Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/253

 

 

 

 

 

 

 

 

 

  2022           07           08                                      2022/ШЦТ/253

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Т.Б

Улсын яллагч Г.Э

Хохирогч Н.У

Шүүгдэгч П.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г-д холбогдох эрүүгийн 2225000000232 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

П.Г

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч П.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун Дэнжийн **** тоот гэртээ согтуурсан үедээ Н.У тэй маргалдан толгойн тус газарт нь архины шилээр цохиж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Г-гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ “У-г цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хүн надаас мөнгө авах гээд байгаа юм. Нэхэмжилсэн эмчилгээний зардал 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, 300 000 төгрөгийг нь төлнө, зөвшөөр байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Н.У  мэдүүлэхдээ “Эмчилгээний зардал 500 000 төгрөг нэхэмжилнэ. Баримт бол байхгүй. Энэ хүн 300 000 төгрөг зөвшөөрч байгаа бол уг мөнгийг нь аваад бусдыг нэхэмжлэхээ больё. Би мөнгө олж авах гэсэн зүйл байхгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

2. Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

3. Хохирогч Н.У ийн “Би 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 08 цаг 45 минутын үед зүс таних ах Г-н  гэрт ганцаараа орсон юм. Тухайн үед би урд өдөр нь уучихсан шарталтын байдалтай байсан бөгөөд Г  ах халамцуу байсан. Г  ах тэгээд надад хандан ганц шил архи уух уу гэхээр нь би зөвшөөрч тэрээр надад 10 000 төгрөг өгсөн. Ингээд би “Алтан сан” дэлгүүр орж 0,75 литрийн Монгол стандарт архийг авч Г  ахын гэр лүү орсон. Тэгээд архиа хувааж ууж байтал буюу архи талдаа орж байхад Г  ах надад хандан “чи Т-г   олж ирсэнгүй” гээд орилсон. Тэгэхээр нь би яаж Т-г   олж ирэх юм бэ, надтай тааралдаагүй шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл Г  ах тал архитай архины шилээр миний толгой руу 3 удаа цохисон. Архины шил тэгтэл хагарсан бөгөөд тэрээр мөн миний дух, нүүр, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би гэрээс нь гарч зугтаан О-д   очсон. Энэ үед миний толгой хагараад цус гарч байсан. Ингээд би дүү Т-г   утсаар залгаж дуудсан юм. Удалгүй дүү маань О-н  гэрийн гадаа ирсэн бөгөөд Б  намайг машинд суулгаж өгсөн юм. Тэгээд би дүүгийн хамт эмнэлэг болон цагдаа дээр ирсэн юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дахь тал/

4. Гэрч Г.Б -н “У-н  2 гар нь цус болчихсон, зүүн талын нүд нь хөхрөөд шалбарчихсан, түүнээс нь цус гарчихсан байсан. Би түүнээс яачихсан юм бэ гэтэл “архины шилээр толгойгоо хага цохиулчихлаа гээд толгойн зүүн хойд хэсгээрээ гараараа дарж байсан” юм. Тэгэхээр нь би харъя гээд түүний толгойг хартал толгойн зүүн хойд хэсэгтээ хагараад ангайчихсан, цус нь гоожиж байсан. Би түүнээс хэн ингэдэг юм бэ гэтэл “буурал Г  ах цохичихлоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 23 дахь тал/

5. Гэрч М.А-н “Би 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ахлагч Д-н  хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл тус өдрийн 14 цаг өнгөрч байхад Дэнж баг Баруун дэнжийн *** тоотод манай эгчийг хүн зодсон байна гэсэн дуудлага мэдээллийг жижүүрээс өгсөн. Дуудлагын дагуу тус хаяган дээр очиход У   гэх эмэгтэйн толгой нь цус болчихсон, түүний хажууд дүү нь гэх нэг залуу, мөн У-г цохьсон гэх нэг өвгөн нар байсан. Тухайн үед У  , өвгөн нар нь согтуу байсан бөгөөд У-н  толгойноос цус гарчихсан, толгой язарчихсан, дух нь хавдчихсан байсан. Өвгөний гэрт тэр 3 сууж байсан бөгөөд архины шил болон цус болж бохирлогдсон зүйл байгаагүй, цэвэрхэн байсан. У   нь хэлэхдээ тэр өвгөний гэрт тухайн өвгөнд архины шилээр цохиулсан гэж хэлж байсан бөгөөд өвгөн нь харин У-г манайд орж ирэхдээ ийм байдалтай ирсэн гэж хэлж байсан. Тэгээд У-г дүүгийнх нь хамт эмнэлэг рүү явуулсан бөгөөд харин тэр өвгөнийг цагдаа дээр авчирч жижүүрт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25 дахь тал/

6. Гэрч А.Б-н   “2022 оны 04 дүгээр сарын 24-ны шөнө манайд Н.У  хоносон юм. Тэрээр тухайн үед манайд 3-4 хоносон байсан байх. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө У-н  гар утас дуугараад ажилдаа явлаа гээд манайхаас гарсан юм. Тухайн үед түүний биед ил харагдах гэмтэл, шарх учраагүй зүгээр байсан. Тэр өдрийн орой нь У   манай гэрт ирж хоносон бөгөөд орой нь ирэхдээ толгойгоо боочихсон ирсэн юм. Би тэгээд У  т хандан “чи архи уулаа” гэж загнасан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

7. Гэрч Н.Т-н  “2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагийн үед над руу миний төрсөн эгч Н.У  нь утсаар залгаж би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Энэ үед би Бугат сумаас Орхон аймаг руу орж явсан бөгөөд шууд эгчийн байгаа газарт очсон. Тэгтэл эгч маань зүс таних О-н  гэрт байсан бөгөөд гэрээс Б  ахын хамт гарч ирсэн. Би О-н  гэрт ороогүй бөгөөд эгчийг хартал дагз хэсгээс нь цус гарчихсан, дух нь хавдчихсан, гар нь нил цус болчихсон байсан. Би эгчээс юу болсон талаар асуухад “Г  ах намайг зодсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчийн хамт тэр айлд нь ороход Г  ах ганцаараа бага зэргийн согтолттой, түүний гар нь бага зэргийн цус болчихсон байсан. Би Г  ахаас юу болсон талаар асуухад “би хүн зодоогүй” гээд байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар эгч болон Г  ахын зургийг авч, өөрийн 95043000 дугаараас цагдаад дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаа нар ирсэн бөгөөд эгчийг маань эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь би эгчийг аваад эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлэхэд эгчийн толгойд 3 оёдол тавьсан бөгөөд тэгээд эмнэлгээс гарч цагдаа дээр ирэхэд Г  ахыг авчирсан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33 дахь тал/

8. П.Г-н  сэжигтнээр мэдүүлсэн “2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 11-12 цагийн үед би гэртээ найз Б-н  хамт шатар тоглосон юм. Б  ирэхдээ 0.5 литрийн 1 шил архи авчирсан бөгөөд түүнийг бид хоёр тоглонгоо уусан. Тэгээд байж байтал зүс таних У  халамцуу орж ирсэн бөгөөд архинаас уусан. Архи уусны дараа би У д 10 000 төгрөг өгч архинд явуулсан. Тэрээр 0.5 литрийн Монгол стандарт нэртэй архи авч ирсэн. Түүнийг гурвуулаа хувааж ууж байтал У  агсам тавиад хүн тоосонгүй, архи өгсөнгүй гэж хэлсэн. Тэгтэл Б  гэр лүүгээ явсан бөгөөд У  миний нүдний шилийг авч шидэх гээд толгойны үснээс үсдээд байхаар нь миний уур хүрч архины шилээр түүний хүзүү рүү нь 1 удаа цохисон. Тэгээд би У г яв гэтэл явсан. Ингээд би гэртээ үлдсэн. Маргааш нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө би босоод үлдсэн архиа уучихаад байж байтал манайд цагдаа ирж авч явсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37 дахь тал/

9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 362 дугаартай “Н.У ийн биед хуйханд зүүн чамархайд 1 тооны зүсэгдсэн шарх, нүүр, зүүн шилбэ, баруун гарт зөөлөн эдэд 6 тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 40-41 дэх тал/

10. П.Г-н  эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун Дэнжийн **** тоот гэртээ согтуурсан үедээ Н.У тэй маргалдан толгойн тус газарт нь архины шилээр цохиж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Г-н  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, хохирогч Н.У ийн “...Г  ах тал архитай архины шилээр миний толгой руу 3 удаа цохисон. Архины шил тэгтэл хагарсан бөгөөд тэрээр мөн миний дух, нүүр, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Б -н “...Тэгтэл У-н  2 гар нь цус болчихсон, зүүн талын нүд нь хөхрөөд шалбарчихсан, түүнээс нь цус гарчихсан байсан. Би түүнээс яачихсан юм бэ гэтэл архины шилээр толгойгоо хага цохиулчихлаа гээд толгойн зүүн хойд хэсгээрээ гараараа дарж байсан юм. Би түүнээс хэн ингэдэг юм бэ гэтэл буурал Г  ах цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.А-н “...Дуудлагын дагуу тус хаяган дээр очиход У   гэх эмэгтэйн толгой нь цус болчихсон, түүний хажууд дүү нь гэх нэг залуу, мөн У-г цохисон гэх нэг өвгөн нар байсан. Тухайн үед У  , өвгөн нар нь согтуу байсан бөгөөд У-н  толгойноос цус гарчихсан, толгой язарчихсан, дух нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Б-н   “...Тэгтэл тэр өдрийн орой нь У   мөн манай гэрт ирж хоносон бөгөөд орой нь ирэхдээ толгойгоо боочихсон ирсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч Н.Т-н  “...эгчийг хартал дагз хэсгээс нь цус гарчихсан, дух нь хавдчихсан, гар нь нил цус болчихсон байсан. Би эгчээс юу болсон талаар асуухад “Г  ах намайг зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, П.Г-н  сэжигтнээр мэдүүлсэн “...миний уур хүрч архины шилээр түүний хүзүү рүү нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 362 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун Дэнжийн **** тоот гэртээ согтуурсан үедээ Н.У тэй маргалдаж, толгойн тус газарт нь архины шилээр цохиж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч П.Г-н  үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Г-гяллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.У ийн биед хуйханд зүүн чамархайд 1 тооны зүсэгдсэн шарх, нүүр, зүүн шилбэ, баруун гарт зөөлөн эдэд 6 тооны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал 300 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч П.Г хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овгийн П-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г оос 300 000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч, Н.У  /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн ** тоотод оршин суух/ -т олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А