Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга*******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******н *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн ******* тоотод байх хашааны гадна талд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн хамтран амьдрагч ийн нүүр рүү нь гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн ******* тоотод байх хашааны гадна талд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн хамтран амьдрагч ийн нүүр рүү нь гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч ийн …Өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны орой ажил 21:00 цагийн үед бууз чимхэж байгаад аажуу тараад гэртээ иртэл “нялх хүүхэдтэй байж эрт ирэхэд яадаг юм” гээд уг нь бол 20 цаг гээд тардаг тэгсэн намайг хардаад “хэнтэй нөхцөөд алцганаад яваад байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би уурлаад “чи нэг бол ажиллахгүй юу” гээд юм хэлээгүй. Тэгээд чимээгүй болсон. Өнөөдөр өглөө намайг ажил дээр хүргэж өгсөн өдөр 13 цагийн үед хүүхэд хөхүүлэх гээд ирэхэд “таксинд яваад ирлээ хүүхдэдээ памперс аваад ирлээ” гээд зүв зүгээр архи уугаагүй ирсэн. Тэгээд би сая 20 цагийн үед гэртээ ирээд ажлынхан “бүжгэнд хамт явъя гэж байна” гээд дарга нэг машин олоод цуг гэрийнхээ гадаа ирсэн. Иртэл ******* хашааныхаа гадаа машин дотроо согтуу байхаар нь хэлсэн чинь “би явуулмааргүй байна” гэхээр нь би архи уусан байгаа юм хүүхэд орхиод явчихна гэж бодоод больсон. Тэгээд даргыг явуулсны дараагаар даргын машины эрэгтэй жолоочтой намайг хардаад “чи тэр жолоочтой нөхөцсөн байна хэл үнэнээ хэл” гээд машин дотор миний үснээс зулгаагаад “би танихгүй мэдэхгүй хүн” гэдгийг нь хэлтэл гараа далайгаад байсан. Тэгэхээр нь би далдираад байж байтал гэнэт гараараа миний баруун нүд рүү цохисон. Тэгээд хамар хашааны эгч орилоод “эхнэрээ зодохоо боль цагдаа дуудлаа шүү” гэтэл намайг үснээс тавиад машин дотроо ороод суусан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч гийн ... 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байсан манай ар талын айлын 8 настай гэмээр нэг банди гүйгээд ороод ирсэн... Тэгсэн тэр “ээжийг зодоод байна цагдаа дуудаад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн. Тэрнээс бол гэрээс гарч эхнэрээ зодож байхыг бол хараагүй. Хааяа нэг харахад согтуу байрын харагддаг... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Насанд хүрээгүй гэрч гийн ... 2022 оны 05 дугаар сарын 13-ны орой ээж ажлынхантайгаа бүжгэнд явах гэсэн чинь аав уурлаад явуулаагүй. Тэгэхэд би гэрийн гадаа байсан. Тэгсэн ээж уйлаад машинаас гараад ирсэн. Тэгээд харсан чинь ээжийн нүд хөхөрсөн байхаар нь би урд хашаанд нь орж хүүхэдтэй нь тоглодог айл руу гүйгээд тэр айлын эмээд “цагдаа дуудаадах” гэж хэлээд цагдаа дуудуулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Шүүгдэгч *******ын ... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... согтуугаасаа болоод эхнэр буюу хамтран амьдрагчдаа гар хүрсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 377 тоот шинжээчийн ...ийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 57-65/,

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч нь хавтаст хэргийн 18 дугаар талд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт битүүмжилсэн болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 6  сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Б.ГЭРЭЛМАА