/-ээр тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн ба хохирогч Л.М нь “...Хохирлоо барагдуулж авсан тул санал гомдол байхгүй...” /хх-ийн 58 хуу/ гэж авагдсан байх тул шүүгдэгч Д.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 


Шүүгдэгч Д.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Д.Од нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Оийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, шүүгдэгчин өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ