Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/251

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         2022           07              06                                        2022/ШЦТ/251

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч өмгөөлөгч З.Б

Шүүгдэгч П.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.А-т холбогдох эрүүгийн 2225002520248 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

П.А

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.А нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Халиун Сүрийн горхи гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 0.3148 м3 модыг бэлтгэж 85 933 төгрөгийн хохирол учруулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.А-г хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө” гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

 

3. Тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургуудавтаст хэргийн 9-15 дахь тал/,

 

4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, мэдүүлэг шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургуудавстаст хэргийн 16-18 дахь тал/,

 

5. Хохирогч Ч.А-н “... Би Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн даргын албан тушаалтай. Мааньт багийн даргаар 6 дахь жилдээ ажиллаж байна. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган сумын Орхон сумын Засаг дарга Н.А даргаас над руу цохолттой бичиг ирсэн байсан. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн гэх хэрэгт хохирогчоор оролцож байна. Би П.А гэх хүнийг танихгүй. Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Орхон аймгийн сум дундын ойн ангийн шинжээч Ж.А-н гаргасан №1 дугаартай дүгнэлтийн уншиж танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна” гэсэн мэдүүлэг.автаст хэргийн 24 дэх тал/

 

6. Гэрч О.А-н “Би тухайн мод бэлтгэсэн газрыг зааж өгч чадна. Орхон аймгаас 30 шахам км байсан байх нэг талдаа. Бид хоёр гишүү болон унанги тээвэрлэж явсан. Буцах замдаа улаан дохиур мод барьсан цагаан машинтай хүн зогс гээд улаан дохиур модоороо дохисон. Тэгсэн чинь П.А зогсохгүй шууд зугтаагаад яваад өгсөн. Би зогсооч яаж байгаа юм гэж асуутал П.А нь Орхон сумын ойн байцаагч байна гээд зогсохгүй яваад байсан. Би тухайн айлыг хэн гэдэг хэнийх гэх айл байсныг мэдэхгүй байна шууд зогсохгүй явсаар байгаад нэг айлын гадаа ирээд намайг хаалга онгойлго гэж хэлсэн би буугаад хашааны хаалгыг нь онгойлгож машинаа байрлуулсан юм. Тухайн айлын хашаанд түлэх мод байхгүй байсан П.А шууд л хашаа руу ороод мод бэлтгэдэг газарт шахаж очоод зогссон. Тухайн үед ямар нэгэн босоо мод хөрөөдөж унагаагүй, газарт унасан байсан унанги гэж ярьдаг юм даа тийм л модыг гар хөрөөгөөр П.А бид хоёр хөрөөдсөн юм. Би анх удаагаа л хамт явсан тухайн үед би нэрийг нь сайн мэдэхгүй байсан надад 15 000 төгрөгөгөөд хамт явчхаад ирье гэж л хэлсэн....” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 32 дахь тал/

 

7. Гэрч Ч.О-н “Би Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн толгод **** тоотод ээж П.Х-н хамтаар амьдардаг. Би одоо хувиараа мужаан хийдэг. П.А гэх хүнийг танина манай найз байгаа юм. Бид хоёр найз нөхдийн холбоотой. Манай ээж П.Х нь П.А-с гишүү авахаар тохирсон гэж байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 23-ны орой манай гэрийн хашаа руу гишүү ачсан өөрийнхөө машинтай орж ирчхээд буцаад гараад явчихсан гэж ээж маань хэлж байсан. 150.000 төгрөг гэж тохирсон байсан мөнгийг нь өгөөгүй байсан юм. П.А нь манай ээжид хэлэхдээ гишүү мод нийлсэн түлэх мод буулгаж өгнө гэж хэлсэн байсан. 2021 оны 11 дүгээр сард байсан бид хоёр Булган аймгийн Орхон сумын Халиун баг Ар мэргэн гэх газраас нэг удаа гишүү болон унанги гэх модыг нэг удаа бэлтгэж ирээд манай гэрт буулгаж байсан тухайн үед мөнгө өгөөгүй түлшний мөнгө гэж 30.000 төгрөг өгсөн. Тухайн үед 2021 оны 11 дүгээр сард Булган аймгийн Орхон сумын Халиун баг Ар мэргэн гэх газраас гишүү бэлтгэж тээвэрлэх үедээ ямар нэгэн эрхийн бичиг аваагүй цэвэрлэгээ юм чинь ямар нэгэн эрхийн бичиг авахгүй байх гэж бодоод аваагүй юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/

 

8. Гэрч М.А-н “Би Орхон аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасагт 4 жил ажиллаж байна. Би одоо хөдөлгөөнт эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаа. Тухайн өдөр нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн мөрдөгч цагдаагийн хошууч Ж-ын өгсөн дуудлага мэдээллийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг толгод **** тоотод айлд очиж шалгахад иргэн П.А нь 29-33 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэж явсныг шалган жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Би тухайн иргэн П.А-г шалгахад мод бэлтгэх болон тээвэрлэх эрхийн бичиг байхгүй байсан. Тухайн иргэнээс ямар учраас мод бэлтгэх болон тээвэрлэх эрхийн бичиг аваагүй юм бэ гэж асуухад П.А нь энэ мод биш цэвэрлэгээний журмаар ачсан гишүү байгаа юм гэж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн ачиж байсан модыг шалгаж үзэхэд гишүү, мод байсан. П.А нь О.Анхбаяр гэх хүнтэй явж байсан. Уг тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд төмөр гар хөрөө байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 36 дахь тал/

 

9. Гэрч Э.С “Би Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг, Халиун Зүйлийн хөндий сүрийн гол гэх газарт мал маллан амьдарч байгаа. Манайх зусаан дээрээ буугаад 3 хонож байна. Манай өвөлжөө хажууханд байдаг юм. Тухайн өдөр 17 цагийн үед манай өвөлжөөнөөс 600 метр зайд хөх өнгийн ачааны машин гишүү болон шургааг мод тээвэрлэн явж байсан. Би уг машиныг зогсоогоод мэнд мэдээд мод тээвэрлэх эрхийн бичиг болон бэлтгэх эрхийн бичиг байгаа юм уу гэж асуухад тухайн машины жолооч байхгүй гэж хэлээд яваад өгсөн юм. 29-33 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Жолооч нь намхан бор, уруулан дээрээ сахалтай, жижиг онигор нүдтэй намхавтар хүн байсан би харвал танина. Нутгийн хүмүүс ярихдаа ер нь модонд явдаг гэж ярьж байсан надтай нэг удаа таарч байсан. Тухайн үед машин дотор туранхай жижигхэн хүн байсан 2 уулаа явж байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

 

10. “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ий 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/02-30 дугаартай “Kia Ceres маркийн автомашины үнэлгээ 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 3 500 000 /гурван сая таван суун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ. /хх-ийн 42 дахь тал/

 

11. Орхон аймгийн сум дундын ойн ангийн мэргэжилтэн, шинжээч Ж.А-н 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаартай “бэлтгэсэн 8 модны хэмжээ нийт 0.2434 м3 хохирол 73 891 төгрөг, бэлтгэсэн 2 модны хэмжээ нийт 0.0714 м3 хохирол 12 042 төгрөг нийт 85 933 төгрөг” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 54-55 дахь тал/

 

12. Сэжигтэн П.А-ийн “Би түлээний мод бэлтгэхэд эрхийн бичиг болон тээвэрлэх эрхийн бичиг авах ёстойг мэднэ. Харин ойд цэвэрлэгээний журмаар орж гишүү болон унанги мод бэлтгэхэд ямар нэгэн эрхийн бичиг авахгүй болчихсон гэж зурагтаар гарч байсныг сонсоод цэвэрлэгээний журмаар гишүү болон унанги мод бэлтгэхэд зөвшөөрөл, эрхийн бичиг авахгүй байгаа юм байна гэж ойлгосон. Манай найз Пүрэвдорж болон ээж нь надаас гишүү худалдаж авъя гэж байсан тэгээд би бэлтгээд л хашаа руу нь ороод буулгах гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 59 дэх тал/

 

13. П.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дахь тал/,

 

14. KIA CERES маркийн 29-33 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 89 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч П.А нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Халиун Сүрийн горхи гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 0.3148 м3 модыг бэлтгэж 85 933 төгрөгийн хохирол учруулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, хураагдсан модыг улсын орлого болгох хөрөөг устгах, хохирол төлөгдсөн учир тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгох саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б дүгнэлтдээ: “гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг нөхөн төлсөн учир шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, мэдүүлэг шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд, хохирогч Ч.А-н мэдүүлэг, гэрч О.А-н “Тухайн үед ямар нэгэн босоо мод хөрөөдөж унагаагүй, газарт унасан байсан унанги гэж ярьдаг юм даа тийм л модыг гар хөрөөгөөр П.А бид хоёр хөрөөдсөн юм” гэх мэдүүлэг, гэрч Ч.О-н “Манай ээж П.Х нь П.А-с гишүү аваах тохирсон гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч М.А-н “Тухайн тээврийн хэрэгслийн ачиж байсан модыг шалгаж үзэхэд гишүү, мод байсан. Уг тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд төмөр гар хөрөө байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.С-ын “Нутгийн хүмүүс ярихдаа ер нь модонд явдаг гэж ярьж байсан надтай нэг удаа таарч байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн сум дундын ойн ангийн мэргэжилтэн, шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаартай дүгнэлт, П.А-ийн “Манай найз П болон ээж нь надаас гишүү худалдаж авъя гэж байсан тэгээд би бэлтгээд л хашаа руу нь ороод буулгах гэж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.А нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Халиун Сүрийн горхи гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 0.3148 м3 хуурай модыг бэлтгэж, ойн санд 85 933 төгрөгийн хохирол учруулсан, уг модоо Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч П.А нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

        Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд мөнгөн хэлбэрээр 85 933 төгрөг хохирол учирсан гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад 85 933 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал.

 

            Хэрэгт хураагдаж ирсэн 0.3148 м3 хуурай модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлгого болгож, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хөрөөг устгах нь зүйтэй.

 

Хэргийн нөхцөл байдал учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шинжээчийн дүгнэлтийн дагуу хохирлыг мөнгөн дүнгээр нөхөн төлсөн зэргийг харгалзан, улсын ялллагчийн саналыг хүлээн авч хэрэгт хурааж, битүүмжилсэн KIA CERES маркийн 29-33 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч П.А-т буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овгийн П-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан 0.3148 м3 модыг улсын орлого болгосугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн төмөр хөрөө 1 шихэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөдөр болмогц KIA CERES маркийн 29-33 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч П.А-т буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.А