Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар  2022/ШЦТ/218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Ц.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Өт холбогдох 221200000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.


Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын Ө багийн Гийн .. тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 00 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1992 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ял, 2021 оны 06 дугаар сарын 04- ний өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц Ө /../


Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Э сумын Ибагийн Ш гэх газар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн И.Гтай “мал гадуурхлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
 Мөрдөн байцаалтын шатанд 221200000 дугаартай эрүүгийн хэргээс

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.Гын мэдүүлсэн: ...  Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дүүгийн 3-5 насны хоёр хүүхдийн хамт Бөхөн шарын нуруунд маллаж байгаа “Хүдэрнүүдээ” хивэг тэжээл өгөөд Урт Шанд явж байхад саахалт айлын Ц.Ө гэх залуу ачааны машинтайгаа урдаас ирэхээр нь би мотоцикльтойгоо зогссон. Тэгсэн Ц.Ө машинаасаа бууж ирээд мэндийн зөрүү байхгүй намайг заамдаж аваад татахаар нь би зөрүүлээд Ц.Өыг заамдаж авахад Ц.Ө миний хамар луу мөргөсөн. Тухайн үед миний хамарнаас цус гоожихоор нь би доошоо тонгойход дахин барьж аваад ална шүү гээд мөргөх гэхэд Ц.Өын малчин Э гэх залуу Ц.Өыг боль гэж татаад авсан. Ц.Өын хүү Г ахаа хамар чинь муухай хонхойж орсон байна гэсэн. Тэгээд би цусаа тогтоомоор байна нойлын цаас, алчуур байна уу гэхэд Ц.Ө машиныхаа алчуурыг өгөөд арчиж тогтоогоод яв гээд машинаа асаагаад яваад өгсөн. Би хоёр дүүгийн хамт дүү Нгийнд очсон. Миний хамарнаас цус гараад тогтохгүй болохоор нь Ч гэх саахалт айлын эгчтэй утсаар ярьж цус тогтоох тариа байна уу гэж асуухад Ч эгч байгаа битгий хамаагүй хөдлөөрэй би яваад очъё гэсэн. Удалгүй Ч эгч ирээд цус тогтоох тариа хийж өгсөний дараа сумаас түргэний эмч ирж үзээд сумын төв рүү авч яваад эмнэлэгт хэвтүүлсэн. Маргааш өглөө нь Улаанбаатар хот явж гэмтлийн эмнэлэгт үзүүлж, хамарын зураг авахуулж хамартаа чихээс хийлгэсэн. Ц.Өтай урд өмнө Урт шивэртээс мод хийгээд рашааны ихэнд малын хашаа барихаар нь Аймгийн ой ангид Ц.Өыг зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн эсэхийг шалгуулахаар өргөдөл гаргасан юм. Тэрнээс болсон гэж бодож байна. Ц.Өын хүү, малчин Э би дүүгийн 3-5 насны хоёр хүүхдийн байсан. Би Ц.Өыг цохиогүй. Би Ц.Өт зодуулснаас болж миний хамар хугарч, цөмөрсөн. Одоо миний хамар битүүрч даралт ихсээд толгой өвдөөд байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Би эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон учраас гомдолтой байна. Эмчлгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилнэ. Би эмчилгээ хийлгэсэн зардлын баримтаа хэрэгт гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуу/,


Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чийн мэдүүлсэн: ... 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр И.Н утсаар залгаад Г ахын хамраас цус гараад тогтохгүй байна. Танайд цус тогтоох талын юу байна би яахаа мэддэггүй та хүрээд ирээч гэхээр нь би очисон. Нгийнд очиход Гын хамраас цус гараад тогтохгүй хоёр хамарийг бөглөхөөр амаар нь гараад байсан. Би яасан юм гэж асуухад Хүдэрээ эргээд явж байхад Ө машинтайгаа зогсохоор нь мотоцикльтойгоо зогсоход мэндийн зөрүү байхгүй машинаас бууж ирээд намайг мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд би дуудлагын эмч ирэхээр нь миний хийсэн тариа, эм хоёрыг эмчидээ үзүүлээрэй, хүйтэн алчуураар жин тавь гэж хэлээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/,


Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Нгийн мэдүүлсэн: ... 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хүдэрт тэжээл өгөх гээд явсан. Тэгээд 16 цагийн үед ахын хамарнаас цус гарсан ирэхээр нь та яасан гэхэд Ө таараад намайг барагтайхан байгаарай гэж хэлээд мотоциклиос буугаагүй байхад заамдаж аваад мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд ахын хамарын цус нь тогтохгүй байсан. Би эмнэлэг рүү дуудлага өгөөд саахалт айлын эгч Ч эгчтэй утсаар яриад цус тогтоох тариа асуухад Ч эгч байгаа. Би очъё гэсэн. Ч эгч Г ахад цус тогтоох тариа хийсэн. Сумаас дуудлагын эмч ирээд ахыг үзээд сумын төв аваад явсан. Г ахын хамар намшийсан байсан. Би ах Г, Ө хоёрын хооронд ямар нэгэн өс хонзонтой эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,


Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Өын мэдүүлсэн: ... Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ямар нэгэн санал хүсэлт байхгүй Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,


Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 000 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. И.Гын биед хамрын зүүн хажуу ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуу/,    


 Архангай аймгийн Э сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 хуу/ 
Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 88-99 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх үйл баримт:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогч И.Гыг “мал гадуурхлаа” гэх шалтгаанаар Ц.Ө нь түүний нүүрэн тус газар нь мөргөж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн байна. 


Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Ө нь гэм буруутай байна.


Шүүгдэгч Ц.Ө нь 03 дугаар сарын 10-ны өдөр “мал гадуурхлаа” гэх шалтгаанаар иргэн И.Ганыг мөргөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан: 


хохирогч И.Гын мэдүүлсэн “...намайг заамдаж аваад татахаар нь би зөрүүлээд Ц.Өыг заамдаж авахад Ц.Ө миний хамар луу мөргөсөн. Тухайн үед миний хамарнаас цус гоожихоор нь би доошоо тонгойход дахин барьж аваад ална шүү гээд мөргөх гэхэд Ц.Өын малчин Э гэх залуу Ц.Өыг боль гэж татаад авсан. Ц.Өын хүү Г ахаа хамар чинь муухай хонхойж орсон байна гэсэн..... ” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, 


гэрч И.Нгийн мэдүүлсэн “...16 цагийн үед ахын хамарнаас цус гарсан ирэхээр нь та яасан гэхэд Ө таараад намайг барагтайхан байгаарай гэж хэлээд мотоциклиос буугаагүй байхад заамдаж аваад мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд ахын хамарын цус нь тогтохгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,  


гэрч Д.Чийн мэдүүлсэн “...И.Н утсаар залгаад Г ахын хамраас цус гараад тогтохгүй байна. Танайд цус тогтоох талын юу байна би яахаа мэддэггүй та хүрээд ирээч гэхээр нь би очисон. Нгийнд очиход Гын хамраас цус гараад тогтохгүй хоёр хамарийг бөглөхөөр амаар нь гараад байсан. Би яасан юм гэж асуухад Хүдэрээ эргээд явж байхад Ө машинтайгаа зогсохоор нь мотоцикльтойгоо зогсоход мэндийн зөрүү байхгүй машинаас бууж ирээд намайг мөргөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,  
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ц.Ө яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/, 


хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 000 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.


Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.


Иймд шүүгдэгч Ц.Өыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.


Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ц.Ө нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “мал гадуурхлаа” гэх шалтгаанаар маргалдаж, И.Гын нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна. 


Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.


              Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
           Шүүгдэгч Ц.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 


           Шүүгдэгч Ц.Өын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Шүүхийн шийдвэх гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн болно.   


           Шүүгдэгч Ц.Ө нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.


Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч И.Г нь гэмт хорын хохиролд нийт 1.951.878 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс /хх-ийн 102 хуу/ түүний Улаанбаатар хотод эмчлүүлсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаатай тохирч байгаа үеийн бензиний зардал, эм тарианы үнэ зэргийг тооцон доорх 1.150.352 төгрөгийг шүүгдэгч Ц.Өаас гаргуулж хохирогч И.Гад олгуулах үндэслэлтэй гэж үзэв. 


Үүнд:  2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр толгойны зураг авахуулсаны төлбөр 120.000 төгрөг,  2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр авсан бензиний үнэ 30.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр авсан бензиний үнэ 100.000 төгрөг,  2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр авсан эмийн үнэ 3350 төгрөг,  2022 оны 03 дугаар сарын 14-ний машины зогсоолын төлбөр 3000 төгрөг,  2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр авсан бензиний үнэ 114.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний эмнэлгийн үзлэгийн төлбөр 60000 төгрөг,  2022 он 03 дугаар сарын 21-ний өдөр авсан эм тарианы үнэ 48.300 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр авсан эмийн үнэ 130.500 төгрөг,  2022 оны 03 дугаар сарын 14-ний авсан эм тарианы үнэ 47292+1280=48.572 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрийн зогсоолын төлбөр 5000+4500=9500 төгрөг,  2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр авсан бензиний үнэ 85.030 төгрөг,  2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр авсан бензиний үнэ 70.000 төгрөг,  2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр авсан бензиний үнэ 10.000 төгрөг,  2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр авсан бензиний үнэ 90.000 төгрөг,  2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хохирогч И.Гын Улаанбаатар хотоос Эрдэнэбулган сум руу зорчсон автобусны билетын үнэ 35.200 төгрөг,  2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авсан бензин үнэ 94.000 төгрөг,  2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр авсан бензин үнэ 100.000 төгрөг нийт 1.150.352 төгрөг болно.


 Харин И.Гын 2022 оны 03 дугаар зүйлийн 12-ны өдрөөс 2022 оны 03 дугаар 14-ний өдрүүдэд эмчлүүлсэн байдлыг харгалзан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр авсан бензиний үнэ 120.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр авсан бензиний үнэ 251.000 төгрөг /хохирогч нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 18 минутад тухайн 251.000 төгрөгийн бензин авсан. Зам зуур ШТСтанцаас 100.000 төгрөгийн бензин авсан байгаа тул 2022 оны 03 дугаар сарын 11-нд Улаанбаатар хот руу машинаар явсан гэж үзэх боломжгүй байна/. 2022 оны 03 дугаар сарын 11-нд авсан бензин, Д. Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хот руу ирж, буцсан автобусны тийзний үнэ 70.400 төгрөг, хүнсний үнэ 27200+17560+30000+9300+8000+10200=102.260 төгрөг, баримт ирүүлээгүй 157.866 төгрөг бүгд 801.526 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 


           Шүүгдэгч Ц.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    


           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон


                                                                               ТОГТООХ нь:


             1. Шүүгдэгч Б овогт Цийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.


            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 


            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өт оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай. 


            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 


            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Цийн Өаас 1.150.352 /нэг сая нэг зуун тавин мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн Э сумын Ибагийн Урт шивэрт гэх газарт оршин суух Б овогт Иийн Г /РД:000000/-д олгож, хохирогч И.Гын нэхэмжлэлийн шаардлагаас 801.526 /найман зуун нэг мянга таван зуун хорин зургаан/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 


            6. Шүүгдэгч Ц.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Өын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 


            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 


            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ