Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.БаянОчирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд болох хулгай хийсэн гэж хардсаны улмаас гараараа нүүрэн хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд болох хулгай хийсэн гэж хардсаны улмаас гараараа нүүрэн хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ... Насанд хүрээгүй гэрч …2022 оны 04 дүгээр сарын 29-ний орой тоглож явж байгаад Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн тоотод хашаан дээр гарсан байж байтал ******* гэх хүн нь “та нар хулгайч нар" гээд согтуу байсан. Тэгэхээр нь би зугтаасан юм аа. Тэгсэн чинь тэр ах намайг хөөгөөд байхаар нь би зогссон чинь тэр ах ирээд намайг зодсон.

Тэгээд намайг дагуулаад гэрт очоод... эгч ирсэн. Тэгээд манай эгч цагдаад дуудлага өгсөн. ******* гэх хүнийг би сайн танихгүй. Хааяа хүүхэдтэй нь тоглодог юм аа. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний орой намайг ******* гэх хүн нь зодох үед би ганцаараа байсан. 2022 оны 04 дүгээр сарын 29- ний орой намайг ******* гэх ах нь 2 удаа шанаа хэсэгт алгадсан. Нуруу хэсэгт нэг удаа өшиглөсөн. Намайг үстсэн. Өөр өөр зодож цохисон зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Хууль ёсны төлөөлөгч гийн ... Манай дүү биед нүүрэн хэсэг нь улайсан байсан. Наад хэлэхдээ алгадсан, үснээс зулгаасан гэсэн. Манай дүүгийн эрүүл мэнд нь зүгээр бол гомдол санал байхгүй... тухайн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү..., ...Би тухайн үед тэр ******* гэх хүнд би шөнөжингөө машин тэрэгтэй явсан. Хүүхдийг бариачид бариулна гээд хэлсэн чинь 50,000 төгрөг өгсөн... биеийн байдал хэвийн болохоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44, 46-47/,

Гэрч гийн ...2022 оны 04 дүгээр сарын 29-ний орой 19-20 цагийн үед би гэртээ ирсэн бөгөөд ******* ч гэсэн надтай зэрэгцээд гэртээ ирсэн. Тэгээд бид хоёр гэртээ орох гэж байтал манай байшингийн хойд талд хүн дуугарах шиг болохоор нь Г.Баян- Очир бид хоёр байшингаа тойроод харахад 2 хүүхэд хашаа даваад зугтаасан... тэдний нэгийг нь хөөгөөд барьж байгаа харагдсан... *******оос бага зэргийн согтууруулах ундааны зүйл үнэртэй байсан... тэрээр тухайн хүүхдийг нэлээн хол газар хөөж барьж авсан... тэгээд холоос надад би дагуулаад гэр рүү нь явлаа гэж хэлээд явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Шүүгдэгч *******ын ... 2022 оны 04 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн үед би гэртээ ирэхэд байшингийнхаа хаалгыг онгойлгох гэж байтал байшингийн хойно хүн хашаа давж байгаа чимээ гарахаар хашаанаас гарч тойроод харсан чинь 2 хүүхэд манай хашааг даваад хоёр тийшээ салаад зугтаасан. Тэгэхээр нь би нэгийг нь хөөгөөд барьж аваад шанааны хэсэгт нь 1 удаа алгадсан чинь түүний хамраас цус гарсан. Тэгээд би уг хүүхдийг дагуулаад гэрт нь очиход эмээ байсан бөгөөд... удаагүй эгч нь гээд нэг эмэгтэй ирээд манай дүүг зодсон гээд цагдаад дуудлага өгсөн юм... би гэртээ ирэхээсээ өмнө 2 лааз пиво уусан байсан. Согтолт багатай болж байгаа зүйлийг бүрэн мэдэж байсан... 2021 оны 12 дугаар сарын үеэр эхнэр бид хоёр хоёулаа өглөө ажилдаа гараад орой ирдэг 3 байсан бөгөөд тэр үед хэд хэдэн удаа манай унтлагын өрөөний цонх онгойгоод хүн орчихсон юм шиг байдаг байсан.

Тэгээд эд зүйлүүдээ бүртгэхээр хөргөгчөөс ганц нэг идэж, уух зүйл алга болчихсон байдаг байсан. Эхнэр бид хоёр бодохдоо хүүхдүүд орчхоод байгаа юм байх гээд бодоод өнгөрсөн. Тэгээд тухайн өдөр ирсэн чинь хүүхдүүд манай хашааг даваад зугтаахаар нь уг хүүхдүүдийг манай хашаа байшинд орж гардаг байх гээд уурандаа алгадсан юм. Яг тухайн өдөр бол манай байшинд ороогүй, цонх хаалттай байсан. Түүний хойноос хөөж барьж аваад 1 удаа алгадсан... Хамраас нь цус гараад, нэг хацар нь улайсан харагдаж байсан. Би түүнийг 1 удаа алгадсан барьж авахдаа үснээс барьж авсан юм... Тухайн үйл явдал болсноос 2 хоногийн дараа толгойгоо бариулна гэхээр нь 50,000 төгрөгийг гэх эгчийнх нь данс руу өөрийнхөө данснаас шилжүүлж өгсөн. Өөр төлбөр мөнгө өгөөгүй, өөрсдөө ч гэсэн мөнгө төгрөг өг гэж хэлээгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн 318 тоот шинжээчийн ... биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно... гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 72-89/, Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 72-89/,

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П. нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хавтаст хэргийн 46-47 дугаар талуудад мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3- д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн Самсунг А-50 маркийн гар утсыг шүүгдэгч *******т буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА