Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 199

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч А.Оюунгэрэл,

иргэний хариуцагч Г.Мягмарсүрэн,

хохирогч Ц.Цэнгэлмааг төлөөлж түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ренцэнхорлоо, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

шүүгдэгч Б.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч М.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Хөх галсан овогт Баатарын Мөнхжаргалд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201524001251 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хөх галсан овогт Баатарын Мөнхжаргал, 1970 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  Налайх дүүргийн Уурхайчдын 18-636 тоотод оршин суух, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид тогооч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ШЕ70090271 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11-15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний замд иргэн Тамирын эзэмшлийн Тоёота Королла Филдер маркийн 12-23 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц.Цэнгэлмаагийн жолоодож явсан Т.Пробокс маркийн 13-76 УБТ улсын дугаартай автомашиныг мөргөж, Ц.Цэнгэлмаагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, иргэн Ж.Оюунчимэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 30 минутын үед Налайхаас Улаанбаатар руу Оюунчимэгийн хамт барилгын материал авахаар явж байсан. Гүүрэн дээр явж байхад гулгаа үүсч Цэнгэлмаагийн машинтай мөргөлдөж би ухаан алдсан. Намайг сэргэхэд талийгаач Оюунчимэг намайг машинаас гаргаад өгөөч гэж хэлж байсан. Хохирогч Цэнгэлмаагийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ренцэнхорлоо шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний нэхэмжилж байгаа мөнгө бол талийгаачийг өвчтэй, 5 удаа хагалгаанд орох үед миний зарцуулсан мөнгө. Таны хэлж байгаа 48 сая төгрөг бол Цэргийн анги Монгол улсын хуулиар ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан үед өгдөг тэтгэмж. Энэ мөнгийг талийгаачийн Хаан банкны зээлд өгсөн. Үлдсэн мөнгийг хүүхдийнх нь тархины хавдарыг эмчлэх эмчилгээнд зарцуулсан. Энэ тухай Мөнхжаргал өөрөө мэдэж байгаа. Талийгаачийн эмчилгээ болон оршуулгын зардалд нийт 23 сая төгрөг зарцуулсан бөгөөд шүүгдэгчээс одоо 11.9 сая төгрөгийг нэхэмжилнэ, бид маш их гомдолтой байна” гэв.

Хохирогч Ж.Оюунчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 014 дүгээр ангийн ахлах тогооч ажилтай юм. Осол болсон өдрийн 10:00 цагийн үед ажлаасаа гарч будганд явах хэрэгтэй болсон. Тухайн үед явах машин байхгүй байсан учраас тогооч Мөнхжаргалыг Тамирын машиныг авчих хамт яваад ирье, тэгээд Мөнхжаргал Тамираас машиныг нь гуйж аваад бид хоёр хамт хот руу явсан. Ингээд Туулын гүүр гарч байсан. Нэг мэдсэн чинь түс тас хийх шиг болсон би машины цонхоор бууж байсан. Тэгээд осол болсоны дараа замаар явж байсан машиныг гуйж би дайгдаж, улмаар госпиталд ирсэн. Ослын талаар би огт санахгүй байна. Хамгийн сүүлд туулын туулын гүүрээр гарах гэж байсан. Нэг мэдэхэд осол болоод машин зогсчихсон. Яг яаж осол үйлдэгдсэнийг огт санахгүй байна. Мөнхжаргал Тамирын машиныг жолоодоод би хажуу талынхан суудал дээр сууж явсан. Мөнхжаргал машиныг жирийн хэвийн хурдтай жолоодон явсан. 014 дүгээр ангиас гараад Туулын гүүр хүртэл замд явахад Тамирын машины тормос хэвийн ажиллаж байсан. Осол болох үед болон өмнө нь Мөнхжаргал машины тормос ажиллахгүй байна гэж огт хэлээгүй, мөн би тийм зүйл ажиглаагүй. Ажлын шаардлагаар олон удаа Мөнхжаргал, Тамирын машиныг гуйж ажилд явж байсан. Би ч сууж байсан. Тэр үед тормос ажиллахгүй эвдэрсэн талаар юу ч хэлж байгаагүй, мөн ажиллахгүй байсан тохиолдол байхгүй. Тухайн үед зам халтиргаатай байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Би юу мөргөсөн өө санахгүй байна. Надад гомдол санал байхгүй. Миний хэвлий хөндийн битүү гэмтэл, мөн дэлүүгээ тайруулсан. Би 5 удаа хагалгаанд орсон. Ер нь бие хүнд байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би гуйж байж авч явсан Мөнхжаргалаас юуг нь авах билээ...” гэсэн мэдүүлэг. /хх20-21/,

Хохирогч А.Рэнцэнхорлоо мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Пүрэвсүх намайг энэ хэрэгт хохирогчоор орохыг зөвшөөрсөн Пүрэвсүх тархины хавдартай гэж хагалгаанд орсон болон эхээ алдсан даа сэтгэл санааны дарамтанд байгаа мөн шүүхээр явах боломжгүй байгаа. Ийм учираас энэ хэрэгт би хохирогчоор төлөөлж оролцож байна манай төрсөн дүү маань 5 удаа хагалгаанд орсон 50 гаруй хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад гэмтлийн улмаас нас барсан дүүгийнхээ эмчилгээнд гарсан зардлын тооцоог гаргаж буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг. /2 хавтас, хх-107/,

Хохирогч Ц.Цэнгэлмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар хотод 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгаас ирсэн юм. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буцахаар болоод, 10.00 цаг өнгөрч байхад нутгийн хүн Батбаяр, хүү Сугарбаяр нарын хамтаар миний эзэмшлийн 13-76 УБТ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн машинтай явсан. Тухайн үед би жолоо барьж байсан, Батбаяр миний хажууд, хүү маань арын суудал дээр сууж явсан. Мөн машинд хүнсний бараа ачсан байсан. 11:00 цаг өнгөрч байхад Баянзүрхийн товчооны наад талын Туулын гүүрэн дэээр баруунаас зүүн чигт явж байсан чинь өөдөөс хар өнгийн Тоёота королла маркийн автомашин дайвалзаад зам голлоод яваад байсан. Уг машиныг Батбаяр бид хоёр харчихаад энэ одоо яг эгц өөдөөс яваад байх юм, яадаг хүн бэ гэж ярилцсан. Тэгээд би машинаа баруун гар талруугаа тултал нь шахтал нөгөө машин бас л зам голлоод яваад байсан. Би машинаа бараг зогсоогоод нөгөө хар өнгийн машиныг хажуугаар өнгөрүүлье гэтэл миний машины урд талын дугуй хэсгийг мөргөөд хажуугаар өнгөрсөн. Миний машин бараг зогсож байсан болохоор бүтэн эргэлгүй гүүрний хайсанд шахагдаж түлхэгдэн зогссон. Мөргөлт болсны дараа машинаас би, миний араас Батбаяр буусан. Тэр үед Тоёота Королла маркийн автомашины жолооч эрэгтэй буугаад ирсэн. Би тэр жолооч залууд чи цаашаагаа дараад явахад яадаг юм бэ гэхэд өөдөөс гүүрнээс нисдэг юм байгаа биз дээ гэхэд Батбаяр хүнд гай болж байхаар нисэхгүй яасан юм гэж гэхээр нь юм ярилцаагүй. Тэгтэл Тоёота Королла маркийн машины зүүн талд нь нэг хүн хэвтэж байгаа харагдсан. Би царай зүсийг нь хараагүй, холоос харахад хөл нь харагдсан, эрэгтэй, эмэгтэй аль нь байсныг мэдэхгүй байна. Би өөрийнхөө 9833**** дугаараасаа 102, 103 дугаар руу залгахад энэ дуудлагыг дөнгөж сая авсан байна гэсэн, миний бодлоор Тоёота Королла маркийн машины жолооч дуудлага өгсөн юм шиг байна лээ. Тэгээд би машиныхаа ойролцоо зогсож байсан ба Тоёота Королла маркийн машин руу огт очоогүй. Ойролцоогоор 10 орчим минутын дараа 103 машин ирээд намайг болон манай хүү Сугарбаярыг авч явсан, Батбаяр үлдсэн. Харин нөгөө Тоёота Королла маркийн машины гадна талд хэвтэж байсан хүн байхгүй байсан ба Тоёота Королла маркийн машины жолооч хэлэхдээ өөр замын машинаар эмнэлэг рүү хүргүүлсэн гэж байсан. Би 20 орчим км хурдтай явсан. Тоёота Королла маркийн машиныг хараад бараг зогсох гэж байсан. Би машинтайгаа гүүрлүү орчихсон байсан, харин Тоёота Королла маркийн машин дөнгөж гүүрний эхэнд орж ирж байсан. Ойролцоогоор 100 орчим км цагийн хурдтай явсан. Миний ойлгосноор тэр машины жолооч их хурдтай явсан ба гүүр их хальтиргаатай байсан болохоор зогсоож чадалгүй, хоёр талруугаа дайвалзаж байгаад, миний машиныг мөргөж зогссон байх. Зам нь их халтиргаатай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Миний урд машин байгаагүй, харин ард талд нэг жижиг суудлын тэрэг, түүний ард автобус байсан. Би улсын дугаарыг нь хараагүй, осол болсны дараа хажуугаар зөрөөд яваад өгсөн. Харин Тоёота Королло маркийн машины урд машин байгаагүй, ард нь бас нэг машин байсан, гэхдээ марк, дугаарыг нь мэдэхгүй байна. Осол болсны дараа мөн л яваад өгсөн. Жолооч эрэгтэй, манай машины хажууд газар хэвтэж байсан хүн, сүүлд сонсоход тэр хүн нь эмэгтэй хүн гэсэн, жолооч залуутай хамт нэг цэргийн ангид ажилладаг гэсэн. Миний өвчүү хугарсан байна гэсэн. Байнга л өвчин намдаах эм хэрэглэж байна. Сугарбаярын биеийн байдал гайгүй байгаа, одоо Хэнтий аймагт байгаа. Миний машины зүүн урд талын дугуй, гар нь хугарчихсан, кирла, мөн баруун хойд талын хэсэг буюу гүүрний хайсыг мөргөсөн тал нь эвдэрсэн байна лээ. Өөрөөр явах боломжгүй. Миний машин байгаа юм, гэхдээ Киа группийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байдаг. Энэ машиныг би Киа группээс 2015 оны 10 дугаар сард 3 сая төгрөгөөр зээлээр авсан юм, зээлийн гэрээтэй. Машин тэргээ янзлуулмаар байна. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байгаагүй, бүгд эрүүл саруул байсан, Тоёота Королла маркийн машины жолооч ч гэсэн зүгээр байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-34/,

 

Гэрч Б.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Цэнгэлмаа бид хоёр Хэнтий аймгийн Чингис хот буюу аймгийн төвд хамтарч дэлгүүр, мөн талхны үйлдвэр ажиллуулдаг юм. Бид хоёр бараа авахаар Улаанбаатар хотод 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ирээд, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буцахаар болсон. Ингээд 10.00 цаг өнгөрч байхад Цэнгэлмаа 13-76 УБТ улсын дугаартай Тоёота Пробокс машинаа унаад, би хажууд нь, арын суудалд Цэнгэлмаагийн хүү суугаад явсан. Баянзүрхийн товчоогоор гарах гээд Туулын гүүрэн дээр баруунаас зүүн чигт явж байсан чинь өөдөөс Тоёота Королла маркийн хар өнгийн автомашин урсгал сөрөөд, аймар хурдтай ороод ирсэн. Тэгэхээр нь Цэнгэлмаа бид хоёр энэ одоо ямар аймар хурдтай орж байнаа гэж ярилцсан. Тэр үед Цэнгэлмаа машинаа баруун талруугаа шахаад яг зогстол нөгөө Тоёота Королло маркийн машин хажуугаар гарахдаа мөргөсөн. Мөргөлт болсны дараа Цэнгэлмаагийн машин гүүрний хайсруу түлхэгдсэн, харин нөгөө Тоёота Королло маркийн машин өнхрөөд бүтэн эргээд зогссон. Тэгээд Цэнгэлмаа машинаасаа буусан, би буух гэтэл миний сууж явсан талын хаалга нээгдэхгүй байхаар нь жолоочийн хаалгаар буусан. Буугаад хартал Тоёота Королла маркийн машины жолооч нь буугаад ирчихсэн байсан. Цэнгэлмаа чи одоо яаж байнаа, хүн аллаа ш дээ гэхэд жолооч юм дугарахгүй байсан. Ингээд түргэн, цагдаа хоёр руу Цэнгэлмаа утсаараа залгаж дуудсан, эхэнд нь түргэн тусламжийн машин ирээд Цэнгэлмаа болон түүний хүү Сугарбаяр нарыг гэмтэл рүү аваад явсан, харин би болон Тоёота Королла маркийн машины жолооч залуутай үлдсэн. Удалгүй замын цагдаа, ирж хэмжилт хийсэн. Тоёота Королла маркийн машинд жолооч залуу байсан, өөр нэг хүн байсан гэсэн, гэхдээ би тэр хүнийг хараагүй, Тоёота Королла маркийн машин руу огт ойртож очоогүй. Жолооч залуугийн хамар бага зэрэг шалбарсан байсан. Сүүлд сонсоход Тоёота Королло маркийн машинд нэг эмэгтэй хүн байсан, тэр хүнийг 103 ирэхээс өмнө Замын машинд суулгаад гэмтэл рүү явуулсан гэж сонссон. Миний бие гайгүй байгаа, тухайн үедээ толгой мөр орчмоор бага зэрэг өвдөөд байсан. Одоо бол зүгээр. Цэнгэлмаа бид хоёр гүүр рүү орчихсон, харин Тоёота Королла маркийн машин гүүрний үзүүр дээр орж ирэхэд нь харсан. Тэр машин хоёр тал руугаа дайвалзаад зам голлоод явсан. Зам цастай байсан, тэр машин арай дэндүү хурдтай явсан. Цэнгэлмаа харчихаад бараг машинаа зогсоосон. Миний бодлоор их хурдтай явж байгаад зогсоож чадалгүй шарваж явсаар байгаад мөргөсөн байх гэж бодож байна. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Машинууд байж л байсан, гэхдээ ямар дугаартай, ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Тухайн үед машинд бараа аччихсан байсан…” гэсэн мэдүүлэг. /хх64-65/,

Иргэний нэхэмжлэгч Г.Тамир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...12-23 УНС улсын дугаартай авто машин миний эзэмшлийн машин, 2015 онд Онч Эх ББСБ-д 2.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан зээлээ төлж дууссан, машин осолд ороод нэр дээрээ шилжүүлж чадаагүй байгаа, надад гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-55/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн №1104 тоот дүгнэлтэд:

  1. Ц.Цэнгэлмаад өвчүү ясны далд хугарал, тархины доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2.  “Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт. /хх-77/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн №1112 тоот дүгнэлтэд:

  1. Ж.Оюунчимэгт хэвлийн битүү гэмтэл дэлүүний няцрал, нарийн гэдэсний цоорол, дэлүү мэс заслаар авагдсаны дараах байдал хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасан хүнд зэргийн гэмтэл болно гэсэн дүгнэлт.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №306 тоот дүгнэлтэд:

1. Ж.Оюунчимэгт хэвлийн битүү гэмтэл дэлүүний язарсан урагдал, чацархай нарийн гэдэсний урагдал, дэлүү авах болон нарийн гэдэс сэмж тайрах мэс ажилбарын дараах байдал, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл, олон эрхтэний дутагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Ж.Оюунчимэг дэлүү, нарийн гэдэс, сэмж гэмтсэн хүнд гэмтлийн улмаас олон эрхтэний дутагдалд орж нас барсан байна. Эмнэлэг зохих ёсны тусламж эмчилгээг үзүүлсэн боловч амь нас аврагдах боломж багатай хүнд гэмтэл авсан байна гэжээ.

Техникийн шинжээчийн №58 тоот дүгнэлтэд: Тоёота Королла Филдер маркийн 12-23 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баатарын Мөнхжаргал Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “...Т.Пробокс маркийн 13-76 УБТ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан Ц.Цэнгэлмаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт.

Хохирогч Ж.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-20-21/, хохирогч Ц.Цэнгэлмаагийн мэдүүлэг /хх-34/, гэрч Б.Батбаярын мэдүүлэг /хх64-65/, шинжээчийн №1104 тоот дүгнэлт /1 хавтас, хх-77/, шинжээчийн №1112 тоот дүгнэлт /хх-79/, шинжээчийн №58 тоот дүгнэлт /1 хавтас, хх-145/, иргэний хариуцагч Г.Тамирын мэдүүлэг /хх-245/, хохирогч А.Рэнцэнхорлоогийн мэдүүлэг /2 хавтас, хх-107/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11-15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний замд иргэн Тамирын эзэмшлийн Тоёота Королла Филдер маркийн 12-23 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц.Цэнгэлмаагийн жолоодож явсан Т.Пробокс маркийн 13-76 УБТ улсын дугаартай автомашиныг мөргөж, Ц.Цэнгэлмаагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, иргэн Ж.Оюунчимэгийн амь насыг хохироосон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнхжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ осол гаргаж бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал боловч хохирол төлбөрөө төлөөгүй нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Хохирогч Ц.Цэнгэлмаагийн хохирлыг шүүгдэгч Б.Мөнхжаргал нөхөн төлж хохирогчийн өмгөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогч Ц.Цэнгэлмаад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ренцэнхорлоо нь талийгаачийн оршуулганд зарцуулсан нийт 11.900.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд хавтас хэрэгт авагдсан баримтаар 11.382.840 төгрөгийг иргэний хариуцагч Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ренцэнхорлоод олгох нь зүйтэй.

Шүүх гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Мөнхжаргалаас нийт 11.382.840 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Мөнхжаргалд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Баатарын Мөнхжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ осол гаргаж бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт хураагдан ирсэн Б.Мөнхжаргалын B ангиллын  №590491 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Замын цагдаагийн газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас 11.382.840 /арван нэгэн сая гурван зуун наян хоёр мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ренцэнхорлоод олгосугай.

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалаас 11.382.840 /арван нэгэн сая гурван зуун наян хоёр мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнхжаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР