Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн хамтран амьдрагч ийн нүүр рүү нь гараараа цохиж, хөл рүү нь хөлөөрөө өшиглөж зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гуяны цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн хамтран амьдрагч ийн нүүр рүү нь гараараа цохиж, хөл рүү нь хөлөөрөө өшиглөж зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гуяны цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч ийн …Би *******тэй 2019 онд танилцаад түүнээс хойш хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй, би өөрөө 3 хүүхэдтэй. Манай хүүхдүүд 1 нь хотод, нөгөө 2 хүүхэд өвөөгийндөө байдаг. ******* бид хоёр Баянхонгор сумын 4- тоотод хоёулаа байдаг. ******* нь архи уухгүй үед бол зүгээр архи уучихаараа намайг хардаад үе үе цохиж авдаг байсан. Энэ үйл явдал 2020 оноос эхэлсэн. Эхэндээ ганц нэг цохиж авдаг байсан. Тэгэхээр нь гайгүй болчих байлгүй гэж би бодоод мөн “цагдаа дуудчихъя” гэхээр “би ахиж тэгэхгүй” гээд гуйгаад байхаар нь би хэлдэггүй байсан. Өнөөдрийн хувьд урд шөнө бид хоёр караокед хамт орж 1 цаг пиво уугаад дуулсан. Тэгж байхад над руу муухай хараад байхаар нь гэрт очоод янз бүр болчих байх гэж бодоод түүнд карт бэлэн 15.000 төгрөг өгөөд орхичхоод аавындаа очиж хоночхоод өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 11 цагийн үед гэр руугаа ирж байтал ******* хашааны үүдэн дээр намайг хүлээгээд зогсож байсан. Тэгээд хашааны үүдэн дээр иртэл шууд үгийн зөрүүгүй намайг гараараа хоолой шилэн дээрээс базаад шууд гэр руу чирч оруулаад гараараа зүүн нүдний хэсэг руу нэг удаа цохиод зүүн хөлийн гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би гэрээс гараад зугтаах гэхэд миний куртикнээс зуураад куртик тайлагдаад гадаа хаягдсан. Тэгсэн гэр руу дахиж чирч оруулсан. Тэгэхээр нь би “цагдаа дуудлаа” гэтэл цохихоо больсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ******* нь ойрхон 10 гаран хоногийн өмнө нүд руу цохиж байсан. Мөн хөл руу өшиглөж байсан одоо санаж байгаа нь тэр байна. Ерөнхийдөө * архи уучихаараа хэл амаар доромжлоод байдаг... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Шүүгдэгч *******ийн ... 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бид хоёр караокед хамт ороод Хөх толгой айл руу манай ахынх руу явсан. Тэгээд тэр манай ахын хашааны гадаанаас утсаар ярьж байгаад намайг хаяад явсан. Тэгээд байж байгаад араас нь ирэхэд гэр нь онгорхой гэртээ байхгүй байсан. Тэгээд тэр шөнө гэртээ ирж хоноогүй. Маргааш өдөр нь хашааныхаа гадаа гараад зогсож байтал хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “хаашаа яваад ирэв” гэтэл “хаашаа явсан ч чамд ямар хамаатай юм” гэсэн. Тэгэхээр нь би мөрөн дээрээс нь бариад авсан. Тэгсэн цүнхээрээ намайг шавхарсан. Тэгэхээр нь мөрнөөс нь чирээд хашаа руу ороод гэртээ орсон. Тэгснээ ганжин бариад байхаар нь гараараа зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд гэрээс гарах гэхэд намайг гаргахгүй хувцаснаас зүүгдээд байхаар нь гутлынхаа өсгийгөөр гуя руу нь нэг удаа тийрсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 297 тоот шинжээчийн ... ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гуяны цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно. Дээрх зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бусад гуяны цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 52, 54-57/,

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч нь хавтаст хэргийн 17 дугаар талд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт битүүмжилсэн болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******т 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Б.ГЭРЭЛМАА