Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/255

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        07          18                                   2022/ШЦТ/255

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Ц.Л

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М 

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д  холбогдох эрүүгийн 2225001320092 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин тосгоны ****  тоотод эхнэр Б.М-тэй  маргалдан улмаар нүүр болон зүүн шууны хэсэгт цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Охин маань эцэг, эх нь байхгүй хэцүү байгаа. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М   мэдүүлэхдээ “Эгч маань өмнөх шүүх хуралдааны дараа зүрхний өвчний улмаас нас барсан. Нас барахдаа Б-д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн. Охин нь манай аав ээж дээр байгаа. Эх нь нас барж, эцэг нь хоригдоод охинд хэцүү байгаа. Сэтгэл санаагаар унаж бэтгэрээд орондоо шээж, уул хадаар тэнэж алга болоод байгаа. Б.Б-д  хөнгөн ял шийтгэл оногдуулж, охин дүүг маань эцэгтэй нь уулзуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Б.М-ын цагдаагийн газарт гаргасан гомдол. /хавтаст хэргийн 3 дахь тал/

            2. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний “Б.Б  нь архины хамааралтай, архи уухаараа хүчирхийлэл үйлддэг, зоддог, удаа дараа зодсон, иймд Б-д зохих хуулийн арга хэмжээ авах” гэсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 11-14 дэх тал/

3. Баянцагаан багийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл. /хавтаст хэргийн 15-16 дахь тал/

4. Хохирогч Б.М-н “2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13 цаг өнгөрч байхдаа гэртээ нөхөр Б-н  хамт 0,75 литрийн нэг шил архийг хувааж уусан. Тэгээд бид 2 нилээн согтсон бөгөөд юунаас болсоныг нь санахгүй байна, нэг мэдсэн чинь нөхөр маань намайг гурлын элдүүр модоор зодож байсан. Тэгээд зодож байснаа өөрөө больчихсон бөгөөд надаас уучлалт гуйгаад “яанаа би ухаанаа алдчихаж” гээд байсан. Ингээд байж байтал манай охин 10 настай А   нь миний нагац дүү 8 настай А-н  хамт сургалтаа тараад ирсэн юм. Мөн орой 18 цагийн үед манай ээж Б  нь хөдөөнөөс ганцаараа ирсэн бөгөөд нөхөр Б-г   загнасан юм. Нөхөр тэгтэл унтахгүй байж байгаад охин А  г аваад шөнийн 02 цагийн үед гэрээс гараад явчихсан юм. Бодвол Говилд байдаг өөрийнхөө төрсөн дүү Б-д  хоносон байх. Би тухайн үед цагдаа, эмнэлэгт хандаагүй бөгөөд өнөөдөр миний төрсөн дүү М  нь 17 цагийн үед манайд ирсэн. Тэгээд тэрээр цагдаад дуудлага өгсөн. Нөхөр, охин маань 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн бөгөөд нөхөр бас уучихсан байсан. Дүү М  нь нөхөрт хандан “яаж байгаа юм бэ, цагаан cap болох гэж байхад хүн харахын аргагүй болгочихсон байна шүү дээ” гэтэл нөхөр хэлэхдээ “агаа нь мэдэхгүй байна, уучлаарай” гэж байсан. Тэгээд би дүүгийн хамт эмнэлэг орж үзүүлэхэд миний зүүн гарыг хугарсан байна гээд гипс тавьсан, мөн миний зүүн нүд хөхөрч, баруун гарын булчин хөхөрч, баруун өвдөг хөхөрч, толгой хагарсан байна. Би Б-той  2002 оноос үерхэж эхлээд 2008 онд гэр бүл болсон бөгөөд дундаасаа 1 охинтой юм. Бид 2 албан ёсны гэрлэлтийн батлахтай. Тэрээр намайг урд өмнө олон удаа зодож байсан бөгөөд 2019 онд зодож,  зугтаагаад 2020 онд шүүхэр орж 7 cap хорих ял авч байсан. Түүнээс хойш намайг зодоогүй байж байгаад өчигдөр л зодсон. Нөхөр маань шүүхээс ял авахаас өмнө буюу 2017 онд намайг зодож 14 хоног баривчлагдаж байсан. Би Орхон аймгийн ШША-ны шинжээч эмч Ж.Г-н  2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан зүүн гарын шууны ясны дээд 1/3-ээр далд хугарал гэмтлийг нөхөр Б   нь цохиж учруулсан. Тухайн үед түүнийг юугаар цохисныг сайн санахгүй байна. Мөн зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлийг Б   нь миний нүүр лүү гараараа цохиж учруулсан. Тухайн үед Б   нь явах гээд байхаар нь би түүнийг явуулахгүй гээд зууралдсан бөгөөд тэгж байхдаа би газарт өөрөө унасан юм. Тэр үед бусад гэмтэл маань надад учирсан байх” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-22, 24 дэх тал/

5. Гэрч Б.М  ын “Өнөөдөр өглөө би нагац дүү А  гийн 80810247 дугаар луу залгатал “эгээ би Говилд байна, өчигдөр аавтай Говилд ирсэн. Аав өчигдөр ээжийг зодоод ээж гэртээ үлдсэн” гэж хэлсэн. Тэгээд эгч утасгүй байсан тул би холбоо барьж чадаагүй юм. Тэгээд ажлаасаа чөлөө авч Заамараас Орхон аймагт 18 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд шууд төрсөн эгч М-н  гэрт ирэхэд тэрээр гэртээ хэвтэж байсан бөгөөд нагац дүү 8 настай А  , охин 2 настай А  , ээж Б  нар байсан. Харин хүргэн ах Б  , охин 10 настай А  гийн хамт байхгүй байсан. Тэгтэл эгчийн нүд нь хөхөрчихсөн, 2 гар нь хөхөрчихсөн, хөл нь хөхөрчихсөн, толгой нь хагарчихсан, мөн гар өвдөөд байна гээд байж байсан. Тэгээд би цагдаа дуудсан бөгөөд эгчийг аваад эмнэлэгт үзүүлтэл түүний зүүн гарыг 2 хугарсан байна гэж хэлсэн. Би эгчээс юу болсон талаар асуухад “нөхөр зодсон” гэж л хэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 26 дахь тал/

6. Гэрч Л.Б-ны “2022 оны 01 дүгээр сарын 22-ны өглөөнөөс хойш манай охин М-н   80810247 дугаар нь холбогдохгүй, мөн тэдний гэрт байдаг миний ач хүү А-н  95940547 дугаар нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би ямар нэг юм боллоо гэж бодоод хотод байдаг охин Э   рүү залгаж хэлсэн. Э   тэгтэл хотоос цагдаа руу ярьж мэдэгдсэн. Тэгээд цагдаагаас М-н   гэрт очиж үзсэн бөгөөд нийгмийн ажилтантай холбогдсон байсан. Мөн манай охин М  нь Заамраас ажлаасаа ирж үзэхэд охин М  маань нөхөр Б-д зодуулаад гар нь хугарчихсан, толгой нь хагарчихсан, бие хаа нь хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 28 дахь тал/

7. Сэжигтэн Б.Б-н  “2019 онд эхнэрийгээ зодож 2020 онд шүүхээр орж 7 cap хорих ял авч байсан. Түүнээс хойш гар хүрээгүй бөгөөд харин шүүхээр орохоосоо өмнө архи ууж агсан тавьсан гээд 2 удаа баривчилгаанд явж байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

8. Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дугаартай “Б.М-н биед зүүн гарын шууны ясны дээд 3/1-ээр далд хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи баруун шуу, мөр, өвдөг гуя, шилбэнд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шууны ясны хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, зүүн нүдний салстад цус харвалт, баруун гар, баруун хөлийн зөөлөн эдийн цус хуралтууд нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

9. Б.Б-н  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 94 дэх тал/

10. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 96 дахь тал/

11. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 97-99 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин тосгоны ****  тоотод эхнэр Б.М-тэй  маргалдан улмаар нүүр болон зүүн шууны хэсэгт цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Б-н  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 108 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Б.М  ын цагдаагийн газарт гаргасан гомдол, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний тэмдэглэл, Баянцагаан багийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, хохирогч Б.М-н “...нэг мэдсэн чинь нөхөр маань намайг гурлын элдүүр модоор зодож байсан. Миний зүүн гарыг хугарсан байна гээд гипс тавьсан, мөн миний зүүн нүд хөхөрч, баруун гарын булчин хөхөрч, баруун өвдөг хөхөрч, толгой хагарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.М  ын “...эгчийн нүд нь хөхөрчихсөн, 2 гар нь хөхөрчихсөн, хөл нь хөхөрчихсөн, толгой нь хагарчихсан, мөн гар өвдөөд байна гээд байж байсан. Би эгчээс юу болсон талаар асуухад “нөхөр зодсон” гэж л хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Б-ны “...охин М  маань нөхөр Б-д зодуулаад гар нь хугарчихсан, толгой нь хагарчихсан, бие хаа нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин тосгоны ****  тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Б.М-тэй  маргалдан нүүр болон зүүн шууны хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б  нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр Б.М-тэй  маргалдан нүүр болон зүүн шууны хэсэгт цохиж, шууд санаатай үйлдлээр бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай улсын яллагчийн санал үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б  нь 151 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н  2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн 11 настай Б.А  д асран хамгаалагч тогтоохыг Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-н эрүүл мэндэд зүүн гарын шууны ясны дээд 3/1-ээр далд хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи баруун шуу, мөр, өвдөг гуя, шилбэнд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан байх тул түүний төрсөн дүү болох Хөл авагч овгийн Батсайханы М  /РД:ФБ99061061/-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М   гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

  1. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д  овгийн Б-ийн Б-г   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Б.Б-д  оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н  цагдан хоригдсон 151 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д   авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н  2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн 11 настай охин Б.А  д асран хамгаалагч тогтоохыг Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А