Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2445

 

МАГАДЛАЛ

 

2017.11.29                                                    Дугаар 2445                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02171 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч. Ч ,

Хариуцагч Б Э Т ХХКнарт холбогдох,

Ачааны вагоны үнэ болон хөлсөлсний төлбөрт 108 362 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Э,

Хариуцагч: Ч. Ч ,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: А ХХК нь худалдах, худалдан авах тухай гэрээгээр “Хатан бүүвэй” ХХК-иар дамжуулан 2012 оны 5 дугаар сард Казакстан улсаас ачаа тээврийн зориулалттай битүү вагоныг импортлон оруулж ирсэн. Энэхүү вагоныг Б Э Т ХХКзахирал Ч. Ч ын хүсэлтээр түүнд төлбөртэй хөлсөлж байсан, хөлслөх хугацаандаа тус ачааны битүү вагоныг Б Э Т ХХК шилжүүлэн өгсөн бөгөөд одоо тус компанийн эзэмшил дээр бүртгэлтэй байгаа болно. Б Э Т ХХКзахирал Ч. Ч  манай компаниас ачааны битүү вагон худалдаж авахдаа тухайн вагоныг хөлслөн ашиглаж байсан хугацааны дутуу төлбөр, вагоныг худалдаж авсан үнэ нийт      108 362 800 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тохиролцон бичгээр баталгаа гаргаж гарын үсгээ зурсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд “Баян-Эрдэнэ трейд” ХХК, болон захирал Ч. Ч аас      108 362 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б Э Т ХХКнь 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Хатан бүүвэй” ХХК-иас 1980 онд үйлдвэрлэсэн 740001 тоот ачааны битүү вагоныг 10 000 000 төгрөгөөр талууд харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч, Улаанбаатар төмөр замд түрээслэн ашиглаж байгаа болно. Нэхэмжлэгч А ХХК Ч. Ч ын нэрийн өмнөөс 2012 он, 2013 онд төлбөр тооцоог төлж байсан гэдэг нь үндэслэлгүй зүйл бөгөөд хариуцагч “Баян-Эрдэнэ трейд” ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. “Хатан бүүвэй” ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Казакстан улсын Акмолинскийн вагон засварын үйлдвэртэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан, холбогдох төлбөр тооцоо болох 25 000 ам.долларыг төлж өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь төлбөрийн нэхэмжлэх болон гаалийн мэдүүлэг дээрээс харагддаг. “Хатан бүүвэй” ХХК нь оруулж ирсэн ачааны вагоноо 2 жилийн турш эзэмшиж ашиглан үр шимийг нь хүртэж байсан бөгөөд тухайн компанийн үйл ажиллагаа Ч. Ч т хамааралгүй юм. Тооцоо нийлсэн гэх 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хариуцагч Ч. Ч ын гарын үсэгтэй баримтын тухайд хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд ийм баримт үйлдсэн талаар хариуцагч мэдээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч. Ч  болон “Баян-Эрдэнэ трейд” ХХК-иас 108 362 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 699 764 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч нараас 699 764 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг бодитойгоор үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д, 40.3-д заасан үүргээ биелүүлсэнгүй хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл “Хэргийн бодит үнэнийг тогтоох” тусгай зарчмыг мөрдлөг болгосонгүй хэмээн үзэж тус гомдлыг гаргасан болно. Учир нь, А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, нэхэмжлэлийн  үндэслэл нь тодорхойгүй байхад шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь хуульд нийцсэнгүй шийдвэр болжээ. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр 30 000 000 төгрөг нэхэмжилдэг. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн ямар эд хөрөнгийг түрээсэлсэн болох нь тодорхойгүй буюу Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд түрээслүүлэгч нь эд хөрөнгийг шилжүүлэх, түрээслэгч нь ашигласан хөлс төлөх үүрэг бүхий гэрээ бөгөөд хариуцагч нь түрээсийн эд хөрөнгийг шилжүүлж аваагүй, түрээсийн эд хөрөнгө нь тодорхойгүй байна. Мөн Иргэний хуулийн 318.3-д зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулахыг шаарддаг бөгөөд Иргэний хуулийн 318.4-д заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр бус байх хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг шалгах үүргээ биелүүлсэнгүй. Нэхэмжлэгч нь өөрөө вагоны тооцоо хэмээн жагсаалтыг үйлдэж, түүнийгээ нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм. Мөн хавтаст хэргийн 55 дугаар хуудаст авагдсан 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 184/ЕШ32017/00689 тоот хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг баталгаажуулах тухай Ерөнхий   шүүгчийн захирамжинд А ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч. Ч т холбогдох   108 362 800 төгрөг гаргуулах гэж бичээд “Баян-Эрдэнэ” ХХК-иар төлбөр гаргуулахаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ч. Ч , Б Э Т ХХК холбогдуулан “Хатан бүүвэй” ХХК-иар зуучлуулан ачааны вагоны үнэ болон хөлсөлсний төлбөрт 108 362 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар “Хатан бүүвэй” ХХК-д вагоны үнийг төлж худалдан авсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Хатан бүүвэй” ХХК-ийн захирал С.А нь 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Акмолинский вагон засварын үйлдвэр” хувьцаат нийгэмлэгтэй №098-06ПК гэрээ байгуулан 1 ширхэг битүү вагоныг      25 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон.

Дээрх вагоныг худалдан авахад хариуцагч Ч. Ч  хамт явсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүйгээс гадна 2012 оны 4 дүгээр сарын      19-24-ний өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 28 575 ам.доллар шилжүүлсэн баримтыг нэхэмжлэгч нь вагоны үнэ гэж тайлбарласан.

Хариуцагч нь вагоныг “Хатан бүүвэй” ХХК-иас худалдаж авсан гэх тайлбараа нотлохоор, эдгээр талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг шүүхэд ирүүлсэн боловч вагоныг худалдан авсан гэх тайлбар нь ““Баян-Эрдэнэ” ХХК нь вагоны төлбөр тооцоо 108 362 800 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бүрэн төлж дуусгана” гэж бичиж А ХХК-ийн захирал Ө.Барсүрэн, хариуцагч Ч. Ч  нар гарын үсэг зурсан баримтаар няцаагдаж байна.

Түүнчлэн хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан Вагоны тооцоо нийлсэн баримтад төлбөрийн үлдэгдэл 108 362 800 төгрөг болохыг талууд дүгнэж, баталгаажуулан зохигч гарын үсэг зурсан байна. Хэргийн 9, 70 дугаар хуудсанд байгаа бичмэл баримтад зурсан гарын үсгийг хариуцагч Ч. Ч  зураагүй гэж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байгаа боловч шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаагүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд түүний зардлаар худалдан авсан вагоныг даалгавар өгөгч болох хариуцагч иргэн, компани нь нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөгүй байх тул вагоныг бусдад түрээслэн хариуцагч орлого олсонтой холбогдуулан, талууд баримт үйлдэн баталгаажуулсан төлбөрийг шаардсаныг хангасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ байгуулагдсан байна.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02171 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх...” гэснийг “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 699 764 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                              Д.БАЙГАЛМАА

 

                                                         М.НАРАНЦЭЦЭГ