Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000197 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын худалдааны төвийн задгай захын нарийнд худалдаа хийж байсан иргэн эзэмшлийн хуучин цагийн хятад шаазан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч д 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын худалдааны төвийн задгай захын нарийнд худалдаа хийж байсан иргэн эзэмшлийн хуучин цагийн хятад шаазан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч д 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын худалдааны төвийн задгай захын нарийнд худалдаа хийж байгаад бараан өнгийн цамцтай намхан бор залуу эхнэр 2 хүүхдийн хамт хуучны шаазан Хятад хөөрөг үзэж байгаад үнийг нь асуухаар 800,000-аас яриад өгнө гээд цаашаа хараад хазаар авна гэсэн хүнтэй ярьж байгаад эргээд харахад миний хөөргийг буцааж тавилгүй аваад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа ирээд миний бараа зарж байсан газрын урд талын дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд миний хөөргийг авч явсан залуу хөөргийг гартаа авч явж байгаа бичлэг үлдсэн байсан бөгөөд тус бичлэгийн зургийг би Баянхонгор аймгийн нэгдсэн бүлгэм дээр тавьсан байхад өөрөө над руу залгаад хөөргийг авчирч ирсэн. Ёроол дээрээ Хятад ханз бичигтэй, 5 хүний зурагтай шаазан хөөрөг байсан Надад хулгайд алдагдсан гэх хөөрөг одоо байгаа... хулгай хийж авч явснаас 1 цаг гарангын дараа залуугийн эхнэр... уучлаарай ахаа гээд... авчирч өгсөн. Тэгээд хөөргөө үзэхэд миний алга болсон хөөрөг мөн бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 14/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байсан байх би нөхөр *******ийн хамт 2-3 насны хоёр хүүхдээ дагуулаад хүүхдүүддээ хувцас үзэх гээд Баянхонгор сумын зах руу яваад орсон. Тэгээд гадаа нэг ах хөөрөг, хазаар зарж байсан. Тэгсэн ******* жижигхэн хүний зурагтай бөөрөнхий хөөрөг үзээд зогсоод байхаар нь би хажуу талынх нь дэлгүүр руу яваад орсон. Тэгсэн ардаас ******* удаач үгүй ороод ирсэн. Тэгээд тэр дэлгүүрт хүүхдийн гутал үзэж байгаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд би фейсбүүк орсон. Тэгсэн манай нөхрийн зургийг тавиад “хөөрөг алга болсон авч ирж өг” гэсэн утгатай пост оруулсан байсан. Тэгэхээр нь би нөхрөөсөө “чи хөөргийг нь авсан юм уу чиний зургийг тавьсан байна” гээд асуутал тэгсэн гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь тэр өдөртөө удалгүй нөгөө зах дээр хөөрөг зарж байсан ах дээр бид хоёр буцаагаад аваачиж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байсан. 12 цагийн үед хоёр хүүхдэдээ хувцас авч өгөх гээд эхнэр 2 хүүхдийн хамт захын урд талын Баруун бүс худалдааны төв руу явахад байдаг хойд талын нарийн худалдааны гудамж орсон тэгсэн. Тэнд нэг ах хөөрөг, хазаар зэрэг эд зүйл гадаа задгай зарж байсан. Тэнд бөөрөнхий хүний зурагтай хөөрөг байсан... хөөргийг нь авч үзээд үнийг нь асуусан. Тэгтэл 800,000 төгрөгөөс яриад өгнө гэсэн... худалдагч ах цаашаагаа нэг хүнтэй хазаар яриад үзүүлээд байсан. Тэгэхээр нь хөөргийг нь аваад хажуу талынх нь барааны дэлгүүр рүү эхнэрийнхээ араас орсон... эргээд гараад ирсэн тэгсэн худалдагч ах нөгөө хүнтэйгээ хазаараа л яриад байгаад байсан. Тэгэхээр нь шууд гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ байж байтал эхнэр... “чиний зургийг фейсбүүк дээр тавьсан байна яасан юм чи” гэхээр нь тухайн үедээ хөөрөг авсан гэдгээ эхнэртээ хэлээгүй. Нөгөө зар байсан утас руу нь би залгаад яваад аваачиж өгөхөөр болоод эхнэртээ... хөөргийг нь авсан гэдгийг хэлээд эхнэр бид хоёр хамт зах яваад тухайн хөөргөний эзэнд эхнэрээрээ өгүүлсэн...Тухайн хөөргийг бол ямар нэг эвдрэл гэмтэлгүй буцааж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,

 “Энх-Нахиа” ХХК-ний шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаартай “...Хөөрөг /шаазан хуучин цагийн Хятад хөөрөг/ 1 ширхэг... Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 800,000 (Найман зуун мянга) төгрөг болохыг тодорхойлов... гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/,

Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 69/,

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 51-59/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******эд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хохирогч нь алдагдсан гэх хөөргөө хүлээн авсан талаараа хавтаст хэргийн 14 дүгээр талд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна. 

Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******эд 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******эд оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ         Б.ГЭРЭЛМАА