Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2075

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б ХХК -ийн гаргасан,

 

Хариуцагч: М-д холбогдох,

 

179,251,250.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, А, хариуцагч М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, өмгөөлөгч Б, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Манай компани хариуцагч Мтэй 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, 213 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,800,000.00 төгрөг, нийт 383,400,000.00 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирсон боловч энэхүү гэрээг цуцалсан.

 

            Гэвч бид, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дахин үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороонд баригдаж буй орон сууцнаас 1 дүгээр байр, 4 дүгээр орц, 3 дугаар давхарт 5 тоот хаягт 96.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,750,000.00 төгрөг, нийт 169,000,000.00 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирсон.

 

            Хариуцагч тал энэхүү гэрээний дагуу өмнө 106,070,000.00 төгрөг төлснийг гэрээний төлбөрөөс хасч, үлдэх 63,000,000.00 төгрөгийг бэлэн мөнгөөр болон элс, хайрга, тоосго зэргээр төлөхөөр болж, тэрээр энэ хугацаанд нийт 38,000,000.00 төгрөгийг төлсөн. Үүнийг дурьдвал 25,400,000.00 төгрөгийг дансаар, 5,870,000.00 төгрөгийг бэлэн мөнгөөр, 1,280,000.00 төгрөгт тоосго, 2,450,000.00 төгрөгт хайрга, нийт 38,000,000.00 төгрөг болсон.

 

            Гэтэл хариуцагч М-ийн зүгээс гэрээний үүргээ үл биелүүлж, үлдэгдэл 25,000,000.00 төгрөгийг төлөөгүй тул 12,500,000.00 төгрөгийн алданги тооцож, нийт 37,500,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

            Мөн манай компани “Брайт пойнт” ХХК-иар хариуцагчийн эзэмшиж буй орон сууцны талбайн хэмжээг хэмжүүлэхэд тэрээр өөрт үл хамаарах талбайд нэвтэрч, нийт 53.31 м.кв талбайг илүү эзэмшиж байх тул түүнээс уг талбайн үнэ 94,167,500.00 төгрөг, алданги 47,083,750.00 төгрөг, нийт 141,251,250.00 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.

 

            Учир нь, бидний зүгээс гэрээнд заасан 96.5 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэхдээ анхнаасаа талбайн хэмжээг хэтрүүлж барьж өгсөн гэж маргаагүй, харин хариуцагчийг өөрийн өмчлөлд үл хамаарах хэсгийг эзэмшиж байгаа учраас террас болон террас руу гарах хэсгийг оруулан тооцож, нийт 53.31 м.кв талбайн үнийг алдангийн хамт нэхэмжилж байна.

 

            Иймд, хариуцагчаас 178,751,250.00 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

            Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

            “Анх бид нэхэмжлэгчтэй 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, 213 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,800,000.00 төгрөг, нийт 383,400,000.00 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирсон боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, тухай орон сууцыг өөр этгээдэд худалдсан байсан.

 

            Ингээд болсон явдлын талаар мэдээд нэхэмжлэгчтэй уулзаж, өмнө төлсөн 106,070,000.00 төгрөгийг хэрхэн буцааж авах талаар ярилцахад 96.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,750,000.00 төгрөгөөр барьж гүйцэтгээр болж, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дахин үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан юм.

 

            Би, эхнэрийн хамт элс, хайрга, тоосго олборлох, хийх ажлыг гүйцэтгэдэг байсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгчийн барьж байсан барилгад ашиглагдах эдгээр зүйл хэрэгтэй байгааг үндэслэн үлдэгдэл 63,000,000.00 төгрөгийг бэлэн мөнгө болон элс, хайрга, тоосгоор нийлүүлэх тохиролцсон.

 

            Энэ талаар хэрэгт авагдсан баримт болох нэмэлт гэрээ гэсэн нэртэй баримтад “2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 13,000,000.00 төгрөгийг бэлэн мөнгөөр, 15,000,000.00 төгрөгт элс, хайрга нийлүүлэх, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000.00 төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдэгдэл 25,000,000.00 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тоосго нийлүүлэх” гэж тодорхой дурьдсан.

 

            Бид, өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Мөнхтуяагийн төрсөн ээж Э-тэй харилцаж, түүнд удаа дараа бэлэн мөнгө өгч, түүний хүсэлтээр хэд хэдэн удаа элс, хайрга, тоосго зэргийг нийлүүлж байсан ба 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үлдэгдэл төлбөр 5,780,000.00 төгрөг байхад төлж, хоорондын тооцоогоо дуусгасан.

 

            Хэрэгт үүнийг нотолсон баримт байсаар байхад нэхэмжлэгч тал 25,000,000.00 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

            Нэхэмжлэлд дурьдсан 53.31 м.кв талбайн хувьд нэхэмжлэгч тал анхнаасаа намайг дээвэрт гарах хэсгийг ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд тус компани гэрийн хаалгыг шатны довжоо хүртэл сунгаж барьсан байсан. Тухайн хэсэг талбайг бодитоор өмчилж аваагүй тул 94,167,500.00 төгрөг, алданги 47,083,750.00 төгрөг, нийт 141,251,250.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

            Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

           

            ҮНДЭСЛЭХ нь


           Нэхэмжлэгч Б ХХК-иас хариуцагч Мд холбогдуулан 179,251,250.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ/2018/06605 тоот захирамжаар талуудын үзлэг хийх хүсэлтийг хүлээн авч, улмаар 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр маргаж буй орон сууцанд бодит байдлыг тогтоохоор үзлэг хийсэн /х.х-ийн 76-78-р хуудас/.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 96.5 м.кв талбайтай орон сууцны дутуу төлбөр 25,000,000.00 төгрөг, алданги 12,500,000.00 төгрөг, илүү эзэмшиж байгаа 53.31 м.кв талбайн үнэ 94,167,500.00 төгрөг, түүний алданги 47,083,750.00 төгрөг, нийт 178,751,250.00 төгрөг”-ийг нэхэмжилснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.

 

            Шүүх хуралдаанд талууд шинжээч томилуулах, гэрчээр Ш, Б нарыг оролцуулах хүсэлтийг дахин гаргаагүй бөгөөд хавтаст хэргийн 70 дугаар хуудаст авагдсан “Э 5,780,000.00 төгрөгийг хүлээн авсан” гэх үйл баримтын талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Мтэй үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй орон сууцнаас 1 дүгээр байр, 4 дүгээр орц, 2 дугаар давхарт 3 тоот хаягт 213 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,800,000.00 төгрөг, нийт 383,400,000.00 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирсон байна /х.х-ийн 8-11-р хуудас/.

 

            Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус гэрээг цуцлах тухай акт үйлдэж, хариуцагчаас 106,070,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн буюу 48,200,000.00 төгрөгийг бэлэн мөнгөөр, 57,870,000.00 төгрөгийн үнэтэй тоосго нийлүүлсэн үйл баримтыг баталгаажуулж, тооцоо нийлжээ /х.х-ийн 13-р хуудас/.

 

            Өөрөөр хэлбэл, талууд 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах тухай гэрээг цуцалж, хариуцагч тал нийт 383,400,000.00 төгрөг төлөх ёстойгоос 106,070,000.00 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Б ХХК болон хариуцагч М нар 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дахин үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороонд баригдаж буй орон сууцнаас 1 дүгээр байр, 4 дүгээр орц, 3 дугаар давхарт 5 тоот хаягт 96.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,750,000.00 төгрөг, нийт 169,000,000.00 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирсон байна /х.х-ийн 14-17-р хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг үзвэл нэхэмжлэгч Б ХХК нь гэрээнд заасан орон сууцыг барьж гүйцэтгэн түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна. Тодруулбал, талуудын хооронд орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж байх хугацаанд гэрээний зүйл болох 96.5 м,кв талбайтай 3 өрөө орон сууц бодитоор бий болоогүй, хариуцагч буюу захиалагчаас төлөх ёстой төлбөрт нэхэмжлэгч болох ажил гүйцэтгэгчид барьж буй орон сууц /барилгын ажил/-даа ашиглагдах элс, хайрга, тоосгыг бэлтгэн нийлүүлэх зэргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2.-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3.-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний дагуу зохигчдын тохиролцсон ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гүйцэтгэгч тал хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх ёстой юм.

 

            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг цуцлах тухай актанд дурьдсан хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 106,070,000.00 төгрөгөөс 106,000,000.00 төгрөгийг дээрх гэрээний төлбөрт төлсөнд тооцож, үлдэх 63,000,000.00 төгрөгийг хариуцагч тал 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 13,000,000.00 төгрөгийг бэлэн мөнгөөр, 15,000,000.00 төгрөгт элс, хайрга нийлүүлэх, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000.00 төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдэгдэл 25,000,000.00 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тоосго нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 18-р хуудас/.

 

            Шүүх хуралдаанд талууд гэрээний зүйл болох 96.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн болон 63,000,000.00 төгрөгөөс 25,400,000.00 төгрөгийг дансаар, 5,870,000.00 төгрөгийг бэлэн мөнгөөр, 1,280,000.00 төгрөгт тоосго, 2,450,000.00 төгрөгт хайрга, нийт 38,000,000.00 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд гагцхүү үлдэгдэл 25,000,000.00 төгрөгийг төлсөн эсэх, илүү эзэмшиж байгаа гэх 53.31 м.кв талбайн талаар маргасан.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Мэс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5,870,000.00 төгрөгийг Б.Эрдэнэчимэгт өгснийг хүлээн авч, тус төлбөрийг 38,000,000.00 төгрөгт оруулж тооцжээ. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж, мөн 211.2.-д “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасан /х.х-ийн 70-р хуудас/.

 

            Тодруулбал, зохигчид Э-г нэхэмжлэгч Б ХХК-ийг үүсгэн байгуулсан, түүнчлэн тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал М-ийн төрсөн ээж мөн эсэх болон түүнчлэн нэхэмжлэгч тал түүнийг хариуцагчаас 5,870,000.00 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй тул үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийг эрх бүхий этгээдийн өмнө үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ /х.х-ийн 71-р хуудас/.

 

            Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5,870,000.00 төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэсэн утгатай энэхүү бичгийг хариуцагч тал гэрээний дагуу төлөх ёстой 169,000,000.00 төгрөгийг бүрэн төлж, үүргээ биелүүлснийг гэрчилсэн баримт гэж, нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн 5,870,000.00 төгрөгийг төлж, 25,000,000.00 төгрөг үлдсэн гэж маргаж, тус бичгийн агуулгыг өөрсдийн тайлбар, татгалзлыг нотлохоор зөрүүтэй тайлбарлаж байна. 

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5,870,000.00 төгрөгийг 160,000.00 төгрөгийн хамт хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн гэсэн утгатай бичигт “М Б ХХК-тай 96 м.кв байрны тооцоо 5,870,000 үлдэгдэл мөнгө хэрэглээний тооцоо 160,000 бэлнээр өгч тооцоо дууссан” гэж бичжээ.

 

             Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасны дагуу зохигчдын маргаж буй дээрх бичгийн утга болоод уг бичгийг үйлдсэн этгээдүүдийн хүсэл зоригийг тайлбарлавал хариуцагч Мэс нэхэмжлэгч Б ХХК-нд төлөх ёстой 96 м.кв талбайтай орон сууцны үлдэгдэл мөнгө 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 5,780,000.00 төгрөг, мөн хэрэглээний зардалд 160,000.00 төгрөг байсныг тус тус төлж, тооцоо дууссан гэсэн утгыг илэрхийлж байна.

 

Тодруулбал, Ц-ийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д тайлбарласнаар авч үзвэл тус бичигт тусгагдсан “үлдэгдэл мөнгө гэдэг” нь үлдсэн юм, үлдэгдэл зүйлийг, “тооцоо дууссан гэдэг” нь дуусах, гүйцэх, төгсгөх гэсэн үгнээс улбаатай ямар нэгэн бүртгэл тооцоо бүрэн барагдаж дууссан болохыг илэрхийлж байгаа бөгөөд 25,000,000.00 төгрөг төлөгдөж дуусаагүй гэсэн агуулгатай биш байна.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд тус хуулийн 236.1.1.-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно” гэж заасан.

 

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан боловч үүнийг диспозитив зарчимд нийцүүлэх ёстой.

                                                                                                   

Учир нь, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж, мөн 6.4.-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж зааснаас гадна 38 дугаар зүйлийн 38.1.-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс Э-ийн гарын үсэг мөн эсэх талаар маргаагүй ба шүүх өөрийн санаачилгаар түүнийг гэрчээр оролцуулж, тус бичгийн агуулгыг тодруулах нь талуудын тэгш байдлын зарчимд харшилна.     

 

Иймд, хариуцагч М нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Б ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул түүний хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг үндсэн төлбөрийн үлдэгдэл 25,000,000.00 төгрөгийг огт төлөөгүй гэсэн үндэслэлээр түүнд ногдох алдангид 12,500,000.00 төгрөгийг нэхэмжилсэн ба үндсэн үүрэг дуусгавар болсон тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга мөн адил дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасны дагуу алданги нь үндсэн үүрэг байхгүй бол дангаар хэрэгжих боломжгүй тул хариуцагч тал 12,500,000.00 төгрөгийн алданги төлөх үүрэг хүлээхгүй.

 

Нэхэмжлэгч Б ХХК-иас хариуцагч Мд холбогдуулан түүнээс илүү эзэмшиж байгаа 53.31 м.кв талбайн үнэ 94,167,500.00 төгрөг, алданги 47,083,750.00 төгрөг, нийт 141,251,250.00 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийг террас, террас руу гарах шатны хонгилын талбайг өмчилж байна гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч тал 3-н давхар орон сууцны 3 дугаар давхарт амьдардаг бөгөөд түүний амьдарч буй дээрх орцны 1 дүгээр давхарт 2 айл, 2 дугаар давхарт 1 айл, 3 дугаар давхарт 1 айл оршин суудаг байна /х.х-ийн 104, 106-р хуудас/

 

            Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д ”орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ” гэж, мөн Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д "нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг хэлнэ” гэж тус тус заасан байх тул хариуцагч М-ийн амьдардаг энэхүү орон сууц нь нийтийн зориулалттай орон сууцанд хамаарна.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн үзлэг хийсэн баримтад баталгаажуулсан зурагт авагдснаар хариуцагч нь өөрийн гэрт орох гадна хаалгаа орцны хонгилын шатанд тулгаж барьснаар дээвэр хэсэгт гарах хаалга, шат, түүний хаалт хэсгийг өөрийн эзэмшлийн бүсд хамааруулсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ийнхүү гадна хаалгаа шатанд тулгаснаар бусад этгээд зөвхөн хариуцагчийн гэрээр дамжиж дээвэрт гарах боломжтой ба нэхэмжлэгч тал гэрээнд заасан 96.5 м.кв талбайг анхнаасаа хэтрүүлэн барьж хүлээлгэн өгсөн гэж маргаагүй, харин шатанд тулгасан тухайн хэсэг талбай болон дээврийн хэсгийг террас хэмээн үзэж, тус талбайн хэмжээг 30 хувиар тооцож, нийт 53.31 м.кв талбайг илүү эзэмшсэн гэж маргасан /х.х-ийн 85, 86, 87, 88, 93, 102-р хуудас/.

 

            Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 Монгол Улсын стандартын 3 дугаар зүйлийн 3.7.-д “барилгад залгаж барьсан, эргэн тойрондоо хайс, хашлагатай, (дээвэртэй байж болно), доод давхрын дээвэр дээр буюу газраас дээш нэг буюу хэдэн гишгүүрийн дээр байрласан том хэмжээний задгай талбайг террас гэнэ” гэжээ. Гэтэл талуудын маргаж энэхүү талбай нь хүн ердийн журмаар ашиглах /салхилах, нарлах, тоглох зэрэг/ террасын зориулалттай бус, харин нийтийн эзэмшлийн буюу тухайн байр, орцонд амьдарч буй иргэдийн дундын өмчлөлийн зориулалттай талбай байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна” гээд 15.1.1.-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, ................................................. зэрэг эд хөрөнгө хамаарна” гэжээ.

 

Хэдийгээр хариуцагч М өөрийн гэрт орох гадна хаалгаа орцны хонгилын шатанд тулгаж барьснаар дээвэрт гарах хаалга, шат, хаалт хэсгийг өөрийн эзэмшлийн бүсд хамааруулсан байх боловч эдгээр талбайг зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний дагуу ажил гүйцэтгэх гэрээний зүйл болгоогүй, барилгын үндсэн хийцийн хүрээнд бий болж, нийтийн эзэмшлийн талбайд хамаарах хэсэг ажээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.-т “Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө” гэж, түүнчлэн Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “холбоо” гэх/-г байгуулна” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, зохигчдын маргаж буй дээвэр, дээвэрт гарах шатны хонгил зэрэг нь тухайн байрны оршин суугчдын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд гал, ус, салхи шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдоход аврах хэсэг болгох, түүний шат, хаалгыг аюулгүй буюу чөлөөтэй байлгах, арчлах хамгаалах зэргийг сууц өмчлөгчид хэрэгжүүлнэ.

 

Нэгэнт хариуцагчийн илүү эзэмшиж байгаа гэх 53.31 м.кв талбай нь орон сууцны байшингийн дундын өмчлөлд хамаарах ба уг талбайг талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч Б ХХК-нд тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах эрх байхгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан хариуцагч Мд холбогдох 178,751,250.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,054,360.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР