Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/252

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022           07             06                                      2022/ШЦТ/252

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Г.Э

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-т холбогдох эрүүгийн 2225003190306 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Э.Э

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн **** тоот хашааны гадна талд “Нэт капитал финанс корпораци” ББСБ-ын эзэмшлийн Л.У-н унаж явсан **** УЕА улсын дугаартай Тоёота веллфаре маркийн тээврийн хэрэгслийн хойд салхины шил, зүүн урд талын хаалганы шил зэргийг гэмтээн 525 000 төгрөгийн хохирол, 170 000 төгрөгийн ажлын хөлс буюу хор уршиг учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Л.У “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Т “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Л.У-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 4 дэх тал/,

            2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,

            3. “Ашид Билгүүн” ХХК-ы шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №2110 дугаартай “шууд зардлын дүн 615 000 төгрөг, шууд бус зардлын дүн 80 000 төгрөг нийт 695 000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ. /хавтаст хэргийн 14 дэх тал/,

            4. Хохирогч Л.У-н “2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед өөрийнхөө машин болох **** УЕА улсын дугаартай “Тоёота веллфаре” маркийн тээврийн хэрэгсэлтэй баз Б-н  хамтаар өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн **** тоотоос түлхүүр авах гэж очтол хашааны гадна талд манай төрсөн дүү Л.Э-н нөхөр Э.Э ирээд манай дүү Л.Э-г асуухаар нь байхгүй гэж хэлтэл манай эхнэрийг олж ир, олж ирэхгүй бол ална гэж хэлээд надтай хэрүүл маргаан хийсэн. Э.Э-т хандаж та нарын амьдрал тус тусдаа биз дээ, нас биед хүрсэн хүмүүс байж өөрсдөө учраа ол гэж хэлээд машинаа асаагаад хөдлөөд явтал араас чулуу шидсэн. Тэр үед машины арын шил хагарсан. Би зогсоод яаж байгаа юм бэ, хүний эд хөрөнгийг гэж хэлтэл одоо чамайг ална гэж гүйж ирээд чи муу нөхрөө алсан алуурчин гэж хэлээд байхаар нь чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд чиний эхнэрийн асуудлыг би яаж мэддэг юм бэ гэхэд дахин машин руу чулуугаар цохиж машины хажуугийн цонх болон бусад газрыг цохиж гэмтээсэн. Улмаар цагдаагийн газарт хандсан. Манай дүү Л.Энхнаран нь нөхөр Э.Э-аа гэр бүлийн маргаанаас болж хэрүүл уруултай тусдаа байгаа. Миний машины шил болон бусад зүйлийг засварлахад 695 000 төгрөг зарцуулахаар байгаа. Гэхдээ одоогоор Э.Э нь барагдуулаагүй байна. Миний машиныг засах мөнгийг өгчихвөл ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

5. Иргэний нэхэмжпэгч Н.Т-н “Л.У нь манай байгууллагын нэр дээр **** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөгийг зээлээр авсан. Л.У нь хуваарийн дагуу төлж байгаа учраас тээврийн хэрэгсэлтэй холбоотой хохирол төлбөрийг Л.У нэхэмжлэх болно. Манай байгууллагад учирсан хохирол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргиййн 24-25 дахь тал/

6. Э.Э-н “Л.У нь манай эхнэр Л.Э-н төрсөн эгч нь байгаа юм. Би эхнэртэйгээ гэр бүлийн асуудлаас болж хэрүүл маргаантай байгаа. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эхнэрээ гэртээ авчрах санаатай гадуур хайсан боловч одоогүй. Тухайн өдөр эхнэрицйн унаж байдаг байсан **** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Их залуу багт явж байхаар нь араас нь дагаад явтал хадам ээжийн гэрийн гадаа очсон. Би буугаад эхнэрийгээ явж байгаа байх гэж бодоод очтол эхнэрийн эгч Л.У явж байсан. Эхнэрээ асуутал би яаж мэддэг юм, та нарын амьдралыг яаж мэддэг юм бэ гэхээр нь хэрүүл маргаан хийсэн. Тухайн үед Л.У хөдлөөд явахаар нь уур хүрээд чулуу шидэж машины шилийг нь хагалсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 29 дэх тал/

7. Э.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А  дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн **** тоот хашааны гадна талд “Нэт капитал финанс корпораци” ББСБ-ын эзэмшлийн Л.У-н унаж явсан **** УЕА улсын дугаартай Тоёота веллфаре маркийн тээврийн хэрэгслийн хойд салхины шил, зүүн урд талын хаалганы шил зэргийг гэмтээн 525 000 төгрөгийн хохирол, 170 000 төгрөгийн ажлын хөлс буюу хор уршиг учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруутай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Л.У-н цагдаагийн газарт гаргасан гомдол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд, “Ашид Билгүүн” ХХК-ын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №2110 дугаартай үнэлгээ, хохирогч Л.У-н “машинаа асаагаад хөдлөөд явтал араас чулуу шидсэн. Тэр үед машины арын шил хагарсан... дахин машин руу чулуугаар цохиж машины хажуугийн цонх болон бусад газрыг цохиж гэмтээсэн.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжпэгч Н.Т-н “. Манай байгууллагад учирсан хохирол байхгүй.” гэх мэдүүлэг, Э.Э-н сэжигтнээр “Тухайн үед Л.У хөдлөөд явахаар нь уур хүрээд чулуу шидэж машины шилийг нь хагалсан.” гэх мэдүүлэг, Э.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн **** тоот хашааны гадна талд “Нэт капитал финанс корпораци” ББСБ-ын эзэмшлийн Л.У-н унаж явсан **** УЕА улсын дугаартай Тоёота веллфаре маркийн тээврийн хэрэгслийн хойд салхины шил, зүүн урд талын хаалганы шил зэргийг гэмтээн 525 000 төгрөгийн хохирол, 170 000 төгрөгийн ажлын хөлс буюу хор уршиг учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ууганцэцэгт 695 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Э-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А