Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Г

 

Хариуцагч: Н нарт холбогдох,

 

4,067,373.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч Г, Н, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.                 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

Нэхэмжлэгч Х ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч Г, Н нар манай банктай 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 4,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээлсэн ба талууд үүргийн гүйцэтгэлийг хангахаар фидуцийн гэрээ байгуулж, 44-26 УБҮ тоот улсын дугаартай автомашин болон хэд хэдэн хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

 

Зээлдэгч гэрээний дагуу зээлийг буцаан төлж байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 2,296,899.00 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1,539,773.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 230,701.00 төгрөг, нийт 4,067,373.00 төгрөг төлөх ёстой байна.

 

Манай компанийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгө болон фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй бөгөөд хариуцагч нарын эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй, учир нь гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш олон хоног өнгөрсөн байна.

 

Хариуцагчид 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж байна. Иймд, хариуцагч Г, Н нараас дээрх төлбөрийг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Бид, зээлийг авсан цагаас хойш тодорхой хугацаанд зохих ёсоор төлж байсан бөгөөд эрхэлж байсан ажил маань сайнгүй байсан учраас ийнхүү тухайн зээлийг төлж чадахгүй болсон.

 

Одоо бидэнд уг зээлийг төлөх санхүүгийн боломж байхгүй, барьцаанд тавьсан автомашиныг худалдан борлуулаагүй бөгөөд тодорхой хэмжээний засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа юм.

 

Гэвч хариуцагч тал зээлийг тодорхой хугацаанд буцаан төлөх саналыг зөвшөөрөхгүй байх тул шүүхийн журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч Г, Н нарт  холбогдуулан 4,067,373.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Г, Н нар 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 4,200,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, талууд үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны болон фидуцийн гэрээг байгуулсан байна /х.х-ийн 9-14-р хуудас/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Х ХХК-иас энэхүү зээлийн гэрээний зүйл болох 4,200,000.00 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлдэгч Гт 1500011604 тоот дугаартай зээлийн данс нээж, түүнд олгосон ба уг үйл баримтын тухай зохигчид маргаагүй.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсан тооцно” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заасны дагуу талууд гэрээний зүйлийг шилжүүлсэн байна.

 

Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зээлдэгч этгээдээр 4,200,000.00 төгрөгийг шилжүүлэн авсан хариуцагч Гөөс гадна Н гарын үсэг зурсан байх бөгөөд тэрээр гэрээний зүйлийг хүлээн аваагүй гэж маргаагүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн  242.2.-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заасны дагуу хариуцагч Г, Н нар хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчид юм

 

Иймд, дээр дурьдсаныг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

  

 Талуудын байгуулсан тус гэрээнд зааснаар хариуцагчид 4,200,000.00 төгрөгийг ашигласан буюу төлөгдөөгүй үлдэх зээлд ногдох хүүгийн хамт хэсэгчлэн /сар бүрийн 10-ны өдөр төлөх/ төлж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж дуусгах үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн хүүнд нийт 1,101,875.35 төгрөг төлөхөөр болжээ.

 

Гэтэл хариуцагч нар гэрээний хугацаанд үндсэн зээлд 1,903,100.32 төгрөг, зээлийн хүүнд 779,134.92 төгрөгийг тус тус төлж, харин төлбөл зохих хүүгээс 322,740.43 төгрөг, үндсэн зээлээс 2,296,899.68 төгрөгийг төлөөгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна /х.х-ийн 19-р хуудас/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нарыг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэснийг хариуцагчид баримтаар үгүйсгээгүй бөгөөд тэдгээрийн зээлийн дансны хуулгыг үзвэл үндсэн зээлийн үлдэгдэл 2,296,899.68 төгрөг байна /х.х-ийн 19-р хуудас/.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, хэдийгээр хариуцагч нар энэхүү зээлийн гэрээний дагуу 1,101,875.35 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 779,134.92 төгрөгийг төлж, 322,740.43 төгрөгийг төлөөгүй байх боловч зээлдэгч /хариуцагч нар/-д гэрээний хугацаанд төлөх ёстой бөгөөд төлөөгүй, түүнчлэн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш төлөгдөөгүй зээлийн хүүгээс тус тус чөлөөлөгдөхгүй.

 

Иймд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар хариуцагч нарын 2,296,899.68 төгрөгийг төлөөгүй 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлөх ёстой хүүг тооцвол үндсэн зээл 2,296,899.68 төгрөг, зээлийн хүү 1,495,413.00 төгрөг, нийт 3,792,312.00 төгрөг болж байна /2,296,899.68x2.1%=48,234.89 /сарын хүү/, 48,234.89x12=578,818.71 /жилийн хүү/, 578,818.71/365=1,585.80 /өдрийн хүү/, 1,585.80x943=1,495,413.00 төгрөг/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1,539,773.00 төгрөгийн хүүг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш тооцоолсон гэсэн ба хариуцагч нарын төлөх ёстой 322,740.43 төгрөгийн хүүг төлөгдөөгүй буюу хуримтлагдсан эсэх талаар тайлбар өгөөгүй тул ийнхүү дээр дурьдсанаар хүүг тооцвол 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 1,495,413.00 төгрөг болж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн хүү 44,360.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү болох 230,701.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, хэдийгээр Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд алдангийн талаар тусгайлан тохиролцоогүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасныг ийнхүү нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж тайлбарласан хэдий ч гэрээний тухайн заалтыг тодруулахад өдөр, сар, жилээр тооцогдох нэмэгдүүлсэн хүү бус, харин хариуцагч буюу зээлдэгчээс төлөх нэмэгдүүлсэн хүүгийн дээд хэмжээг илэрхийлсэн утгатай байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.-д “зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлийн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох хүүгийн 20 хувьтай тэнцүү байна” гэж заасныг  тайлбарлавал талууд гэрээнд зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг сарын 0.42 хувь, жилийн 5.04 хувь гэж тохироогүй, харин нийт төлөх хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон ба төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдлээс тооцох хувь хэмжээг тохироогүй баййна /25.2:12=2.1% /сарын хүү/, 2.1x20%=0.42% /нэмэгдүүлсэн хүүгийн 1 сарын хувь хэмжээ/.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч нараас 3,792,312.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 275,061.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д тус тус зааснаар хариуцагч Г, Н нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2,296,899.00 төгрөг, зээлийн хүүнд 1,495,413.00 төгрөг, нийт 3,792,312.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 275,061.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,028.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 75,627.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР