Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/257

 

 

 

 

 

 

 

 

 

 2022          07            19                                     2022/ШЦТ/257

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Т-д холбогдох эрүүгийн 2125004180197 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

О.Т

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.Т нь 2021 оны 10 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн чулуутын 4-р гудамжны хажууд жалган дотроос НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин 89,9578 грамм өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Хонхорын *** тоотод НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цэвэр жин 89,9578 грамм өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Т-г хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хувийн байдлыг маань харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,

2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

3. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, мэдүүлэг шалгах ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургууд /хавтаст хэргийн 16-20 дахь тал/,

4. Гэрч Н.З-н “О.Т-н  ээж   би хамтран амьдарч байсан юм. 2009 оноос хойш амьдарсан. О.Т бага байхаас бид хоёр дээр өссөн. Говил багийн 2 дугаар сургуулийг О.Т нь төгсөөд мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд элсэж ороод хэрэгт удаа дараа холбогдож эхэлсэн. О.Т манай гэрт 2021 оны 11 дүгээр сарын эхээр ирсэн. Тухайн үед ирэхдээ 2 хар өнгийн цүнхтэй ирж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр арьсан цүнхийг нь нээж үзэхэд шаргал ууттай өвс шиг зүйл байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Тухайн үед цагдаагийн ажилтнууд гэрт ирээд үзлэг хийхэд 2 ууттай өвс байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 122 дугаартай “ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гялгар ууттай бор өнгийн өвс мэт зүйл, бор шаргал өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 35-38 дахь тал/

6. Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаартай ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “О.Т-г****  2021.11.12” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 жагсаалтад багтдаг болно гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 46-48 дахь тал/

8. О.Т-н  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78 дахь тал/,

9. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 80-83 дахь тал/,

10. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 84-86 дахь тал/,

11. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 87-89 дэх тал/,

12. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 90-94 дэх тал/,

13. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 95-100 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д  дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Т нь 2021 оны 10 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн чулуутын 4-р гудамжны хажууд жалган дотроос НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин 89,9578 грамм өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Хонхорын *** тоотод НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цэвэр жин 89,9578 грамм өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.Т-д 3 жилийн хорих ял онлгдуулж, нээлттэй хрих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б  дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой” гэв.

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, мэдүүлэг шалгах ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургууд, гэрч Н.З-н “О.Т манай гэрт 2021 оны 11 дүгээр сарын эхээр ирсэн. Тухайн үед ирэхдээ 2 хар өнгийн цүнхтэй ирж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр арьсан цүнхийг нь нээж үзэхэд шаргал ууттай өвс шиг зүйл байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Т нь 2021 оны 10 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн чулуутын 4-р гудамжны хажууд жалган дотроос НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 89,9578 грамм өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Хонхорын *** тоотод хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч О.Т нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Т-гяллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар

 

                   Шүүгдэгч О.Т-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Т нь 93 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй

                   Гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй боловч хуулиар хориглосон бодисыг агуулсан ургамлыг түүж бэлтгэн, хадгалсан нийгэмд аюултай үйлдэл хийсэн байна.

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гялгар ууттай 45,4316 грамм жинтэй бор өнгөтэй ургамал мэт зүйл, бор шаргал өнгийн гялгар ууттай 44,3276 грамм жинтэй бор өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн О-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-н  цагдан хоригдсон 93 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гялгар ууттай 45,4316 грамм жинтэй бор өнгөтэй ургамал мэт зүйл, бор шаргал өнгийн гялгар ууттай 44,3276 грамм жинтэй бор өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А