Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар    2022/ШЦТ/213

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч:А.А
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Ч
Өсвөр насны шүүгдэгч: Ч.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Чын Нд холбогдох 22120000 дугаартай эрүүгийн хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А. аймгийн Э.суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, А аймгийн  сургуулийн 00 бүлэгт суралцдаг, ам бүл 7, аав, ээж, 2 ах, дүү нарын хамт А аймгийн Б сум З м баг ******* 00000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Чын Н /РД: ../

Холбогдсон хэргийн талаар:

Насанд хүрээгүй шүүгдэгч Б овогт Чын Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А. аймгийн Б сумын Збагт .. тоот хашаанаас Д.Агийн Самсунг А-21 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 480.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

  Мөрдөн байцаалтын шатанд 221200000 дугаартай эрүүгийн хэргээс:                            
    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Агийн мэдүүлсэн: “Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б сумын сургуулийн зааланд гар бөмбөгийн тэмцээнд оролцож байгаад хүүхдүүдтэйгээ ярих гээд өөрийнхөө дугаар руу хүний утаснаас залгаж ярьсан. Хэсэг хугацааны дараа манай охин Ш зааланд гүйж орж ирээд таны утсыг алдчихлаа, манай гэрт гаднаас Ч ахын аймагт суудаг хүүхэд нь орж ирсэн, өөр хүн орж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд би Ч ахынд очсон чинь гэр нь цоожтой хөдөө явчихсан гэхээр нь би хөдөөнийх нь айлын утас руу залгаад Ч ахтай яръя гэсэн чинь Н утсыг нь аваад эгчээ би танайхаас утас аваагүй гээд хэлсэн чинь Ч ах утсыг нь аваад манай хүүхэд дэлгүүрийн гаднаас утас олсон гэж нэг утас авчирч өгсөн. Одоо бид нар хөдөө байна, орой утсыг чинь аваачиж өгье гэж хэлсэн. Миний хулгайд алдсан утас А21 маркийн хөх өнгөтэй, өнгөгүй гэртэй гар утас байсан. Би тухайн үед гэртээ байгаагүй, манай хүүхдүүд миний утсаар хашаан дотор аавынхаа машин дотор тоглож байгаад дүүгийнхээ хувцсыг өмсүүлэх гээд утсаа орхиод орсон хойгуур нь Н түлхүүр багаж асууж орж ирсэн гэсэн. Тухайн үед манай 8 настай, 6 настай, 2 настай хүүхдүүд тэгээд манай хадам ээж байсан. Би хулгайд алдсан утсаа Архангай аймгийн төвөөс лизингээр утас зардаг хүнээс 2021 оны 9 сард 680.000 төгрөгөөр худалдан авч байсан.  Би гар утсаа эргүүлэн авсан. Миний утасны 2 симийг авч хаяад, гар утсыг форматалсан байсан. Би утсаа буцаагаад авчихсан болохоор гомдолгүй байна. Харин Н гэх хүүхдэд аав ээж нь анхаарал хандуулаасай гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Агийн дахин мэдүүлсэн: “Би хулгайд алдсан гар утсаа өөрийн төрсөн охин болох Шт гэртээ үлдээсэн. Манай охин гар утсаа авч гараад машин дотор авч суусан. Тэр хооронд би охин руу яриад миний хүү 2 дүүгээ хувцаслаад сургуулийн зааланд аваад ир гэж хэлсэн юм. Тэгсэн манай охин гар утсаа машин дотор орхиод гэр лүү орсон гэсэн. Гэр лүү орсон хойгуур Н гэх залуу гэрт ирсэн байсан гэсэн. Манай охин дүүгээ хувцаслаад машин дотроос гар утсаа авах гэсэн байхгүй байсан гэж хэлсэн. Би Шээс гар утсаа машин дотор үлдээсэн үү, эсвэл газар унагачихсан байсан уу гэж асуугаагүй. Харин манай охин надад хэлэхдээ машин дотор суудал дээр тавиад үлдээсэн гэж хэлсэн. Түүнээс газар унагаасан гэж хэлээгүй. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Хулгайд алдсан гар утсаа олж авсан учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нгийн мэдүүлсэн: “Би ******* ... багийн ******* 0000 тоотод байх гэртээ байж байхад танихгүй хүүхэд орж ирээд Г ахын түлхүүр багаж байна уу? мотоциклийн дугуй янзлах гэсэн юм гэж орж ирсэн. Тэгээд би Г ах чинь хөдөө явчихсан түлхүүр багажаа аваад явчихсан байхгүй миний дүү гэсэн чинь гараад явсан. Удалгүй манай 8 настай ач охин Ш манайд орж ирээд, эмээ баларсан ээжийн утас алга болчихлоо би машины урд суудал дээр тавьчихсан байсан юм гээд ороод ирсэн.  Би хашаанд, байшин, машин дотор хайгаад олоогүй мөн гэр рүү орж хайгаад олоогүй болохоор ээждээ очиж хэл гээд явуулсан. Тухайн үед гэрт манай 3 ач байсан. Өөр хүн байгаагүй. Би хулгайд алдсан утсыг ямар маркийн утас байсныг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Чын мэдүүлсэн: Манай хүү Н гар утас оллоо гээд ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа А залгаад Нг “чи миний утсыг авчихсан байна” гэхээр нь би Атай яриад сумын төв рүү орохоороо өгье гэж хэлсэн. Би утасны марк мэдэхгүй сааралдуу гэртэй утас байсан. Н ямар шалтгаанаар тухайн гар утасны сим картуудыг авч хаяж, тухайн гар утсыг порматласныг би мэдэхгүй байна. Н нь аймгийн төвд өвөө эмээтэйгээ хамт амьдарч, аймгийн төвд сургуульд сурдаг хүүхэд байгаа юм.  Хааяа амралтын өдрөөр гэртээ ирдэг, илүү дутуу буруу зангүй даруухан хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Нгийн мэдүүлсэн: “Манай хүү Н нэг гар утас авчирсан. Тэгээд А залгаад “Нямдаа миний утсыг авчихсан байна” гээд байсан.  Би утасны марк мэдэхгүй хар хөх өнгөтэй гар утас байсан. Н гэртээ ирэхдээ симгүй гар утас барьчихсан ирсэн. Н уг гар утасны сим картыг нь хаана хаясан талаар надад юм хэлээгүй. Н нь аймгийн төвд өвөө эмээтэй хамт амьдарч, аймгийн төвд сургуульд сурдаг хүүхэд байгаа юм, хааяа амралтын өдрөөр гэртээ ирдэг, тайван дөлгөөн зантай даруухан хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/ 

    Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Г.Шийн мэдүүлсэн: “Би гэрийнхээ хашаан дотор аавынхаа машин дотор 2 дүүтэйгээ ээжийнхээ утсаар тоглож байсан чинь нэг ах гаднаас орж ирээд аав нь байна уу, түлхүүр багаж нь байна уу, гэхээр нь аав байхгүй түлхүүр багаж нь байхгүй, аав аваад явчихсан гэж хэлсэн чинь тэр ах намайг ахын дүү буугаад ир хоёулаа амбаарт чинь хайгаад үзье гээд амбаарт ороод хамаг юм ухаад байхаар нь би түлхүүр багаж байхгүй, аав хөдөө явахдаа бүгдийг нь аваад явчихсан гэж хэлээд гэр рүүгээ орж дүүдээ хувцсыг нь өмсүүлчихээд гарч ирээд машин дотроос ээжийн утсыг хайгаад олоогүй. Тэгээд би эмээгийндээ ороод эмээдээ хэлсэн. Би манай гэрт түлхүүр багаж асууж орж ирсэн хүнийг танихгүй. Өмнө нь ганц нэг удаа харж байсан. Би ээжийнхээ гар утсыг жолооч талын урд суудал дээр тавьж орхисон. Манай ээжийн гар утас кодгүй байсан. Хулгайд алдсан утас Самсунг А21 маркийн гар утас байсан. Гар утас алга болох үеэр манайд гаднаас өөр хүн орж ирээгүй, түлхүүр багаж асуусан тэр ах л орж ирсэн. Гар утас алга болох үед би 2 дүүтэйгээ тэгээд хашаан дотор монгол гэрт эмээ байсан. Манайд орж ирээд түлхүүр багаж асуусан хүн ганцаараа явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/ 

    Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй яллагдагч Ч.Нгийн мэдүүлсэн: “Намайг Архангай аймгийн Б сумын ******* 00 багийн ******* 0000 тоотод байдаг Г ахын хашаанд ороход саарал өнгийн тээврийн хэрэгслийн ертөнцийн зүгээр зүүн тал буюу жолоочийн талын хаалганы доор газар нэг гар утас байсан юм. Тэгээд тухайн гар утсыг авчихсан юм. Гар утсыг авсан шалтгаан нь  тухайн гар утас их гоё гар утас байхаар нь өөрөө ашиглана гэж бодоод авсан. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй.


Би тухайн гар утсыг хохирогч Д.Агийн гар утас гэдгийг мэдэж байсан. Буцааж аваачиж өгөхөөр загнах байх гэж бодоод буцааж өгөөгүй. Намайг тухайн гар утсыг авч байхыг харсан хүн байхгүй. Би хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан буюу хулгай хийсэн гар утсаа буцааж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

    Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 65 хуу/ 
    Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 хуу/ 
   Х овогт Чын Нгийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 70-71 хуу/ зэрэг болно. 

Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А аймгийн Б сумын 00 багт ******* 0000 тоот хашаанаас Д.Агийн Самсунг А-21 эс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 480.000 төгрөгийн хохирол  учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Өсвөр насны шүүгдэгч Ч.Н нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Н нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Б сумын Зүүн мод багт ******* 2-209 тоот хашаанаас Д.Агийн Самсунг А-21 эс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 480.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Агийн мэдүүлсэн: “2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай охин Ш зааланд гүйж орж ирээд таны утсыг алдчихлаа, манай гэрт гаднаас Ч ахын аймагт суудаг хүүхэд нь орж ирсэн, өөр хүн орж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд би Ч ахынд очсон чинь гэр нь цоожтой хөдөө явчихсан гэхээр нь би хөдөөнийх нь айлын утас руу залгаад Ч ахтай яръя гэсэн чинь Н утсыг нь аваад эгчээ би танайхаас утас аваагүй гээд хэлсэн чинь Ч ах утсыг нь аваад манай хүүхэд дэлгүүрийн гаднаас утас олсон гэж нэг утас авчирч өгсөн. Одоо бид нар хөдөө байна, орой утсыг чинь аваачиж өгье гэж хэлсэн. Би гар утсаа эргүүлэн авсан. Би утсаа буцаагаад авчихсан болохоор гомдолгүй байна. Харин Н гэх хүүхдэд аав ээж нь анхаарал хандуулаасай гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

    мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Агийн дахин мэдүүлсэн: “Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Хулгайд алдсан гар утсаа олж авсан учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 хуу/

    мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нгийн мэдүүлсэн: “Би ******* 00 багийн ******* 0000 тоотод байх гэртээ байж байхад танихгүй хүүхэд орж ирээд Г ахын түлхүүр багаж байна уу? мотоциклийн дугуй янзлах гэсэн юм гэж орж ирсэн. Тэгээд би Г ах чинь хөдөө явчихсан түлхүүр багажаа аваад явчихсан байхгүй миний дүү гэсэн чинь гараад явсан. Удалгүй манай 8 настай ач охин Ш манайд орж ирээд, эмээ баларсан ээжийн утас алга болчихлоо би машины урд суудал дээр тавьчихсан байсан юм гэж хэлсэн.  Би хашаанд, байшин, машин дотор хайгаад олоогүй мөн гэр рүү орж хайгаад олоогүй болохоор ээждээ очиж хэл гээд явуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/

    мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Чын мэдүүлсэн: Манай хүү Н гар утас оллоо гээд ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа А залгаад Нг “чи миний утсыг авчихсан байна” гэхээр нь би Атай яриад сумын төв рүү орохоороо өгье гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

    мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Нгийн мэдүүлсэн: “Манай хүү Н нэг гар утас авчирсан. Тэгээд А залгаад “Нямдаа миний утсыг авчихсан байна” гээд байсан.  Би утасны марк мэдэхгүй хар хөх өнгөтэй гар утас байсан. Н гэртээ ирэхдээ симгүй гар утас барьчихсан ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/ 

    мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Г.Шийн мэдүүлсэн: “Би гэрийнхээ хашаан дотор аавынхаа машин дотор 2 дүүтэйгээ ээжийнхээ утсаар тоглож байсан чинь нэг ах гаднаас орж ирээд аав нь байна уу, түлхүүр багаж нь байна уу, гэхээр нь аав байхгүй түлхүүр багаж нь байхгүй, аав аваад явчихсан гэж хэлсэн чинь тэр ах намайг “ахын дүү буугаад ир хоёулаа амбаарт чинь хайгаад үзье” гээд амбаарт ороод хамаг юм ухаад байхаар нь би түлхүүр багаж байхгүй, аав хөдөө явахдаа бүгдийг нь аваад явчихсан гэж хэлээд гэр рүүгээ орж дүүдээ хувцсыг нь өмсүүлчхээд гарч ирээд машин дотроос ээжийн утсыг хайгаад. Би ээжийнхээ гар утсыг жолооч талын урд суудал дээр тавьж орхисон. Гар утас алга болох үеэр манайд гаднаас өөр хүн орж ирээгүй, түлхүүр багаж асуусан тэр ах л орж ирсэн. Манайд орж ирээд түлхүүр багаж асуусан хүн ганцаараа явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/ 

    мөрдөн байцаалтын шатанд насанд олоогүй хүрээгүй яллагдагч Ч.Нгийн мэдүүлсэн: “Намайг Архангай аймгийн Б сумын Збагийн ******* 2-209 тоотод байдаг Г ахын хашаанд ороход саарал өнгийн тээврийн хэрэгслийн ертөнцийн зүгээр зүүн тал буюу жолоочийн талын хаалганы доор газар нэг гар утас байсан юм. Тэгээд тухайн гар утсыг авчихсан юм. Гар утсыг авсан шалтгаан нь  тухайн гар утас их гоё гар утас байхаар нь өөрөө ашиглана гэж бодоод авсан. Би хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан буюу хулгай хийсэн гар утсаа буцааж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
                     
    “Мэргэн гүн аудит” ХХК-ийн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Ч.Нг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна 

       Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

        Өсвөр насны шүүгдэгч Ч.Нд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

            Өсвөр насны шүүгдэгч Ч.Нд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 95 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Ч.Н нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч Д.Агийн “...Хохирол төлбөрөө бүрэн авсан. Хулгайд алдсан гар утсаа олж авсан.Надад гомдол санал байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, 53-54 хуу/ авагдсан байх тул өсвөр насны шүүгдэгч Ч.Н нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

       Өсвөр насны шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

    Өсвөр насны шүүгдэгч Ч.Нгийн байнгын оршин суудаг хаяг нь Архангай аймгийн Б сумын ******* 000 багийн ******* 0000 тоот байх ба мөн Архангай аймгийн ЭрдэнэБ сумын 1 дүгээр баг Цагаан давааны 35-17 тоотод түр оршин сууж Архангай аймгийн 3 дугаар сургуулийн 8б бүлэгт суралцдаг нөхцөл байдал тогтоогдож байх тул эдгээрийг харгалзан Ч.Нд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Архангай аймгийн Б сум болон Архангай аймгийн ЭрдэнэБ суманд эдлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 18.1 дүгээр зүйлийг тус тус заасныг удирдлага болгон


                                                               ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Х овогт Чын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нг 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нг 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих мөн Архангай аймгийн Б сумын ******* 000 баг болон Архангай аймгийн ЭрдэнэБ сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нд оногдуулсан 6 /зургаа/ сар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй. 

6. Шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Нгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ч.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


     
                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ