Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар   001/ХТ2021/00561

 

 

2021           05            27                                          001/ХТ2021/00561

 

...............нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01284 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1443 дугаар магадлалтай,

...............нэхэмжлэлтэй

Монгол Улсын их сургуульд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............-ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..............., түүний өмгөөлөгч .............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................., ............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч ............... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ............... нь 1986 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөнөөс хойш Монгол Улсын Их сургуульд ажиллаж эхэлсэн ба эрдэм шинжилгээний ажилтан, багш, тэнхимийн эрхлэгч, салбар сургуулийн декан, захирал, салбар хүрээлэнгийн захирал, хэвлэлийн газрын захирал зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. Монгол Улсын Их сургуулийн захирал ...............нь 2018.05.02-ны өдөр намайг байгууллагадаа боловсролын талаарх мэдээллээ худлаа өгсөн, хүлээн зөвшөөрөгдөөгүй хуурамч докторын диплом ашигласан гэж үзэн Б/193 дугаартай тушаал гарган ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хариуцагч байгууллагаас хуурамч диплом ашигласан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, түүнтэй холбоотойгоор эрүүгийн журмаар хэрэг үүсгэсэн тул шүүхээс 2018.10.08-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн гомдлын дагуу хяналт, шалгалтын ажлууд хуулийн дагуу явагдаж, 2019.06.10-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 1407 дугаартай тогтоол гарч, намайг ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй, хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг олгосон дипломыг хуурамчаар үйлдээгүй гэж үзэж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг. Миний докторын зэрэг хамгаалсан сургууль нь ОХУ-ын яамны харьяа бус боловч статус ижил өөр байгууллага юм. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5.2-т нэрлэн заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй, зөрчил гаргасан гэж үзсэн ч уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж болох хуулийн хугацаа өнгөрсөн байхад ажлаас халах шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Иймд ...............г ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны 2018.05.02-ны өдрөөс 2020.05.13-ны өдрийг хүртэлх хугацааны 509 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 60,134,278 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Их сургуулийн захиралд нэр бүхий иргэнээс ...............н боловсролын талаарх мэдээлэл болон шинжлэх ухааны доктортой холбоотой хуурамч бичиг баримтаар докторын зэргийн нэмэгдэл авч байгаа гэх агуулга бүхий мэдээлэл ирүүлсний дагуу Монгол Улсын Их сургуулийн захирлын 2018.04.12-ны өдрийн Б/169 дугаар ажлын хэсэг байгуулах тухай тушаал гарч гомдол, мэдээлэлтэй холбоотой асуудлыг судлан үзэж дүгнэлт гаргасан. ............... нь 2004.11 дүгээр cap буюу докторын зэрэг горилох хамгаалалтын үед Монгол Улсын Их сургуулийн МХСС-ийн профессорын ажлыг эрхлэн гүйцэтгэж байсан байх ба ОХУ-д шинжлэх ухааны докторын зэргийн хамгаалалтын ажилд зориулан тэрээр урт болон богино хугацааны томилолтоор явсан зэрэг баримт байхгүй боловч ОХУ-ын Москва хотод 2004.11.18-ны өдрийн 37 тоот шийдвэрээр ОН№00061 дугаартай шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан гэх үнэмлэхтэй байсан болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, хууль бусаар докторын зэрэг хамгаалсан гэж үзэх үндэслэл болсон юм. Уг нөхцөл байдлыг тодруулахаар ажлын хэсэг Орост байрлах Орос, Бельгийн хамтарсан сургуулийн доктор хамгаалах зөвлөлийн дүрмээр нэг хувийг номын санд өгдөг тул ...............н нэр дээр онлайн хайлт хийхэд түүний нэр дээр хайлт илрээгүй бөгөөд харин бусад багш нарын хайлт илэрч бүтээл нь гарч ирж байсан. Харин Бельгийн дипломыг судлаад өргөмжлөл гэж тооцсон, сертификат байсныг олж илрүүлсэн байдаг. Мөн 2018.04.20-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор ...............н хувийн хэрэгт бүрдүүлсэн бичиг баримт, сургуулийн архиваас авсан санхүүгийн болон бусад холбогдох баримт, тушаалууд, Оросын Холбооны Улсын Боловсролын Яамны 2018.03.15-ны өдрийн 13-1396 дугаар албан тоотод үндэслэн ...хуурамч бичиг баримт ашиглаж байгууллагад 4,359,820.12 төгрөгийн бодит хохирол учруулсан, мөн Б/363 тоот хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.2-т заасан ...Багш Монгол Улсын Их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохуйц ...Байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил гаргасан гэх дүгнэлтийг ажлын хэсэг гаргасан. Дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их сургуулийн захирлын 2018.05.02-ны өдрийн Б/193 дугаартай тушаал гарч ...............г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй юм. Захирлын Б/193 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, 132 дугаар зүйлийн 132.1 гэж заасныг тус тус удирдлага болгон хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.5.1, 5.5.2(1)-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэн ...............г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага гомдлыг шалгаад дипломыг хуурамчаар үйлдээгүй, харин тухайн диплом Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх эсэх асуудлыг цагдаа тогтоохгүй гэсэн хариу өгсөн байдаг. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01284 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан ...............г МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын ажилд эгүүлэн тогтоон, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговорт МУИС-аас 57 160 298 төгрөг гаргуулан ...............д олгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ...............н ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг МУИС-ийн удирдлагад үүрэг болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 443 751 төгрөг гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1443 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01284 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 513 952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. МУИС-ийн захирлын нэр дээр 2018.03.15-ны өдөр №13-1396 дугаартай Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас ирүүлсэн албан бичиг ирсэн. Уг албан бичигт дурьдснаар “...Мэргэжлийн аттестацийн комиссын 2004.11.18-ны өдрийн № 37 тоот шийдвэрээр ...............-ийн ............-д хэл шинжлэх ухааны докторын зэрэг олгож, ДНN200061 дугаартай дипломыг гардуулсан бөгөөд энэ байгууллагын үйл ажиллагаа нь шинжлэх ухааны болон шинжлэх ухааны сурган хүмүүжүүлэх ажилтнуудын аттестатчилах хорооны үйл ажиллагаатай хамааралгүй ба олгосон диплом нь улсын чанартай баримт бичигт хамаарахгүй...” гэж дурьдагдсан байсан. МУИС-ийн ШУС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн тэхимийн профессор ...............боловсролын талаарх мэдээлэл нь үнэн зөв эсэх, хэрэв хуурамч бичиг баримт байгаа бол байгууллагад хохирол учирсан эсэх, хохирлын хэмжээг зөв нягтлан шалгаж тогтоох ажлын хэсгийг Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал ............., ШУС захирал ..........., Санхүү, эдийн засгийн газрын дарга ..........., Дотоод, хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга ......... нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд уг асуудлаар ажлын хэсэг 2 удаа хуралдаж дүгнэлт гаргаснаар хуурамч бичиг баримтаар докторын зэргийн нэмэгдэл авч байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн холбогдох хүмүүс МУИС-ийн ШУС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор ...............н боловсролын талаарх мэдээллийг судлан түүний өөрийнхөө бөглөсөн анкет зэрэг холбогдох хувийн хэргийг шалгаж үзэхэд ШУ-ны докторыг 2004.11.18-ны өдрийн ДН№00061 дугаар ОХУ, Москвад эзэмшсэн гэх байдал нотлогдсон, мөн түүнтэй өөртэй нь уулзахад хийх үеэр 2004.11 сард Орост байдаг World information university буюу Орос, Бельгийн хамтарсан сургуульд докторын зэргийг хамгаалж байсан гэх зэрэг тайлбарыг өөрөө өгч байсан юм. ОХУ-д Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах шинжлэх ухааны эрх бүхий байгууллагаас зохих дүрэм, журмын дагуу докторын зэрэг хамгаалсан тохиолдолд хамгаалалтыг хүчин төгөлдөрт тооцож, диплом олгож баталгаажуулахад докторын зэрэг горилогчийн хувьд ихээхэн цаг хугацаа шаардагдахаар байсан. Гэтэл ............... нь 2004 оны 11 дүгээр сар буюу докторын зэрэг горилох хамгаалалтын үед МУИС-ийн МХСС-ийн профессорын ажлыг эрхлэн гүйцэтгэж байсан байх ба ОХУ-д шинжлэх ухааны докторын зэргийн хамгаалалтын ажилд зориулан тэрээр урт болон богино хугацааны томилолтоор явсан зэрэг баримт байхгүй боловч ОХУ-н Москва хотод 2004.11.18-ны өдрийн №37 тоот шийдвэрээр ОН№00061 дугаартай шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан гэх үнэмлэхтэй байсан болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, хууль бусаар докторын зэрэг хамгаалсан гэж үзэх үндэслэл болсон нь ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Уг нөхцөл байдлыг тодруулахаар ажлын хэсэг Орост байрлах Орос, Бельгийн хамтарсан сургуулийн доктор хамгаалах зөвлөлийн дүрмээр нэг хувийг номын санд өгдөг тул ...............н нэр дээр онлайн хайлт хийхэд түүний нэр дээр хайлт илрээгүй бөгөөд харин бусад багш нарын хайлт илэрч бүтээл нь гарч ирж байсан. Харин Бельгийн дипломыг судлаад өргөмжлөл гэж тооцсон, сертификат байсныг олж илрүүлсэн байхад энэ талаар шүүх зөв дүгнэлт хийж чадаагүй. Шүүх шийдвэр гаргахдаа дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Магадлалын хянавал хэсэгт “.................. “хуурамчаар диплом үйлдсэн, хууль бусаар диплом авсан” гэх агуулга тусгагдаагүй байна...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Мөн МУИС болон ............... нарын хооронд 2017.11.16-ны өдөр Б/363 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулагдсан, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т “...Багшийн хувийн хэрэгт бүрдүүлэх ёстой хувийн болон боловсролын тухай мэдээллийг загварын дагуу үнэн зөв, бүрэн, хугацаанд нь бөглөж өгөх, мэдээллийн систэмд оруулах, өөрчлөлтийг журамд заасан хугацаанд оруулах...” үүрэгтэй гэж байгууллагын өмнө ажилтны хүлээх үүргийг тодорхой зааж өгсөн. Монгол Улсын Их сургуулийн Багшийн ёс зүйн дүрэмд зааснаар “...Багш нь эрдэм мэдлэг, үнэнийг эрхэмлэж, эдгээрийг бусад эрх ашиг, сонирхлоос ямагт дээгүүр тавих, үнэнч, шударга зарчимч, хариуцлагатай, эрдмийн чин шударга байдлыг эрхэмлэн бүтээлчээр хамтран ажиллах үүрэгтэй...”, мөн “...Багшид мэргэжил, мэргэшлийн мэдлэг чадвартай холбоотой материалаа нуун дарагдуулах, худал мэдүүлэг хийхийг хориглосон байна...” гэж тус тус журамлан заасан. Боловч ............... нь боловсролын байгууллагад олон жил ажилласан хүний хувьд диплом нь шинжлэх ухааны болон шинжлэх ухааны сурган хүмүүжүүлэх ажилтнуудыг аттестатчилах улсын системээр тодорхойлох эрдмийн зэрэг олгох баримт бичиг биш гэдгийг мэдсээр байж үнэн зөвөөр мэдээлээгүй. Гэтэл шаардлага хангаагүй баримт бичгээр докторын зэргийн нэмэгдэл авч байсан үйлдлийг ажил олгогчийн буруу мэтээр дүгнэсэн, шүүхээс нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэхдээ эрдмийн зэргийн нэмэгдлүүдийг хасч тооцоогүй нь үндэслэлгүй байна. ............... нь ОХУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөхгүй докторын зэрэгтэй байгаа нь Монгол улсад хүлээн зөвшөөрөгдөх албан ёсны баримт бичиг болохгүй тул докторын зэргийн нэмэгдлийг тооцуулан авах эрхгүй гэж үзэж байна. Мөн шүүхээс дээрх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, 131 дүгээр зүйлийн 131.2 заасан зохицуулалтыг буруу хэрэглэн тайлбарласан гэж үзэхээр байна. Тухайн үед нь ОХУ-д хүлээн зөвшөөрөгддөггүй дипломоор докторын зэргийн нэмэгдэл авч байсан эсэх талаар тухайн үед нь байгууллага мэдэх боломжгүй байсан тул 13 жил 05 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу гэх дүгнэлт үндэслэлгүй, хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. ОХУ-ын боловсролын яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу зөрчлийг илрүүлсэн нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэх шууд үндэслэл болохгүй юм. Мөн нэхэмжлэгч нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад өөр ажил эрхэлж цалин хөлс давхар авч байхад шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн, эрдмийн зэргийн нэмэгдлийг хасч тооцоогүй зэрэг нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

............... нь Монгол Улсын Их сургуульд /МУИС/ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан ба хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

1.Хоёр шатны шүүх ...............г МУИС-ын ШУС-ын Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын ажилд эгүүлэн тогтоож, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг МУИС-д даалгаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй,  хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018.05.02-ны өдрийн Б/193 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, 132 дугаар зүйлийн 132.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1, 4.2.2, 5.3.1, 5.3.2, 9.2/3/, Хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 5.1, 5.5.1, 5.5.2/1/, 5.6 заалтуудыг баримталж, ...............г ...ОХУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй Шинжлэх ухааны докторын зэргийн боловсролын дипломыг ашиглаж ...байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан сахилгын ноцтой зөрчил гаргасан болохыг ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоосон... гэх үндэслэлээр ажлаас нь халсан боловч ажилтан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан  хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан болохыг нотолж чадаагүйгээс гадна сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн тул ажил олгогчийн тушаалыг хууль зөрчсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Гомдлын агуулга нь “...шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэж чадаагүй, докторын зэрэг нь улсын чанартай баримт бичигт хамаарахгүй, сургуулийн доктор хамгаалах зөвлөлийн дүрмээр 1 хувийг номын санд өгдөг боловч түүний нэр дээр хайлт илрээгүй, Бельгийн дипломыг судлаад өргөмжлөл гэж тооцсон, сертификат байсныг олж илрүүлэн баримтыг өгсөн байхад шүүх эсрэг дүгнэлт хийсэн, ...ажилтны гаргасан зөрчлийг МУИС-ийн захирлын 2018.04.12-ны өдрийн Б/169 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, ...............тэй уулзсан уулзалт, ОХУ-ын Боловсрол, Шинжлэх Ухааны яамнаас ирүүлсэн 2018.03.15-ны өдрийн 13-1396 дугаартай албан бичгээр илрүүлсэн байхад арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нэхэмжлэгч нь өөр ажил давхар эрхэлсэн байхад цалингийн зөрүүг бус цалинг бүхэлд нь гаргуулсан...” гэсэн үндэслэлээр тодорхойлогджээ.

2.1. ............... нь 1986 оноос хойш МУИС-д ажиллаж байгаа, 1998.05.27-нд дэд доктор, 2004.11.18-ны өдөр докторын зэрэг хамгаалсан гэж зохих нэмэгдэл, урамшууллыг авч ажил үүргээ гүйцэтгэж байсан боловч ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа “...нэхэмжлэгч нь докторын дипломыг улсын системээр тодорхойлох  эрдмийн зэрэг олгох баримт бичиг биш гэдгийг мэдсээр байж үнэн зөвөөр мэдээлээгүй, буруутай...” гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч тухайн диплом эргэлзээтэй болохыг мэдэж байсан, үүнийг нууж, мэдээлээгүй буруутай гэдгийг хариуцагч баримтаар нотлоогүйгээс гадна талуудын хэн аль нь 2005 оноос хойш, ОХУ, Мэргэжлийн аттестацийн комиссын 2004.11.18-ны өдрийн 37 тоот шийдвэрээр ...............д хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг олгосон ДН00061 дугаартай дипломыг үндэслэн, түүнийг докторын зэрэгтэй гэж үзэж байсан үйл баримт тогтоогджээ. Тухайн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч гэмт хэрэг үйлдэгдээгүй, баримт хуурамч биш болохыг тогтоосон байна. Эдгээр үйл баримтын талаар хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндэслэлтэй дүгнэжээ.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ба зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол ажил олгогч шийтгэл ногдуулах эрхгүй. Харин зөрчлийг 6 сарын дотор илрүүлсэн бол илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болно.

Сахилгын зөрчлийг илрүүлэх, хариуцлага тооцох хугацааг хуулиар ийнхүү тогтоохдоо хөдөлмөрийн гэрээний онцлог, зөрчлийн шинж, гэм буруу, гэрээний талууд хариуцлагатай байх, хөдөлмөрлөх үйл ажиллагааг тогтвортой явуулах зэрэг олон нөхцөл байдалд үндэслэсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн докторын диплом шаардлага хангаагүй, энэ талаар ажилтан үнэн зөв мэдүүлээгүй үйлдлийг 2018 онд илрүүлсэн боловч сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах тохиолдолд хуульд заасан хугацааг баримтлах шаардлагыг анхаараагүй байна.

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно..” гэж заасан нь ажил олгогч ажилтныг өөр албан тушаалд ажиллуулж, цалинг олгосон тохиолдолд хамаарах хэм хэмжээ бөгөөд нэхэмжлэгч нь өөр газар ажил хийж цалин авсан тул зөрүүг олгох ёстой гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй байна.

2.4. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааны үйл баримтын талаар шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийх, шийдвэр гаргах эрхгүй.

Шүүх маргааны зүйл буюу нэхэмжлэгч тухайн диплом эргэлзээтэй болохыг мэдэж байсан, үүнийг нууж, мэдээлээгүй буруутай эсэх талаар дүгнэлт хийсэн бөгөөд докторын диплом шаардлага хангасан эсэхийг дүгнэх, үүнийг тогтоох учиргүй юм. Хэрэгт байгаа баримтаар тухайн диплом нь хуурамч биш болох нь тогтоогдсон хэдий ч шаардлага хангасан баримт мөн эсэх асуудал гэрээний талуудын хооронд эцэслэн шийдвэрлэх  маргааны зүйл болсон, энэ асуудлыг шийдвэрлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01284 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1443 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 513,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

 

                       ШҮҮГЧИД                                                              Г.БАНЗРАГЧ

                 

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                      Б.МӨНХТУЯА

 

                                                                                                      Г.ЦАГААНЦООЖ