Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2018/00056/и |
Дугаар | 414 |
Огноо | 2018-06-08 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 414
Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 06-33 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ91010503, Их зуутраг овогт Пүрэвжавын Анхтуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Зах нарийн гэх газарт оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО88113039, Борлууд овогт Доржсүрэнгийн Нанжидад холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Анхтуяа, хариуцагч Д.Нанжид, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Анхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь нөхөр Д.Нанжидтай 2013 онд танилцаж 2014 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүү Н.Баяржавхлан төрсөн. Хамт амьдрах хугацаанд нөхөр маань архи ууж агсам согтуу тавьж, зодож доромжилдог байсан. Мөн өөр хүнтэй явдаг болсон зэрэг шалтгаанаас болж 2015 оны 5 дугаар сараас хойш бид тусдаа амьдрах болсон. Хүүхэд маань зүрхний өвчтэй бөгөөд эмнэлэгт маш удаа хэвтэж эвчлүүлж байсан. Одоо ч ханиад хүрээд бие нь өвдсөн эмнэлэгт хэвтэж байна. Нөхөр маань тусдаа амьдрах хугацаанд хүүхдээ асран хамгаалах үүргээ огт биелүүлэхгүй байгаа, цаашид түүнтэй хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй болно…” гэжээ.
Хариуцагч Д.Нанжид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би эхнэр П.Анхтуяатай 2014 оны гэр бүл болж, 2014 оны 9 сарын 17-ны өдөр хүү маань төрсөн. Хүү маань бие нь муу эмчилгээ хийлгэж байсан нь үнэн. Бид хоёр хоёулаа ажил, мэргэжилгүй тул аав ээжтэйгээ хамжаад л хүүгээ эмчлүүлж авсан. Манай эхнэр ч гэсэн янз бүрийн ааш зан гаргадаг. Хүү Н.Баяржавхланг аав, ээж дээрээ авч өсгөн хүмүүжүүлмээр байна. Миний аав Доржсүрэн 54 настай, ээж Отгонгэрэл 52 настай эрүүл мэндийн хувьд эрүүл саруул, бод бог нийлсэн 300 гаруй мал ахуйтай хүмүүс байдаг. Хүү Н.Баяржавхланг асарч өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтой. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүгээ авч эмчлүүлмээр байна…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Анхтуяа нь хариуцагч Д.Нанжидаас гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
П.Анхтуяа, Д.Нанжид нар 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Н.Баяржавхлан төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2015 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн эцэг, эхийн халамж, хүү Н.Баяржавхлангийн насыг харгалзан хүү Н.Баяржавхланг эх П.Анхтуяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Н.Баяржавхланг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Нанжидаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч П.Анхтуяаг улсын тэмдэгтийн хураамж 93.659 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Д.Нанжидаас улсын тэмдэгтийн хураамж 93.659 төгрөг гаргуулан улсын орлогод /Төрийн сангийн 150000957 тоот данс/ оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Борлууд овогт Доржсүрэнгийн Нанжид, Их зуутраг овогт Пүрэвжавын Анхтуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Баяржавхланг эх П.Анхтуяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Н.Баяржавхланг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Нанжидаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
5. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч П.Анхтуяаг улсын тэмдэгтийн хураамж 93.659 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Д.Нанжидаас улсын тэмдэгтийн хураамж 93.659 төгрөг гаргуулан улсын орлогод /Төрийн сангийн 150000957 тоот данс/ оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР