Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0128

 

Б.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Б.С, өмгөөлөгч Л.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Б.С-т холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолуудын Б.С-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 39 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.С, өмгөөлөгч Л.Э

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д, С.Б, Б.Ц, өмгөөлөгч Г.Х

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 125/2023/0025/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.С-аас Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Б.С-т холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолуудын Б.С-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Нэхэмжлэгч Б.С-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэсэн байдаг. Гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Нэхэмжлэгч Б.С нь газрын төлбөрөө төлсөн, тухайн газрыг эзэмших болсон цагаас хойш одоог хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаад явж байгаа нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Гэтэл хариуцагч талаас гаргаж өгсөн баримтуудыг үнэлж шийдвэр гаргасанд гомдолтой.

            Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

            Иймд тухайн хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 61 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Ойн бүсэд ойжуулалт нөхөн сэргээх зориулалтаар 0.3 га газрыг нэхэмжлэгч Б.С-т 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд маргаан бүхий Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшигч 36 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Б.С-ын газар багтжээ.

2.2. Анх нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Б.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолуудын Б.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... газар эзэмших эрх үүссэн цагаас эхлэн эзэмшлийн газартаа 4 машин хог зөөж хаясан, 60 ширхэг мод тарьсан, худаг гаргаж байнгын усалгаа хийдэг, хөрсжүүлэх, бордоо буулгаж хөрсийг сэргээсэн, ... газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын захирамжийн асуудлаар шүүхээр маргаж байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргаж нийтийн эзэмшил болгосон нь хууль бус” гэж тус тус тайлбарлан маргасан байх ба анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон 3 үндэслэлээс газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх 2 үндэслэл нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.4. Тодруулбал, нэхэмжлэгч газар дээрээ зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, гэр барьсан, цементээр гэрийн буурь цутгасан, граж барьсан, худаг гаргаж амбаар барьсан буюу амьдрах зориулалтаар ашиглаж байсан болох нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаар дүгнэлт, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02-32-04/102/23 дугаар дүгнэлт болон анхан шатны шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар хангалттай тогтоогдож байна.

2.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ойжуулалт нөхөн сэргээх зориулалт бүхий газарт 2010 оноос маргаан бүхий акт гарах хүртэлх 13 жилийн хугацаанд 2011, 2014, 2016 онуудад нийт 6 ширхэг монос, 7 ширхэг хайлаас, 33 ширхэг бургас тарьж ургуулсан гэж тайлбарласан нь тогтоогдсон энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг хариуцагч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

2.6. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс “газрын төлбөрийн талаар надад мэдэгдэж байгаагүй, төлбөрийн нэхэмжлэл үүсгээд ирүүлэх үед очиж төлдөг байсан, 2022 оны газрын төлбөрийн нэхэмжлэл 2023 оны 7 сард ирсэн учраас би газрын төлбөрөө төлсөн” талаараа дурсан байх боловч Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... Монгол улсын иргэн, ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ... аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байх тул гагцхүү төлбөрийн нэхэмжлэх ирүүлснээр газрын төлбөрийг төлөхөөр тайлбарлаж буй нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйгээс гадна төлбөрийн нэхэмжлэх ирүүлээгүй, түүнд газрын төлбөрөө төлөх талаар мэдэгдэхгүй байх нь тухайн газрыг эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

2.7. Түүнчлэн маргаан бүхий Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамж гарах үеийн байдлаар 2022 онд 76160 төгрөг, 2023 онд 240000 төгрөг, нийт 196160 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №08401-2020/00189 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

2.8. Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ биелүүлээгүй болох нь нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын шийдвэр хуульд нийцжээ.

 

2.9. Үүнээс гадна аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн хөгжлийн бодлого, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламжийн талаар бие даан шийдвэр гаргасан, уг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хөндөгдөхгүй байх тул шүүхээр маргаж байх явцад гаргасан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН