Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 00161

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Б.Номин

            Улсын яллагч Б.Бүжинлхам

            Хохирогч Ж.Эрдэнэбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат

            Шүүгдэгч О.Өлзий нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овгийн Оюунцэцэгийн Өлзийд холбогдох 201614000373 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

           

1.1. Харчин овгийн Оюунцэцэгийн Өлзий, Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, Улаанбаатар хот, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 16 дугаар төвд сантехникийн засварчин ажилтай, ам бүл 2, эх Оюунцэцэгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 16-03 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. РД:ЦЗ86071576

            .

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

2.1. Шүүгдэгч О.Өлзий нь 2016 оны 07 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт авто зам дээр 44-96 УНП улсын дугаартай Тоёота приус маркийн авто машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчин явган зорчигч Ж.Эрдэнэбаярыг мөргөн бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:1. Хохирогч Ж.Эрдэнэбаярын “Би 2016 оны 07 сарын 13-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хуучин хабитатад байх найз Ганбаатарын гэрт очсон. Тэдний гэрт Ганбаатарыг эхнэртэй нь хамт хөдөө авч явахаар хүмүүс ирчихсэн байсан бөгөөд тэр хүмүүс нэг шил архи задалсан. Би архинаас нь 2 хундага татаад л тэдний гэрээс гарсан. Ингээд автомашины зам дөхөхөд зүүнээс баруун чиглэлд нэг ачаатай, 2 жижиг тэрэг ирж байсан. Би замын хажууд зогсоод уг 3 машиныг өнгөрөөчихөөд зам хөндлөн гарахад тасхийгээд л нэг машинд мөргүүлсэн. Намайг уг 3 машиныг өнгөрөөгөөд замын хажууд зогсож байхад нөгөө урсгалд баруун талаас ямар нэгэн машин харагдаагүй. Ингээд би нэг мэдэхэд маргааш өдөр нь эмнэлэг дээр ухаан орсон. Миний зүүн хөл шилбэ хэсэгтээ хугарч, хэнгэрэг хагарсан, тархины ясны цууралттай, хамрын хугаралтай, 6 шүд хугарсан гэх мэт олон тооны гэмтэлтэй байгаа. Би гэрлүүгээ явж байсан бөгөөд ойр хавьд явган хүний гарц байхгүй тул зам дээр машин харж байгаад 3 машин өнгөрөөд л зам хөндлөн гарсан. Баруун талаас ямар нэгэн машин ирж байгааг хараагүй. Намайг мөргөсөн жолооч эмнэлэгт хэвтсэн 5 хоногийн эм тарианы мөнгийг л өгсөн. Би уг машиныг хол байна гэж хараад л зам хөндлөн гартал ирээд мөргөчихсөн. Би тэр машиныг харсан. Тэр машин нилээд хол байсан учир би амжаад гарчих юм байна гэж бодсон. Би одоо гаргасан эмчилгээний зардал, цаашид ойрын 2 сарын дотор гарах эмчилгээний зардал, осолд ороогүй бол ажлаа хийж байх үеийн цалин, ослын улмаас ар гэрийнхэнд гарсан унаа, хоол хүнс болон сэтгэл санааны хохирол болгож 29 361 430 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг.  /хх-39-41-р хуудас /

            2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 2-10-р хуудас/

            3. Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан акт.  /хх-ийн 17-р хуудас/

            4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт.  /хх-ийн 18-20-р хуудас/

            5. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 29-р хуудас/

            6. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол. /хх-ийн 30-р хуудас/

            7. Гэрч Л.Отгонжаргал “Би өөрийн төрсөн ах Чинзоригийн эхнэрийн дүү болох Өлзийгийн машинд суугаад Булган аймгаас Улаанбаатар хот руу буцаж явсан юм. Ингээд Орхон аймгийн нутэг дэвсгэрт орж ирээд бензин түгээх газар зогсож бие засчихаад машиндаа суугаад хөдөлсөн. Засмал замаар явж байтал гэнэт ямар нэгэн зүйл машин мөргөх шиг чимээ сонсогдсон. Тэгээд Өлзий машинаа замаас гаргаж зогсоогоод бид нар буугаад харахад машины ард зам дээр нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Би тэр хүн рүү гүйж очоод “ах аа зүгээр үү “ гэж асуухад тэр хүнээс архи үнэртэж байсан бөгөөд баруун чихнээс нь цус гарч байсан. Тэгээд бид нар эмнэлэг цагдаа дуудаж ослын газрыг орхилгүй хүлээцгээсэн. Тэр хүнийг хаанаас гарч ирээд Өлзийгийн машинд мөргүүлсэн болохыг мэдээгүй. Бид нар машинтай чигээрээ явж байтал зүүн талд хүчтэй мөргөх чимээ сонсогдоод л тэр хүн мөргүүлчихсэн байсан. Өлзий гэнэт нь баруун тийшээ дараад, машин шороон зам руу ороод овгор товор гээд донсолж эхэлсэн. Өлзийг тормоз гишгэсэн болохыг хараагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-р хуудас/

            8. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 21-ний өдрийн 555 дугаар дүгнэлтэд “Ж.Эрдэнэбаярын биед суурь ба хүнхрээ ясны хугарал, тархины хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, зургаан шүдний булгаралт, хамрын ясны хугарал, хамрын таславчны муруйлт, баруун чихний гадна сувгийн арьсанд шарх, баруун шуу өвдөг зүүн хөлийн шилбэнд зулгаралт үүсчээ. Дээрхи гэмтэл нь хатууу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Зургаан шүдний булгарал энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15 хувь нөлөөлнө. Бусад гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 54-55-р хуудас/

            9.Зам тээврийн осолд дүгнэлт гаргасан 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Жолооч О.Өлзий нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна. Явган зорчигч Ж.Эрдэнэбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөөрөөж эгц хөндлөн гарна. Мөн 3.9 явган зорчигчид доор дурьсан зүйлийг хориглоно. г/өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй байна. Бичлэг дээрээс харахад Тоёота приус маркийн 44-96 УНП дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч О.Өлзий нь зогсоох арга хэмжээ авсан бол осол өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой зайтай байсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 61-р хуудас /

            10. Шинжээч Б.Батцэнгэлийн “Дүгнэлтийг хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг, тайлбар байцаал камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гаргасан. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан 44-96 УНП улсын дугаартай тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Өлзий хөдөлгөөнд аюул саад гарч бий болохыг мэдсэн үед буюу явган зорчигч Ж.Эрдэнэбаяр замын зорчих хэсэгт гарч ирэх үед шууд зогсоох арга хэмжээ авах ёстой байсан боловч зогсоох арга хэмжээ аваагүй нь О.Өлзийг буруутгах үндэслэл болсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 67-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, хохирол төлсөн тухай баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирогчийн буруутай үйлдэл осол гарахад нөлөөлсөн. Хохирлыг нотлох баримтын хэмжээнд сайн дураар нөхөн төлсөн, нэхэмжлэлийн зарим шаардлагууд баримтаар нотлогдохгүй байгааг анхаарч үзнэ үү. Мөн хохирогчийн гэм буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн бол гэм хорын хохирлыг багасгаж тооцох тухай Иргэний хуулийн заалт байгаа” гэж мэтгэлцсэн байна.

            Хохирогч Ж.Эрдэнэбаяр нь “Гомдолтой байна. Нэхэмжлэлээ гаргаж хэрэгт хавсаргасан байгаа. 1 090 500 төгрөг төлсөн. Бусад хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.

            Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч О.Өлзий нь 2016 оны 07 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэр авто зам дээр 44-96 УНП улсын дугаартай Тоёота приус маркийн авто машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчин явган зорчигч Ж.Эрдэнэбаярыг мөргөн бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, шинжээчийн дүгнэлтүүд, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон гэж үзлээ. Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

            Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд хохирогч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж дүгнэсэн нь үндэстэй байна.

            Хохирогч Ж.Эрдэнэбаяр нь нийт 29 361 430 төгрөгийн гэм хорын нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлого, сэтгэл санааны хохирлын талаар нотлох баримтаа ирүүлээгүй байх тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчийн 1 090 500 төгрөгийн хохирлыг сайн дураар төлсөн бөгөөд хохирогч эмчилгээний зардал 1 004 350 төгрөг нэхэмжилсэн байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

            Шүүгдэгч О.Өлзийд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгааг харгалзан үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн хуурцаг /сиди/-ийг хэрэгт хавсарган үлдээж, 44-96 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж шүүгдэгч О.Өлзийд буцаан олгож, №622173 дугаартай О.Өлзийгийн жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Өлзий нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Эрдэнэбаяр нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлого, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. Шүүгдэгч 1 090 500 төгрөгийн хохирлыг сайн дураар нөхөн төлсөн учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг хэрэглэх эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Харчин овгийн Оюунцэцэгийн Өлзийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч О.Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/  жилийн 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Өлзийд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн хуурцаг /сиди/-ийг хэрэг хавсарган үлдээж, 44-96 УНП  улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч О.Өлзийд буцаан олгож, №622173 дугаартай О.Өлзийгийн жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

            5. Шүүгдэгч О.Өлзий нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Эрдэнэбаяр нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлого, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

                       

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч О.Өлзийд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Өлзийд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС